Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02010

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02010

Улаанбаатар хот

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, Бат Боржигин овогт Гийн Б -гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах, Д ТӨХК -д холбогдох,

 

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Дад хангамжийн хэлтэст хангамжийн инженерээр ажиллаж байхад гүйцэтгэх захирал Ч.Ч нь өөрийн багаа бүрдүүлэх нэрийн доор 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б/51 дугаартай тушаалаар ажлаас өөрчилж дамжлагын машинчаар ажиллах тушаал гаргасан. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийг үндэслээгүй надтай харилцан тохиролцоогүй байхад дамжлагын машинчаар ажиллахыг шаардсан. Мөн миний бие дамжлагын машинчаар ажиллахыг зөвшөөрөөгүй байхад захиргаа хүний нөөцийн албаны даргад үүрэг болгосон албадан хөдөлмөр эрхлүүлэх утга бүхий хүний эрхийг зөрчсөн тушаал гаргажээ. Хариуцагч татгалзлаа аудитын дүгнэлтийг үндэслэн тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээнд аудитын дүгнэлт бол тухайн гүйцэтгэх захирлын ажилд өгч буй үнэлгээ болохоос аудитын дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ойлголт байхгүй. Гүйцэтгэх захирлын ажилд ийм алдаа дутагдал гарсан байна, үүнийг анхаарч  ажиллана уу гэх зөвлөмжийн шинж чанартай байх ёстой. Аудитын дүгнэлтэд захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргаарай гэсэн байна. Захирлуудын зөвлөл гэдэг бол зөвлөх хэмжээний байгууллага. Хавтаст хэрэгт өнөөдрийг хүртэл Захирлуудын зөвлөлөөс ингэж шийдвэрлэсэн гэх үйл баримтыг нотлосон баримт авагдаагүй. Мөн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар дамжлагын машинчаар ажиллуулсугай гэсэн. Хэрэв нэхэмжлэгч өөрөө мэргэжлийн бус хүн яагаад дамжлагын машинчаар ажиллахдаа мэргэжлийн болж байгаа юм. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй ажил, албан тушаалд ажиллуулсугай гэж заасан нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ. Хариуцагч хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэхдээ яамны Төрийн нарийн бичгийн даргаас бичиг ирсэн учраас ажилд авсан гэж тайлбарлаж байна. Төрийн нарийн бичгийн даргаас ирсэн албан бичгийг шинжлэн судлахад нэхэмжлэгчийг боломжтой бол зохих ажлын байраар хангах хүсэлт уламжилсан. Тухайн үеийн гүйцэтгэх захирал нэхэмжлэгчтэй худалдах авах ажиллагааны хангамжийн инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Худалдан авах хангамжийн инженер нь төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах ажил зохион байгуулдаг албан тушаалтай, нэхэмжлэгч нь төрийн болон орон нутгийн өмчөөр худалдах, худалдан авах ажиллагаа явуулах эрхтэй болох нь нотлогддог тул нэхэмжлэгчийг хуульд заасан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халагдах үндэслэл болно гэж заасан. Гэтэл 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаал Хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөрчлөх, дуусгавар болгох ямар нэгэн үр дагавар үүсээгүй байхад тухайн ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж ажил олгогчийн Хөдөлмөрийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Үүний дараагаар ажилтантай харилцан тохиролцохгүйгээр дамжлагын машинчаар ажиллахыг шаардаж, өөрөөр хэлбэл албадан хөдөлмөр хийлгэсэн нь Хөдөлмөрийн гэрээний харилцаа, Иргэний эрх зүйн харилцааг зөрчиж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа тухайн ажлын байранд ажиллуулах тухай үндсэн ойлголтыг зөрчсөн. Иймд миний ажлаа сонгон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийг илт буруу хэрэглэсэн, Улсын Дээд шүүхийн 33  дугаар тогтоолыг илт зөрчсөн хариуцагчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Бг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар худалдан авах ажиллагааны хэлтэст хангамжийн инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Худалдан авах ажиллагааны хэлтсийн хангамжийн инженерийн албан тушаал нь үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой албан тушаал тул түүнд тавигдах шаардлага нь дулаан, цахилгааны инженер мэргэжилтэй, үйлдвэрт 5-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг. Гэтэл Г.Б нь уул уурхайн инженер мэргэжилтэй, ямар ч ажлын туршлагагүй ба Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын албан бичиг, төрийн албан хаагчийн анкетыг үндэслэн шууд ажилд авсан байдаг. 2016 оны 10 дугаар сард дотоод аудитор ажлын байранд тавигдах шаардлагын хэрэгжилтэд аудит хийсэн ба аудитын тайланд худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авах ажиллагааны инженерээр ажиллаж байгаа Д.А, Г.Б, М.Э нарын ажлын байрны шаардлагад дулааны болон цахилгааны тоног төхөөрөмж, электроникийн инженер мэргэжилтэй гэж заасан боловч Г.Б нь уул уурхайн инженер үйлдвэрлэлд 5-аас доошгүй жил ажилласан худалдааны дуудлага туршлагатай гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Ажилтнуудыг ажилд авахдаа заавар журамд нийцүүлэн нарийвчлан боловсруулсан ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангасан ажилтнуудыг сонгон авч байх шаардлагатай гэж дүгнээд ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ажилтнуудын асуудлыг гүйцэтгэх захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан. “Д” ТӨХК-ийн дотоод аудитын үйл ажиллагааны дүрмийг ТУЗ-аас баталдаг ба дүрмийн 10.2-т “дотоод аудиторын гаргасан үнэлэлт, дүгнэлт зөвлөмжийг компанийн гүйцэтгэх захирал, холбогдох нэгж түүний удирдлага, албан хаагчид хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан ч аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. “Д” ТӨХК нь цахилгаан дулаан үйлдвэрлэдэг Улсын онцгой объект тул үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахад хангамжийн инженер чухал үүрэгтэй тул нарийн мэдлэг мэргэжил, туршлагатай хүнийг авч ажиллуулах зайлшгүй шаардлага бий болдог. Иймд үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүднээс Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалд томилох, чөлөөлөх ..” эрхийнхээ хүрээнд Г.Бгийн ажлыг өөрчилж түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн ба ажлаас халаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Дамжлагын инженерийн ажлын байранд тодорхой шаардлага тавигддаггүй.  Ерөнхийдөө цагаар цалинждаг албан тушаал. Тодорхой мэргэжил, ур чадвар шаардахгүй учраас өөрийнх нь тохирох албан тушаалд шилжүүлсэн. Ажлын байр өөрчилсөн гэж нэхэмжилж байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д буруу ажлаас халсан эсхүл шилжүүлсэн тохиолдолд нөхөн олговрыг олгоно гэж заасан. Ажлаас халсан тохиолдолд үндсэн цалинтай тэнцэх, шилжүүлсэн бол зөрүүг олгохоор тооцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг тохирох албан тушаалд нь шилжүүлсэн байхад нэхэмжлэгч өөрөө сайн дураараа ажлаа орхиж явсан. Иймд Г.Бгийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д ТӨХК-д холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь “...Улсын Дээд шүүхийн 33  дугаар тогтоолыг илт зөрчсөн хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэж тайлбарладаг.

 

        Хариуцагч нь “...нэхэмжлэгчийг тохирох албан тушаалд нь шилжүүлсэн байхад нэхэмжлэгч өөрөө сайн дураараа ажлаа орхиж явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргадаг.

 

        Д ТӨХК-ийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил өөрчлөх тухай” №Б/51 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүлйийн 24.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 7.4.1, 7.4.3-т заасныг тус тус үндэслэн Хангамжийн хэлтсийн Хангамжийн инженер Гантөмөрийн Бг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Бг Түлш дамжуулах цехийн Дамжлагын машинчаар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр ажиллуулахаар томилжээ. /хэргийн 17-р хуудас/

 

         Нэхэмжлэгч нь тус компанийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тушаалд гомдлоо 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

         Нэхэмжлэгч Г.Б нь Д ТӨХК-ийн захиралтай 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/47 тоот тушаалаар Г.Бг худалдан авах ажиллагааны инженерээр, 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/45 тоот тушаалаар хангамжийн инженерээр ажиллуулж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

          Д ТӨХК-ийн хангамжийн инженерийн ажлын байрны тодорхойлолтын В-д мэргэжил “Дулаан цахилгааны инженер”, туршлага –үйлдвэрлэлд 5-аас доошгүй жил ажилласан худалдааны дадлага туршлагатай гэж заасан. Мөн дотоод аудитын ажлын тайлангийн дүгнэлтээр нэхэмжлэгч Г.Б ажлын байрны шаардлага хангахгүй гэж зөвлөмжид тусгасан тул түүнийг эрхэлж байсан хангамжийн инженерийн ажлаас ажил олгогч чөлөөлж, Түлш дамжуулах цехийн Дамжлагын машинчаар томилсон ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй байна.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, ... хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол” заасан үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө ажил олгогч мэдэгдэх үүрэгтэй.

 

         Ажил олгогч буюу Д ТӨХК нь нэхэмжлэгч Г.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, нэхэмжлэгч Г.Б хангамжийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага буюу мэргэжил, ур чадвар нь тэнцээгүй тул ажлын өөрчилж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил өөрчлөх тухай” №Б/51 тоот нэхэмжлэгчээс гарсан тушаалын хууль зүйн үндэслэл Хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна.

 

           Д ТӨХК-ийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил өөрчлөх тухай” №Б/51 тоот тушаалаар Хангамжийн хэлтсийн Хангамжийн инженер Гантөмөрийн Бг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хангамжийн инженерийн албан тушаалд  Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан гэж үзнэ.

 

        Ажил олгогч буюу хариуцагч  нь ажилтан буюу Г.Бг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын дүгнэлт гараагүй байхад аудитын зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгч Г.Бг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцээгүй, ажлын байрны шаардлага хангаагүй гэж үзэж Хангамжийн хэлтсийн Хангамжийн инженер Гантөмөрийн Бг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

         Мөн нэхэмжлэгч ажилтан буюу Г.Бгийн ажил, албан тушаалыг өөрчилж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг ажилтантай тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулснаар ажилтан ажил олгогчийн өмнө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийг гүйцэтгэх үүрэг үүсэх байхад тушаалаар ажилтаны ажил, албан тушаалыг шууд өөрчлөн ажиллахыг тушаасан нь Монгол Улсын үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох иргэний эрхийг зөрчсөн тушаалыг ажил олгогч гаргажээ.

 

          Иймд  Д ТӨХК-ийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил өөрчлөх тухай” №Б/51 тоот тушаалыг хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй байх тул Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Бг Хангамжийн хэлтсийн Хангамжийн инженерийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 2 358 394 төгрөг /4 873 286 + 1 872 116 + 329 782 = 7 075 184 :3= 2 358 394 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны ажлын 147  хоногийн цалин нийт 16 124 724 төгрөгийг /2 358 394 : 21,5 хоног = 109 692 төгрөг 1 хоногт ногдох цалин, 147 хоног х 109 692 төгрөг= 16 124 724 төгрөг,/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

           Иймд Д ТӨХК-нд Г.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон 

 

                       ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Бат боржигон овогт Гийн Бг Д ТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн Хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

      

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д ТӨХК-иас Г.Бгийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 124 724 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Г.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Д ТӨХК-нд даалгасугай.

 

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 308 774 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ