Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 124/ШШ2021/0044

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч:  Ш овогт З-ийн Т,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-д холбогдуулан гаргасан,

Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Т.Ж-ын 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 01..... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч З.Т, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гомдол гаргагч З.Т шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Аудитын газар надад дүгнэлтээ танилцуулаагүй. Миний баримт тайлбарыг сонсоогүй, өөрөөр хэлбэл миний оролцоог хангаагүй, эрхийг эдлүүлээгүй. Хэрэв ийм дүгнэлтийг Аудитаас гарч байгааг мэдсэн бол тэр дүгнэлттэй маргаан үүсгэх байсан. Захиргааны ерөнхий хуулийн 11, 24, 25, 26, 27, 43 зүйл зөрчсөн.

Миний бие дансанд 1 сая төгрөг орсон үүнийгээ бэлнээр гарган авч аймгийн Ардчилсан намд өгсөн би өөрөө зарцуулаагүй, сонгуулийн зардлын данснаас сурталчилгааны материал хэвлүүлэхэд бэлэн гүйлгээ хийхийг хориглох заалтыг мэднэ. Харин энэ тохиолдолд би бэлэн мөнгөө хэн нэгэнд хүргэж өгч сурталчилгааны материал хэвлүүлээгүй аймгийн Ардчилсан намд хүргэж өгсөн. Хэрэв нам бэлэн мөнгөөр сурталчилгааны материал хэвлүүлсэн бол хариуцлагаа нам хүлээх нь зөв, надад хамаарах ёсгүй. Сонгуулийн тухай хуульд данснаасаа бэлэн мөнгө авч намдаа өгөхийг хориглоогүй яагаад Ардчилсан намд өгсөн бэ гэвэл Ардчилсан намаас нэр дэвшиж буй бүх хүмүүсийг нэг сая төгрөгийн сурталчилгааны материал хэвлүүлэх болсон тул 1 сая төгрөгийг өгсөн. Ардчилсан намд бэлэн мөнгө өгсөн баримт нь байгаа тул энэ шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд энэ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Татварын Хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймаг дахь Төрийн Аудитын Газраас гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Тариалан сумаас аймгийн 13-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Т нь Сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарцуулсан гэх, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас, ирүүлсэн зөвлөмж, гомдол, мэдээллийг 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 09 цаг 10 минутад хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдсэн.

Увс аймгийн Тариалан сумаас аймгийн 13-р тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшигч З.Т нь Сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарцуулсан болох нь Увс аймгийн Төрийн Аудитын Газраас ирүүлсэн нотлох баримтууд, холбогдогчийн мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтаар нотлогдож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 21....... дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.  

Зөрчлийн хэрэг, материалд авагдсан нотлох баримтуудаар: Увс аймгийн Тариалан сумаас аймгийн 13-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Т нь орон нутгийн сонгуульд оролцохдоо ХААН банкны Увс аймгийн Тариалан сум дахь салбарт 58......... дугаар бүхий сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн хугацаанд гүйлгээ хийж ажилласан нь Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн зардлын дансны тайлан болон ХААН банкны дансны хуулга, мөнгө зарлагадсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт /хүлээн авсан өгсөн гарын үсэг тамгатай/ нотлогдож байгаа энэ үйлдэл нь Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1 дахь заалтыг зөрчсөн байна/ 51.1. Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хуртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно 38.2.8 өдөр тутмын болон сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийлүүлэх гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан.

Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх....хуульд заасан журмыг зөрчсөн болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон прокурорын хяналтын дор шийтгэлийн хуудас бичсэн болно” гэжээ.

Гомдол гаргагч З.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “З.Т миний бие 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, тухайн үедээ хандивын данс нээсэн бөгөөд миний сонгуулийн хандивын дансанд орсон мөнгийг хууль дүрмийн дагуу зарцуулсан гэж үзэж байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны үед өөрийн сонгуулийн дансанд хөндлөнгийн аудит хийлгэхэд ямар нэгэн зөрчил илрээгүй. Гэтэл Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж надад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа. Миний хувьд сонгуулийн хандивын дансанд орсон 1.000.000 төгрөгийг аваад Ардчилсан намын дарга Чимэд “Сурталчилгааны материалд нэр дэвшиж байгаа хүмүүс хандив өргөх ёстой” гэж хэлсэн учир намдаа хандивын зориулалтаар өгсөн. Тэр мөнгөөр би сурталчилгааны материал хэвлүүлсэн зүйл байхгүй. Тэр ч утгаараа би шийтгэврийн хуудсыг гардаж байх үедээ гарын үсэг зураагүй. Тэр мөнгө бол манай ах дүү нар нийлж надад хандивласан мөнгөн байгаа юм. Нам бол тэр мөнгөөрөө сурталчилгааны материал хийлгэсэн байх. Миний хувьд тэр мөнгийг намд л хандивласан. Би зарлагын баримт дээр “сурталчилгааны материал” гэсэн утгаар шилжүүлсэн нь л буруу болсон гэж үзэж байна. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд яг сонгуулийн зардлын данснаас бэлнээр мөнгө гаргахыг хориглосон зүйл байдаггүй юм байна лээ. Иймд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0176490 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Төрийн аудитын газраас манай байгууллагад “2020 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Тариалан сумаас нэр дэвшигч З.Т нь сонгуулийн зардлын данснаас бэлнээр мөнгө зарлагдсан” гэсэн гомдол ирсэн. Энэ гомдлын дагуу миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийг үндэслэн тэмдэглэл үйлдсэн. Гомдол гаргагч нь сонгуулийн зардлын данснаасаа 1.000.000 төгрөгийн зарлага гаргаад, тэр мөнгөө нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийн үнэ гэж тушаасан байсан. Энэ нь Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж торгох шийтгэл оногдуулсан байгаа” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж нь гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0176490 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байдаг. Тухайн нэрлэж заасан зөрчил нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулах талаар хууль заасан журмыг зөрчсөн үйлдэл. Хариуцагч нь гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудастаа түүнийг сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргасан зөрчил үйлдсэн талаар дурдсан байсан. Гомдол гаргагч нь ямар хэм хэмжээг зөрчсөн бэ гэдгийг тодруулах ёстой. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил гэж хууль захиргааны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй байна гэж заасан. Гэтэл хариуцагчийн баримталсан Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт нь “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэсэн заалт бөгөөд уг заалтын агуулга нь сонгуулийн данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно гэж зааснаас биш, бэлнээр зарлага гаргахыг хориглосон, бэлнээр зарлага гаргахгүй байхыг үүрэг болгосон заалт огт биш. Мөн гомдол гаргагч З.Т-ыг зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулахын тулд түүнийг зөрчил гаргасан гэдгийг тогтоох ёстой. Гэтэл З.Т-ыг сонгуулийн хандивын данснаас бэлнээр зарлага гаргах талаар заалт зөрчлийн тухай хуульд байхгүй. Өөрөөр хэлбэл энэ нь зөрчлийн тухай хуульд нэрлэн заасан зөрчил биш. Иймд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01.... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч З.Т нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-ын 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 01..... дугаартай шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-ын үйлдсэн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 01...... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс “ Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтын агуулга нь сонгуулийн данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно гэж зааснаас биш бэлнээр зарлага гаргахыг хориглосон, бэлнээр зарлага гаргахгүй байхыг үүрэг болгосон заалт огт биш” гэж маргасан байна.

Хариуцагч улсын байцаагчаас “Холбогдогч З.Т нь Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг зөрчиж сонгуулийн зардлын данснаас нь бэлнээр зарлага гаргаж, сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийн үнэ гэж тушаасан нь холбогдогчийн мэдүүлэг, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар   тогтоогдсон” гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01..... дугаартай шийтгэлийн хуудсаар З.Т-ыг “сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарцуулсан” гэх зөрчил үйлдсэн гэж үзэн   Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д  зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

З.Т-д холбогдох зөрчлийн хэргийг эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагчийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 144 дугаартай тогтоолоор нээсэн байх бөгөөд зөрчлийн хэрэгт зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн албан тоот, холбогдогчийн мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд хийсэн нийцлийн аудитын тайланг баталжээ.

Увс аймаг дахь Төрийн Аудитын газраас Татварын хэлтсийн даргад Аудитын тайланд дурдагдсан сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргасан  нэр дэвшигчдэд  Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авах тухай зөвлөмж, уг зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

Аудитын тайланд Тариалан  сумын 13-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Т нь сонгуулийн зардлын данснаас 1.000.000 төгрөг бэлнээр зарцуулсан талаар дурдагдсан тул Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заажээ. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д сонгуулийн сурталчилгааг найман арга хэлбэрээр явуулж болохоор нэрлэн заасан байна.

Үйл баримтын хувьд орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшигч З.Т нь  сонгуулийн зардлын данснаас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 999000 төгрөг бэлнээр гаргаж “сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийн зардалд”  гэж  зарлагдсан нь холбогдогчийн мэдүүлэг,   банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 10-р сарын 15-ны өдрийн зарлагын баримтаар тогтоогдож байгаа боловч уг 999000 төгрөгийг хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн сонгуулийн сурталчилгааны зардалд зориулалтын дагуу зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл энэхүү зардал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасан сонгуулийн сурталчилгааны материалын зардалд хамаарч байна. Данснаас бэлнээр зарлага гаргасныг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй юм.    

З.Т-ын  сонгуулийн зардлын дансны тайланд 2020 оны 11 сарын 13-ны өдөр “У ф а” ХХК хараат бус аудитын “зардлын тайлан үнэн зөв, иж бүрэн материаллаг, алдаагүй илэрхийлэгдсэн” талаар 49 дугаартай зөрчилгүй дүгнэлт гарсан ба уг зардлын дансны тайлан, дүгнэлтийг Увс аймаг дахь Төрийн аудитын газар хүлээн авсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно “ гэж заажээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардлын талаар зохицуулсан байх ба уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.5-д “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” бүрэн эрхийг Төрийн аудитын орон нутгийн салбар байгууллага хэрэгжүүлэхээр заасан байна.

Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам,эвсэл,нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх,танилцуулах журам”-ыг баталсан байна.

Уг журмын 1.1-д “энэ журмын зорилго нь Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа, нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах,түүнд дүгнэлт гаргах,сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэжээ.

Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэх,бүртгүүлэх, зардлын дансны тайланг гаргах ажиллагаа, түүний үр дүн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай  хуулийн болон Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх,танилцуулах журам”-ын зохицуулалтын зорилго, агуулгад нийцсэн байхыг шаардана.

Нэр дэвшигч З.Т-ын хувьд сонгуулийн зардлын данснаас бэлнээр  зарцуулалт хийсэн байгаа боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын нэг данс ашиглаж,сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж,зориулалтын дагуу зарцуулж хөндлөнгийн аудитаас “Зөрчилгүй” гэх дүгнэлт гарсан, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас сонгуулийн зардлын дансны тайлан,дүгнэлтийг хүлээн авсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд З.Т-ын  сонгуулийн зардлын дансны орлого, зарлага, зарцуулалт нь дээр дурдсан хууль,журмын зорилгод нийцсэн байна.

Иймд З.Т-ын сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргасан үйлдлийг  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх зөрчлийн шинжийг агуулаагүй гэж дүгнэж, Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Т.Ж-ын үйлдсэн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 01..... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.        

  

Гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул З.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч улсын байцаагчийн харьяалах Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан З.Тд олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх, 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх, 57 дугаар зүйлийн 2.5 дах хэсгүүдэд заасныг  тус тус баримтлан гомдол гаргагч З.Т-ын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-ын үйлдсэн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01..... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1,48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч З.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан З.Т-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ОЮУНГЭРЭЛ