Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 124/ШШ2021/0071

 

                                                      

                       

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ц овогт Ж-ийн Э,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч-ын Э-т  холбогдуулан гаргасан,

Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн ..... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ж.Э, хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ж.Э шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Ж.Э ам бүл 4 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Өндөр насны тэтгэвэртэй. Миний бие Увс аймгийн МАН-ын дотоод дүрэм журмын хүрээнд намын нэрийн өмнөөс Улаангом сумын 6-р багт 2020 оны 10 сард болсон Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох сонгуульд нэр дэвшин оролцсон юм. Сонгуулийн дараа сонгуульд оролцсон санхүүгийн тайлангаа гаргаж Аудитын газар хүргүүлэх тухай Ж.Э миний биед Улаангом сумын МАН-ын хороо, Аймгийн сонгуулийн хороо, Аймгийн Аудитын газар эдгээр байгууллагаас нэг ч төрийн ажилтан албан тушаалтан мэдэгдэж албан тоот ирүүлээгүй тул сонгуульд ялагдсан хүмүүс санхүүгийн тайлан өгөх шаардлагагүй гэж ойлгосон. Нэр дэвшигч миний бие нь хуулийн заалт зөрчсөн гэж үзвэл миний хууль бус үйл ажиллагаанаас болж Төрийн байгууллага, Аж ахуйн нэгж, Иргэн, Хуулийн этгээд, нам эвсэлд нэг ч төгрөгийн бодит хохирол учруулаагүй харин тухайн төрийн Аудитын газар, ажил хариуцсан албан тушаалтан Н8Г жилийн дараа надад зөрчлийн хэрэг үүсгэж өндөр торгууль ноогдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Б нь сонгуульд нэр дэвшигчийн хувьд Улаангом сумын МАН, Увс аймгийн МАН, Увс аймгийн Төрийн Аудитын газар болон ямар нэгэн төрийн ажилтан албан тушаалтан бүтэн жилийн хугацаанд/2021 оны 10 сарын 02 өдөр/-г хүртэл надад ийм дүрэм журам байдгийг албан ёсоор мэдэгдэж сануулаагүй байтал Увс аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэс нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Увс аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэс нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн .......... тоот дугаарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, мэргэшсэн нягтлан бодогч Ч.Э би, орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд тус аймгийн Улаангом сумын 10 дугаар тойрогт “МАН”-аас нэр дэвшсэн Ч.Баттогтох нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлээгүй гэх Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд Зөрчлийн хэрэг нээсэн.

Ж.Э нь орон нутгийн 2020 оны ээлжит Сонгуульд “МАН”-аас Улаангом сумын 6 дугаар тойрогт нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн дараа сонгуульд оролцсон зардлын тайлангаа орон нутаг дахь Төрийн Аудитын газарт хүргүүлээгүй гэх зөрчлөөр аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э нь надыг Зөрчлийн тухай хуулиар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын ......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Ж.Э нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь аймгийн Аудитын газрын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хийсэн нийцлийн аудитын тайлангаар тогтоогдож байгаа тул Увс аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э би Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан "Нам, эсвэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтаар нэр дэвшигчийг арван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч,  хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэн Ж.Э нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч-ын Э-ын  2021 оны 11 сарын 04-ний өдрийн ........ дугаар шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцсон болно.

Гомдол гаргагчаас “Сонгуулийн дараа сонгуулийн зардлын тайлангаа гаргаж Аудитын газарт хүргүүлэх ёстойг би мэдээгүй бөгөөд нам, сонгуулийн хороо, төрийн аудитын газраас мэдэгдээгүй тул сонгуульд ялагдсан хүмүүс тайлан өгөх шаардлагагүй гэж ойлгосон, улсад хохирол учруулаагүй тул өндөр хэмжээний торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй” тухай тайлбар гарган маргаж байна.

Хариуцагчаас “Ж.Э нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нийцлийн аудитын тайлангаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан” гэсэн тайлбар гаргав.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын үйлдсэн  2021 оны 11 сарын 04-ний өдрийн 0000948 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Ж.Э-г   Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан “сонгуулийн зардлын дансны тайланг Төрийн аудитын газарт хүргүүлээгүй болох нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн тайлангаар тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Ж.Э-д холбогдох зөрчлийн хэрэгт Увс аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Т.Н-ын “Аудитын явцад аймгийн Сонгуулийн хороо болон намуудад тайлан авах талаар албан тоот хүргүүлсэн. Хавсралтаар журам, маягтуудыг хүргүүлсэн. Зөвлөмж чиглэлийг Сонгуулийн хороо болон намуудад хүргүүлсэн бөгөөд Зөрчлийн тухай хууль зөрчвөл өндөр шийтгэлтэй гэдгийг анхааруулсан” гэх мэдүүлэг, холбогдогчийн “сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын газарт хүргүүлэх хуулийн заалтыг мэдээгүй. Иймд тайлангаа хуулийн хугацаанд өгч чадаагүй” гэх  мэдүүлэг, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021.09.16-ны өдрийн 396 дугаар сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй 116 нэр дэвшигчийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг болон Увс аймаг дахь Төрийн аудитын газар, Увс аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын холбогдох албан бичгүүд, Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн холбогдогчийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, холбогдогчийн прокурорын газарт гаргасан гомдол, гомдлын хариу, ....... дугаар шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайланд сонгуулийн зардлын тайланг 116 нэр дэвшигч ирүүлээгүй тухай дүгнэлтийг гаргажээ.

Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардалтай холбогдох харилцааг зохицуулж, уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан,төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж нэр дэвшигч нарт үүрэг хүлээлгэсэн байна.

Энэхүү зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

            Гомдол гаргагч Ж.Э нь Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас дэвшиж Улаангом сумын 6-р багт өрсөлдсөн байна.

            Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн тайлангийн хавсралт 4-д сонгуулийн зардлын тайланг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлээгүй нэр дэвшигчдийн жагсаалтыг баталсан байх ба жагсаалтын 10-д нэр дэвшигч Ж.Э-ийн нэр багтсан, гомдол гаргагч Ж.Э-аас тайлангаа хүргүүлээгүй талаар тайлбар гаргажээ.

Зөрчлийн хэргийн холбогдогч Ж.Э нь сонгуулийн зардлын дансны тайлангаа хуульд заасан хугацаанд Төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул зөрчил гаргасан гэж үзэж,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ...... дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүйг зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцэх юм.

Өөрөөр хэлбэл гомдол, тайлбарт дурдсан “сонгуулийн талаарх хууль тогтоомжийн талаар буюу сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын байгууллагад өгөх ёстойг мэдээгүй, холбогдох байгууллагаас ямар нэг зөвлөмж, чиглэл ирүүлээгүй, улсад бодит хохирол учруулаагүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигч нь хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

Иймд Ж.Э-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж.Э-ийн  “Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн ...... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Ж.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ