Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 64

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, С.Намжилмаа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 274 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 774 дүгээр магадлалтай, Б.С-д холбогдох 201725020252 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, С.Намжилмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 466 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Б-гийн С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.С-д Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.С-ийг цагаатгаж, эрүүгийн 201725020252 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.С-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасныг зөрчсөн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмыг үндэслэл болгон шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байна гэж дүгнэн Б.С-ийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг үл баримтлан хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийн, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь алдаа боллоо. Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаахаар заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтад нийцэх байсан гэж үзэж байна. Уг хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө шүүхэд шилжсэн байхад давж заалдах шатны шүүхээс “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх”-ээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэж байна. Мөн давж заалдах шатны шүүх хоёр дахь гэм буруутай байж болох хүний асуудлыг Б.С-д холбогдох хэргийг хянахдаа хөндсөн нь буруу бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтаар тусдаа шалгагдах асуудал юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Т.Х, Ө.Н, Б.Ц, Г.М, Т.Э, Н.М, Б.Н болон хохирогч Х.С нар мөнгөн усны наймаа хийдэг, өөр хоорондоо харилцан хамаарал бүхий этгээдүүд байсаар байтал үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Мөн хохирогч Х.С-ийн “…Б.С наад гантел чинь жинхэнэ үнэд хүрэх гантел мөн байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг хэргийн бодит байдалд нийцээгүй, өөрөөр хэлбэл, Б.С ОХУ-д байхдаа Н.М-тэй утсаар яриагүй, цаг хугацааны хувьд ярих боломжгүй, Х.С-т ирүүлсэн бичлэгийг Б.С үзээд Т.Х-гийн төлбөрт авсан гантел гэдгийг мэдээд “Би ард нь байгаа шүү болохгүй” гэж сануулсан байдаг. Харин Т.Х “Та чимээгүй байж бай, амьдрал хэцүүдэх гээд байна” гэснээс дүгнэлт хийхэд Т.Х, Б.С нар санаа зорилго нэгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй болж байгаа юм. Б.С Т.Х-д гантелыг зар гэдэг зөвшөөрөл олгоогүй, олгох ч үндэсгүй. Т.Х гантелыг Б.С-ээс төлбөрт авч, Т.Х Б.С-ийг ашиглан өөр хоорондоо хамааралтай этгээдүүдтэй холбон иргэний эрх зүйн гэрээ байгуулан Б.С-ийг ашигласан. Иймд Б.С хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй болно. Б.С ОХУ, БНХАУ-ыг дамжин мөнгөн усны наймаа хийх боловсролтой бус, бичиг үсэг мэдэхгүй бага боловсролтой, бусадтай гадаад хэлээр харилцаж хууль бус наймаа хийх хувийн байдалгүй, харин хохирогч гэх Х.С, Ө.Н, Б.Н нар хууль бус наймаа хийдэг Хятад, ОХУ-ын иргэдтэй найз нөхдийн холбоотой байсан. Тиймээс ОХУ-ын хоёр иргэн, Х.С, Б.С дөрөв эрсдэлд орох бол тус бүр 9 сая төгрөгийг хариуцахаар тохирсон байдаг зэрэг байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах ёстой атал прокурорын яллах дүгнэлтэд сэжигтнээр тооцогдсон Т.Х, гантел буюу мөнгөн усыг хууль бус гэдгийг мэдсэн атлаа худалдаж авахаар хөрөнгө оруулалт хийсэн Н.М, Б.Н, Ө.Н, Г.М, Б.Ц нарын мэдүүлгийг нотлох баримтаар үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийг зөрчиж шийдвэрлэсэнд дүгнэлт хийгээгүй. Б.С-д 150 сая төгрөгийн үнэд хүргэж зарах нэг ч хятад хүн байхгүй, харин хохирогч Х.С төмөр гантел буюу мөнгөн усыг Б.С, Б.Н нарт зарах гэж танилцсан, анх Х.С-ийн Фэйсбүүк хаягаар “гантел, мөнгөн ус зарах зар”-ыг Б.Н-ээр дамжуулан Б.С мэдсэн зэргээс үзэхэд Б.С-ийг зохиомол байдлыг бий болгосон гэж үзэх үндэслэлгүй. Шинэ хуулиар зөвхөн хэргийн хувьд биш, шүүгдэгч, яллагдагчийн хувьд л шийдэх ёстой гэж ойлгож байгаа. Тэгэхээр тухайн хүнийх нь хувьд шийдэж өгнө үү. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байхад гэм буруутай эсэхийг тогтоолгохоор хэргийг анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5, 1.6-д заасныг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Б.С нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч энэхүү гэмт хэрэгт Т.Х /З/ гэгч хамтран оролцсон талаар гэрч, хохирогч, шүүгдэгч нар удаа дараа мэдүүлсээр байхад шүүгдэгчийг цагаатгахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, яллах талын ямар нотлох баримтыг үгүйсгэсэн, няцаасан болох нь тодорхойгүй, хууль ёсны шаардлага хангаагүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, С.Намжилмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.С нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор иргэн Х.С-т “төмөр гантелыг БНХАУ-ын иргэнд үнэд хүргэн 150,000,000 төгрөгөөр зарж өгнө” гэж бодит байдлыг гуйвуулан нэг талдаа “24”, нөгөө талдаа “СССР” гэсэн бичигтэй төмөр гантелыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахуулж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.С-д холбогдох хэргийн бүхий л асуудлыг шалгасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Х.С-ийн “50,000,000 төгрөгийг Х /З/ гэгчид өөрөө тоолж хүлээлгэн өгсөн, мөн гантел авахад зарцуулсан мөнгө ОХУ-ын иргэнийх байсан” гэсэн мэдүүлгээр Б.С Х.С-ийг залилсан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу Б.С-ийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Б.С-ийг анхан шатны шүүх гэм буруугүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлийг тогтоолдоо заагаагүй, Т.Х /З гэх/ нь энэ гэмт хэрэгт оролцоотой талаар хохирогч Х.С, гэрч Б.Н, шүүгдэгч Б.С нар мэдүүлсээр байхад Б.С, Т.Х нарын гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж тогтоолгүйгээр Т.Х-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны эсэхэд дүгнэлт хийлгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаажээ.

Хяналтын шатны шүүхээс хэргийн материалыг бүхэлд нь хянахад Б.С, Т.Х нарын хэн алиных нь оролцоотойгоор хохирогч Х.С бусдад хууртагдаж 50,000,000 төгрөгийг Т.Х-д өгсөн үйл баримтад тэдний хамтран оролцоонд огт дүгнэлт хийлгүйгээр Т.Х-гийн үйлдлийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит үнэнд нийцээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалт, прокурорын шатанд гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох этгээдүүдээс хэн нэгнийг нь ийнхүү хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоох Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт, зарчим алдагдах бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 274 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 774 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, С.Намжилмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН