Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00189

 

                                                              Г.Батхишигийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00443 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 840 дүгээр магадлалтай,

Г.Батхишигийн нэхэмжлэлтэй,

Атмор групп ХХК-д холбогдох

Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Батхишиг нь хариуцагч Атмор групп ХХК-д холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00443 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Атмор Групп ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулж Г.Батхишигт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 840 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 181/ШШ2020/00443 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн 840 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний графикийн дагуу нийт төлбөр болох 205,000,000 төгрөгийг дараах графикийн дагуу захиалагч Г.Батхишиг нь төлөхөөр тохиролцсон юм. Гэтэл захиалагч Г.Батхишиг нь дээрх гэрээнд заасан төлбөрийн үүргээс зөвхөн урьдчилгаа төлбөр болох 15,000,000 төгрөгийг 2018.09.21-ний өдөр төлсөн бөгөөд гэрээнд заасан бусад төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсээр байсан атлаа тус орон сууцанд амьдарсаар байсан тул манай гүйцэтгэгч компанийн зүгээс уг гэрээний 2.3, 2.4-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад захиалагч нь уг гэрээний 4.12 болон 6.1-д тус тус зааснаар өөрийн хүсэлтээр гэрээг цуцалсан юм. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээний 4.12-т Захиалагч өөрийн хүсэлтээр эсвэл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд уг орон сууцыг дараагийн Захиалагч худалдан авахаар гэрээ байгуулж, Захиалагчийн төлсөн төлбөртэй дүйцэхүйц хэмжээний төлбөр орж ирсэн үед гэрээний 6.1-д заасан торгуулийг суутган тооцуулж, үлдсэн төлбөрийг Гүйцэтгэгчээс эргүүлэн авах эрхтэй, мөн гэрээний 6.1-д Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсэхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл Захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны үнийн төлөгдсөн төлбөрийн 20%-тай тэнцэх торгуулийг Гүйцэтгэгчид төлнө гэж тус тус заасан байдаг тул одоогийн байдлаар гэрээний 4.12-т заасанчлан уг орон сууцыг дараагийн худалдан авагч худалдан авсан зүйл байхгүй буюу уг орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд ямар нэгэн төлбөр орж ирсэн зүйл байхгүй тул гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу захиалагч Г.Батхишигт урьдчилгаа төлбөр болох 15,000,000 төгрөгийг буцаан олгох болзол үүсээгүй байгаа юм. Гэтэл Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх аль аль нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж, талуудын тохиролцоо, болзол нөхцөлийг харгалзан үзэлгүйгээр, бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 181/ШШ2020/00443 тоот шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн 840 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

6. Нэхэмжлэгч Г.Батхишиг нь хариуцагч Атмор групп ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн зээлд хамруулах үүргийг манайх хүлээгээгүй, харин захиалагч талын буруугаас гэрээ цуцлагдсан тул төлсөн төлбөрийн 20%-ийг суутгасан дүнгээр дараагийн захиалагч орон сууцыг захиалах гэрээг байгуулж, төлбөрийг урьдчилгаа төлбөрийн хэмжээнд төлсөн тохиолдолд буцаан олгохоор тохирсон, орон сууц борлогдоогүй ... гэж маргажээ. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хоёр шатны шүүх аль аль нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж, талуудын тохиролцоо, болзол нөхцлийг харгалзан үзэлгүйгээр, бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий гомдлыг хяналтын журмаар гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ...Атмор групп ХХК нь худалдах-худалдан авах гэрээний 2.3-т заасны дагуу нийт үнийн дүнгийн 160,000,000 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн зээлд хамруулж өгөөгүйгээс үлдэгдэл төлбөрийг төлж, орон сууцандаа орох боломжгүй болсон тул урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. гэжээ.  

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2018.09.20-ны өдөр ОС/ЗГ/05 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч Атмор групп ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжинд байрлалтай 50/2 дугаар байрны 10 тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Г.Батхишиг нь орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдөр, 160,000,000 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн зээлээр 2018.11.20-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөгийг 2019.03.05-ны өдрийн дотор тус тус төлөх буюу нийт 205,000,000 төгрөг төлөх үүргийг харилцан тохиролцжээ. /хх-4-6/. 

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчийн хооронд байгуулсан дээрх гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг хэрэгт байгаа баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэжээ.

9. Нэхэмжлэгч Г.Батхишиг нь гэрээний 2.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг 2018.9.21-ний өдөр Атмор групп ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. /хх-7/ 

10. Гэрээний 2.3-т үнийн дүнгийн 160,000,000 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн зээлд хамруулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор багтааж, гүйцэтгэгч талын дансанд төлбөрийг шилжүүлсэн байна гэж заажээ. Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-аас зээл олгох эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, үүнд нэхэмжлэгчийг төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлан, хариуцагч байгууллагаас 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.  

11. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан болзол хангагдаагүйгээс гэрээгээр тохиролцсон төлбөр төлөгдөх боломжгүй болсон нь тогтоогдсон, талууд гэрээний 2.3 дахь заалтаар тохирсон  үүргийг өөр байдлаар гүйцэтгэх талаар харилцан тохиролцоогүй байх тул болзол хангагдаагүйгээс гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. 

12. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00443 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 840 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 235,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН