Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 204

 

Иргэн Р.Батсүх, Ш.Оюундарь нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, гуравдагч этгээд З.Хоролсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сарантуяа, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0229 дүгээр магадлалтай, иргэн Р.Батсүх, Ш.Оюундарь нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Шагж, З.Хоролсүрэн нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Шагж, З.Хоролсүрэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурджээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0229 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрхэмбаяр, өмгөөлөгч Н.Тайван нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар  сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болгон шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Шүүх гуравдагч этгээдээр З.Хоролсүрэн, Г.Шагж нарыг татан оролцуулж, шүүхэд удаа дараа дуудсан, З.Хоролсүрэн ямар хаягт байдгийг тодруулах ажиллагаа хийгдсэн, гуравдагч этгээд Г.Шагжаас З.Хоролсүрэнгийн талаар асууж тодруулсан, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд З.Хоролсүрэн нь Япон улсад явсан шалтгаанаар оролцоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4-т заасан үндэслэлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээдээр З.Хоролсүрэнг огт татаагүй буюу гуравдагч этгээдээр татах захирамж шийдвэр гаргаагүй гэх үндэслэлгүй байхад гуравдагч этгээд шүүх хуралд оролцоогүй байдлыг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хуулийг буруу тайлбарлан шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Шүүхүүд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах хүсэлт гаргах 30 хоногийн хугацаа хэтрүүлсэн асуудалд огт дүгнэлт хийгээгүй  бөгөөд 2010 оны шүүхийн шийдвэрийг 7 жилийн дараа олсон мэтээр дахин зөрүүтэй тайлбар хийж, шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй.

Гэр бүлийн гишүүд болох эхнэр, охин нарын 22 жил амьдарсан хашааны газраа өмчилж авах эрхийг зөрчиж 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нөхөр агсан Г.Шагж хуурамч тодорхойлолт хийлгэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Хоролсүрэнтэй хамтран өмчлөн авсан нь нотлох баримтаар тогтоогдсон байхад энэ хашаанд хожим ирж амьдарсан нөхөр агсан Г.Шагжийн дүү нарыг газар эзэмших ямар ч зөвшөөрөл бичиг баримтгүй байхад хамтран өмчлөн авах эрхтэй мэтээр анхан шатны шүүх шийдвэртээ зааж захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжийн Г.Шагж, З.Хоролсүрэн нарт холбогдох хэсэг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасныг зөрчсөн тул илтэд хууль бус захиргааны акт байсан. Мөн уг захирамж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 846 дугаар захирамжаар 7 жилийн өмнө хүчингүй болгосон тул уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй.  Үүнээс хойш Г.Шагж уг газрыг өмчилж авах хүсэлтийг дахин гаргаагүй, харин Р.Батсүх, Ш.Оюундарь нар гаргаж явсаар өдий хүрч байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг илүү их хохирч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, орон гэр хашаа газраа түр орхин явсан, одоо ч хохирсон хэвээр энэ хаягтаа албан ёсны бүртгэлтэй боловч нас барсан нөхрийн дүү нарын дарамт хавчлагаас хашаандаа ирж амьдарч чадахгүй байгаа нөхцөл байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүх энэ хаягт огт байгаагүй, бүртгэгдээгүй, Монголд ч амьдардаггүй З.Хоролсүрэнгийн ээж, эгч, ах гэх хүмүүст хашаа газрыг хамтран өмчлөх эрхтэй мэтээр шууд зааж, тэдгээрт газар өмчлөн авах өргөдөл хүсэлт гаргахыг зааварчлан хоног хугацаа олгож шийдвэрлэсэн болно.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг өөрийн дураар тайлбарлан дүгнэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй бөгөөд ямар нэг тодорхой бус зүйлгүй байхад нэхэмжлэлийн шаардлага зөвхөн З.Хоролсүрэнд холбогдох хэсэгт маргасан агуулгатай гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхэд Г.Шагж агсны эрх залгамжлан авбал зохих этгээдээр солих тухай сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлт огт байхгүй байхад давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд Г.Шагж агсан нь 2015 онд нас барсан үйл баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалттай холбон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болгож хэрэглэх  ёсгүй хуулийн заалтыг буруу тайлбарласан байна. “Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан” гэх үйл баримтад дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Нийслэлийн Газрын албаны 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/4095 дугаар албан бичгээр нэхэмжлэгч шүүхийн урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжид гаргасан гомдлын хариуг хүлээн авснаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 30 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргасан болно. Гуравдагч этгээд энэ 30 хоногийг хэтрүүлсэн 31 дэх хоног дээрээ нэхэмжлэл гаргасан гэж маргасан бөгөөд 2010.01.10-ны өдөр нь ажлын бус бүтэн сайн өдөр таарсан тул 2010.01.11-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан  болно. Иймд, нэхэмжлэл гаргах хугацаа дууссан хойно бус нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасантай нийцсэн байна. 

Баянгол дүүрэг 16 дугаар хороо Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хаягт байрлах 248 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Г.Шагж, З.Хоролсүрэн нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийг нэхэмжлэгч Р.Батсүх /түүний охин Ш.Оюундарь/ “...анх 1984 онд Г.Шагжтай гэр бүл болоод худалдан авсан газрыг Г.Шагжид өмчлүүлэхдээ хуурамч тодорхойлолтыг үндэслэн З.Хоролсүрэнг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн, бид гэрлэлтээ цуцлуулаагүй тул би хамтран өмчлөх байсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, уг газрын өмчлөгчөөр бүртгүүлэхээр маргажээ.

Нэхэмжлэгч дээрх байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах боловч маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо бүрэн тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар өмчлөх, өв залгамжлах зэрэг ямар эрх нь зөрчигдөж байгаа, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Шагж, З.Хоролсүрэн нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосноор зөрчигдсөн эрх сэргэх эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Г.Шагжид өмчлүүлсэн үйл баримтыг үгүйсгээгүйн зэрэгцээ үүнд тулгуурлан өөрийгөө хамтран өмчлөгч байх эрхтэй гэсэн атлаа Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Шагжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар шүүх зайлшгүй тодруулах шаардлагатай байна.   

Түүнчлэн гуравдагч этгээд Г.Шагж 2015 онд нас барж, хэргийн оролцогчийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр солих ажиллагааг шүүх гүйцэтгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, уг зөрчил шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байна.

Иймд, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилган, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэхэмжлэгчээс бүрэн тодруулсны үндсэн дээр маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт цуглуулж, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0229 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                        Х.БАТСҮРЭН