Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00173

 

                                  “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01228 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1481 дүгээр магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,905,728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганы гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. “ **** ****” ХХК нь ****д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,905,728 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01228 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ****ээс зээлийн гэрээний үүрэг 8,406,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,499,728 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 149,446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1481 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булган хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх шийдвэр, магадлалдаа “...хариуцагч **** нь 2018.12.14-ний өдөр 134 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүү 2,400,000 төгрөг, нийт 12,400,000 төгрөг төлөх үүргээс 9,736,000 төгрөг төлсөн, гүйцэтгээгүй үүрэг 2,664,000 төгрөг.  2018.12.28-ны өдөр 142 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүү 640,000 төгрөг, нийт 8,640,000 төгрөг төлөх үүргээс 5,700,000 төлсөн, гүйцэтгээгүй үүрэг 2,940,000 төгрөг байна. Нэхэмжлэгч " **** Кредит" ХХК нь хариуцагч ****гээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 5,604,000 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ. Шүүхийн шийдвэр, магадлалын дээрх хэсгийг эс зөвшөөрч байна. Талууд зээлийн гэрээ байгуулахдаа дараах нөхцөлийг нэхэмжлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр харилцан тохиролцсон байдаг. Зээл, түүний хүүг хугацаанаас өмнө аль ч үед хэсэгчлэн төлж болно гэж тохиролцсон. Тийм учраас хариуцагч **** нь гэрээгээр тохирсон хугацааны хүүг аль болох багасгах зорилгоор авсан зээлээ хугацаанаас өмнө хүүгийн хамт төлж байсан. Нэхэмжлэгч мөн адил тохирсон ёсоор төлбөр авах бүртээ зээлийн үлдэгдлээс буюу гүйцэтгээгүй үүргээс хүү тооцон авч, зээлийн үлдэгдлийг тухай бүрт нь дүгнэж, баримтжуулж байсан. Энэ нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн баримтаар нотлогддог. Гэтэл 2 шатны шүүх хариуцагч ****гийн гүйцэтгээгүй үүргээс биш, харин төлөгдсөн зээлээс дахин хүү тооцож, хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дах хэсгийн заалтыг хэрэглээгүй нь энэ гомдлыг гаргах үндэслэл болсон юм. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ****гээс зээлийн гэрээний үүрэг 8,406,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,499,728 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа адил дүгнэлт хийсэн боловч уг гэрээний онцлогийг харгалзаагүйгээс алданги гаргуулах шаардлагад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудын агуулгаас зөрүүтэй хэрэглэжээ. 

8. “ **** ****” ХХК, **** нар харилцан тохиролцож2018.12.14-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 90 хоногийн хугацаатай, 30 хоногийн 8 хувийн хүүтэй, 2018.12.28-ны өдөр 8,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлийн гэрээнүүдийг байгуулжээ. 

Дээрх гэрээнүүдэд талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр үйлдэж, тэдгээрт хэн альнь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлд хамаарна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

9. “ **** ****” ХХК-д Сүхбаатар дүүргийн тамгын газраас БЗҮ/05-68 дугаартай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгосон тухай баримт хэрэгт авагдсанаас гадна анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар маргаагүй тул тус компанийг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулах эрхтэй этгээд гэж үзнэ.  

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй. 

10.   **** нь 2018.12.14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээл 10,000,000 төгрөг, хүү 2,400,000 төгрөг, нийт 12,400,000 төгрөг төлөх үүргээс 9,736,000 төгрөгийг төлсөн, гүйцэтгээгүй үүрэг 2,664,000 төгрөг, 2018.12.28-ны өдрийн зээл 8,000,000 төгрөг, хүү 640,000 төгрөг, нийт 8,640,000 төгрөгөөс 5,700,000 төгрөгийг төлж, гүйцэтгээгүй үүрэг 2,940,000 төгрөг, нийт 5,604,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйталаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргээс биш, харин төлөгдсөн зээлээс дахин хүү тооцож, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсгийн заалтыг хэрэглээгүй гэх утгатай тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганы “...гүйцэтгээгүй үүргээс биш, харин төлөгдсөн зээлээс дахин хүү тооцож, хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дах хэсгийн заалтыг хэрэглээгүй нь энэ гомдлыг гаргах үндэслэл болсон...” гэсэн гомдол хангагдахгүй. 

12. Шүүх гагцхүү барьцаалан зээлдүүлэх газрын буюу тухайн этгээдийн зээл олгох, буцаан төлүүлэх үйл ажиллагааны онцлогийг анхаарч дүгнэлт хийгээгүйгээс алданги гаргуулах шаардлагын талаарх дүгнэлт хуулийн агуулгад нийцээгүй байх тул дараах үндэслэлээр энэ алдааг засч шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

13. Иргэний хууль, бусад зээл олгох үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан хуулиудаас үзэхэд зээлийн гэрээний талууд зээлийг буцаан төлөх нөхцөлийг хүүтэй болон хүүгүй, тодорхой хугацаатай болон хугацаагүй, гэрээний зүйл нь мөнгө эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байхаар, мөн зээл нь зориулалттай, баталгаатай байх зэрэг зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг тусгаж өгчээ. 

Харин барьцаалан зээлдүүлэх газрын эрх зүйн байдал болон зээл олгох, буцаан төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг зохицуулах тусгайлсан хууль байхгүй учир тухайн төрлийн зээлийн харилцааг зохицуулах хэм хэмжээ нь Иргэний хууль байна. 

14. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар тус газар нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг онцлогтой юм. 

Дээрхээс үзвэл, барьцаалан зээлдүүлэх газар нь бусад зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс тухайлбал банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгох зээлээс ялгаатай нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байна. 

Барьцаалан зээлдүүлэх газрын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах арга, журмыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж барьцааны зүйлээр зээлийн төлбөрийг хангуулахдаа хялбар нөхцөл, худалдааны аргыг сонгохыг тодорхойлон заажээ. 

15. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз гэж тодорхойлжээ. 

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга мөн, талууд гэрээндээ үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлүүлэхээр тохиролцож болох хэдий ч дараах нөхцөлийг харгалзах нь хуульд нийцнэ. 

15.1. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх  бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдана. 

“ **** ****” ХХКИргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар барьцаа хөрөнгө болох тоног төхөөрөмж, угаалгын машин, зурагтаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглээгүй, хугацаа сунжирсанд хариуцагчийн буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. 

Иймээс барьцаалсан зүйлийг худалдан борлуулж үүргийг хангуулах эрх үүсэх хүртэл хугацаа буюу 10 хоногоор алдангийг тооцох нь зөв гэж үзнэ. 

Дээрх нөхцөл байдал болон хууль хэрэглээний хувьд анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй байх тул дурдсан үндэслэлээр хариуцагчаас алдангид 280,200 төгрөг /5,604,000х0.5хувь=28,020 төгрөг х10 хоног = 280,200/, үлдэгдэл зээлийн хамт 5,884,200  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1481 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01228 дугаар шийдвэр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ****гээс зээлийн гэрээний үүрэг 5,884,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,021,528 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 109,097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,806төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ                             

                                 ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД