Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 124/ШШ/2021/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 1-р багт оршин суух, иргэн Ш овогт Б.Л-ийн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: Увс аймгийн Өмнөговь суманд оршин суух Ш.Б оролцсон,

Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад холбогдох,

“Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах,нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах, Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 1 сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай “ Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, гуравдагч этгээд Ш.Б, хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд  ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай захирамж гаргсан ба 2021 оны 2 сарын 25-ны өдөр Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамж гаргаж миний хөдөлмөрлөх эрхийг зөрсөн. Уг захирамжийн хувьд Боловсрол шинжлэн ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалд зааснаар албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын зарим шаадлагыг хангахгүй байна. Мөн Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр тус захирамжийг гаргасан байсан. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаал гэж байхгүй. 2011 оны тус сумын 1 дүгээр сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад Ш.Б, С.Ө, Төгөлдөр гэсэн хүмүүс орсон ба би 86 оноогоор 1 дүгээр байранд орж уг албан тушаалд томилогдсон. Иймд Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийг хууль бус гэж үзэж байна. Тус сумын Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалттай сайн биелүүлж, Цагдаагийн газартай хамтран багуудаар явж ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед Covid-19 коронавириус цар тахалтай холбогдуулан цахимаар ажил явагдаж байсан. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/10 дугаар захирамжийн хувьд хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би үүрэг даалгавар биелүүлж, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж байсан тул маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Өмнөговь сумын 1 дүгээр сургуулийн захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Л-г Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/10 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжаар Б.Л-г ажлаас чөлөөлсөн. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийн үндэслэлийн хувьд “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг мөн Монгол улсын Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалын хавсралтаар баталсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын зарим шаардлагыг хангахгүй байгаа болон сумын Засаг даргаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зэргийг үндэслэн маргаан бүхий захирамж гаргасан байдаг.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “сум дүүргийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргах эрхтэй” гэсэн ерөнхий зохицуулалт байдаг.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаал гэж байхгүй учир байхгүй тушаалыг үндэслэн хүнийг ажлаас халах боломжгүй. Мөн тус сумын Засаг даргаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зэргийг үндэслэн захирамж гаргасан байсан. Хуульд үндэслэх захирамж баримтлан гэж хуульд заасан болохоос биш тус сумын Засаг даргын үүргийг биелүүлнэ гэсэн заалт байхгүй. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийг хууль бус гэж үзэж байна. Нэгэнт эрх зүйн үйлчлэл дууссан учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаар Б/02 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдож байна.

Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/10 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийн үндэслэлийн хувьд: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг үндэслэсэн байсан. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “сум дүүргийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргах эрхтэй” гэсэн ерөнхий зохицуулалттай учир хүнийг ажлаас чөлөөлөх эрх зүйн хэм хэмжээ биш юм.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д “хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дахь төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай холбогдон томилон чөлөөлнө” гэж заасан байдаг. Энэ хуулийн зохицуулалт нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд хамаарах зохицуулалт биш гэж үзэж байна. Энэ талаарх зохицуулалт Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д зааснаар тусгай зохицуулалт нь байгаа тул захирамжид хамааралгүй зохицуулалтыг барьж сумын Засаг дарга захирамж гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4-д заасныг маргаан бүхий захирамжийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтныг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна гэж заасан байдаг тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4 дэх заалтууд маргаан бүхий захирамжийн үндэслэл болгох боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж заасан байдаг. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга болон Б.Л нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ байдаггүй. 2020 оны Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрх хэмжээ сумын Засаг даргад ирсэн учир хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг маргаан бүхий захирамжийн үндэслэл барих боломжгүй. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын үргэлчилсэн тодорхойлолт нь заавал биелэгдэх шинжгүй хэм хэмжээ юм. Б.Л хангаагүй гэж маргаан бүхий захирамжид дурдсан байдаг боловч Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаал гэж байдаггүй. Б.Л-ийн хувьд тэргүүлэх зэргийн үнэмлэхээ хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

Б.Лг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захирамжид Төрийн үйлчилгээний албан хаагчид заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэж үзсэн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах журам нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг ажилд авахдаа сонгон шалгаруулдаг журам юм. Гэтэл Б.Л-г ажлаас чөлөөлөхдөө тухайн ажилд авах зохицуулалт журмаар ажлаас чөлөөлсөн байсан. Б.Л-г тус сумын Засаг даргын хугацаат үүргийг цаг тухайд нь биелүүлж ажиллаагүй гэж маргаан бүхий захирамжийн үндэслэл болгосон байсан. Ямар хугацаатай үүргийг яаж биелүүлж ажиллаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй.

Ковид 19 цар тахлын үед Б.Л-г дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн байдаг. Ковид 19 цар тахлын үед Б.Л-ийн авч хэрэгжүүлсэн ажлыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга албан тоотоор тус сумын 1 дүгээр сургуулийн захирал руу “сургуулийн 2021 оны зорилго, зорилт болон 100 жилийн ойн арга хэмжээнд шагнагдах ажилчдын бичиг баримт, нэрс, 2021 онд суманд ажлын байр бие болгох асуудлаар хамт олны санал авч ирүүлэх” гэх мэт ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэг өгсөн ба хугацаа заасан зүйл байдаггүй. Хариуцагч С.Ө тайлбартаа “ковид 19 цар тахлын үед Б.Л-г дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн ба Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр сургуулийн захирал руу 100 жилийн ойн арга хэмжээнд шагнагдах ажилчдын бичиг баримт нэрс ирүүлнэ үү гэсэн албан тоот явуулсан боловч ирүүлээгүй гэж дурдсан байсан. Энэ нь Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд шууд хамаарах асуудал биш. 100 жилийн ойн арга хэмжээнд шагнагдах ажилчдын бичиг баримт явуулаагүй учир шагнагдах албан хаагчид байхгүй гэж ойлгохоос биш үүрэг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаар захирамжид Б.Лг хууль бус зүйл хийхийг шаардсан байдаг. Хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаар захирамжид “тэтгэвэр авч ажиллаж байгаа хүмүүсийн тэтгэмжийг олгуулах асуудалд анхаарч тэтгэмжийг нь олгосон үед ажлаас чөлөөлж, оронд нь хүн ажилд авахгүй байх” гэсэн хууль бус үүрэг даалгавар өгч тус сумын 1 дүгээр сургуулийн захирлын хуулиар олгосон бүрэн эрхэд халдаж байгаа юм. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” эрх сургуулийн захиралд хамаарна гэж заасан байхад улс төрийн албан тушаалтан буюу Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын зүгээс тэтгэмж аваад ажиллаж байгаа хүмүүсийн тэтгэмж авах асуудалд анхаарал хандуулж, сул орон тоонд хүн авч болохгүй гэж байгаа нь учир дутагдалтай байна.

Хавтаст хэргийн 60 дугаар талд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/93 дугаартай захирамжид “тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх хязгаарлалтын болон зохион байгуулалтын бусад арга хэмжээ авах тухай” захирамжийн 3 дахь заалтад “Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх бэлтгэл ажил хангах, халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар хангуулсны үндсэн дээр эхлүүлсүгэй” гэсэн агуулгатай захирамж гарсан. Нэхэмжлэгч Б.Л-ийн зүгээс Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх бэлтгэл ажил хангасан нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байдаг. Увс аймгийн Засаг даргын доод шатны захиргаа байгууллага нь сумын Засаг дарга байдаг. Гэтэл доод шатны захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг хянах зохицуулалт байхгүй.

Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын зүгээс Б.Л-г өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй гэж тайлбартаа дурдсан байсан. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах журамд зааснаар тэргүүлэх зэрэг байхгүй гэж мөн тайлбартаа дурдсан байсан. Б.Л өөрийн хүчин төгөлдөр тэргүүлэх зэргийг материалыг хуулбарлаж хэрэгт нотлох баримтаар өгсөн. Төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг баримтлан хүнийг ажлаас чөлөөлж болохгүй.

Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/10 дугаар захирамжид урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй. Монгол улсын 760 гаруй хуульд хамт олны судалгаагаар хүнийг ажлаас халж чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хамт олны судалгаагаар хүнийг ажлаас чөлөөлөх боломжгүй юм. Хариуцагч тайлбартаа “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/93 дугаар захирамжийн биелэлтийг очиж шалгахад хангалгүй үнэлэгдсэн” дурдсан байсан. Увс аймгийн Засаг даргын доод шатны захиргааны байгууллага нь сумын Засаг дарга байдаг. Гэтэл Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 799 хууль тогтоомжид доод шатны захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг хянах зохицуулалт байхгүй. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/93 дугаартай захирамжийн 6 дугаар заалтад Боловсрол соёл урлагийн газрын дарга А.Болормааг энэ захирамжид хяналт тавьж ажиллахыг даалгасан байдаг. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, мөн зүйлийн 1.4-д боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шинжилгээ хийх гэсэн үндсэн чиг үүрэг нь Увс аймгийн Боловсрол соёл урлагийн газарт даалгасан байдаг. Сумын Засаг дарга уг захирамжийн биелэлтийг хангах эрх байхгүй гэв.

 

Хариуцагч Өмнөговь сумын Засаг дарга С.Ө шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг дарга С.Ө миний бие нь 2020 оны 11 сарын 30-ны өдөр ажил авсны дараа төсвийн байгууллагуудын дарга нарыг 12-р сарын 02-ны өдөр хүлээн авч зарим үүрэг чиглэлийг өгсөн. Өсгөн үүрэг даалгаваруудаас 1 дүгээр сургуулийн захирал Б.Л нь биелүүлээгүй. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай захирамж гаргасан ба дараа нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилсон захирамж гаргасан. Б.Лг ажлаас чөлөөлөх үндэслэлээ 4 үндэслэлээр гаргасан. Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаал албан ёсоор үйлчилж байгаа эрх зүйн чадамжтай акт юм. Уг үлгэрчилсэн тодорхойлолтод 1200 сурагчтай сургуулийн захирал тэргүүлэх зэрэгтэй байх ёстой гэж заасан байдаг. Б.Л-д тэргүүлэх зэрэг байхгүй учир Төрийн албаны зөвлөлийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байна гэж үзсэн.

Гэрч А.Б-ийн мэдүүлгээр Б.Л-г тэргүүлэх зэрэггүй гэдэг нь тогтоогдсон. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалд тавигдах 4 шаардлага гаргасан ба уг шаардлагын хоёрыг Б.Л хангахгүй байна. Төрийн үйлчилгээний албан тушаалд тавигдах шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1.2-д төрийн үйлчилгээний албан тушаалтан нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэж заасан байдаг. Б.Л тайлбартаа уг журам зөвхөн томилоход хэрэгжих учир чөлөөлөхөд хэрэгжихгүй гэж үзсэн байдаг. Тиймээс урьд ял шийтгэлтэй хүн сургуулийн захирлаар ажиллах боломжгүй гэж үзэж байна. Төрийн үйлчилгээний албан тушаалтанд тавигдах шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1.4-д албан тушаалын шаардлагыг хангасан байх ёстой гэж заасан байдаг. Б.Л тэргүүлэх зэрэгтэй байх шаардлагыг мөн хангахгүй байгаа.

Мөн Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш ажилчид буюу хамт олны судалгаагаар Б.Л-г хангалтгүй гэж дүгнэсэн. Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаалд заасан ур чадварын шаардлагад байгууллагын соёлыг төлөвшүүлж, хамт олноо үлгэрлэн манлайлах шаардлага тавьсан байдаг. Гэтэл тус сургуулийн хамт олны 69 хувь нь Б.Л-г хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Б.Л-г уг сургуулийн хамт олныг удирдан ажиллах чадваргүй гэж үзсэн. Б.Л нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаж байгаагүй ба хуульд зааснаар төсвийн жилд багтааж үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулах ёстой байсан. Тус сумын бусад байгууллагын удирдлагууд үр дүнгийн гэрээ байгуулсан байгаа. Б.Л-ээс удаа дараа шаардсан боловч 2020 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй ба 2021 оны үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй.

Ковид-19 цар тахлын үед Б.Л-г дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг.

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/93 дугаартай захирамжийн 3 дахь заалтад дурдсан “Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх бэлтгэл ажил хангах, халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар хангуулсны үндсэн дээр эхлүүлсүгэй” гэсэн агуулгатай захирамж гарсан ба уг захирамжийн 6 дахь заалтад захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга болон онцгой комиссын дарга нарт үүрэг болгосугай гэж заасан байдаг. Сумын Засаг дарга нь тухайн сумын онцгой комиссын даргын чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Уг захирамжийн биелэлтэд хяналт тавихаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын хамт очиж шалгасан боловч Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд танхимаар давтлага өгөх бэлтгэл ажил хангагдаагүй, мөн халдвар хамгаалалтын дэглэм, гар ариутгагч байгаагүй ба сурагчид хоорондын зай барилт хэрэгжээгүй байсан. Дүгнэх хуудас гаргаж өгөхөд тухайн хүмүүс өөрсдийн үнэлэмжээр дүгнэх хуудсыг дүгнэсэн уг нотлох баримтыг хэргийн материалд хавсаргасан. Аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтийг сумын Засаг дарга нар хангуулж ажиллах ёстой. Аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга нар сумын сургууль дээр ирж захирамжийн биелэлтийг шалгах боломжгүй байгаа. Сумын Засаг дарга нь тухайн сумын онцгой комиссын даргын чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Ковидын тухай хуульд зааснаар цаг үеийн нөхцөл байдлаас хамааран байгууллагын удирдлагууд ажилтан нэмж ажиллуулахгүй байхаар заасан байдаг. Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар албан тушаал нь салбарын хэмжээнд үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуульд гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж заасан боловч Төсвийн тухай хуульд үр дүнгийн гэрээ гэж 2 янзаар заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна” гэж заасан. Б.Л-ийн хувьд 2018 оноос хойш надтай ямар нэгэн гэрээ байгуулж, дүгнүүлээгүй. Увс аймгийн Өмнөговь сумын өмнөх Засаг дарга Төмөрчөдөртэй бас үр дүнгийн гэрээ байгуулаагүй байсан. Б.Л-ийн 2019, 2020 оны үр дүнгийн гэрээг байгуулж дүгнүүлсэн гэх баримт байгаа эсэхийг Увс аймгийн Боловсрол соёл урлагийн газарт албан тоот явуулж шалгуулахад Б.Л-ийн 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлт 58.2 хувийн гүйцэтгэлтэй дүгнүүлсэн байсан. Сүүлийн жилүүдэд Б.Л үр дүнгийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэнтэй ч байгуулж ажиллаагүй. Би Хөдөлмөрийн гэрээг Б.Лтэй байгуулж ажиллах ёсгүй, зөвхөн үр дүнгийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллах ёстой. Харин ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ш.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:” Миний бие нь Б.Л-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа.Миний бие нь тус хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Би 2000 оноос одоог хүртэл Өмнөговь сумын Ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежер, физикийн багш зэргээр 21 жилийн хугацаанд тасралтгүй ажилласаар ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр сумын Засаг дарга, ажльн хэсгийн хамт манай сургууль дээр ажиллахаар ирсэн бөгөөд тус өдрөө хамт олны хурлыг хийж сургуулийн захирал, сургалтын менежерүүд зэрэг удирдах ажилтнуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхийг хамт олноос хүсч санал хураасан. Дээрх санал хураалтын дүнд сургуулийн захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Л-ийн үйл ажиллагааг хамт олны 69 хувь нь хангалтгүй гэж үнэлсэн байдаг.

Мөн тус хурлын үеэр "Захирлыг өөрчлөх тохиолдолд сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэх боломжтой гэж үзэж буй хүнээ хамт олны дундаас сонгох” агуулга бүхий санал асуулгыг ажлын хэсгийн зүгээс явуулсан. Санал хураалтын дүнд хамт олны 33,3 хувь нь буюу 14 /тооны/ хүн намайг сургуулийн захирлаар ажиллах боломжтой гэсэн саналыг өгсөн байсан.

Дээрх хурлын дараагаар сумын Засаг дарга захирамж гарган сургуулийн захирлыг ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэхүү үйл явдлаас сарын дараа буюу 2021 оны 02 сарын 26-ны өдөр сумын Засаг дарга дахин захирамж гарган нэхэмжлэгч Б.Л-г ажлаас чөлөөлөн намайг сургуулийн захирлын үүрэгт ажилд томилсон. Үүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2021 оны 03 сарын 5-ны өдөр захирамжийн дагуу томилогдсон ажил хүлээлцэх комиссын гишүүдийн хамт Б.Л-ээс сургуулийн захирлын ажлыг хүлээн авсан болно.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд нэмж гаргах тайлбаргүй болно.Миний өмнөх тайлбар хэвээрээ болно “ гэжээ.

 

          Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Л нь анх шүүхэд 2021 оны 1 сарын 26-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 1 сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 01 сарын 13-ны өдрийн Б/02 тоот “Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах,нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах” гэж өөрчилсөн, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн болно.

          Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,түүний төлөөлөгчийн нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 сарын 25-ны өдрийн Б/10 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, эрд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалинтай тэнцэх нөхөн олговорыг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх “ тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

          Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 1 сарын 13-ны өдрийн Б/02 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал Б.Л-г захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар шийдвэрлээд,үүний дараа Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 сарын 25-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31.1.12, Төрийн албаны тухай хуулийн 4.3, 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Л-г Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020.07.30-ны өдрийн Б/03 тушаалаар батлагдсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа,сумын Засаг даргаас өгсөн хугацаат үүргийг цаг тухайд нь биелүүлж ажиллаагүй, ковид-19 цар тахал өвчний үед дээд шатны байгууллагаас өгөгдсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэн үүрэгт ажлаас нь 2021 оны 2 сарын 26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Ш.Б-ыг тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Нэхэмжлэгч талаас “Маргаан бүхий захиргааны актад баримталсан хуулийн зүйл заалтууд нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа, Б.Л нь тэргүүлэх зэрэгтэй бөгөөд захирлаар ажиллаж байх хугацаанд тэргүүлэх зэрэг хэвээр хадгалагдана, төсвийн байгууллагын шууд захирагчийг сонгон шалгаруулахтай холбоотой журамд авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх шаардлагыг тавьсаныг Б.Л-д хамааруулж ойлгох боломжгүй,сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврууд нь санал авах шинж бүхий байхад үүргийг биелүүлээгүй гэж үзэхгүй, захирамж хууль зүйн үндэслэлгүй тул хууль бус” гэж маргажээ.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч “Б.Л нь Боловсрол,шинжлэх ухааны сайдын 2020 оны тушаалаар батлагдсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт” -д заасан Тэргүүлэх зэрэгтэй байх шаардлагыг хангахгүй байгаа, төсвийн шууд захирагчийн хувьд авлига,албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй гэх шаардлагыг хангахгүй байгаа, сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тул ажлаас чөлөөлөх үндэслэлтэй ” гэсэн тайлбар гаргасан байна.

Гуравдагч этгээд Ш.Б-ы хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020.07.30-ны өдрийн Б/03 тушаалаар батлагдсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод заасан “ Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь мэргэжлийн зэргийн хувьд Тэргүүлэх зэрэгтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийн талаар:

Монгол Улсын Боловсрол,шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 сарын 30-ны өдрийн Б/03 тушаалын нэгдүгээр хавсралтаар “ Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг баталжээ.Уг үлгэрчилсэн тодорхойлолтын албан тшуаалд тавигдах тусгай шаардлага гэсэн хэсэгт 641-1200 суралцагчтай сургуулийн захирал тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй байхыг дурдсан байна.

Мөн тушаалын 2 дахь заалтад хавсралтаар баталсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан батлахыг сум,дүүргийн Засаг даргад даалгажээ.

Нэхэмжлэгч Б.Л-ийн хувьд Увс аймгийн Боловсрол,соёлын газрын 2002 оны 6 сарын 27-ны өдрийн Багшид мэргэжлийн зэрэг олгох тухай тушаалыг үндэслэн 2003 оны 5 сарын 5-ны өдөр Тэргүүлэх мэргэжлийн зэргийн 021510100602116 дугаартай үнэмлэхийг олгосон байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар баталсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ыг баталсан, уг журмын 6.2-д “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг нь таван жилийн хугацаанд хүчинтэй байна гэж зохицуулж байсан, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн зэрэг олгох,хасах” журмын 5.1-д мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа 5 жил  байна гэж заажээ.Мөн журмын 5.2-д багш ажилтан нь сургалтын менежер,арга зүйч,захирлын албан тушаалд дэвшин ажиллах тохиолдолд тэдний мэргэжлийн зэрэг энэ журмын 5.1-д заасан хугацаанд хүчинтэй үйлчилнэ гэж, 5.7Хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн зэргээ хугацаанд нь бататгаж,  эсвэл ахиулж чадаагүй бол өмнөх зэргийг нэг жил хадгална. Бусад тохиолдолд мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа хэтэрсэн бол мэргэжлийн зэргийг хасна гэжээ.

Увс аймгийн Боловсрол соёлын газрын дарга А.Болормаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ      “Б.Л-ийн мэргэжлийн зэргийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй,мэргэжлийн зэрэг олгох журмаар зэргийн хүчинтэй хугацаа 5 жил байдаг. Хугацаа дууссан тохиолдолд мэргэжлийн зэрэг нь хүчингүй болдог.Б.Л нь 2002 онд багшийн мэргэжлийн зэрэг авч байсан ба 2007 онд  энэ хугацаанд мэргэжлийн зэргээ сунгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байсан.Сургуулийн захирлын мэргэжлийн зэрэг олгох асуудлыг түүнийг томилох чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэдэг” гэжээ.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” бүрэн эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан байна.

Увс аймгийн Боловсрол,соёл урлагийн газрын 2021 оны 06 сарын 28-ны өдрийн 188 дугаартай албан бичигт “Өмнөговь сумын Засаг дарга Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал Б.Л-г ажлаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн 31.1.12-д заасны дагуу санал авахаар албан бичиг ирүүлээгүй,манай газраас тус асуудалтай холбоотойгоор албан бичгээр санал,зөвлөмж хүргүүлээгүй болно” гэжээ.

Б.Л-ийн хувьд тэргүүлэх зэргийг хассан шийдвэр гараагүй, түүнчлэн  түүнийг Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-д заасны дагуу Увс аймгийн Боловсрол,соёлын газраас ажлаас чөлөөлөхтэй холбоотой санал гаргаагүй байхад  Боловсрол,соёл  шинжлэх ухааны сайдын 2020 оны тушаалаар батлагдсан захирлын албан тушаалын үлгэрчилсэн тушаалыг баримтлан ажлаас чөлөөлөх нь үндэслэлгүй болжээ.

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэсэн үндэслэлийн талаар:

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын  4.1.2-д  төсвийн шууд захирагч нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх тусгай шаардлагыг сургуулийн захирал Б.Л хангахгүй байгаа гэсэн тайлбарыг хариуцагч гаргажээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 26-ны өдрийн 65 дугаар тогтоолоор Б.Лг албан тушаалтанд хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэхээр урьдчилан амлаж хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч Б.Л-г сургуулийн захирлын албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28080000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Шийтгэх тогтоол гарахаас өмнө Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр Б.Лг Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын  албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 сарын 03-ны өдрийн 466 дугаар шийдвэр,Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 02 сарын 02-ны өдрийн тогтоолоор 27 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн дагуу Б.Л-г Увс аймгийн Засаг даргын 2018 оны 1 сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай шийдвэрээр Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлаар томилсон байна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын  1.1-д Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч /дарга, захирал, эрхлэгч/-ийн сул орон тоог нөхөх зарчмаар оролцогчоос шалгалт авах, сонгон шалгаруулах (цаашид “сонгон шалгаруулалт” гэх) нэр дэвшүүлэх харилцааг энэ журмаар зохицуулна гэж заасан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх тусгай шаардлагыг шинээр шалгалт өгч буй хүмүүст хамааралтай байх зохицуулалт юм.

Иймд тус журмыг баримтлан Б.Л-г Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан гэж үзэн ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.

Засаг даргаас өгсөн хугацаат үүргийг цаг тухайд нь биелүүлж ажиллаагүй, ковид-19 цар тахлын өвчний үед дээд шатны байгууллагаас өгөгдсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн талаар:

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Лг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт ирүүлэх саналыг дутуу ирүүлсэн, байгууллагын зорилтыг ирүүлээгүй,шагналтын материал дутуу өгсөн, суманд ажлын байр бий болгох талаар хамт олны саналыг өгөөгүй, монгол бичгийн шалгалтад хүмүүсээ хамруулсан хувь /48.8 хувь/ зэргээр сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж ажиллаагүй гэж үзсэн байна.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2021.01.13-ны өдрийн  “Албан газрын дарга нарт өгсөн үүргийн биелэлт тооцсон” хүснэгтэд Б.Л-г сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт ирүүлэх саналыг дутуу ирүүлсэн, байгууллагын зорилтыг ирүүлээгүй,шагналын материал дутуу өгсөн, суманд ажлын байр бий болгох талаар хамт олны саналыг өгөөгүй, шалгалтад хүмүүсээ хамруулсан хувь /48.8 хувь/ зэргээр дүгнэж үүргийн биелэлтийн ерөнхий дундаж оноог 29,76 хувь гэж дүгнэжээ.

Мөн Монгол бичгийн сургалтад ажилчдаа хамруулаагүй, сумын байгууллагуудын дарга нарын хуралд ирц дутуу оролцдог, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнүүлээгүй, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй гэж үзсэн байна.

Дээр дурдсан үүргийг хэрэгжүүлэх талаарх сумын Засаг даргын 2020.12.30-ны өдрийн 159, 2021.01.26-ны өдрийн 47, 2021.02.19-ний өдрийн 84, 2021.02.26-ны өдрийн 100 дугаартай албан бичгүүд хэрэгт авагджээ.

Боловсролын тухай хуулийн 31.1.12 дахь заалтыг 2018 оны 06 сарын 21-ны өдрийн хуулиар нэмж оруулан 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр батлагдсан ба хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс өмнө сумын сургуулийн захирлыг аймгийн Засаг дарга томилж чөлөөлөх эрхийг хэрэгжүүлж байсан байна.

Өмнөговь Сумын Засаг дарга болон сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал нарын хооронд ажлын байрны тодорхойлолтыг баталж танилцуулагдаагүй, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс шинээр томилох болсон эрх бүхий албан тушаалтан болох сумын Засаг дарга,сургуулийн захирал нар шинэчилж байгуулаагүй байх тул  гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнүүлээгүй гэх асуудалд ганцхан нэхэмжлэгчийг буруутгах, хариуцагчийн өгсөн үүрэг,даалгаврыг биелүүлээгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Мөн  зарим үүрэг даалгавар буюу сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт саналаа дутуу ирүүлсэн, байгууллагын зорилтоо ирүүлээгүй, суманд ажлын байр бий болгох асуудалд санал ирүүлээгүй зэргүүд нь санал авах зорилго бүхий байна.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, 40.3-д “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”  гэж, Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд нэршлийн хувьд өөрөөр заасан боловч нэг агуулга бүхий, өөрөөр хэлбэл төсвийн шууд захирагчийн төсөвтэй холбогдох эрхээ хэрхэн хэрэгжүүлэх гүйцэтгэтгэлийн төлөвлөгөөг/эсвэл үр дүнгийн гэрээг/ сургуулийн захирал нь ирэх оны 01 сарын 01-ний өдрөөс өмнө сумын Засаг даргаар батлуулан хагас жилээр болон бүтэн жилээр дүгнүүлэхээр байна.

Нэхэмжлэгч Б.Л нь 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг төсвийн жил эхлэхээс өмнө боловсруулан сумын Засаг даргаар батлуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Гэвч хариуцагч нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасны дагуу сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн дүгнэлт болон аймгийн боловсрол, соёлын газрын саналыг үндэслэсэн байх хуульд заасан тусгай журмыг заавал баримтлах үүрэгтэй байна.

Хариуцагч нь Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал Б.Лг ажлаас чөлөөлөхдөө гэрээг дүгнээгүй, аймгийн боловсрол,соёлын газрын саналыг аваагүй байна.

Түүнчлэн сумын Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргаж байгаа тул Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлан мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгон сонсох ажиллагааг заавал явуулсан байх шаардлагатай юм.

Өмнөговь сумын Засаг даргаас сургуулийн захирал Б.Л-д ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийн талаар урьдчилан мэдэгдээгүй, энэ талаар түүний тайлбар саналыг аваагүй бөгөөд энэхүү үйл баримтын талаар маргаангүй болно.

Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзлээ.

Иймд Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 сарын 25-ны өдрийн Б/10 дугаар                “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж бүхэлдээ үндэслэлгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Л-г урд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заажээ.

           Иймд нэхэмжлэгч Б.Лг ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг зохих журмын дагуу тооцон олгохыг болон уг хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

2. Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 сарын 13-ны өдрийн Б/02 тоот “Ажлаас чөлөөлж,үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 сарын 13-ны өдрийн Б/02 тоот “Ажлаас чөлөөлж,үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжаар нэхэмжлэгч Б.Лг Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын зарим шаардлагыг хангахгүй байгаа болон сумын Засаг даргаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгавруудыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Б.Лг захирлын үүрэгт ажлаас чөлөөлж түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нь тус шүүхэд 2021 оны 01 сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 02 сарын 25-ны өдөр Б/10 дугаартай Өлгий сумын Засаг даргын захирамжаар түр орлон гүйцэтгэгч Б.Л-г ажлаас чөлөөлж шийдвэрлэн захирамжийн гурав дахь заалтаар 2021 оны 01 сарын 13-ны өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхээс Б.Л-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэн 2021 оны 02 сарын 25-ны өдөр Б/10 дугаартай Өлгий сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа хэдий ч нэхэмжлэгч 2021 оны 01 сарын 13-ны өдрийн Б/02 тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн байна.

Сумын Засаг даргын 2021 оны 01 сарын 13-ны өдрийн Б/02 тоот захирамжийн үндэслэл болох Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын зарим шаардлагыг хангахгүй байгаа болон сумын Засаг даргаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгавруудыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн талаар шүүхээс дүгнэлтийг хийсэн, түүнчлэн нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж хэрэгжээд дууссан хэдий ч нэхэмжлэгчийн ашиг сонирхол байх тул Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 сарын 13-ны өдрийн Б/02 тоот “Ажлаас чөлөөлж,үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн төрийн албан хаагчийн хөдөлмөрийн маргааныг шүүх харьяалан шийдвэрлэх тул хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй ” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,106.3.3, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 сарын 13-ны өдрийн Б/02  дугаартай “Ажлаас чөлөөлж,үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 2 сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгон нэхэмжлэгч Б.Л-г Өмнөговь сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-ийн өнөөдрийг хүртэл буюу 2021 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох болон холбогдох хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Л-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.