Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00142

 

                                                        Таванбогд финанс ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00114 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 675 дугаар магадлалтай,

Таванбогд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Чинзориг, Т.Баяраа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 136,603,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Таванбогд финанс ББСБ ХХК нь хариуцагч Г.Чинзориг, Т.Баяраа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 136,603,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00114 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Чинзориг, Т.Баяраа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,222,097 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Таванбогд финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,381,584 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Таванбогд финанс ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 905,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Чинзориг, Т.Баяраа нараас улсын тэмдэгтийн хураамжид 444,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Таванбогд финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 675 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.10-ны өдрийн 183/ШШ2020/00114 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 675 дугаар магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын 57,222,097 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан Таван Богд Финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,381,584 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Талуудын хооронд 2014.06.16-ны өдөр №13/0261 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 74,555.68 ам.долларын зээл авснаа хариуцагч нар хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ болон зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарьтай танилцан гарын үсэг зурсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т ...талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу хариуцагч Г.Чинзориг нь тухайн зээлийг ам.доллароор авсан болон зээлийн эргэн төлөлтийг 2016.02.18-ны өдрийг хүртэл хуваарийн дагуу төлж байсан нь талууд гэрээг ам.доллароор байгуулах хүсэл зоригийн илэрхийлэлтэй байсныг шууд илтгэж харуулдаг. /зээлийн дансны хуулга/ Гэтэл шүүх уг нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс гадна хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүйгээс гадна зээлийн гэрээг ам доллароор байгуулсан нь үндэслэлгүй бөгөөд зээл авах хүсэлтийг ганцхан үнэлж зээлийг ам доллароор бус төгрөгөөр олгосон байна гэж дүгнэх нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Г.Чинзориг, Т.Баяраа нарын хэрэгцээ шаардлага анхнаасаа 136,000,000 төгрөг байсан гэдэгт талууд маргадаггүй бөгөөд гагцхүү дээрх зээлийг төгрөгөөр бус ам.доллароор авах нь зээлдэгчид ашигтай байсан. Учир нь тухайн үед ам долларын зээлийн хүү болон төгрөгийн зээлийн хүүгийн хооронд асар их зөрүү байсан. Өөрөөр хэлбэл, төгрөгөөр зээл авбал хариуцагч нарт ашиггүй байсан учир ам долларын зээлийг сонгон талууд Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан. Мөн зээл авснаасаа хойш 2014 оны 06 сараас эхлэн 2016 оны 02 дугаар сар хүртэл зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу ам доллароор төлж байсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй, уг нөхцөл байдал нь баримтаар тогтоогдож байхад зээлийг төгрөгөөр олгосон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь гэрээ байгуулагдсанаас хойш 2016 оны 02 дугаар сар хүртэл талуудын хооронд үүссэн харилцаа бүгд ам.доллароор хийгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, санхүүгийн анхан шатны болон зээлийн дансны хуулга, бусад бичмэл баримтуудаар тогтоогддог. Таван Богд Финанс ББСБ ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасны дагуу зээл олгох хэлбэрийг бэлэн бусаар тохиролцсон бөгөөд Талууд зээлийн гэрээний 2.1.3-т Автомашин борлуулагчийн харилцах дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно гэж тохиролцсон. Зээлийн гэрээнд заасны дагуу Зээлдүүлэгч нь 74,555.68 ам долларын зээлийг, автомашины борлуулагч Таван Богд ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу 74,555.68 ам долларыг шилжүүлэхдээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. гэж заасныг үндэслэн ам долларын зээлийг автомашины борлуулагч Таван Богд компанийн төлбөрийн нэхэмжлэл өгсөн өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын ханшаар тооцож, төгрөгөөр илэрхийлж нийт 136,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмнөөс шилжүүлж зээлдүүлэгч үүргээ гүйцэтгэсэн. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.10-ны өдрийн 183/ШШ2020/00114 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 675 дугаар магадлалд 79,381,584 төгрөгийг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлжгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Таванбогд финанс ББСБ ХХК нь Г.Чинзориг, Т.Баяраа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 136,603,681 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.  

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянан хэвээр үлдээжээ.  

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

7. 2014.06.16-ны өдрийн 13/0261 дүгээр Барьцаат зээлийн гэрээ-ээр зээлдүүлэгч Таванбогд финанс ББСБ ХХК нь 74,555.68 ам.долларыг нэг сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдэгч Г.Чинзориг, Т.Баяраа нарт зээлдүүлсэн, зээлдүүлэгч Таванбогд финанс ББСБ ХХК-аас 2014.06.16-ны өдөр 74,555.68 ам.доллартай тэнцэх 135,999,998 төгрөгийн зээлийг шилжүүлж, Таванбогд ХХК-иас Г.Чинзоригийн худалдан авч буй автомашины үлдэгдэл төлбөр болох 136,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ. 

Хариуцагч Г.Чинзориг нь Таванбогд ХХК-аас Ланд круйзер 200 маркийн автомашиныг 170,000,000 төгрөгөөр худалдан авах үнийн 136,000,000 төгрөгийг Таванбогд финанс ББСБ ХХК-аас зээлж Таванбогд ХХК-д төлөх талаар зохигчид маргаагүй.  

8. Зээлийн гэрээний 5.1.4-т зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэгтэй ба хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй гэх үндэслэлээр Таванбогд финанс ББСБ ХХК нь 2017.10.17-ны өдөр гэрээнээс татгалзаж, 2017.10.17-ны өдөр барьцаа хөрөнгө болох автомашиныг хураан авчээ.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.Чинзоригийн нэхэмжлэлтэй, Таванбогд ХХК Таванбогд финанс ББСБ ХХК-д холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.12.13-ны өдрийн 001/ХТ2018/01843 дугаар тогтоолоор хянан хэлэлцэж, JTMHV05J804140151 арлын дугаар бүхий хар өнгөтэй, Тоёота Ланд круйзер VX200 дизель люкс маркийн автомашины өмчлөгчөөр Г.Чинзоригийг тогтоосон байх бөгөөд түүнд 2019 оны 11 дүгээр сард автомашиныг буцаан олгосон болох нь зохигчийн тайлбараар тогтоогджээ. /хх-50-59/

Нэхэмжлэгч Таванбогд финанс ББСБ ХХК нь 2014.06.16-ны өдрийн 13/0261 дүгээр Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу ...135,999,998 төгрөгийн зээл олгосон үүргийн гүйцэтгэлийг (зээл олгосон 2014.06.16-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2017.10.17-ны өдөр хүртэл) хариуцагч Г.Чинзориг, Т.Баяраа нараас шаардах эрхтэй.

Шүүх зээлдэгчийн нийт гүйцэтгэсэн үүрэг болох 63,860.38 ам.долларыг төлбөр хийгдсэн өдөр болон анх гэрээ байгуулж зээл олгосон өдрийн ханшаар тооцоолж, зээлдэгчээс 15,080,833 төгрөг илүү төлөгдсөн гэж зөв тодорхойлжээ.  

10. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчийн биелүүлэх үүргийг тогтоож, 2017.10.17-ны өдөр хүртэл хугацааны үндсэн зээлийн үлдэгдэлд 39,089.47 ам.доллар буюу /зээл олгосон 2014.06.16-ны өдрийн ам.долларын ханш болох 1824,14 төгрөгөөр тооцоход/ 71,304,665 төгрөг, 2017.10.17-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн үлдэгдэл 998,265 төгрөг, нийт 72,302,930 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөс илүү төлсөн 15,080,833 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 57,222,097 төгрөгийг хариуцагч Г.Чинзориг, Т.Баяраа нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

11. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах тухай гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00114 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 675 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 554,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН