Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02399

 

2019 оны 11 сарын 11 өдөр                          Дугаар 183/ШШ2019/02399                                        Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 15 дугаар байрны 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Х овогт Д.Б /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан 0, өөрийн байранд байрлах, Г ХХК /рд:0000000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 0 дүгээр хотхон, 0 байр, 000 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Ш овогт Б.Э /рд:0000000000/ нарт тус тус холбогдох,

 

Гэм хорын хохиролд 344 552 822 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г /ШТЭҮД-0000/, Г.Б /ШТЭҮД-0000/, хариуцагч Гранд мед эмнэлэг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Н /ШТЭҮД-0000/, Д.Т /ШТЭҮД-0000/, хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч А.Д /ШТЭҮД-0000/, иргэдийн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогч Х.О нь 1989 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, Швед улсад ажиллаж амьдарч байгаад 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эх орондоо ирсэн бөгөөд Гт нурууныхаа зургийг авахуулахад нурууны мэдрэлийн ёзоор дарагдсан байна, мэс ажилбар хийлгэх шаардлагатай гэсэн байдаг. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орж, мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зүрх зогсож, эмчлэгдэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшлийн шоконд орж нас барсан. Г-т их эмч ажилтай Б.Э-д холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж Б.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон 01 тоот шийтгэх тогтоол гарч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд талийгаач Х.О-н амь насыг 50 000 000 төгрөгөөр үнэлж, хариуцагч Б.Э болон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч Г ХХК-иас тус тус хуваан гаргуулна. 2 дахь шаардлага нь амь хохирогч Х.О-ийн хүүхдүүд болох Б.Ч-, Б.И- нарыг 18 нас хүртэл талийгаач ээжийнх нь сар болгон олж байсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг 1 080 000 төгрөг гаргуулах шаардлага. Х.О нь сар бүр монгол төгрөгөөр 6 000 000 төгрөгийн цалин орлого, жилд нийт 72 000 000 төгрөг цалин орлоготой байсан бөгөөд Х.О-ийг нас барахад 3 настай байсан хүү Б.И-г 18 нас хүртэлх 15 жилээр тооцож үзэхэд 1 080 000 000 төгрөг байна. Гэвч монголд дундаж цалин хөлс бага тул Итгэлт-Эстимэйт ХХК-ийн гаргасан дүгнэлтэд үндэслэж, монгол улсад эмэгтэй хүний дундаж цалин хөлс болох 1 052 500 төгрөгөөр тооцож Х.О-ийн ирээдүйд олох байсан орлого 280 952 822 төгрөгийг мөн хариуцагч нараас хувааж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Мөн уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явц удаашралтай, 10 гаран мөрдөн байцаагч, 5-6 прокурор солигдон ажилласан, хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэнэ гэхэд эргэлзээ төрүүлж байсан тул хохирогч тал 3 өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулсны хөлсөнд 13 600 000 төгрөг төлсөн тул хариуцагч нараас хуваан гаргуулна. Иймд анх шүүхэд 1 143 600 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 344 552 822 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна. Гранд мед эмнэлэг нь Монгол улсын чанарын баталгаажуулалтгүй, ямар үйлчилгээтэй нь тодорхойгүй тариаг хохирогчид хийсэн. Мэдээгүйжүүлэлтийн 4 төрлийн тарианы 2 нь Солонгос бичигтэй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй байсан тул тус эмнэлэг гэм буруутай үйлдэлд хамаатай гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч Г ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 00 тоот шийтгэх тогтоолоор Б.Э-ыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Шүүхийн шийдвэрээр гэмт буруутай нь тогтоогдсон этгээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул Б.Э хариуцах ёстой. Иймд Г ХХК хариуцахгүй үндэслэлгүй. Дээрх шийтгэх тогтоолд “...1 180 000 000 төгрөгийг Г-с гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхив” гэж дүгнэснээс шүүх хохирогчийн гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй, хохирол, гэм буруу нотлогдоогүй гэж үзэж байна. Мөн шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан нь тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдээгүй гол үндэслэл юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г ХХК-иас ямар нэг гэм хорын хохирол төлбөр гаргаагүй, дээрх шийдвэр хүчин төгөлдөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй баримт тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь X.Одончимэгийн амь насыг ямар үндэслэл, баримтад тулгуурлан 50 000 000 төгрөгөөр тодорхойлж байгаа нь ойлгомжгүй. X.О-ийн хүүхдүүд болох Б.Ч, Б.И нарыг 18 нас хүртэл талийгаач ээжийнх нь сар болгон олж байсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг хариуцагчаас гаргуулна, Х.О-ийн сарын орлого монгол төгрөгөөр 6 000 000 төгрөг гэж тайлбарлах боловч Х.Оийн сарын цалин хөлс, орлогыг ирээдүйд олох байсан гэсэн төсөөлөл дээр үндэслэн тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн өмгөөлөгчид төлсөн үйлчилгээний хөлс болох 13 600 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд өмгөөлөгч нь өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхдээ талууд хөлсийг гэрээгээр харилцан тохиролцож, иргэний эрх зүйн талуудын чөлөөт байдлын зарчим дээр үндэслэн тогтоодог бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эсэх нь түүний эрхийн асуудал юм. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч авах нь нэхэмжлэгчийн үүрэг биш тул өмгөөлөгчийн хөлсийг гэм хорын хохиролд хамааруулан иргэний журмаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон гэм хорын хохирлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй тул манайд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний бие 2014 оны 02 дугаар сараас эхлэн Г-т хөдөлмөрийн гэрээгээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж эхэлсэн ба ажил үүргээ биелүүлж байх хугацаанд урьдчилан таамаглах боломжгүй хэт мэдрэгшлийн урвал үүсч, хүний амь нас эрсэдсэнд гүнээ харамсаж мөнхийн сэтгэл эмзэглэж явдаг ч, өөрийнхөө зүгээс ажил үүргээ зохих ёсоор биелүүлснийхээ төлөө ялтан болж, ял шийтгэгдэн, эрхээ хасуулан мэргэжлээрээ ажиллах, амьдрах боломжгүй болж яваадаа гомдолтой байдаг юм. Эмч хүний хувьд эрдэнэт хүний амь насыг хохирооё гэж эмчилгээ хийдэггүй, аль болохоор аврая, туслая, эрүүл болгоё гэсэн сэдэл, сэтгэлээр ажил үүрэгтээ ханддаг. Дээрх дурдсан харамсалтай тохиолдлын хувьд хэдий намайг гэм буруутай гэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч надад бодит үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй, намайг хэлмэгдүүлсэн гэсэн бодол байнга явдаг учраас энэ удаа мөн тайлбарлахыг хүслээ. Тухайн үед өвчтөнд мэдээгүйжүүлэг хийхийн өмнө үзлэг хийхдээ, мөн мэдээгүйжүүлэг явуулах үедээ ч Монгол Улсын стандарт, зааврын дагуу мэдээгүйжүүлэг хийсэн. Гэтэл эмч хүний өдөр тутам баримталдаг эмчилгээ үйлчилгээний стандартанд байхгүй, миний ажил үүргийн хуваарьт заагдаагүй үүргийг гүйцэтгэсэнгүй гэдгээр намайг буруутган шийтгэж, эмчлэх эрхийг 3 жилээр хасч, хоёр жилийн хорих ял оногдуулж, шийтгэл эдэлж яваадаа одоог хүртэл харамсаж явдаг. Тодруулахад мэдээгүйжүүлэгч эмчийн баримталдаг стандартанд мэдээгүйжүүлгийн бодист харшил бий эсэхийг шалгах зорилгоор сорил тавьж шалгана гэсэн үг өгүүлбэр байхгүй, гэхдээ харшил бий эсэхийг өвчтөнөөс асуумжаар асуусан байхад асуугаагүй, сорил тавиагүй гэх Монгол улсад байхгүй стандарт, заавар мөрдөхийг шаардан шийтгэл оногдуулсанд үнэхээр их гомдож явдаг. Миний хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг анхнаасаа хүлээн зөвшөерөөгүй, эмчлэгч эмч М.Т-гийн хагалгаанд орох заалт гаргасан өвчтөнд хагалгааны багийн шийдвэрийн дагуу, эмнэлэгийн цаанаас олгосон эм, тариагаар мэдээгүйжүүлэг хийж, эмчийн үүргээ зохих ёсоор үзүүлсэн хэдий ч мэдээгүйжүүлэх үйл ажиллагааны явцад урьдчилан таамаглах боломжгүй мэдээгүйжүүлгийн хэт мэдрэгшил үүсч, амь насыг нэг удаа аварсан боловч дахин урвал хүндрэл явагдан хоёр дахь удаад амь насыг аварч чадаагүй харамсалтай үйл явдал тохиолдсон. Иргэн Б.Э мэргэшлээ муу эзэмшсэн, хууль тогтоомжид заагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, эсвэл хайхрамжгүй хандаж, хөнгөмсөгөөр найдсан гэх мэт миний субъектив хүсэл зоригоос огт шалтгаалаагүй, миний оронд мундаг, төгс сайн эмч байсан ч яг ийм нөхцөл байдал үүсэх байсан. Хүний амь эрсэдсэн энэ үйл баримт нь анагаахын шинжлэх ухааны хөгжил судалгаа дутуугийнх уу, тухайн хүний бие организмын онцлог уу, Монгол улсад мөрдөж буй стандарт хэм дутуу дулимаг уу гээд өнөөдрийг хүртэл хаана гажилт байв гэдэгт маш их шаналан боддог боловч, ганц мэдэж байгаа зүйл маань ямар ч эмч байсан яг над шиг эмчилгээ үйлчилгээний стандартад заагдсан үүргээрээ л ажиллана, энэ эрсдлийг урьдчилан харж эрсдлийг тооцон тогтоох боломжгүй, чадахгүй байсан гэдгийг мэддэг юм. Энэ үйл баримтын дүнд нэг хүн амь нас хохирч, цаана нь хань ижил, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан нь насаараа намайг зүхэж, надад гомдож, миний ард хань ижил, үр хүүхэд төрөл төрөгсөд минь надтай ижил ял шийтгэл эдлэн шаналж яваа учраас тайлбарыг дахин дахин, давтан давтан хэлмээр байдаг юм. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн аваад давж заалдаагүй, гомдол гаргаагүй, энэ тайлбарлаад байгаа үнэнийг тогтоолгох гэж яваагүйн шалтгааны хувьд, тогтоол гарсаны дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр маань яаралтай журмаар элэг солиулах хагалгаанд орж, хагалгааны дараа ухаан орохгүй, ухаан санаа самуурч байхдаа, байнга шүүх, цагдаа ярьж дэмийрэн миний хувьд маш их шаналж, хурдан салах, дуусгахыг хүссэн, хамгийн гол нь цаана нь хүний амь нас яригдаж байгаа учир хүлээцтэй хандаж, хүн өнгөрчихөөд байхад өөрийгөө л өмгөөлж хамгаалаад байгаа нь хүн чанарын хувьд зохисгүй гэж үзээд орхисон байдаг юм. Үүнээс гадна 2 жил 7 сарын турш цагдаа шүүхээр явж, сэтгэл санаа болон эд хөрөнгийн хувьд туйлдсан байсан тул цааш нь явах, үнэнийг олж тогтоолгох чадал, хүсэл зориггүй болсон байсан. Гэтэл өнөөдөр өөрөө хүн алсан болоод, насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй ийм их өр төлбөрт унах болоод явна гэж бодоогүй. Иргэн миний өнцгөөс харахад хүний амь нас мөнгөөр үнэлэгдэж хэмжигддэг зүйл гэж ойлгохгүй байгаа, мөнгийг нь төлөхөөр сэргээгддэг, арилчихсан хор уршиг биш баймаар. Хүүхдүүдийн тэтгэлэгт нэхэмжилж буй 1 000 000 000 төгрөгийг би насаараа, миний үр хүүхэд насаараа төлөөд төлж дийлэхээргүй төлбөр байна. Миний бие энэ үйл баримт болох үед Г-т хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан. Тэгэхээр ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар тухайн ажилтанг ажиллуулж буй ажил олгогч хариуцна гэж заасан байх тул би энэ хэргийн хариуцагч биш байна. Иймд надад холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г ХХК болон Б.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1 143 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 799 047 178 төгрөгөөр багасгаж, талийгаач Х.О-ийн амь насны хохиролд 50 000 000 төгрөг, талийгаач Х.О-ийн ирээдүйд олох байсан орлого 280 952 822 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13 600 000 төгрөг, нийт 344 552 822 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд Г-н мэдээгүйжүүлэлтийн их эмч ажилтай Б.Э мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий эсэхийг сорил тавьж шалгаагүй, харшилтай эсэх талаар асуумж асуугаагүйн улмаас нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орсон Х.О-ийн зүрх мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зогсож, эмчлэгдэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшилийн шоконд орж нас барсан байна.

 

Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн харгийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Б.Э-ыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эмчээр ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

 

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, эдгээрийн хоорондын шалтгаант холбоо болон гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдох учиртай.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Б.Э нь гэм буруугийн талаар маргасан боловч дээрх шийтгэх тогтоолд дурдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “...талийгаач нь эмийн хорт бодист харшилснаас хэт мэдрэгшлийн шоконд орж нас баржээ. Г-н эмч нар талийгаач Швед улсад мэдээгүйжүүлэлтийн үед урьд нь мэдээгүйжүүлэх тарианд мэдрэг байсныг асуумжаар тогтоогоогүй байна” гэх дүгнэлтээр хариуцагч Б.Э-ын буруутай үйлдлийн улмаас Х.О-ийн амь нас хохирсон болох нь тогтоогдож байх бөгөөд үйлдэл ба хохиролын хооронд шалтгаант холбоотой байна. 

 

 Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд зохигч ба хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй тул хариуцагч Б.Э-ын “... эмчилгээ үйлчилгээний стандартанд байхгүй, ажил үүргийн хуваарьт заагдаагүй үүргийг гүйцэтгэсэнгүй гэдгээр намайг буруутган шийтгэсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Нэхэмжлэгч Д.Б талийгаач Х.О нар 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, эрх бүхий байгууллагад 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Чингүүн, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүү Б.И нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэсний болон төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх бөгөөд Д.Б, Б.Ч, Б.И нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Х.О-ийн хууль ёсны өвлөгч, өв залгамжлагч байна. 

 

Улмаар Д.Б нь эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон нь шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул өөрт учирсан гэм хорын хохиролыг буруутай этгээдээс шаардах эрхтэй, мөн хариуцагч Б.Э нь гэмт хэрэгт холбогдох үедээ Г-т мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул Г ХХК-ийг хариуцагчаар татсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Иргэний хуульд зааснаар гэм хор гэх ойлголтод иргэний субъектив эрх буюу баялгийг багасгасан, устгасан бүхий л хор уршиг хамаарна. Өөрөөр хэлбэл тухайн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөн улмаар гэм хорын хохирол бий болдог тул гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа хохирогч этгээдийн эдийн бус эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь талийгаач Х.О-ийн амь насны хохиролд 50 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нотлох зорилгоор “Хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан” гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэхүү тайланд талийгаачийн амь насны үнэ цэнийг 55 876 700 төгрөгөөр тогтоожээ.

 

Дээрх баримтыг шүүх шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй боловч энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байна.          

 

Хүний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрх бөгөөд хариуцагч Б.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан тул амь насыг хохироосон гэм хорын хохиролыг 50 000 000 төгрөгөөр тооцон шаардаж буй нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн агуулгатай байх тул шүүх нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.      

     

Мөн нэхэмжлэгч 280 952 822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа талийгаач Х.О-ийн ирээдүйд олох байсан орлого гэж тодорхойлсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Амь хохирогч Х.О-ийн хүүхдүүд болох Б.Ч, Б.И нарыг 18 нас хүртэл талийгаач ээжийнх нь сар болгон олж байсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг хариуцагчаас гаргуулна” гэх тайлбараар шүүх нэхэмжлэгчийг хохирогч нас барсантай холбогдуулж гэм хорын хохирол учруулсны төлбөрийг шаардаж байна гэж дүгнэлээ.    

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн өв залгамжлагч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 508.2-т зааснаар дээрх төлбөрийг Х.О-ийн асрамжид байсан хүү Б.Ч, хүү Б.И нар авах эрхтэй. 

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоодог.

 

Нас барагч Х.О нь Швед улсад ажиллаж амьдарч байсан, Монгол улсад нийгмийн даатгалын шимтгэл болон орлогын албан татвар төлдөггүй гэх үйл баримтад талууд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 29, 2016 оны 01 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 29, 3 дугаар сарын 29, 4 дүгээр сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолт, санхүүгийн жилийн тайлан гэх баримтуудаар Х.О нь 1 сард 20 000 швед крон буюу Монгол банкнаас зарласан 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шведийн кроны 241.76 төгрөгтэй тэнцэх ханшаар тооцвол 1 сарын 4 835 200 төгрөгийн цалин хөлстэй болох нь тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргийнхээ хүрээнд Итгэлт эстимейт ХХК-иар тогтоолгосон “Хүний амь насны хохиролын үнэлгээ”-г үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул нас барагчийн сарын цалин, хөлс орлогыг нэхэмжлэгчийн шаардсан 1 052 500 төгрөгөөр тогтоов.

 

Хариуцагч нар шүүхийн хэлэлцүүлэгт Х.О-ийг 1 сард 20 000 швед кроны цалин, хөлстэй эсэхэд маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү татгалзлаа баримтаар нотлоогүй.

 

Мөн хариуцагч Гранд мед эмнэлэг ХХК шүүхийн хэлэлцүүлэгт “...шийтгэх тогтоолоор Б.Эыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан тул гэмт буруутай нь тогтоогдсон этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд Б.Э хариуцах ёстой, манай байгууллагад хамааралгүй. ...шийтгэх тогтоолд 1 180 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхив гэж дүгнээд, ...Г ХХК-иас ямар нэг гэм хорын хохирол төлбөр гаргаагүй, дээрх шийдвэр хүчин төгөлдөр байх тул шаардах эрхгүй” гэж,

хариуцагч Б.Э “...Би Гт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үед энэ хэрэг гарсан, ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс учирсан хохирлыг ажил олгогч хариуцна гэж заасан тул би энэ хэргийн хариуцагч биш” гэж тус тус маргасан боловч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын амь нас хохирч, эрүүл мэндэд гэм хор учирснаар хариуцагч нарт хэн алинд нь уг гэм хорыг арилгах үүрэг хуулийн дагуу үүсэх бөгөөд эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн нарын дээрх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар ажилтан нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрх нь нээлттэй.

 

Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар сарын цалин, хөлс болох 1 052 500 төгрөгийг төлбөр авагч Б.Чингүүн, Б.Ирмүүн нарт хуваарилахад 1 хүүхдэд ногдох төлбөр 526 250 төгрөг байх бөгөөд үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 1 хүүхдэд олгогддог 77 500 төгрөгийг хасаж тооцоход 1 сард 1 хүүхдэд гаргуулах төлбөрийн хэмжээ 448 750 төгрөг байх тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д “гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл, сар тутам төлнө” гэж заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Чингүүнийг 18 насанд хүртэл 11 жил 9 сар буюу нийт 141 сарын хугацаанд сар бүр 451 250 төгрөгөөр тооцож 63 273 750 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Ирмүүнийг 18 насанд хүртэл нийт 7 жил 11 сар буюу 95 сарын хугацаанд сар бүр 451 250 төгрөгөөр тооцож 42 631 250 төгрөг, нийт 105 905 000 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид төлсөн 13 600 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, өмгөөллийн хөлсөнд мөнгө төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул энэхүү шаардлагыг хангахгүй орхиж, дээрх үндэслэлүүдээр хариуцагч нараас нийт 155 905 000 төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188 647 822 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 937 475 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйл, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 77 952 500 төгрөг, хариуцагч Б.Эаас 77 952 500 төгрөг тус тус  гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188 647 822 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г ХХК-иас 468 737.5 төгрөг, хариуцагч Б.Э-аас 468 737.5 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.МӨНГӨНТУУЛ

 

                               ШҮҮГЧИД                              Б.МӨНХБАЯР

 

                                                                                         Д.МӨНХЦЭЦЭГ