Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/01965

 

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/01965

Улаанбаатар хот

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух Боржигин усаг овогт Бын Т -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух Хан өндөр овогт Сын О

 

Хариуцагч : Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух Шаргалзуут овогт Жын Б нарт  холбогдох,

 

Гэрээний үүрэгт 27 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагч С.О, хариуцагч Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                          

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Т миний бие С.Отай олон жил найзалж одоо ч хүртэл нэг байгууллагад ажиллаж байгаа. С.О надад бэлэн мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь би хадгаламжид байсан мөнгөө зээлсэн. С.Отай 2005 онд ШУТИС-д нэг ангид орсноос хойш найзалж нөхөрлөж явсан учир би итгэж, С.О ... тоот Хны дансанд 2018.12.20-ны 15:15 цагт 7 500 000 төгрөг, 20 сая төгрөгийг 5029237501 тоот Хны дансанд 2019.01.18-ны 18:37 цагт тус тус шилжүүлсэн. 20 сая төгрөгийг шилжүүлэхэд С.О өөрөө энэ дансруу  хийчих манай нагац ахын данс гэж хэлээд Жамц овогтой Бын данс руу хийлгэсэн. Өөрөө энэ данс руу хий гэсэн мессеж нь байгаа. Би С.Оийг 15 жил найз нөхөд гэж явчихаад намайг ингэж хохирооно гэж бодоогүй итгээд мөнгөө өгсөн. Би ээж, хүүхдийн хамт амьдардаг, ээждээ ч хэлж чадаагүй. С.Оаас мөнгөө авъя гэхээр мөнгө байхгүй гээд явсаар өдий хүрсэн. Найз нөхөд гэж явчихаад ийм байдалд хүрнэ гэж огт санаад ороогүй, ингэж итгэл алдаж, намайг хохироож байгаад их гомдолтой байна. Иймд С.О, Ж.Б нараас 27 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь өөрийн нагац эгч болох Жамцын Бгийн охин Б.Бын 10 жилийн ангийн охин болох Энхтайван овогтой Э гэгчид мөнгө олж өгөөд эргээд 14-21 хоногийн хугацаанд өсгөөд өгнө гэдэгт итгэж явсан. Энэ нь өөрийгөө Ж.Б Ерөнхийлөгчийн охин Б.Нгийн туслах хийдэг. Манай ах аялал жуулчлалын компанитай. Би олон улсын аялал жуулчлалын газар ажиллаж байсан. Тэнд байдаг хүнтэй хамтарч аялалын билет хямд авч, бусдад үнэтэй зардаг гэж эгчид хэлдэг байсан. Эгч энэ охинд итгээд 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэлсэн мөнгөө өгөөд буцаагаад авдаг байсан. Энэ тухайгаа надад 2018 оны 9 сараас хэлсэн ийм боломж байна чи мөнгө олоод өгөөд эргээд өсгөж авах боломжтой гэж. Би эхлээд итгэхгүй ийм зүйл байхгүй байх гэж боддог байсан бас тэр үед надад асуусан мөнгийг өгөх боломж байгаагүй. Эхлээд энэ тухай өөрийн нөхрийн эгч болох Б.Тд ярьсан манай хамаатангууд мөнгөө ингэж өсгөж авч байгаа юм байна гэсэн ерөнхий процессийг ярьсан. Удалгүй Б.Т над руу залгаад ахиж мөнгө асуувал надад хэлээрэй би гаргах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би Ж.Б эгчдээ энэ хүн мөнгө гаргах боломжтой гэнэ гэж хэлсэн. Удалгүй  2018 оны 10 сарын эхээр Ж.Б эгч надаас мөнгө асуугаад би хадам эгчрүүгээ залгаж хэлсэн. Ингээд 2 500 000 төгрөг өгөөд дараа нь 7 500 000 төгрөг өгөөд 2018 оны 10 сарын 16-нд 12 150 000 болгож авсан. Энэ байдлаар хадам эгчтэйгээ хамтран ажиллаж байгаагаа найз Б.Тд хэлсэн тэгээд би ч гэсэн ингэж мөнгөө өсгөж авъя гээд мөнгөө өгөхөөр болсон. Бид 2 хамтраад мөнгөө өгөөд буцаагаад өсгөж авч байсан. Б.Тд энэ байдал нь таалагдаж дахиж асуувал би өгнө шүү гэж ярьж мессеж бичиж байсан.Тэрнээс би Б.Тгөөс зээлийн гэрээ гэсэн утгаар мөнгө авсан удаа байхгүй. Энэ бол намайг гүтгэж байна. Сүүлд 2019 оны 01 сард би эгч Ж.Бтай маргалдаж дахиж надаас мөнгө авахгүй гэж хэрэлдсэн. Энэ тухайгаа Б.Т болон Б.Т нарт яг тэр өдрөө хэлсэн өөрсдөө ахиж мөнгө өгөхгүй болсондоо харамсаж байсан. Би дараа нь бас ингэж мөнгөө өсгөөд авч байсан өөрийн нагац эгч Ж.Б, Ж.Б нарт хандаж энэ 2 хүний мөнгийг надаас аваад Э.Эийн дансанд хийдэг байсан. Энэ тухай Ж.Б эгч мэдэхгүй байсан.   

       7 500 000 төгрөгийг би өөрийн 2 500 000 төгрөгтэй хамт Ж.Бгийн дансанд хийгээд эгч Э.Эийн дансанд хийсэн. Энэ мөнгөө бага багаар эргүүлж авч байсан. Б.Тд 1 200 000 төгрөг нэг удаа, 2 500 000 нэг удаа тус тус өөрийнх нь Хны 5031240441 дансанд хийсэн.20 000 000 төгрөгийг Б.Т нь Ж.Бын дансанд хийсэн яагаад ингэж хийж байгааг өөрөө мэдэж байсан. Энэ тухай бичсэн мессеж хавсаргалаа. Тэрнээс би Б.Тд худлаа ярьж мөнгийн нь аваагүй болно. Ж.Б нь Ж.Бгийн дансанд хийсэн. Би эгчтэйгээ хэрэлдсэнээс хойш ахиж мөнгө өгч ингэж авахаа болъё гэж байхад өөрөө Б.Т нь өгөх хүсэлтэй байна намайг өгчихөө гэдэг байсан. Энэ тухай бичсэн мессеж нь мөн байгаа. Би бас өөрөө 2019 оны 2 дугаар сарын 02-нд Ж.Бын данс руу нөхрийнхөө данснаас 13 000 000 төгрөг хийж мөн адил Э.Эийн данс руу шилжүүлсэн. Энэ үед цуглуулсан 35 000 000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 05-нд гаргаж өгнө урьд нь өгсөн мөнгөнүүдтэй хамт бөөндөө шилжүүлэх болно гэж байсан. Би энэ Э.Э гэгчийг өмнө танихгүй мэддэггүй байсан. 02 дугаар сарын 05-нд өгнө гэсэн мөнгө нь хугацаандаа орохгүй цагаан сарын амралтын өдрүүд таараад 02 дугаар сарын 11 болоход Э.Э нь компанийн захирал золголтоор хөдөө явсан байна. Захирлын гарын үсэг нь байхгүй болохоор мөнгө гарахгүй байна гэх мэтээр өдөр хоногийг авсаар байгаад 2019 оны 02 дугаар сарын 17 өдөр хүрсэн. Би энэ бүх мэдээллийг 2-3 хүн дамжсаны дараа сонсдог тэгээд цааш нь хэлдэг байсан. Би энэ хугацаанд их сэтгэл санаагаар унаж тухай бүрт нь өөрийн мэдсэн мэдээлэлээ Б.Тд мэдээллэж байсан. Хүний мөнгө ингэж өгчихөөд хүлээх нь надад хэцүү байдаг тухайгаа ярьсан. Б.Т нь өөрөө хүсэж мөнгөө өгчихөөд одоо хүлээж байхаас гэж хэлсэн байсан.

Тэгээд 2 дугаар сарын 21-ний өглөө мөнгөө дамжуулж өгсөн Ж.Б ах маань Э.Эийн гэрт нь байна, энэ охин бид нарт худлаа ярьж байсан байна гэсэн. Тэгээд би Б.Т болон Б.Т нөхөр Б.О нартай хамтдаа гэрт нь очсон. Тэгэхэд бид нараас гадна 20-иод хүн бас мөнгөө өгөөд аваагүй байна гээд зогсож байсан. Энэ бүх процесс үйл явдлаа Б. Т өөрөө бүгдийг мэдэж байгаа. Би мөн адил мөнгө хүнээс зээлээд тухайн охинд өгсөн байсан. Би бас хохирогч болно. Б.Т нь би мөнгөө авчихаад буцаагаад 30 сая болгоод өгье гэж хүртэл ярьж байсан. Энэ мэтээр Э.Э гэх охин нь манай ах эгч нараас 196 сая төгрөг аваад буцааж өгөөгүй байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Тгөөс Ж.Б, С.О нарт холбогдуулан 27 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ж.Б нь түүний хүсэлтээр дүү С.Оаар дамжуулан 20 сая төгрөгийг өөрийн мөнгөтэй нийлүүлэн өсгөж өгөх зорилгоор Н.Э гэх хүний данс руу шилжүүлсэн юм. Н.Э нь бусдын мөнгийг аялалын билет худалдаж авч ашиг өгөх нэрээр олон удаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан байна. Бид үнэн байдлыг мэдэлгүй өөрийн болон бусдын мөнгийг түүний данс руу шилжүүлэн давхар хохирсон. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

         Хариуцагч С.О, Ж.Б нарт холбогдуулан нэхэмжлэгч Б.Т зээлийн гэрээний үүрэгт 27 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

          Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

          Нэхэмжлэгч Б.Т нь “хариуцагч С.О, Ж.Б нарт 27 500 000 төгрөгийг зээлсэн тул зээлийн төлбөрөө нэхэмжилж байна, мөн Ж.Б үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж байна” тайлбарлажээ.

 

           Хариуцагч С.О, Ж.Б нар нь “бид Б.Тгөөс мөнгө зээлж  аваагүй, харин билет захиалж мөнгөө өсгөх зорилгоор өгсөн мөнгийг нь цааш Н.Э гэх хүний дансруу шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

         Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 27 500 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /х.х-ийн 3-4 дүгээр тал/

 

           Гэвч талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж шууд үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчтай зээлийн гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, хариуцагч түүнийг хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Тгийн данснаас 2019 оны 01 сарын 18-ны өдөр 18 900 000 төгрөг, 1 100 000 төгрөг тус тус хариуцагч Ж.Бын дансруу шилжиж орсон, гүйлгээний утга нь “билетны мөнгө” гэж нэхэмжлэгч гүйлгээний утгыг бичснээс үзвэл хариуцагчийн дансруу шилжиж орсон мөнгөн хөрөнгийг шууд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна./х.х-ийн 3 дугаар тал/

 

           Нөгөөтэйгүүр шүүхээс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч нэхэмжлэгч нарын хооронд харилцаж байсан цахим захианд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр нэхэмжлэгч нь бэлэн мөнгөө өсгөх зорилгоор өөрийн мөнгөн хөрөнгийг өөрийн сайн дурын үндсэн дээр шилжүүлж, ашиг авч байсан болох  нь үзлэгийн тэмдэглэл, мөн хариуцагч С.Оийн Хны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. Тус дансны хуулгаар 2018.12.20-ны өдөр нэхэмжлэгч Б.Тгийн 5031240441 тоот данснаас  7 500 000 төгрөг, 2018.12.28 өдөр 1 000 000 төгрөг, 2018.12.29-ний өдөр 1 000 000 төгрөг нийт 9 500 000 төгрөг  хариуцагч С.Оийн дансруу шилжиж орсон, харин хариуцагч С.Оийн данснаас нэхэмжлэгч Б.Тгийн 5031240441 тоот дансруу 2018.11.25-ны өдөр 15 000 төгрөг, 2018.12.16-ны өдөр 1 190 000 төгрөг, 2018.12.19-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018.12.20-ны өдөр 7 000 000 төгрөг, 2018.12.29 өдөр 1 000 000 төгрөг, 2019.01.15-ны өдөр 5 800 000 төгрөг, 2019.01.16-ны өдөр 10 000 000 төгрөгөөр 2 удаа нийт 20 000 000 төгрөг, 2019.01.16-ны өдөр 300 000 төгрг, 2019.01.30 өдөр 1 220 000 төгрөг, 2019.02.01-ний өдөр 2 500 000 төгрөг нийт 40 025 000 төгрөг нэхэмжлэгчийн дансруу шилжиж орсон байна.

 

          Нэхэмжлэгч Б.Т 2018.12.20-ны өдөр хариуцагч С.От 7 500 000 төгрөг зээлээд төлөөгүй гэж тайлбарлан нэхэмжилж байгаа боловч 2018.12.20-ны өдрөөс хойш хариуцагч С.Оийн данснаас нийт 37 820 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Тд шилжүүлсэн талаар шүүхэд тайлбарлаж чадахгүй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага үзлэгийн тэмдэглэл, банкны дансны хуулгаар үгүйсгэгдэж байна.

 

         Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт “даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Нэхэмжлэгч Б.Т өөрийн мөнгөн хөрөнгийг өсгөхөөр билет борлуулагчид шилжүүлэх мөнгөн хөрөнгийг хариуцагч С.О, Ж.Б нарт шилжүүлж, хариуцагч С.О, Ж.Б нар нэхэмжлэгч Б.Тгийн даалгаврыг хариу төлбөргүйгээр биелүүлэн билет борлуулагчид шилжүүлж, нэхэмжлэгчийн үндсэн мөнгөн хөрөнгө, ашгийн хамт хариуцагч С.О нэхэмжлэгчид шилжүүлж байсан байна. Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 27 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.О, Ж.Б нарт холбогдох 27 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 450   төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ