Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 748

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК, “М” ХХК-иудын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03404 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М” ХХК, “М” ХХК-иудын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох

 

82 335 220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.У нь “М” ХХК, “М” ХХК-иудыг үүсгэн байгуулагч бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа бэлэглэх тухай гэрээнүүдээр “М” ХХК-ийн 49 хувийг Б.Б-өд шилжүүлснээр тус компанийн бүхий л эрх мэдэл, үүрэг хариуцлага түүнд шилжсэн.

Б.Б-өөс 66 620 000 төгрөг гаргуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Б.Б нь “М” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 9 дүгээр сарын 25-нд “М” ХХК-иас зураг төслийн үнэ гэж 20 000 000 төгрөг авсан, мөн 2013 оны 11 дүгээр сарын 16-нд 5 000 000 төгрөгийг “М” ХХК-ийн захирал Н.У-эс зээлж авсан, 2014 оны 4 дүгээр сарын 13-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТҮЦ-ийн барилгын зураг төслийн ажил хийх тендер авах зорилгоор 4 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 3-нд “М” ХХК-ийн түрээсэлж байсан “И” ХХК-ийн барилгын 404 тоот өрөөний түрээсийн 2 620 000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр “М” ХХК өмнөөс нь төлж байсан, мөн 2014 оны 10 дугаар сарын 4-нд “М” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол байрлах 400 м.кв хэмжээтэй газарт барилгын зураг гаргаж өгнө гэж 5 000 000 төгрөг, Б.Б “М” ХХК-ийн салбар охин компани болох “Д” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 20 000 000 м.кв газрын нэг удаагийн төлбөрийг төлнө гэж залилан 30 000 000 төгрөг тус тус авсан.

Б.Б-өөс 15 715 220 төгрөг гаргуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Түүний үйл ажиллагаа явуулж байх хугацааны дараах өр төлбөрийг нэхэмжилж байна. Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн актаар доорх зөрчил илэрсэн. 2014 онд хувь хүний албан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд 288 575 төгрөгийн торгууль, 147 173.20 төгрөгийн алданги, нийт 730 512 төгрөг, 2015 онд хувь хүний албан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд 480 600 төгрөгийн торгууль, 249 912 төгрөгийн алданги, нийт 730 512 төгрөг, 2015 онд 21 600 000 төгрөгийн борлуулалтын орлого, нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй зөрчилд 2 160 000 төгрөгийн нөхөн татвар, 1 080 000 төгрөгийн торгууль, 6 480 төгрөгийн хүү, нийт 3 304 800 төгрөгийн акт тавигдсан, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 11 302 740.2 төгрөгийн өрийг төлөөгүй. Иймд Б.Б-өөс нийт 82 335 220 төгрөгийг гаргуулж, 66 620 000 төгрөгийг “М” ХХК-д, 15 715 220 төгрөгийг “М” ХХК-д тус тус олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК тухайн үед ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөлгүй байсан.  Чингэлтэй дүүргийн оффист анх 3 ажилчин авч ажлын гараагаа эхэлж байсан. “Далд нууц эм эн” ХХК-ийн газар дээр барилгын ажил эхэлсэн байдаг. Ажлыг эхлэх явцад мөнгө нь дансаар шилжүүлээгүй хувь хүнээр мөнгө авч өгсөн байдаг. Тайлан, тооцоондоо анх 17 000 000 төгрөг оруулсан, ажил эхлэх үед бидэнд компьютер, бичиг хэргийн тоног төхөөрөмж гэж байгаагүй, 5 ширээтэй л байсан. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа 20 000 000 төгрөгөөс 17 000 000 төгрөгийг нь компьютер, тоног төхөөрөмжийн зардалд зарцуулсан. Дараа нь 5 000 000 төгрөгийг ажилчдын цалин болон зээл гэж өгч байсан. Компанийн тусгай зөвшөөрөл авахын тулд би хувиасаа компанидаа мөнгө зарцуулж, тэмдэгтийн хураамж болон бусад шаардагдах зардлын мөнгийг оруулсан. 2013-2017 онд компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл авсан. 2014 онд 4 000 000 төгрөгийг тендерт оролцох зорилгоор зээлж аваад буцаагаад өгсөн. 2014 оны 5 дугаар сарын 2 620 000 төгрөгийн хувьд Алтанхүү инженерийн төлсөн мөнгийг надаас нэхэмжилж байна. 2014 оны 5 000 000 төгрөгийг газрын төлбөр болон дуудлага худалдааны төлбөр гэж төлсөн. 30 000 000 төгрөгийн хувд “Далд нууц эм эн” ХХК-ийн газар болохгүй байна гэж ярилцаад захирлын тушаал гарч компанидаа зарцуул гэсэн, анхны дуудлага худалдааны үнэ 220 000 000 төгрөгийг намайг хариуцаад үнийг нь багасгахыг бодоорой гэж надад хэлсэн. Тухайн үед Нийслэлийн засаг даргын захирамжаар барилгын үйл ажиллагаа зогссон. Үүнээс өмнө 13 000 000 төгрөгийг ажилчдын цалингийн зардалд оруулж байсан. Би хүмүүсээс мөнгө зээлээд болгож байсан, эхний удаа  хүнээс зээлж, дараа нь өөрийнхөө машиныг барьцаанд тавьж 6 000 000 төгрөг зээлсэн, мөн өөрийн ажлын хөлсөөрөө 20 000 000 төгрөгийг ажилчдын цалин болон компанийн байрны түрээсийн мөнгөнд өгч байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Б-өөс 29 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37 620 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар М к ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-өд холбогдох 15 715 220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Б-өөс 302 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмаар хангах боломжийг хязгаарлаж мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ийн хэрэгт холбогдолтой баримтыг аудитын компаниас гаргуулах хүсэлтийг хангаагүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүсэл зоригоо бүрэн дүүрэн илэрхийлэх боломж бүрдүүлээгүй. Нэхэмжлэгч компанийн захирал Н.У-ийг 15 715 220 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй этгээд гэж нэхэмжлэлийн үнийн дүнгээс дээрх мөнгийг хасаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашгийг хохироож шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчийн эрхийг хангаагүйгээс гадна нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлээгүйд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам,  хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч  “М” ХХК, “М” ХХК-иудаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хариуцагч Б.Б-өд холбогдуулан түүнийг “М” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус компанийн нэр дээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 15 715 220 төгрөгийн өр үүсгэсэн, “М” ХХК-иас дараа төлөхөөр авсан 66 620 000 төгрөгийг буцаан төлөөгүй үндэслэлээр нийт 82 335 220 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК, “М” ХХК-иудаас Б.Б-рт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон /хх-ийн 10,11/ боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК нь  тус компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг Г.А-д  олгохдоо  Б.Б-ын итгэмжлэлийн хугацаа дууссан гэж шүүхэд мэдэгдсэн /хх-ийн 90/ бол нэхэмжлэгч “М” ХХК нь Б.Б-т олгосон итгэмжлэлээс татгалзаж байгаа талаар шүүхэд мэдэгдээгүй байна.  

Гэтэл шүүх нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-т шүүх хуралдаанд  хүрэлцэн ирэх талаар мэдэгдээгүй, түүнд хэргийн материалыг танилцуулаагүй  зэргээс хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчжээ.

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6. дах хэсгийн  “Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө” гэсэн заалт талуудын хоорондын маргаанд хамааралтай эсэхийг шүүх дүгнээгүй нь буруу байхаас гадна хариуцагч  Б.Б-ийг “М” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үед “М” ХХК-иас барилгын зургийн ажлын хөлс  гэж 20 000 000 төгрөг олгосон, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Барилгын зураг төсөл боловсруулах талаар гэрээ байгуулагдсан /хх-ийн 22-24/ байхад шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх учиртай.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс санхүүгийн баримтуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг /хх-115/ шийдвэрлэлгүй орхигдуулснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03404 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ

ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                                                                                                    Н.БАТЗОРИГ