Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Улсын яллагч: С.Баатарсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Гямцай, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү,

Шүүгдэгч: Б.Мөнхсүлд, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овгийн Банзрагчийн Мөнхсүлдэд холбогдох 2226000250021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Мөнхсүлд нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Муруйн голын” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр 10-17 УБУ улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын зорчих хэсгээр явган алхаж байсан иргэн М.Ренчиндашийг дурдагдсан тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Мөнхсүлд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгүүдээ өгсөн болохоор дахиж ярих шаардлагагүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гямцай шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 06-ны 21 цагийн үед Хайрхандулаан сумын цагдаагаас над руу залгаад дүү чинь машинд дайруулсан байна гэж ярьсан. Тэгээд би Өвөрхангай аймгаас очсон. Очиход дүү маань нас барсан байдалтай байсан. Оршуулгын зардалд зарцуулсан 11125000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гямцай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд Хайрхандулаан сумын цагдаагаас над руу залгаж ярьсан. Тэр үед би дүү Д.Ренчиндашийг нас барсан талаар мэдсэн. Тэгээд мэдэнгүүтээ Арвайхээр сумын төвөөс гараад хэргийн газар очсон. Тухайн үед намайг хэргийн газарт очиход цагдаа нар ирчихсэн хэмжилт хийж байсан. Талийгаач дүү маань зам дээр асфальтан замынхаа хажууд шороон буюу хөрсөн хэсэгт нь хэвтэж байсан. Талийгаач М.Ренчиндаш нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хайрхандулаан сумын төв рүү айлын газарт явах гэж байгаа талаар надтай утсаар ярихдаа хэлж байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буцахдаа осолд орсон байсан. Би оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжилнэ. Баримтаа бүрдүүлж өгнө. /хх-43-46/,

Гэрч М.Доржням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим Хайрхандулаан сумын харалдаа Муруйн голын гүүр орох гээд 46-65 УАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ уруудаад явж байсан. Би жолоо барьж явсан ба эхнэр Батдэлгэр, үеэл Золбоот бид нар Нарийнтээл сумаас гараад Улаанбаатар хот руу явж байсан. Тэгтэл миний машины өмнөөс ирж байсан машины урдуур нь нэг юм орчих шиг болсон. Тэр үед нөгөө машин гэнэт буруу тийш дараад замын хажуу руу орсон. Би тэр машиныг мал шүргэчихлээ гэж бодоод ямар ч байсан машиныг нь гаргаж өгье гэж бодоод зогссон. Буутал нөгөө Приус-20 маркийн машины жолооч зам руу гүйсэн. Тэгэхээр нь харсан чинь нөгөө приус-20 маркийн машины жолооч газар унасан байсан дээлтэй хүнийг тэвэрчихсэн сууж байсан. Би хажууд нь яваад очтол талийгаач цус асгарсан, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Приус-20 маркийн машины жолооч талийгаачийг дээш нь харуулаад өвөр дээрээ толгойг нь байрлуулсан. Би тэр жолоочоос амьсгаатай байна уу гэж асуусан чинь амьсгалж байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар руу залгатал утсаа аваагүй. Тэр хооронд Хайрхандулаан сумын цагдаа нар ирсэн байсан. Цагдаа ирсний дараа 20-30 орчим минутын дараа Хайрхандулаан сумын түргэний эмч ирсэн. Эмч ирж үзээд зүрх нь зогссон байна гэж хэлсэн. 10-17 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хэр их хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Гэхдээ нэг их хурдтай бол яваагүй байсан. Гэнэт бөгсний улаан гэрэл нь харагдаад л замын хажуу руу орсон. Би талийгаачийг замын аль хэсэгт зорчиж явсныг харж амжаагүй ээ. Би дайрсныг нь мэдээгүй. Машин нь зам руу орчихлоо гаргаж өгье гэж бодоод зогстол хүн дайрчихсан байсан. Талийгаачийг аль болох хөдөлгөөнгүй байлгахыг л зорьсон. /хх-50-52/,

Гэрч Б.Батдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой нөхөр Доржням, үеэл Золбоот нарын хамт Нарийнтээл сумаас 19 цагийн орчим Улаанбаатар хот руу явахаар гарсан. Тэгээд 20 цагийн орчим Хайрхандулаан сумын харалдаа явж байтал эсрэг талын буюу өөдөөс ирж байсан нэг жижиг тэрэг, буруу дараад замын хажуу руу орсон. Тэгэхээр нь бид нар зогссон. Манай нөхөр машиныг нь гаргаж өгье гээд Золбооттой хамт машинаас буусан. Приус-20 машины жолооч машинаасаа буугаад зам руу гүйсэн. Би машиндаа л сууж байсан. Тэгтэл манай нөхөр ирээд түргэн дуудаарай гэж хэлэхээр нь би онцгой байдлын газар руу залгатал утсаа аваагүй. Өвөрхангай аймаг руу залгаад түргэний эмчийн 9932-9847 гэсэн дугаар луу залгаад дуудлага өгсөн. Би дэргэд нь очоогүй ээ. Ямар ч байсан нэг нударгатай дээлтэй залуу бас зогсож байсан. Тэр нударгатай дээлтэй залуу болохоор талийгаачтай хамт явж байсан юм шиг байсан. Хэр их хурдтай явсныг нь анзаараагүй ээ. Ямар ч байсан тийм их хурдтай бол яваагүй ээ. Би талийгаачийг замын аль хэсэгт зорчиж явсныг хараагүй ээ. Түргэний эмч 20-30 минутын дараа ирсэн. /хх-54-55/,

Гэрч Б.Золбоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 12 сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд Нарийнтээл сумын “Урт жалга” гэх газраас Доржням, Батдэлгэр нарын хамт портер маркийн автомашинтай Улаанбаатар хот руу гарсан. 20 цагаас 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын урд шатахуун түгээх станц уруудаад явж байтал нэг машин гэнэт замаас гараад хажуу тал руу гарсан. Тэгэхээр нь мал мөргөсөн юм байхдаа гэж бодоод туслах санаатай машинаасаа буугаад очтол машинаас нэг залуу буугаад гадуур хувцсаа өмсөөд засмал руу гүйгээд явсан. Засмал зам дээр нэг залуу сууж байсан. Тэгсэн чинь нөгөө залуу зам дээр байсан хүнийг толгойноос нь өргөөд барьчихсан хаанаас нь ч юм мэдэгдэхгүй цус гараад байсан. Цус нь доошоо дуслаад байсан. Тэгсэн чинь жолооч нь түргэн тусламж дуудаарай гэсэн. Хамт явж байсан эмэгтэй надаас цагдаагийн дугаарыг асуусан. Тэгээд цагдаа ирсэн. Тэгээд би машиндаа очиж суугаад манай үеэлийн эхнэр Батдэлгэр түргэн тусламж дуудсан. Талийгаачийг замын аль хэсэгт явсан талаар мэдэхгүй байна. /хх-56-57/,

Гэрч Д.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Талийгаач Хайрхандулаан сумын Хар дээлийн гогцоо гэх газарт манай саахалт Регзингомбо гэх айлд мал малладаг байсан. Талийгаачийн гэр нь Хайрхандулаан сумын 4 дүгээр баг Хар дэлийн гогцоо гэх газарт манайхтай саахалт байгаа. Талийгаач М.Ренчиндаш бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим гэрээсээ гараад Хайрхандулаан сумын 4 дүгээр баг Талын толгой гэх газарт Бадарчин гэх хүний ажил явдалд очсон. Тэнд айлдаа очиж хоноод 2021 оны 12 дугаар сарын 06-ны өглөө айлын газарт явчихаад өдөр 15 цагийн орчим газрын ажил дууссан. Тэгээд талийгаач бид хоёр тэр айлаасаа 2 уулаа гараад Хайрхандулаан сумын төв рүү унаанд дайгдаж орж ирсэн. Талийгаач бид 2 сумын төвд орж ирээд Сосорбурам ахад дайгдахаар болоод хөдөө харих гээд Сосорбурам ахын мотоцикльтой гарсан. Талийгаач Сосорбурам ах бид 3 сумын төвөөс чанх урагшаа хөдөө гэр лүүгээ явсан. Сумын төвөөс урагшаа гарч яваад Хар дэлийн гогцоо гэдэг газар луу явж байгаад Их хайрханы тэнд зогсоод талийгаач бид хоёр 0.5 литрийн 2 шил архийг хоёулаа хувааж уусан. Харин Сосорбурам ах архи уугаагүй ээ. Талийгаач Сосорбурам ах бид 3 Их хайрханы тэнд 17 цаг өнгөртөл суусан. Тэгээд цаашаа явах гэтэл талийгаач дахиад архи нэмж ууя гээд архи олж авахаар “Их нутгийн буян” нэртэй колонкийн доор байдаг гуанз руу явсан. Бид гурав гуанз руу явсан боловч архи олдоогүй. Тэгэхээр нь харихаар болоод буцаад явсан. Буцаж явж байгаад Муруйн голын гүүр өнгөрөөд баруун тийшээ шороон замаар явж байтал Сосорбурам ахын мотоциклын хойд дугуй хагарсан. Тэр үед Сосорбурам ах мотоциклийн дугуйгаа янзлуулна гээд мотоциклио унаад явсан. Талийгаач бид хоёр тэнд буугаад үлдсэн. Гуанз руу чиглэлтэй алхаж байсан. Талийгаач бид хоёр засмал замын хажуугаар шороон хэсгээр алхаж байсан. Талийгаач миний ард 1-2 метрийн зайтай алхаж байсан. Тэгтэл өмнөөс нэг залуу гүйж ирээд хамт яваа хүнийг чинь шүргэчихлээ гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал талийгаач засмалын хажууд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Очоод үзтэл М.Ренчиндаш ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би согтуу байсан болохоор яг мөргөж байх үеийг нь мэдээгүй ээ. 10-17 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хэр хурдтай явж байсныг мэдээгүй. /хх-58-60/,

Гэрч М.Сосорбурам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би талийгаач М.Ренчиндаштай саахалт байдаг. Саахалтын айл гэдэг утгаараа нэг нэгнийгээ танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16:00 цагийн орчим талийгаач Ренчиндаш, Бямбасүрэн нартай сумын төв дээр таарсан. Би тухайн үед өөрийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой ганцаараа явж байсан. Тэгээд талийгаач Ренчиндаш, Бямбасүрэн нар унаагүй дайгдаад хамт явахаар болоод бид гурав миний мотоцикль дээр 3 сундлаад сумын төвөөс арагшаа гэр лүүгээ чиглэлтэй явсан. Тэгтэл Бямбасүрэн, талийгаач хоёр Их хайрханы тэнд зогсоод 0.5 литрийн соёрхол архийг хувааж уусан. Би архи уудаггүй болохоор огт амсаагүй. Тэгээд Бямбасүрэн, талийгаач хоёр нэлээн халсан байсан ба гуанз орж нэмж архи авъя гээд хоргоогоод байхаар нь би зөвшөөрөөд бид гурав колонкийн хажууд байдаг гуанз орсон. Гуанз дээрээс архи олдоогүй. Тэгээд хөдлөөд явж байгаад Муруйн голын гүүрний орчим шороон замаар явж байгаад дугуй хагарахаар нь засмал зам дээр гараад Бямбасүрэн, талийгаач хоёрын буулгаад араас алхаад ир гэж хэлээд би мотоциклио унаад дугуйгаа янзлуулах гээд гуанз руу явсан. Тэгтэл гуанз дээр байж байтал цагдаагийн машин, түргэний машин зам дээр байгаад байхаар нь яваад очтол Ренчиндаш машинд мөргүүлсэн байдалтай нас барсан байсан. Би түрүүлээд гуанзан дээр ирсэн байсан учраас юу болсон талаар мэдээгүй. Бямбасүрэн, талийгаач хоёр нилээн согтуу байсан гэхдээ гуйвахгүй байсан. Бямбасүрэн, талийгаач бид гуравт маргалдсан асуудал байхгүй. Бямбасүрэн, талийгаач хоёр намайг буулгах үед замын хажуугаар алхаж байсан. Яг тэнд алхаж байсныг нь нарийн хараагүй. Би буулгачихаад эргээд хартал зүгээр алхаж байсан. /хх-62-63/,

Гэрч Д.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:....Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос зарын дагуу Мөнхсүлдийг Говь-Алтай аймаг руу явах гэж байгаа талаар мэдсэн. Тэгээд Мөнхсүлдтэй холбогдоод бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу гарсан. Мөнхсүлдийн 10-17 УБУ улсын дугаартай тоёота приус-20 маркийн цагаан өнгийн автомашинтай хамт хоёулаа гарсан. Мөнхсүлд бид хоёр Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт байрлах Муруйн голын гүүр дөнгөж өнгөрөөд явж байтал гэнэт хоёр хүн өмнөөс явган гараад ирсэн. Тэр үед Мөнхсүлд хоёр хүн алхаж байхыг хараад буруу тал руугаа /зүүн гар тал руугаа/ дарсан. Машинаа буруу тийш дартал машины толинд зүүн талд явж байсан хүн нь цохигдож унасан. Машин гулгаад замын хажуу руу орсон. Би машин өнхөрчихвий гэж бодсон чинь харин гайгүй зогссон. Тэгээд Мөнхсүлд бид хоёр сандраад, айгаад машинаасаа зэрэг буугаад зам руу гүйж очтол нэг дээлтэй хүн нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Тэр үед эсрэг урсгалаас ирж байсан портер маркийн машины жолооч бууж ирээд хажууд хүрээд ирсэн. Мөнхсүлд бид хоёр эмч, цагдаа дуудаарай гэж хэлсэн ба би өөрөө 102 дугаарын утсанд залгаж дуудлагаа өгсөн. Харин нөгөө портертой явсан хүмүүс түргэний эмч дуудаж өгсөн. Зам гулгаатай байсан болохоор нэг их хурдтай яваагүй. Дээрээс гүүр гарсан учраас хурдаа бага зэрэг хассан. Би хэдэн км/цагийн хурдтай явж байгааг нь хараагүй. Ойролцоогоор 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Мөнхсүлд машиныхаа гэрлийг ойр дээр нь шилжүүлсэн. Эсрэг урсгалаас портер маркийн автомашин ирж байсан учраас гэрлээ шилжүүлсэн. Тэр портерийн жолооч гэрлээ шилжүүлсэн эсэхийг би анзаараагүй. Мөнхсүлд өөрөө жолоодож явж байсан. Би жолоо огт бариагүй ээ. Мөнхсүлд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би ч гэсэн хэрэглээгүй байсан. Талийгаач Мөнхсүлд бид хоёрын явж байсан зам голлоод алхаж байсан. Хэрэв Мөнхсүлд буруу тийш дараагүй байсан бол тэр алхаж явж байсан хоёр хүнийг хоёуланг нь мөргөх байсан. Зүүн тийш дарсан тулдаа талийгаачийг машины баруун талын толь хэсгээр шүргэж дайрсан. Миний биед гэмтэл учраагүй ээ. Мөнхсүлд бид хоёр хоёулаа суудлын бүсээ зүүгээд явж байсан болохоор гайгүй өнгөрсөн/хх-65-67/,

Гэрч Б.Бат-Орших мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 10-17 УБУ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Манай эхнэрийн төрсөн дүү Мөнхсүлд энэ машиныг худалдаж аваад хотын дугаар авах хэрэгтэй болоод миний нэр дээр авсан юм. Мөнхсүлдийн өөрийнх нь эзэмшлийн машин байгаа юм/хх-75-76/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн №01 дугаартай дүгнэлтэнд:... Талийгаач М.Ренчиндашийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьдадаа үүссэн байна. Суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл үхэлд шууд нөлөөлсөн байх боломжтой. Талийгаач М.Ренчиндаш нь авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач М.Ренчиндашийн цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Цусны бүлгийн харьяалал тогтоосон шинжилгээний хариу илрээгүй тул дүгнэх боломжгүй. Талийгаач М.Ренчиндашийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно. /хх-96-100/,

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №14 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтэнд “Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. 10-17 УБУ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Банзрагчийн Мөнхсүлд нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн тус тус заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч /амь хохирогч/ Мөнхтулгын Ренчиндаш нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна”, явган зорчигч зорчих захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч болон амь хохирогч явган зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийн ямар ямар заалтуудыг зөрчсөнийг техникийн мэргэжлийн үүднээс тодорхойлж өгч байгаа болохоос тухайн хэргийг газар дээр нь очиж нөхцөл байдлыг үзээгүй, мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад оролцоогүй зэргээс хамаарч хууль, эрх зүйн талаас нь буруутныг тогтоох шалтгааныг тодорхойлох боломжгүй байна. Осол гарахад харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан, зам 2 захаараа цасан бүрхүүлтэй халтиргаатай байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. /хх-87-88/,

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/07 дугаартай Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэнд:... Уг хэрэг нь зам тээврийн осолд хамаарна. Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь 67.7 км/цаг-аас бага хурдтай явсан байна. 10-17 УБУ улсын дугаартай Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Мөнхсүлд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Явган зорчигч М.Ренчиндаш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалт буюу “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Явган зорчигч М.Ренчиндаш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйлс илэрсэнгүй.

     Яллагдагч Б.Мөнхсүлд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би тухайн үед 60 км/цагийн хурдтай явж байсан. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Өөдөөс машины гэрэл гялбасан. Талийгаач миний явж байсан урсгалыг голлоод гэнэт зам хөндлөн гараад ирсэн. Би тэр хоёр хүнийг хараад тоормос гишгээд тулаад ирэхээр нь саадыг тойрч гарах гээд зүүн тийш дараад замын хажуу руу машинтайгаа гулсаад орох байсан. Би зогсоох арга хэмжээ авсан тулдаа тэр хоёр явган хүний нэгийг нь толиороо шүргэсэн. Мөн  машинаа өнхрөөгүй үлдсэн. Талийгаачийг жолооч талын толь хэсгээрээ шүргэсэн. Хамт явж байсан Бямбасүрэн гэх хүн нь талийгаачаас 2 метрийн зайтай шороон замаар явж байсан гэж мэдүүлсэн байна. Намайг харахад Бямбасүрэн талийгаач хоёр зэрэгцээд явж байсан. Зам халтиргаатай байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би жолоо барьж байх үедээ нойрмоглоогүй ээ. Мөн өөр ямар нэгэн сатаарах үйлдэл хийгээгүй ээ. Зам халтиргаатай байсан болохоор хурдтай яваагүй ээ. Би тухайн үедээ тоормос гишгэсэн. Халтиргаатай байсан учраас тоормосны мөр үлдээгүй байж магадгүй. Мөр үлдсэн үлдээгүй талаар сайн мэдэхгүй байна. /хх-ийн 135-136 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-55, 130-133 /, 

            Шүүгдэгч Б.Мөнхсүлдийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн146, 148-149 хуудас/,

Шүүгдэгч Б.Мөнхсүлдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 150 хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч С.Баатарсүх “Б.Мөнхсүлд нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Муруйн голын” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр 10-17 УБУ улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын зорчих хэсгээр явган алхаж байсан иргэн М.Ренчиндашийг дурдагдсан тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гямцайгийн мэдүүлэг, гэрч М.Доржням, Б.Золбоо, Д.Бямбасүрэн, М.Сосорбурам, Д.Болормаа, Б.Бат-Орших нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №14 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Б.Мөнхсүлд нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйн улмаас авто тээврийн осол гаргаж  уг ослын улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Б.Мөнхсүлдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах  дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү:... 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим 10-17 УБУ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодож явсан Б.Мөнхсүлд нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс болж амь хохирогч нас барсан гэж үзэж байна. Үүнийг нотлох баримтуудын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, техникийн шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Д.Бямбасүрэнгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтээр жолооч буруугүй гэсэн дүгнэлт гаргасан. Өмнөх техникийн шинжээчийн дүгнэлтээр Б.Мөнхсүлдийг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна гэсэн хоёр өөр дүгнэлт гарсан байгаа. Миний хувьд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн шинжээчийн дүгнэлт нь онолын хувьд гарсан дүгнэлт гэж үзэж байна. Хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд байгаа техникийн шинжээчийн дүгнэлтийг илүү үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гомдолтой гэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Мөнхсүлдийг энэ хэрэгт гэм буруутай гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд 11.124.760 төгрөгийн хохирлын баримт өгсөн. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг гаргах нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг “Гэрч Б.Доржнямын мэдүүлэгт миний урдаас ирж байсан машины урдуур нэг юм орчих шиг болсон. Тэр үед нөгөө машин гэнэт буруу тийшээ дараад замын хажуу руу орсон гэсэн мэдүүлэг өгсөн. Үүнээс харахад хохирогч замын голоор явж байсан гэдгийг мэдүүлдэг. Үүнийг давхар нотолж гэрч Д.Болормаагийн мэдүүлэгт талийгаач Б.Мөнхсүлд бид хоёрын явж байсан замаар зам голлоод алхаж байсан. Б.Мөнхсүлд буруу тийшээ дараагүй байсан бол тэр хоёр хүнийг мөргөх байсан. Зүүн тийш дарсан тулдаа талийгаачийг баруун талын толь хэсгээр шүргэж цохигдож унасан гэсэн мэдүүлэг байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг дээр миний дүү замын хажуу талын шороон дээр хэвтэж байсан гэдэг. Энэ дээр техникийн шинжээчийн дүгнэлт дээр байдаг. Талийгаач мөргүүлээд замын хөвөө рүү шидэгдсэн байдаг. Энэ нь ослын акт дээр тодорхой байдаг. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0307 тоот дүгнэлтээр явган зорчигч М.Ренчиндаш нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд 5.1-т зааснаар явган зорчигч нь явган хүний замаар тийм зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн хажуугаар явна гэсэн заалтыг зөрчсөн байна. Б.Мөнхсүлд нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна гэсэн. Ийм учраас Б.Мөнхсүлдийг гэм буруутайд тооцох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд тавьж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Мөнхсүлдэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхсүлдийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Муруйн голын” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр 10-17 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын зорчих хэсгээр явган алхаж байсан иргэн М.Ренчиндашийг дурдагдсан тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, шүүгдэгч Дархчуул овгийн Банзрагчийн Мөнхсүлдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих бүхий л ажиллагаа хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Б.Мөнхсүлдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан боловч,

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч М.Доржнямын “Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим Хайрхандулаан сумын харалдаа Муруйн голын гүүр орох гээд 46-65 УАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ уруудаад явж байсан. Би жолоо барьж явсан ба эхнэр Батдэлгэр, үеэл Золбоот бид нар Нарийнтээл сумаас гараад Улаанбаатар хот руу явж байсан. Тэгтэл миний машины өмнөөс ирж байсан машины урдуур нь нэг юм орчих шиг болсон. Тэр үед нөгөө машин гэнэт буруу тийш дараад замын хажуу руу орсон. Би тэр машиныг мал шүргэчихлээ гэж бодоод ямар ч байсан машиныг нь гаргаж өгье гэж бодоод зогссон. Буутал нөгөө Приус-20 маркийн машины жолооч зам руу гүйсэн. Тэгэхээр нь харсан чинь нөгөө приус-20 маркийн машины жолооч газар унасан байсан дээлтэй хүнийг тэвэрчихсэн сууж байсан. 10-17 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хэр их хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Гэхдээ нэг их хурдтай бол яваагүй байсан. Гэнэт бөгсний улаан гэрэл нь харагдаад л замын хажуу руу орсон /хх-50-52/ гэсэн, 

Гэрч Д.Болормаагийн “Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос зарын дагуу Мөнхсүлдийг Говь-Алтай аймаг руу явах гэж байгаа талаар мэдсэн. Тэгээд Мөнхсүлдтэй холбогдоод бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу гарсан. Мөнхсүлдийн 10-17 УБУ улсын дугаартай тоёота приус-20 маркийн цагаан өнгийн автомашинтай хамт хоёулаа гарсан. Мөнхсүлд бид хоёр Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт байрлах Муруйн голын гүүр дөнгөж өнгөрөөд явж байтал гэнэт хоёр хүн өмнөөс явган гараад ирсэн. Тэр үед Мөнхсүлд хоёр хүн алхаж байхыг хараад буруу тал руугаа /зүүн гар тал руугаа/ дарсан. Машинаа буруу тийш дартал машины толинд зүүн талд явж байсан хүн нь цохигдож унасан. Машин гулгаад замын хажуу руу орсон. Би машин өнхөрчихвий гэж бодсон чинь харин гайгүй зогссон. Тэгээд Мөнхсүлд бид хоёр сандраад, айгаад машинаасаа зэрэг буугаад зам руу гүйж очтол нэг дээлтэй хүн нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Тэр үед эсрэг урсгалаас ирж байсан портер маркийн машины жолооч бууж ирээд хажууд хүрээд ирсэн. Мөнхсүлд бид хоёр эмч, цагдаа дуудаарай гэж хэлсэн ба би өөрөө 102 дугаарын утсанд залгаж дуудлагаа өгсөн. Харин нөгөө портертой явсан хүмүүс түргэний эмч дуудаж өгсөн. Зам гулгаатай байсан болохоор нэг их хурдтай яваагүй. Дээрээс гүүр гарсан учраас хурдаа бага зэрэг хассан. Би хэдэн км/цагийн хурдтай явж байгааг нь хараагүй. Ойролцоогоор 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Мөнхсүлд машиныхаа гэрлийг ойр дээр нь шилжүүлсэн. Эсрэг урсгалаас портер маркийн автомашин ирж байсан учраас гэрлээ шилжүүлсэн. Талийгаач Мөнхсүлд бид хоёрын явж байсан зам голлоод алхаж байсан. Хэрэв Мөнхсүлд буруу тийш дараагүй байсан бол тэр алхаж явж байсан хоёр хүнийг хоёуланг нь мөргөх байсан. Зүүн тийш дарсан тулдаа талийгаачийг машины баруун талын толь хэсгээр шүргэж дайрсан/хх-65-67/ гэсэн,

Гэрч Б.Батдэлгэрийн Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой нөхөр Доржням, үеэл Золбоот нарын хамт Нарийнтээл сумаас 19 цагийн орчим Улаанбаатар хот руу явахаар гарсан. Тэгээд 20 цагийн орчим Хайрхандулаан сумын харалдаа явж байтал эсрэг талын буюу өөдөөс ирж байсан нэг жижиг тэрэг буруу дараад замын хажуу руу орсон. Тэгэхээр нь бид нар зогссон. Манай нөхөр машиныг нь гаргаж өгье гээд Золбооттой хамт машинаас буусан. Приус-20 машины жолооч машинаасаа буугаад зам руу гүйсэн. Ямар ч байсан тийм их хурдтай бол яваагүй ээ. Би талийгаачийг замын аль хэсэгт зорчиж явсныг хараагүй. /хх-54-55/ гэсэн,

Гэрч Б.Золбоогийн 2021 оны 12 сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд Нарийнтээл сумын “Урт жалга” гэх газраас Доржням, Батдэлгэр нарын хамт портер маркийн автомашинтай Улаанбаатар хот руу гарсан. 20 цагаас 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын урд шатахуун түгээх станц уруудаад явж байтал нэг машин гэнэт замаас гараад хажуу тал руу гарсан. Тэгэхээр нь мал мөргөсөн юм байхдаа гэж бодоод туслах санаатай машинаасаа буугаад очтол машинаас нэг залуу буугаад гадуур хувцсаа өмсөөд засмал руу гүйгээд явсан. Засмал зам дээр нэг залуу сууж байсан. Тэгсэн чинь нөгөө залуу зам дээр байсан хүнийг толгойноос нь өргөөд барьчихсан хаанаас нь ч юм мэдэгдэхгүй цус гараад байсан. Талийгаачийг замын аль хэсэгт явсан талаар мэдэхгүй байна. /хх-56-57/ гэсэн,

Гэрч М.Сосорбурамын Бямбасүрэн, талийгаач хоёр Их хайрханы тэнд зогсоод 0.5 литрийн соёрхол архийг хувааж уусан. Би архи уудаггүй болохоор огт амсаагүй. Тэгээд Бямбасүрэн, талийгаач хоёр нэлээн халсан байсан ба гуанз орж нэмж архи авъя гээд хоргоогоод байхаар нь би зөвшөөрөөд бид гурав колонкийн хажууд байдаг гуанз орсон. Гуанз дээрээс архи олдоогүй. Тэгээд хөдлөөд явж байгаад Муруйн голын гүүрний орчим шороон замаар явж байгаад дугуй хагарахаар нь засмал зам дээр гараад Бямбасүрэн, талийгаач хоёрыг буулгаад араас алхаад ир гэж хэлээд би мотоциклио унаад дугуйгаа янзлуулах гээд гуанз руу явсан. Тэгтэл гуанз дээр байж байтал цагдаагийн машин, түргэний машин зам дээр байгаад байхаар нь яваад очтол Ренчиндаш машинд мөргүүлсэн байдалтай нас барсан байсан. Бямбасүрэн, талийгаач хоёр нилээн согтуу байсан гэхдээ гуйвахгүй байсан. Бямбасүрэн, талийгаач хоёр намайг буулгах үед замын хажуугаар алхаж байсан. Яг тэнд алхаж байсныг нь нарийн хараагүй. Би буулгачихаад эргээд хартал зүгээр алхаж байсан /хх-62-63/ гэсэн мэдүүлгүүд.

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №14 дугаартай Техникийн шинжээчийн “Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. 10-17 УБУ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Банзрагчийн Мөнхсүлд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой  хурдыг сонгож явна” гэсэн, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн тус тус заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч /амь хохирогч/ Мөнхтулгын Ренчиндаш нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна”, явган зорчигч зорчих захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч болон амь хохирогч явган зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийн ямар ямар заалтуудыг зөрчсөнийг техникийн мэргэжлийн үүднээс тодорхойлж өгч байгаа болохоос тухайн хэргийг газар дээр нь очиж нөхцөл байдлыг үзээгүй, мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад оролцоогүй зэргээс хамаарч хууль, эрх зүйн талаас нь буруутныг тогтоох шалтгааныг тодорхойлох боломжгүй байна. Осол гарахад харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан, зам 2 захаараа цасан бүрхүүлтэй халтиргаатай байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн /хх-87-88/ гэсэн дүгнэлт,

Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/07 дугаартай Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэнд:... Уг хэрэг нь зам тээврийн осолд хамаарна. Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл нь 67.7 км/цаг-аас бага хурдтай явсан байна. 10-17 УБУ улсын дугаартай Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Мөнхсүлд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Явган зорчигч М.Ренчиндаш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалт буюу “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Явган зорчигч М.Ренчиндаш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйлс илэрсэнгүй гэсэн дүгнэлтүүдийг шүүх дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй.         

Хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг няцаан үгүйсгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овгийн Банзрагчийн Мөнхсүлдэд холбогдох 2226000250021 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Мөнхсүлдийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овгийн Банзрагчийн Мөнхсүлдэд холбогдох эрүүгийн 2226000250021 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэлээ.

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гямцайг иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ.

Иргэний нэхэмжлэгч М.Гямцай нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оршуулгын зардалд гарсан хохирол болох 11125000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхино”, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж хуульчилсан байх тул иргэний нэхэмжлэгч М.Гямцайгийн нэхэмжилсэн 11125000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 дугаартай цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 11 дугаартай хар, цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 12 дугаартай толины суурь зэргийг устгаж,

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор Б.Бат-Оршихын эзэмшлийн 10-17 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Мөнхсүлд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

        Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мөнхсүлдэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

             Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                         ТОГТООХ НЬ:

 1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овгийн Банзрагчийн Мөнхсүлдэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овгийн Банзрагчийн Мөнхсүлдэд холбогдох эрүүгийн 2226000250021 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч М.Гямцайгийн нэхэмжилсэн 11125000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 дугаартай цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 11 дугаартай хар, цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 12 дугаартай толины суурь зэргийг устгаж, Б.Бат-Оршихын эзэмшлийн 10-17 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

5.  Шүүгдэгч Б.Мөнхсүлд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

        6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мөнхсүлдэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ             Х.ОТГОНЖАРГАЛ