Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2019/02205

 

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2019/02205

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н.О-ийн нэхэмжлэлтэй,

                                                      

Хариуцагч: Д.Н,

 

Хариуцагч: Х.Г нарт холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Обарьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл Н.О2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Эад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 573 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцалж, хүү Э.Иийг эх Н.Оийн асрамжид үлдээж, Э.Ид тэтгэлэг гаргуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, Харуул Алтай хотхон, 106 дугаар байр, 2 тоотод байрлалтай, 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар үл хөдлөхийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.О, хүү Э.И нарын өмчлөлд шилжүүлсэн. Б.Э нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж нотариатаар батлуулсан зөвшөөрөл авна гэснийг зөрчиж, гэрлэлт цуцлах иргэний хэрэг хэлэлцэх явцад бусад этгээдэд орон сууц худалдсан байдаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хариуцагч Д.Н, Б.Э нарын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 26-ын өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх тухай нэхэмжлэл гаргасан. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцыг худалдсан 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж маргаан бүхий орон сууцны өмчлөлийг хүү Э.И, нэхэмжлэгч Н.Онарын өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасан боловч тодорхой хариу ирүүлээгүй байдаг. Д.Н, Б.Э нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоосон. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон асуудлыг дахин тогтоох шаардлагагүй. Хэлцлийн дагуу Д.Н, Х.Г нарын хооронд 2017 оны 06 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан болохыг хожим мэдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э шүүхийг хуурч, шийдвэр гарахад худал мэдүүлэг өгсөн. Н.О, Э.И нарын өмчлөлд үл хөдлөхийн өмчлөх эрх шилжүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй. Б.Э, Д.Н нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр байдаг. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан Д.Н, Х.Г нарын байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.Н өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Н.Оээс зээлийн төлбөрт 41.890.000 төгрөг нэхсэнийг хэрэгсэхгүй болгосон. Өгсөн, өгсөн хүмүүсээсээ төлбөр нэхэх ёстой. Н.Ошүүхийн шийдвэрээр Төрийн банк-д төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Б.Э зээлийн төлбөр төлсөн гэж Н.Оээс нэхэмжлэх боломжтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг дахин тогтоохгүй тул үл хөдлөхийг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Хариуцагч Х.Г, Д.Н нар өөрсдийгөө хохирч байна гэж үзвэл эрхээ хамгаалж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх гэв.

Хариуцагч Д.Н шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Д.Н би Б.Эаас 2017 оны 1 дүгээр сарын 26-нд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул алтай хотхон, 106 дугаар байр, 2 тоотод байрлах 2 өрөө, 55 м.кв байрыг 59.890.000 төгрөгөөр үнэлж, өөрөөр хэлбэл, 41.890.000 төгрөгийн Төрийн банкны байрны зээлийг бүрэн төлж, мөн Б.Эаас авах 18.000.000 төгрөгийн зээлийг тооцож худалдаж авсан. Авахдаа байрыг үзэж харж байхад эхнэр, хүүхэд гэсэн хүмүүс байгаагүй. Гэтэл 2018 оны эхээр хэл ам үүсч, намайг энэ байрыг худжладж авахдаа хууль зөрчсөн гэж асуудал үүсч, тэр үед нь шүүхэд тайлбар, шаардлага гаргасан боловч шүүх Б.Этай хийсэн гэрээг хүчингүй гэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас дуудаад байгаа. Би дээрх орон сууцыг маргаантай гэдийг мэдээгүй, мэдэх боломжгүй. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн албанд ямар нэг саад бэрхшээл, шүүхийн тогтоол, захирамж байгаагүй, надад нэр, өмчлөх эрх шилжсэн. Улмаар би энэ орон сууцаа Х.Г гэдэг хүнд барьцаалж зээл авч хэрэглэсэн. Би энэ орон сууцны шударга өмчлөгч. Х.Г бид хоёрын байгуулсан гэрээ, барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Нд мөнгө зээлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Д.Нгээс 2 жил гаран хугацаанд мөнгөө нэхэж байна. Д.Н надад би төлбөрийн чадваргүй болсон. Надад чамаас гадна зөндөө өр байна гэсэн. Миний хувьд мөнгөө олж авах ганц боломж барьцааны гэрээ. Хэрэв байрыг барьцаанаас чөлөөлбөл би мөнгөө авч чадахгүй байх. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөхийг Н.Оийн нэр дээр шилжүүлбэл захиран зарцуулах эрх нь нээлттэй болно. Ингэснээр хууль зөрчөөгүй миний эрх ашиг зөрчигдөх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Онь хариуцагч Д.Н, Х.Г нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж /13280/, Харуул алтай хотхон, 106 дугаар байрны 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаартай, 55.мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж /13280/, Харуул алтай хотхон, 106 дугаар байрны 2 тоот хаягт байрлах, 55.мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг Б.Э нь Хилийн цэргийн 0119 дүгээр ангитай 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулж, 2013 оны 2 дугаар сарын 19-ны өдөр өмчлөх эрх анх үүсэх мэдүүлэг гаргаж, 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр түүний нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ гарчээ.

Улмаар 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр мөн өдөр Д.Нд өмчлөх эрх шилжиж бүртгэгдсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Онь Б.Эад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардаж, улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 573 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэр бүлийн дундын хөрөнгө болох Төрийн банк ХХК-д ипотекийн зээлийн барьцаанд байгаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж /13280/, Харуул алтай хотхон, 106 дугаар байрны 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаартай, 55.мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг Н.О, Э.И нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан талаар бүртгэл хийлгэхээр нэхэмжлэгч Н.Онь улсын бүртгэлд хандахад өмчлөх эрх Б.Эаас Д.Н рүү шүүхийн шийдвэрийн өмнө шилжсэн болохыг мэдэж, улмаар Б.Э, Д.Н нарын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар Н.Онь Б.Эад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1649 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн байна.

Харин Д.Н нь иргэн Х.Гтай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор маргаан бүхий орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байжээ.

Ийнхүү нэхэмжлэгч нь Д.Н, Х.Г нарын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаартай орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж тайлбарлав.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2-т үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан бөгөөд Д.Н, Х.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуулийн дээрх шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Харин Д.Нд өмчлөх эрх шилжсэн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоноор өмчлөх эрх шилжсэн хэлцэл хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т зааснаар эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байна. Өөрөөр хэлбэл, Д.Н, Х.Г нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаж байх үед Д.Н нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан, улсын бүртгэл байгууллага нь тухайн барьцааны гэрээг бүртгэсэн, Д.Нд өмчлөх эрх шилжсэн хэлцлийг шүүхээс барьцааны гэрээ байгуулснаас 11 сарын дараа хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон, гэрээ байгуулагдаж байх үед Д.Н нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан үүссэн талаар мэдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх ба хариуцагч Х.Г нь барьцааны гэрээ байгуулж байхдаа Д.Н өмчлөгч биш болохыг мэдэх боломжгүй, өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн байсан тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх, 154 дүгээр зүйлийн 154.6-д хэсэгт зааснаар барьцааны эрхийг шударгаар олж авсан байх тул шүүх энэ эрхийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалтыг баримтлан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Д.Н, Х.Г нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ