| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2019/01569/И |
| Дугаар | 183/ШШ2019/02441 |
| Огноо | 2019-11-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2019/02441
| 2019 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2019/02441 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Москва хороолол 00 дүгээр байр, 000 тоотод байрлах, М ХХК /рд:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Маршал таун кинг тауэр, 000 дугаар байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Б овогт Э. С /рд:0000000/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 22 755 057 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компанийн өмчлөлийн улсын 00-00 УБЗ дугаартай “NISSAN PATROL Y262” маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Э.С нь танхайн сэдэлтээр, санаатайгаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 дугуйг нь хутгаар хутгалж, бүх цонхуудыг нь хагалж, доторхи салоны хянах самбар, толь, гадна их бие зэргийг эвдэж, манай компанид хохирол учруулсан. Бидний зүгээс тухай үед нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэг бүртгэлтийн ажиллагааг хааж, бусдад хохирол учруулсан нь тогтоогдож байх тул иргэний журмаар учруулсан хохирлоо нэхэмжлэх талаар дурдаж тогтоол гаргасан. Хариуцагч дээрх үйлдлийг өөртөө туслах зорилгоор хийсэн гэж тайлбарладаг боловч тэрхүү үйлдэл нь өөр зорилготой байсан гэдэг нь бичлэгээр тогтоогдоно. Үнэхээр өөртөө туслахаар байсан бол нэг дугуйг нь хагалахад л болох байсан. Хариуцагч прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол тухайн үед дээд шатны прокурорт нь яагаад гомдол гаргаагүй юм. Тээврийн хэрэгсэлд авто машины ослоос үүдсэн хохирлыг засч, засварласан ч дийлэнх тохиолдолд түүний арилжааны үнэ буурдаг. Иймд хохирогчийн зүгээс машинаа цааш арилжих зорилгоос үл хамааран гаргасан өртөгт зохимжтой мөнгөн төлбөрийг гаргуулахын тулд мэргэжлийн байгууллагын үнэлгээг гаргуулсан, үнэлгээний дагуу шаардсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-д хөрөнгийн үнэлгээний үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт байна гэж заасан. Үүнээс өөрт баримт байхгүй, энэ баримтад үндэслэж бид хохиролоо нэхэмжилж байгаа. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д хохирол учруулагч зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй тохиолдолд мөнгөн төлбөрөөр төлж барагдуулна гэсний дагуу хариуцагчаас 22 755 057 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Э.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.С миний бие 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дугаартай Ниссан патрол Y62 маркийн машинд гэмтэл учруулсан нь үнэн. Дээрх асуудал Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгагдаж, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №000 дугаартай тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэгдсэн. Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гурван хүүхдийнхээ хамтаар Тайланд улс руу зорчихоор болж, нисэх онгоцны буудал дээр очсон боловч тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдлын улмаас нислэг хойшлогдсон. Тэгээд хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 хороо “Кинг Тауэр” хотхон дахь гэр рүүгээ буцаж ирээд зогсоолд машинаа байрлуулах гэтэл манай ашигладаг агуулахаас манай гэрийн эд зүйлсийг хүн зөөж байхтай таарсан. Тэгээд машинаа байрлуулаад буцаж ирээд “Энд юу болоод байна, яахаараа манай агуулахын цоожийг нь эвдээд, манай гэр бүлийн эд зүйлсийг зөөж байдаг юм” гэхэд надад юу ч хэлэхгүй таньд хамаагүй гээд ойртуулахгүй, агуулахад байсан эд зүйлсийг гаргаад машин руу зөөсөн. Тухайн машиныг нь очоод харахад нөхрийн компанийн машин байсан. Тэгээд би уг асуудлыг таслан зогсоохоор цагдаад дуудлага өгсөн ба цагдаа ирэхээс өмнө манай хамаг юмыг ачаад явчих гээд байсан тул арга буюу машиныг нь хөдлөхгүй болгох зорилгоор машины дугуйг нь хагалж, цагдаагийн байгууллага ирэх хүртэл саатуулж байсан юм. Би зөвхөн өөрийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй” гэх заалтын дагуу өөртөө туслах арга хэмжээ авч, дээрх хохирлыг учруулсан. Тус агуулахын өрөөнд хүүхдүүдийн унадаг дугуй, аяллын хэрэгслүүд, хэрэглээгүй удсан эд зүйлс, миний болон манай аав ээжийн цуглуулдаг шашны дурсгалт эд зүйлс болон жижиг сейф хадгалагддаг байсан. Би өөрийн үйлдлийг хууль бус Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй байгаа бөгөөд өөрийн гэм бурууг хүлээсэн нэг ч мэдүүлэг өгч байгаагүй. Улмаар уг хэрэг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон боловч уг тогтоолд “...Э.С нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Э.С миний бие Н.М-тай 2007 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. М ХХК нь миний нөхөр Н.М-гийн 100% хувьцаа эзэмшдэг байсан компани бөгөөд тус компани нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 00-00 УБЗ улсын дугаартай Ниссан патрол ******* дугаартай автомашинд гэмтэл учруулсан нь үнэн, энэ үйл баримттай маргахгүй. Энэ өдөр хүүхдүүдийн хамт Тайланд улсруу амрахаар онгоцны буудал дээр очсон боловч нислэг хойшлогдож, хүүхдүүдтэйгээ гэрлүүгээ иртэл гэрийн эд зүйлийг зөөж байхтай таарсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч тэднийг ирэхээс өмнө хамаг зүйлийг нь ачаад явчих гээд байсан тул арга буюу машиныг хөдөлгөөнгүй болгох зорилгоор машины 4-н дугуйг хагалж цагдаагийн байгууллага ирэх хүртэл саатуулсан. Тэрээр зөвхөн өөрийнхөө эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан, цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах буюу устгах эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдийн зохих үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй гэж заасны дагуу өөртөө туслах арга хэмжээ авсан. Тус агуулахад нөхөр н.Мөнхбаясгалангийн хувцас, түүнтэй холбоотой нэг ч эд хөрөнгө байгаагүй. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн 393 дугаартай тогтоолоор Э.Солонгыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэж тогтоосныг зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд эд хөрөнгө учруулсан гэм хорыг арилгах гэж байдаг. Энэ зохицуулалтанд бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэсэн автомашин одоо өмнөх байдалд нь сэргээж, бусдад худалдсан. Өмнөх байдалд нь сэргээхдээ хэдэн төгрөг гарсан бэ гэдэг асуудал хамгийн чухал. Тодорхой хэмжээний зардал гарсан, энэ зардлын талаар мэдэх гэрч мэдүүлэг өгсөн. Гэтэл хөндлөнгийн цагдаагийн байгууллага болон шүүхээс томилоогүй байхад өөрсдийн таньдаг Мастер үнэлгээ ХХК-иар илт өндөр үнэлгээ тогтоолгож, үнэлгээний дагуу гэм хорыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй. Хохирлын үнэлгээ бол тухайн авто машиныг хэдэн төгрөгөөр засч, хэвийн байдалд нь оруулах боломжтойг тогтоосон байх. Гэтэл бодит байдал дээр 20 000 000 төгрөгөөр засварлах ёстой машиныг 10 000 000 төгрөгөөр засвар хийж, машины анхны үнэлгээ 10 000 000 төгрөгөөр буурсан бол энэ 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэхгүй гэж байгаа бол засварын мөнгөө нэхэмжлэх эрхтэй. М ХХК нь хувь хүн биш, иргэн биш. Өмчлөх эрхтэй эсэх, авто машинд ямар нэгэн гэмтэл учирсан, энэ авто машиныг засварлуулсан бол компанийн хөрөнгөөр тодорхой хэмжээнд засварлуулсан. Компанийн хөрнгөөр тодорхой хэмжээнд засварлуулсан албан баримт компанийн тайлан балансад тусгагдсан байх ёстой. Энэ баримтуудыг компаниасаа гаргаж өгөөд нэхэмжлэлдээ тусгаад засварын үнээ нэхэмжлэх бүрэн боломжтой байсан боловч компани өөрөө нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй, хэдэн төгрөгийн зардал гаргасан гэдгээ нотлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Сд холбогдуулан гэм хорын хохиролд 22 755 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд Э.С нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Кинг таур хотхоны автозогсоолд М ХХК-ийн өмч болох 00-00 УБЗ улсын дугаартай Ниссан патрол Y62 маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар устгаж, гэмтээсэн, улмаар дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0000 дугаар Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон байх бөгөөд Мастер үнэлгээ ХХК нь автомашинд учирсан хохирлыг 22 755 057 төгрөгөөр тогтоож, энэ талаар прокурорын 393 тогтоолд тусгажээ.
Хариуцагч Э.С шүүхэд гэм буруугийн талаар маргасан агуулга бүхий тайлбарыг гаргасан боловч тус прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэм буруугийн талаар маргахгүй, харин 22 755 057 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, 10 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой” гэж тайлбарласан тул шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...хариуцагч Э.С нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах үйлдэл хийсэн” гэж тайлбарласан. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй” гэж заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу эрхээ хамгаалагч нь өөртөө туслах үйлдлийг хийхэд тухайн эрхийнхээ хууль ёсны эзэмшигч байх, өөртөө туслах үйлдэл хийгээгүй тохиолдолд эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрах бодит аюул үүссэн байх зэрэг нөхцөл байдал шаарддаг.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тухайн үйл баримт бичигдсэн СД бичлэгт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болсон уг хэрэгт хариуцагч Э.С-н өөртөө тусалсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан “...нэхэмжлэгч нь автомашинд учирсан хохирлыг өртөг өндөртэй сэлбэг материалаар засварлуулахаар үнэлүүлсэн боловч хямд сэлбэгээр гэмтлүүдийг засуулсан байх боломжтой. ...Иймд гэрч Б.А-н мэдүүлэгт тусгагдсан үйл баримтыг тодруулах зорилгоор ******* ХХК-ийн ажилтан Ц.С-н Хаан банк дахь данс, Вьетнам засварын газарт автомашин засварлуулсан төлбөрийг хүлээн авсан П.Ц-н Хаан банк дахь дансны хуулгыг гаргуулъя” гэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн, П.Ц-н дансны хуулга хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч уг баримтаар хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд “...Шинжээч томилж, машинд учирсан хохирлын үнэлгээ, хэвийн байдалд сэргээхэд гарсан засварын зардлыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй боловч одоо тус авто машин хэний өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдохгүй байх тул Автотээврийн үндэсний төвөөс лавлагаа гаргуулна” гэх хүсэлтийг гаргасан боловч уг машин нэгэнт засварлагдсан, бусдад шилжсэн байх тул шүүх энэхүү хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолгүй юм.
Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсан шалтгаант холбоо байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.Сос 22 755 057 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Д.О шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С-ос 271 725 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.С-ос 22 755 057 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 271 725 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ