Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 124/ШШ2021/0048

 

                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Увс аймгийн Ховд суманд оршин суух, С овогт Ё-ийн Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ховд сумын 3-р багт оршин суух, С овогт Д-ийн Г,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-т холбогдуулан гаргасан,

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн үйлдсэн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 0176480 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гомдол гаргагч Ё.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Ё.Т нь нөхөр хүүхдийн хамт Ховд суманд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй. Ё.Т нь Увс аймгийн Ховд суманд 2020 оны 10 сард болсон Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох сонгуульд нэр дэвшин оролцсон юм. Увс аймгийн Ардчилсан нам нь Ховд сумын Ардчилсан намыг дотоод дүрэм журмын хүрээнд шууд удирдлагаар хангах, тухайн намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшиж байгаа тул нэгдсэн журмаар нэр бүхий 21 нэр дэвшигчийн дансны жагсаалтыг нэгтгэж, сумын Ардчилсан намын тогтоолыг үйлдүүлж, Увс аймгийн Төрийн Аудитын байгууллагад бүртгүүлэхийг хүсэж 2020 оны 09 сарын 25-ны өдөр Ховд сумын Ардчилсан намаас Аймгийн Ардчилсан намд албан ёсоор хүргүүлсэн байгаа.

Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 50.3 дахь заалтаар нам эвсэл нь Ховд сумын Ардчилсан намаас нэр дэвшигч, бие даагчид байгаа. Ё.Т нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 50.3 дахь заалтаар Ховд сумын Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшин оролцсон. Тухайн хуулийн заалтад сонгуульд нэр дэвшигч заавал өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан заалт байхгүй. Нэр дэвшигч миний бие нь хуулийн заалт зөрчсөн гэж үзвэл миний хууль бус үйл ажиллагаанаас болж Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээд, нам эвсэлд нэг ч төгрөгийн бодит хохирол учруулаагүй болно.

Ё.Т нь сонгуульд нэр дэвшигчийн хувьд сумын Ардчилсан намд санал хураах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 2020-09-25-ны өглөө фейсбүүкийн чатаар хүргүүлсэн ба Аймгийн ардчилсан нам ямар шалтгаанаар хоцроосныг мэдэхгүй байна. Иймд нэр дэвшигч миний бие нь хуулийн дагуу хугацаандаа Төрийн аудитын газарт дансны мэдээллээ өгсөөр байтал надад Татварын хэлтсийн улсын байцаагч Н.Н гэгч Зөрчлийн тухай хуулиар 10 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн ¹0176480 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Татварын Хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймаг дахь Төрийн Аудитын Газраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Ховд сум 3-р тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшигч Ё овогтой Т нь Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй гэх зөрчлийн талаар Увс аймаг дахь Төрийн аудитын газраас, ирүүлсэн зөвлөмж, гомдол, мэдээллийг 2021 оны 04 сарын 07 -ны өдрийн 09 цаг 00 минутад хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ё овогтой Т /Ховд сум 3 дугаар багт хаягт оршин суугч РД: ОП62072000 бичиг баримттай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Ховд сумын Ардчилсан намын даргыг оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр, 3.6 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулав.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Энхтайван овогтой Түвшинжаргал, Ховд сум 4-р багт оршин сууг,ч ОП81070812 бичиг баримттай оролцсон болохыг тэмдэглэв.

Холбогдогч Ё.Т мэдүүлэгтээ Би хуулийн дагуу Хаан банкинд данс нээлгэж санал авах өдрөөс 20 хоногийн өмнө буюу хуулийн хугацаанд нь нээлгээд сумын намын дарга Э.Түвшинжаргалд өгсөн сумын намаас албан бичгээр Увс аймгийн Ардчилсан намд хүргүүлсэн. Сумаас нэгдсэн журмаар явуулсан болохоор Аудитын байгууллагад хэзээ бүртгүүлснээ санахгүй байна.

Гэрч Э.Түвшинжаргал бүртгүүлэх хугацааг сайн мэдэхгүй Аймгийн намаас дансаа нээлгээд яаралтай явуул гээд 2020 оны 9 сарын 23-нд 21 нэр дэвшигчийн жагсаалтын хамт албан тоот гаргаж 9 сарын 24-нд Аймгийн ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Г.Болор-Эрдэнэд facebook чатаар явуулсан. Намаас нэр дэвшсэн учраас өөрөө бүртгүүлэх шаардлагагүй Аймгийн Ардчилсан намаас Төрийн Аудитын газарт дансаа нэгдсэн журмаар бүртгүүлэхтэй холбоотой шаардагдах материал явуул гэсний дагуу албан тоотоор явуулсан. Болор-Эрдэнэ даргын Татварын хэлтэст өгсөн тайлбарт тухайн үед Увс аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Сумын намаас нэр дэвшигчдийн зардлын данс нээлгэх үйл ажиллагаа хуулийн хүрээнд зохион байгуулж нэгтгэсэн ба сүүлийн сумууд 9 сарын 28-нд ирүүлсэн тул хугацаа хэтэрсэн ч албан тоотын хамт Аймгийн Аудитын газарт хүргүүлсэн боловч хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр буцаасан зэрэг тайлбар хүргүүлсэн.

Холбогдогч Ё овогтой Т нь РД: ОП62072000 Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Төрийн Аудитын Газраас ирүүлсэн нотлох баримтууд, холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Ё.Т-д холбогдох 2135000229 дугаартай хэрэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх....хуульд заасан журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн агуулгад: Ё.Т нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 50.3 дахь заалтаар Ховд сумын Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшин оролцсон. Тухайн хуулийн заалтад сонгуульд нэр дэвшигч заавал өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан заалт байхгүй гэж дурдсан байна. Гэтэл нэр дэвшигч Ё.Т нь Аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.3.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэсэн заасан түүнээс биш Аймгийн Ардчилсан намд хүргүүлсэн нь төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад бүртгүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.2. "нэр дэвшигч" гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг гэж заасан” гэжээ.

 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Т нь 2020 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн. Увс аймгийн Ардчилсан нам нь тухайн намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг дансны жагсаалтыг нэгтгэж, сумын Ардчилсан намын хурлаар оруулж тогтоол үйлдэж, Увс аймгийн Ардчилсан нам руу явуулсан байдаг. Сонгуулийн тухай хуулийн 50.3 дугаар зүйлд нэр дэвшигч нь өөрийн биеэр сонгуулийн дансаа бүртгүүлнэ гэсэн зүйл байгаагүй учир нэр дэвшигч нар сонгуулийн дансаа нэгтгэж явуулж байсан. Нэр дэвшигчдийн хувьд өөрийн сонгуулийн зардлын дансны мэдээллээ нэгтгэж Увс аймгийн Ардчилсан нам руу явуулсан. Иймд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн 2021 оны 5 дугаар 11-ний өдрийн 0176480 дугаартай “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд гомдлын шаардлагыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн 2021 оны 5 дугаар 11-ний өдрийн 0176480 дугаартай “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулж өгөх” тухай , хариуцагч татварын улсын байцаагч Н.Н-ээс “шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр  шүүх хуралдааныг явуулах” тухай хүсэлтийг тус тус  ирүүлсэн тул   шүүх хуралдааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн эзгүйд  үргэлжлүүлсэн болно.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 0176480 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан өмгөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн үйлдсэн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 0176480 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс “ Сонгуулийн зардлын дансны мэдээллийг аймгийн Ардчилсан намд хуулийн хугацаанд хүргүүлсэн, биечлэн хүргүүлэх тухай заалт байхгүй, хуулийн заалт зөрчсөн гэж үзвэл хууль бус ажиллагаанаас болж байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд нэг ч төгрөгийн бодит хохирол учруулаагүй, аудитын байгууллагад ямар нэг зөрчилгүй сонгуулийн зардлын дансны тайлангаа хугацаанд нь гаргаж өгсөн ” тухай тайлбар гарган маргаж байна.

Хариуцагч улсын байцаагчаас “Холбогдогч Ё.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрний мэдээллийг Увс аймаг дахь төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн баримтууд, холбогдогчийн мэдүүлэг, тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан” гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176480 дугаартай шийтгэлийн хуудсаар Ё.Тд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д  заасан “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй зөрчил гаргасан нь холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Ё.Т-д холбогдох зөрчлийн хэргийг эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 13-ны өдрийн 124 дугаартай тогтоолоор нээсэн байх бөгөөд зөрчлийн хэрэгт зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн баримт, холбогдогчийн мэдүүлэг, гэрч Э.Түвшинжаргалын мэдүүлэг, Г.Болор-Эрдэнийн тайлбар, Ховд сумын Ардчилсан намын хорооны Тэргүүлэгчдийн хуралдааны 2020.09.23-ны өдрийн 31 дугаартай тогтоол хавсралтын хамт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд хийсэн нийцлийн аудитын тайланг баталжээ.

Аудитын тайлангаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд оролцсон 2 нам, 389 нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газар бүртгүүлээгүйг хавсралтаар гаргаж Татварын хэлтсийн даргад Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авах тухай зөвлөмжийг хүргүүлжээ.

Аудитын тайланд Ховд сумын 3-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ё.Т нь Сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй талаар дурдагдсан тул Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй “ гэж заажээ.

Үйл баримтын хувьд орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшигч Ё.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлээгүй боловч дансны мэдээллийг намын байгууллагадаа  өгсөн байна.

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ховд сумын Ардчилсан намын хорооны Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан “Ардчилсан намаас Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн 21 нэр дэвшигчийн дансны дугаар, банкны нэрийг нэгдсэн журмаар хуулийн хугацаанд аудитын байгууллагад бүртгүүлэх” тухай тогтоолыг Аймгийн Ардчилсан намын хороо Увс аймаг дахь Төрийн аудитын газарт  уламжилж хүргүүлээгүй болох нь гэрч Э.Түвшинжаргалын “аймгийн намаас дансаа нээлгээд яаралтай явуул гэсэн чиглэл өгсний дагуу 9 сарын 23-нд 21 нэр дэвшигчийн жагсаалтын хамт албан тоот гаргаж, аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Г.Болор-Эрдэнэд facebook чат хаягаар хүргүүлсэн” гэх мэдүүлэг, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ховд сумын Ардчилсан намын хорооны Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол, гэрч М.Батсуурийн “ Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 30 дугаартай албан бичиг манай байгууллагад ирээгүй” гэх мэдүүлэг,  Увс аймгийн Ардчилсан намын хорооны  2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Увс аймгийн Ховд сумын Ардчилсан нам нь 2020 оны аймаг, сумын ИТХ сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дансны бүртгэлийг 2020 оны 09-р сарын 25-ны өдөр аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар ирүүлсэн байна” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Ё.Т-ын сонгуулийн зардлын дансны тайланд 2020 оны 11 сарын 13-ны өдөр “Увс финанс аудит” ХХК хараат бус аудитын 66 дугаартай зөрчилгүй дүгнэлт гаргасан, зардлын дансны тайлан, дүгнэлтийг Увс аймаг дахь Төрийн аудитын газар хүлээн авсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно “ гэж заажээ.

“Хуульд заасан журмыг зөрчсөн” тохиолдолд Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй эс үйлдэхүйг зөрчилд тооцохоор Зөрчлийн тухай хуульд заасан тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглэхээр байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардлын талаар зохицуулсан байх ба уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.5-д “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” бүрэн эрхийг Төрийн аудитын орон нутгийн салбар байгууллага хэрэгжүүлэхээр заасан байна.

Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам,эвсэл,нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх,танилцуулах журам”-ыг баталсан байна.

Уг журмын 1.1-д “энэ журмын зорилго нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа, нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн,бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах,түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэжээ.

Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу сонгуулийн зардлын данстай холбогдох харилцааг илүү нарийвчлан зохицуулсан журам батлагдсан тул сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй шалтгаан нөхцөл, зардлын дансны тайлагналт зэрэгт дүгнэлт хийн тухайн хууль, журмаар хамгаалагдсан харилцаа хэрхэн зөрчигдсөнийг тодорхойлох шаардлагатай.

Улс төрийн намын тухай 14 дүгээр зүйлийн 14.1.3-д зааснаар  Нам нь гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрхтэй. Мөн аймгийн Ардчилсан намын хорооны дарга нь намаа төлөөлөн төрийн сонгуулийг амжилттай удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Увс аймгийн Ардчилсан намын хороо  анхан шатны намын байгууллагын шийдвэрийг аймгийн төрийн Аудитын байгууллагад уламжилж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Ховд сумын нэр дэвшигчдийн дансны мэдээллийг хуульд заасан  хугацаанд  хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.    

Мөн түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэх, бүртгүүлэх, зардлын дансны тайланг гаргах ажиллагаа, түүний үр дүн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай  хуулийн болон Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх,танилцуулах журам”-ын зохицуулалтын зорилго, агуулгад нийцсэн байхыг шаардана.

Нэр дэвшигч Ё.Т-ын хувьд нам нь сонгуулийн зардалд ашиглахаар нээлгэсэн дансны мэдээллийг нь холбогдох байгууллагад хүргүүлж бүртгүүлээгүй боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын нэг данс ашиглаж, сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулж хөндлөнгийн аудитаас “Зөрчилгүй” гэх дүгнэлт гарсан, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас сонгуулийн зардлын дансны тайлан,дүгнэлтийг хүлээн авсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд Ё.Т-ын сонгуулийн зардлын дансны орлого, зарлага, зарцуулалт нь дээр дурдсан хууль, журмын зорилгод нийцсэн байна.

Иймд Ё.Т-ын сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй эс үйлдэхүйг  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх зөрчлийн шинжийг агуулаагүй гэж дүгнэж, Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.Нийн үйлдсэн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 0176480 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Ё.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч улсын байцаагчийн харьяалах Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан Ё.Т-д олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.5-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ё.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гийн гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-ийн үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176480 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1,48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Ё.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан Ё.Т-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ОЮУНГЭРЭЛ