Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00174

 

  

Д.Чимэдлхамын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00520 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар магадлалтай,

 Д.Чимэдлхамын нэхэмжлэлтэй,

Г.Батбилэгт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Чимэдлхам, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Д.Чимэдлхам нь Г.Батбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00520 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 282.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Батбилэгээс 12,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Чимэдлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбилэгээс 213,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагч Г.Батбилэг хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: ...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх Д.Чимэдлхамын нэхэмжлэлтэй Г.Батбилэгт холбогдох зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, анх тохирсон сарын хүүг 3 хувиар тохирсон тохироог 6 хувиар тооцож миний хууль ёсны эрх ашгийг хохироолоо. Анхан шатны шүүхийн энэ алдааг засуулах гэж давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянан үзэж зээлийн хүү 2,400,000 төгрөг гэснийг 1,200,000 төгрөг болгосон өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч Г.Батбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 282.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Батбилэгээс 12,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Чимэдлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

7. Нэхэмжлэгч Д.Чимэдлхам нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцон гэрээ хийсэн, 2020.02.10-ны өдөр хүртэл сунган үндсэн зээлийг хүүгийн хамт өгөх хүсэлт гарган сунгасан. ...зээл, ...хүү, алдангийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч Г.Батбилэг ...1 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй гэж тохирч байсан, ...хүү, алдангийг төлөхгүй. ...Үндсэн зээлийг бол төлнө... гэж мэтгэлцжээ. 

Зохигч үндсэн зээл 10,000,000 төгрөгт маргаагүй бөгөөд зээлийн хүү, алданги төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.  

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

10. Зохигч 2019.10.10-ны өдөр Г.Батбилэгт 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 30 хувийн хүүтэй өгөхөөр харилцан тохиролцсон, уг гэрээг 2019.11.10-ны өдрөөс 2020.02.10-ны өдрийг хүртэл өдрийн 1 хувийн хүүтэй сунгасан болох нь тогтоогджээ.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль нь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл хийсэн гэж үзнэ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно. 

Д.Чимэдлхам нь зээл 10,000,000 төгрөгийг Г.Батбилэгт шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсоноос гадна энэ талаар талууд маргаагүй байх тул нэхэмжлэгч хуульд болон зээлийн гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. 

12. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж хуульчилжээ. 

Хоёр шатны шүүх зээлийн гэрээний 2.4-т ...сарын 30 хувийн хүү тооцно гэсэн талуудын тохиролцоог сарын хүүг 6 хувиар тооцож, хариуцагчаас үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 2,400,000 төгрөг, нийт 12,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан шаардлага, агуулгад нийцсэн дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.  

Хариуцагчийн сарын хүүг 3 хувиар тохирсон гэх утгатай тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

14. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбилэгийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00520 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Г.Батбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              П.ЗОЛЗАЯА 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН              Г.АЛТАНЧИМЭГ

                                           ШҮҮГЧИД              Б.МӨНХТУЯА

                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                          Х.ЭРДЭНЭСУВД