Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/02339

 

 

2019 оны 11 сарын 04 өдөр                      Дугаар 183/ШШ2019/02339                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  тоотод оршин суух, Г /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, тоотод байрлах В ХХК /РД:........./-д холбогдох,

 

 

 

Түрээсийн гэрээний үүрэгт 53.550.000 төгрөг гаргуулж, улсын бүртгэлийн Y-...... дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, ......тоот хаягт байрлах 179.9 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй В ХХК -ийн Г т холбогдох гэрээний нэг доголдолтой эд хөрөнгийн хөлсөлснөөс үүдэн гарсан хохирол 27.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М , хариуцагчийн төлөөлөгч С , хариуцагчийн өмгөөлөгч Ц , нарийн бичгийн дарга Т.Ган-эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оын 10 дугаар сарын 05-ны өдөр В ХХК -ийн захирал С тэй харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө ....тоот хаягт байрлах 179.9 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө хөлслүүлэхээр болсон. Тус үл хөдлөх хөрөнгийг хариуцагч эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг ажиллуулах зориулалттай ашиглах байсан тул засвар хийх шаардлагатай болсон. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байрыг хүлээлгэн өгч засвар хийх хугацаа олгож 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг авахаар харилцан тохиролцсон. Талууд 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргын нотариат дээр үл хөдлөх хөрөнгө хөлслүүлэх гэрээ байгуулж батлуулсан. Гэрээний 2.3 дахь хэсэгт түрээсийн төлбөр эхний 6 сард 4,140,000 төгрөг, 7 дугаар сараас эхлээд 4,500,000 төгрөг, 2.5-д түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Талуудын гэрээ 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болон гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгч түрээсийн төлбөр тооцож эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл төлбөрийн хүрээнд нэхэмжлэл гаргасан. Харин 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 12 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ хугацаанд 51,840,0000 төгрөг төлөх ёстой атлаа хариуцагч үүнээс 18,420,000 төгрөг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж төлсөн. Энэ төлбөрт барьцааны нэг сарын түрээсийн төлбөр болон засвар хийсэн 2 сая төгрөг орсон болно. Гэрээний дагуу 16,280,000 төгрөг төлөгдсөн. Үүнээс хасаж тооцоход 35,560,000 төгрөг гэрээний дагуу төлөөгүй, үлдэгдэл төлбөртэй. Гэрээний 3.4-д болон Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу хариуцагчийн төлөөгүй үнийн төлбөр алданги тооцох эрхтэй. Алданги 2019 оны 02 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тооцоход үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул алданги 17 сая төгрөг дээр зогссон. Хариуцагчаас нийт 53,340,000 төгрөг нэхэмжилж байна. Төлөлт хийсэнийг нэг бүрчлэн бичээд нийт 18,420,000 төгрөг тооцоо гарсан. Хариуцагчийн хийсэн төлөлтийг хасаж тооцож нэхэмжлэл гаргасан. 2018 оны 09 дүгээр сараас эхлээд талуудын хооронд түрээсийн харилцаа үүссэн. Үүнээс хойш нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөд байна. Хариуцагч компани удаа дараа гэрээний үүргээ зөрчиж байсан тул нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 294.2.1-д зааснаар гэрээг цуцлах хүсэлттэй байна. Мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө ....тоот хаягт байрлах 179.9 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 45 хоногийн хугацаатай засвар хийж эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулах зориулалтаар үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан. Нэг том заалыг нийт 14 өрөө болгож 27 сая төгрөгөөр засвар хийсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлээд хүйтэрч эхлэнгүүт тус байр дулаан алдаж, маш хүйтэн болж эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хариуцсан конторыг дуудахад Гийн байр жилийн жилд дулааны асуудалтай байдаг гэсэн. Өмнө тус үл хөдлөх хөрөнгө РС зориулалттай ашиглагдаж байсан. Эмнэлгийн зориулалттай ашиглахад хэцүү, тамхины үнэр маш их шингэсэн. Контор дуудахад тэд цаанаас дулаан буюу халаалтыг хэвийн өгдөг гэсэн. Дээрх байрны халаалтын хоёр паартай байсан ба паар халахгүй байх үед Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв 10 сангийн инженерүүд паарнуудын холболт буруу байрлалыг олж тогтоон холболтыг зөв болгон засварласан ч халаах хэрэгсэл цөөн байгаа учир 179 мкв талбайг хоёрхон паар халааж дийлэхгүй нэмж халаагуур тавь гэх албан бичиг ирсэн. Мөн тус үл хөдлөх хөрөнгө цонхноосоо дулаан алдаж байна янзлуулах шаардлагатай гэсэн. 2018 оны 11,12, 2019 оны 01 дүгээр саруудад дулааны асуудалтай байсан. 2019 оны 04 дүгээр сараас эхлээд гадаа дулаарч эхэлсэн тул дулааны асуудал зүгээр болсон. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн албан тоотод танайхаас гаргасан халахгүй гомдлын дагуу тус салбарын хэсгийн инженер 01 дүгээр сард газар дээр нь очиж хэмжилт хийхэд халаах хэрэгслийн гадаргуу дээр 58-60 хэмтэй, өрөөний дотор агаарын хэм 17-18 байсан бөгөөд цонхноос дулааны алдагдал ихтэй байсан байна. Хянагдаж батлагдсан зураг төслөөр баригдсан танай байранд манай зүгээс шаардлагатай дулааныг горимын дагуу түгээж байгаа бөгөөд цонхноос дулааны алдагдал ихтэйн улмаас тасалгааны дотор температур буурч танай ажиллах нөхцөлд нөлөөлсөн байна. Манай зүгээс хүсэлтийн дагуу дотор агаарын температурын зөрүү 10, 11, 12 дугаар саруудаар тооцон 2019 оны 01 дүгээр сарын дулааны төлбөрөөс нөхөн хасалтыг хийсэн болно гэсэн хариу өгсөн. Дараа нь 2019 оны 04 дүгээр сард гадаа дулаарч дулаан алдалт гайгүй болж одоо манайх энэ байранд цааш 3 жилийн гэрээтэй дахин өвөл болох тул дулааны хэвийн явуулахад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуй удирдах газраас албан бичгээр бол тухайн объектыг бүрэн халаахад панел 2000х300х100 хэмжээтэй 3 ширхэг халаах хэрэгсэл суурилуулах шаардлагатай гэсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эмнэлэг үйл ажиллагаа явуулах боломжгүй зогссон. Энэ 3 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх, эсхүл дараа нь төлөх талаар хүсэлт гаргасан. Энэ саруудад тодорхой хэмжээний төлбөр төлдөг байсан нь нотлох баримтаас харагдаж байгаа тул хариуцагч гэрээний үүргээ зөрчөөгүй, үл хөдлөх хөрөнгө дулааны асуудалтай байсан тул эд хөрөнгийн доголдолтой гэж үзнэ. Алдангийн хувьд 2019 оны 02 дугаар сараас эхлээд тооцож эхэлсэн. 2019 оны 02 дугаар сарын 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 12,420,000 төгрөгийг төлсөн ба сүүлд төлсөн 1,000,000 төгрөгийн төлөлтийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаагүй байна. 2019 оны 06 дугаар сар хүртэл хариуцагч 19,140,000 төгрөг төлсөн. Мөн нэмж засвар хийсэн 2 сая төгрөгийг зардлыг Г  хариуцана гэсэн. Иймд хариуцагч нэхэмжлэгчид нийт 21,420,000 төгрөг төлсөн үзнэ. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Г ийн Хаан банкны ......... тоот дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 4,140,000 төгрөг төлсөн. Хариуцагч нэхэмжлэгчид урьдчилж 4,140,000 төгрөгийг барьцаа тавьсан. Гэрээг цуцлах тохиолдолд барьцаанд төлсөн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой. Нийт төлөх ёстой төлбөр бол 47,340,000 төлөгдсөн 21,420,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 25,920,000 төгрөгийг төлөх ёстой. Үүнээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа 3 сарын түрээсийн төлбөрийг хасах тохиолдолд 13,500,000 төгрөг төлөх ёстой. Энэ төлбөрийг төлөөд байрыг чөлөөлж өгнө. Алданги тооцох нөхцөл үүсэн нь харагдахгүй байна. Талууд гэрээг цуцлах бол 2 сарын өмнө мэдэгдэнэ гэсэн. Гэрээний 4.9-д заасан заалтаа нэхэмжлэгч зөрчиж шууд шүүхэд хандсан. Мөн доголдлыг өөрөө арилгах, хариуцах үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй тул хариуцагчид хохирол учирсан. Иймд 13,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээг цуцалж, байрыг 3 жилийн хугацаатай түрээслэх байсан боловч хүйтэрсэн тул цаашид ашиглах боломжгүй гэв.

 

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр В ХХК  нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зорилгоор байр хайж Гийн түрээсийн зарын дагуу очиж уулзсан. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө ....тоот хаягт байрлах 179.9 мкв талбайтай байрыг очиж үзэхэд РС-ны тоглоомын газар ажиллаж байсан. Тус барилгад эмнэлгийн үйлчилгээ явуулах стандартад нийцүүлэн байрыг засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан. Түрээсийн төлбөр авахгүйгээр засвар хийх 45 хоногийн хугацаа өгсөн. Талууд анх амаар 5 жилийн хугацаанд түрээслэнэ гэж тохиролцсон. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болон 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Гийн данс руу нийт 8,280,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 26 төрлийн засварын ажил хийлгэж гүйцэтгүүлсэн. В ХХК  нийт засвар хийхэд 27 сая төгрөг зарцуулсан. Өмнөх байдал ба одоогийн байдал нь ямар их ялгаатай гэдэг нь хэрэгт хавсаргаж өгсөн зурагнуудаас харагдаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 15 сая төгрөг дараа нь 12 сая төгрөг засвар хийсэн байгууллагад бэлнээр төлсөн. Засвар хийж дууссаны дараа хариуцагч одоо хүртэл хаягаа хадаж чадаагүй. Хүйтний улирал эхлээд дотор маш их хүйтэн байхад Г ийг өөрийг нь дуудахад ямар хүйтэн юм, ханын цаана байдаг агааржуулалтын хоолой байгаа. Тэрийг шалгасан уу гэсэн. Үүний дагуу засвар хийж дууссаны дараа хана нурааж агааржуулалтын хоолойг битүүлсэн. Сөрөг нэхэмжлэлтэй хамт үүнтэй холбоотой зурагнуудыг гаргаж өгсөн. 179 мкв талбайтай атлаа 2 паартай. Үүнээс нэг нь ажиллагаагүй, буруу холболттой байсан. Өөрсдөө нэмэлт паар авчраад ашиглахад цахилгааны зардал асар их гардаг. Халаалтын зардлыг өөрсдөө хариуцна гэж нэг бичгийг нэхэмжлэгч тал Гансүхийг байхгүй байхад нь түүний эхнэрээр гарын үсэг зуруулсан. Гансүхийн эхнэр нь их эмчээр ажилладаг. Зөвхөн өвлийн 3 сард төлбөрийг уян хатан байлгахыг хүссэн боловч шүүхэд өгсөн. Цонх янзлуулсан 2 сая төгрөгийг түрээсийн төлбөрт тооцсон. Сөрөг нэхэмжлэл гаргасан шалтгаан нь Г  эмнэлгийн үйл ажиллагаа явуулах талаар мэдсээр байж халдаггүй доголдолтой байрандаа засвар хийлгэж хөлсийг урьдчилан авсан. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй халаалтаа засаж сайжруулахыг шаардахад засан янзлаагүй. Халаалтын асуудалтай буюу эд хөрөнгийн доголдолтой байсан. Г  гэрээгээр хүлээсэн үүрэг болох доголдолгүй эд хөрөнгө хөлслүүлэх үүргээ өөрөө зөрчсөн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.5-д гэрээ байгуулах үед буюу хожим нь эд хөрөнгийн доголдол илэрсэн бөгөөд уг доголдлыг арилгах үүргээ хөлслүүлэгч биелүүлэхгүй саатуулж байвал хөлслөгч хөлсний хэмжээг бууруулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Иргэний хуульд заасны дагуу хөлслүүлэгч эд хөрөнгийг Доголдлыг арилгах үүргээ биелүүлэхгүй бол хохирлыг барагдуулах үүрэгтэй. Хөлслүүлсэн эд хөрөнгө доголдлын улмаас хохирол учруулсан. Дулааны асуудлыг шийдвэрлэх тохиолдолд цааш түрэслүүлж ашиг хийх боломжтой. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сараас эхлээд үл хөдлөх хөрөнгө түрээслэх асуудал яригдаж эхэлсэн. Гэрээг хүчээр албадан байгуулсан зүйл байхгүй. Гэрээний нөхцөлийг Г  болон В ХХК -ийн захирал нар харилцан тохиролцож гэрээг байгуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр талууд бичгээр дулааны асуудалтай холбоотой тохиролцож гарын үсэг зурсан. Хариуцагчийн төлөөлөгчийн эхнэр С г байхгүй үед гарын үсэг зуруулсан гэсэн. Гэвч энэ бичиг дээр гарын үсэг зурахад С  хажууд нь байсан. Бодит байдал дээр нийцсэн шаардлага гаргах ёстой. Засвартай холбоотой зарим төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчийн төлсөн төлбөрт тооцож өгсөн. Хариуцагч тал паарны асуудлыг өөрсдөө хариуцахыг зөвшөөрч гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан. Засварын асуудлын хувьд хариуцагч тал өөрсдийн үйл ажиллагаанд зориулж засвар хийсэн. Засвараас нэхэмжлэгчид ямар ч хэрэгцээгүй, авч үлдэх юмгүй. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь хүйтэн байсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн. Тус үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 09 дүгээр эхлээд хүлээж авсан тухайн үед хүйтэн байна гэж хэлээгүй. Мөн өвөл буюу гадаа хүйтэн байхад үйл ажиллагаа явуулаагүй гэсэн. Түрээсэлж буй зорилго нь эмэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн. Энэ бол хамгийн өндөр стандарт шалгаруулалттай үйл ажиллагаа. Танайх үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан эсэх, бодит хохирол үүссэн гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгч гэрээ цуцлах, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх, гэрээний үлдэгдэл төлбөр 14,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг анх шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийн үнийн дүнг нэмэгдүүлж үлдэгдэл төлбөрт 53,340,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхийг хүссэн байна.

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу гэрээ цуцлах, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг зөвшөөрсөн, харин үлдэгдэл төлбөрийн зарим хэсгийг эс зөвшөөрч өөрт учирсан хохиролд 27,000,000 төгрөг шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

 

 

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд Г  өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, ....тоот хаягт байрлах, 179.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг В ХХК -д хөлслүүлэхээр 2018.12.02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан, гэрээний 2.1, 2.3, 2.4-т зааснаар 2018.11.15-ны өдрөөс 2020.11.15-ныг хүртэл 3 жилийн хугацаагаар, хэлэлцэн тохирсоноор эхний 6 сарын төлбөрийг 4,140,000 төгрөг байх, 7 дахь сараас эхлэн сарын төлбөр 4,500,000 төгрөг төлөхөөр, эхний 1 сарын төлбөрийг 1 сарын барьцаатай 2018.10.05-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн, 2018.10.08-ны өдөр 6,280,000 төгрөг төлсөн, барьцаа нэг сарын төлбөр 4,140,000 төгрөг болохыг тус тус тусгажээ.

 

 

Тухайн үл хөдлөх хөрөнгийг 2018.10.01-ний өдөр хүлээлгэн өгсөн, засварын 45 хоногийн хугацаа олгож, тохирсон хөлсийг 2018.11.15-ны өдрөөс эхлэн тооцохоор талууд тохиролцсон байна.

 

Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хөлслөгчид тухайн талбай бүхий эд хөрөнгийг ашиглах боломжийг олгох бөгөөд хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.1-д зааснаар ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх, 288.1.2-т зааснаар хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх, 288.1.3-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүрэгтэй байна.

 

Хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эмэгтэйчүүдийн эмнэлгийн зориулалтаар 2019.10.15-ны өдрийг хүртэл ашигласан байх бөгөөд эд хөрөнгө ашигласны хөлсийг гэрээний 2.3-т зааснаар эхний 6 сард буюу 2018.11.15-наас 2019.05.15-ныг хүртэл сарын 4,140,000 төгрөгөөр тооцоход 24,840,000 төгрөгийг, харин 2019.05.15-наас эхлэн 2019.10.15-ныг хүртэл 4,500,000 төгрөгөөр тооцоход 22,500,000 төгрөг нийтдээ 47,340,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгчийн ирүүлсэн тооцоо, талуудын тайлбараас үзэхэд 2018.10.05-ны өдрөөс эхлэн нийтдээ 21,420,000 төгрөг хариуцагч талаас төлөгдсөн талаар маргаагүй боловч нэг сарын барьцааны 4.140,000 төгрөгийг хасах эсэх, үлдэгдэл үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцох эсэх талаар маргаан үүссэн байна.

 

Шүүх талуудын хооронд урт хугацааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.2-т ..эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж зааснаар 2018.12.02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг цуцалсан байна.

 

Гэрээний 3.6-д зааснаар барьцаа мөнгийг суутгах үндэслэл үүсээгүй тул хариуцагчийн төлсөн мөнгөнөөс барьцааны 4,140,000 төгрөгийг хасч тооцох нь буруу, мөн гэрээ дуусгавар болсоны үр дагавар шаардах эрхтэй боловч гэрээний 3.4-т зааснаар алданги тооцох авүндэслэлгүй тул хариуцагчийн төлөх ёстой 47,340,000 төгрөгнөөс төлсөн 21,420,000 төгрөгийг хасч үлдэх 25,920,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д зааснаар гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар барьцааны мөнгийг буцааж өгөх, эсхүл төлөх төлбөрт тооцох нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд доголдолтой эд хөрөнгө хөлсөлсөнөөс үүдэн гарсан хохирол 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 289.2.2-т зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байна.

 

Гэхдээ эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үндэслэлээ тухайн 179 м/кв талбайд 2 паартай, халаалтын доголдлоос болсон гэж тайлбарладаг боловч хариуцагчийн ирүүлсэн засвартай холбоотой баримтууд нь эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйл ажиллагаанд нийцүүлэн хийсэн засвар, үйлчилгээнд гарсан зардал байх тул Иргэний хуулийн 289.2.2-т заасан хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон буюу халаалтын доголдолтой холбоотой зайлшгүй зардал гэж үзэхгүй болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2018.12.02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг цуцалж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, ....тоот хаягт байрлах, 179.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч В ХХК -иас 25,920,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,420,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 289.2.2, 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дахь хэсэгт зааснаар Г ээс хохиролд 27,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн В ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 287,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /231,450+70,200+70,200+35,200/ төгрөгийг, хариуцагчийн төлсөн 293,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ