Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/01228

 


 

2020 оны 5 сарын 08 өдөр                                     Дугаар 183/ШШ2020/01228                                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, тоот хаягт байрлах, А ХХК /РД:/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, тоот хаягт оршин суух,  овогт М.гийн Г /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 905 728 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч М.Г нь "А ХХК-тай 2018 оны 12-р сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 90 хоногнйн хугацаатайгаар зээлсэн. Мөн дахин 2018 оны 12 сарын 28-ны өдөр 8 000 000 төгрөгийг сарын 8 хувиар 60 хоногийн хугацаатайгаар тус тус зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 27, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд дуусах байсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй. Зээлдэгч М.Г 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн байлаар үндсэн зээлийн төлбөрт 18 000 000 төгрөг. 363 хоногийн зээлийн хүү 6 706 485 төгрөг нийт 24 706 486 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл 15 436 000 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл 9 270 486 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 370 хоног хугацаа хэтруүлсний алданги 4 635 242 төгрөг. Зээлдэгч М.Г нь нийт 13 905 728 төгрөгийг төлөх үүрэгтэй байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Г би нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу түүнээс 90 хоногийн хугацаатай сарын 8 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг, мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу түүнээс 60 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй 8 000 000 төгрөгийг тус тус зээлсэн нь үнэн бөгөөд энэ талаар маргах зүйлгүй. Нэхэмжлэгч Алекс Кредит ХХК-ийн зээлийн хүү, хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар тооцож, шаардлага гаргаж байгаа нь гэрээний заалт, нөхцөлтэй нийцэхгүй байна. Учир нь бид зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээ байгуулаагүй ба дээрхи 2 гэрээний дагуу шаардах зээлийн хүүгийн хугацаа нийт 5 сар байх юм. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 363 хоногийн хүү тооцож, шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн үүрэгт 15 436 000 төгрөг төлсөн мэтээр тайлбар ирүүлсэн нь бодитой биш юм. Би Турк Улсаас оруулж ирсэн эмэгтэй хүний 2 ширхэг гоёлын шинэ пиджакаа нэхэмжлэгчийн хүсэлтээр 3 000 000 төгрөгт бодож, түүний танилд өгсөн ба нэхэмжлэгч уг мөнгийг зээлийн үүргээс хасна гэсэн атлаа хасаагүй байгаа нь миний хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх, мөн нотлох баримтад үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргахад хүрч байна. М.Г би зээлийн үүрэгт дээрхи төлбөрөөс гадна 1 500 000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг нэхэмжлэгч орхигдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч М.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 905 728 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зээлийн тооцоолол үндэслэлгүй гэж маргав.

           

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талууд 2018 оны 12 сарын 14-ны өдөр 134 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч А ХХК нь 10 000 000 төгрөгийг, 90 хоногийн хугацаатай, 30 хоногийн 8 хувийн хүүтэй, зээлдэгч М.Гд олгох, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр,

-2018 оны 12 сарын 28-ны өдөр 142 тоот зээлийн гэрээгээр, 8 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус  тохиролцжээ. /хх-7-8, 11-12/

 

Дээрх 134, 142 тоот гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гараагүй тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч А ХХК зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч М.Ггийн эзэмшлийн Хаан банкны 5374351560 тоот дансанд шилжүүлсэн болох нь шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байх тул гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Харин хариуцагч М.Г нь 2018 оны 12 сарын 14-ны өдөр 134 тоот зээлийн гэрээний үүрэг 9 736 000 төгрөг, 2018 оны 12 сарын 28-ны өдөр 142 тоот зээлийн гэрээний үүрэгт 5 700 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн. Энэ талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг сунгаж, гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх тул нэхэмжлэгч А ХХК нь хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны хүүг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү шаардаж буй нь үндэслэлгүй.

 

Хариуцагч М.Г 2018 оны 12 сарын 14-ны өдөр 134 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10 000 000 төгрөг, гэрэээгээр тохирсон хугацааны хүү 2 400 000 төгрөг, нийт 12 400 000 төгрөг төлөх үүргээс 9 736 000 төгрөгийг төлсөн, гүйцэтгээгүй үүрэг 2 664 000 төгрөг байна.

-2018 оны 12 сарын 28-ны өдөр 142 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүү 640 000 төгрөг, нийт 8 640 000 төгрөгөөс 5 700 000 төгрөгийг төлсөн, гүйцэтгээгүй үүрэг 2 940 000 төгрөг байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7.1-д “зээлдэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. Алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэх тохиролцоо заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч М.Ггээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 5 604 000 төгрөг, алданги 2 802 000 төгрөг, нийт 8 406 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч М.Ггээс 8 406 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 499 728 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.1,  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Г /РД:/-ээс зээлийн гэрээний үүрэг 8 406 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК /РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 499 728 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 149 446  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХЦЭЦЭГ