Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/02407

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/02407

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Бор овогт Пын Э ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух, Ончуул овогт Бийн Т  д  холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч П.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Э нь Б.Ттэй, ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах 5 давхар орон сууцны барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2014.09.04-ний өдөр 01 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд ажлын хөлсийг нийт 146 000 000 төгрөгөөр тохиролцож, үүнээс 120 000 000 төгрөг нь барилгын заслын ажлын хөлс 26 000 000 төгрөг нь цахилгааны монтажны ажлын хөлс байхаар тусгасан.  Ингээд захиалагч П.Э нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлж, 16 000 000 төгрөгийг бэлнээр, 84 000 000 төгрөгийг бартераар буюу өөрийн төрсөн дүү П.Оын нэр дээрх БЗД-ийн 18 дугаар хороо, ... тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг гүйцэтгэгч Б.Тгийн нэр дээр 2014.09.03-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэх замаар төлж барагдуулсан юм.

Ийнхүү захиалагчийн зүгээс ажлын хөлс төлөх үүргээ биелүүлсэн боловч гүйцэтгэгч Б.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр барилгын талбайг орхиж явсан бөгөөд Б.Тгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч Б.Т нь 61 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаарх  жагсаалтыг гарган өгч, гүйцэтгээгүй ажлын хөлс болох 39 000 000 төгрөгийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч 2015.10.22-ны өдөр болон 2017.8.12-ны өдөр захиалагчид өөрийн гараар баталгаа бичиж өгсөн болно.

Гэтэл Б.Т нь гүйцэтгээгүй ажлын хөлсийг буцаан төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар 2019.07.06-ны өдөр хүрсэн бөгөөд мөн өдөр талууд харилцан тохиролцож 2014.09.04-ний өдрийн 01 тоот Ажил гүйцэтгэх гэрээнд 1-рт аливаа асуудлыг Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр, 2-рт гүйцэтгэгч Б.Т нь 39 сая төгрөгийг бэлнээр төлж барагдуулах боломжгүй тул тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэн төлбөрөө барагдуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч мөн л П.Эын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эрх, ашгийг нь хохироосоор байна.

Иймээс иргэн Б.Т нь П.Эад учирсан хохирлыг барагдуулах талаар ямар 1 арга хэмжээ авахгүй, эрх ашгийг нь хохироосоор байгаа тул талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т “гэрэээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 219.1-т “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн иргэн Б.Тд илүү төлсөн 39 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн П.Этай бид 2014.09.04-ний өдөр ХУД-ийн 16 хороонд байрлах барилгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцон гэрээ байгуулсан нь үнэн болно. Уг гэрээнд зааснаар гэрээний дагуу 2014.11.20-ны өдөр дууссан бөгөөд МУ-ын Иргэний хуулийн 9 дүгээр бүлэг, 75 дугаар зүйлийн 75.2 болон 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан байгаа ба иргэн П.Эын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.  Хэдийгээр уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч би гэрээний үүргээс огт зайлсхийгээгүй бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 7 сард иргэн П.Этай уулзан тохиролцон нийт нэхэмжлэлд дурдагдсан 39 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулалгүйгээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэн барагдуулахаар тохиролцсон байгаа ба одоог хүртэл ямар нэгэн ажлын санал ирүүлээгүй байгаа атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

         Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

        Хариуцагч Б.Тд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч П.Э  шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...П.Э нь Б.Ттэй, ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах 5 давхар орон сууцны барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2014.09.04-ний өдөр 01 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд ажлын хөлсийг нийт 146 000 000 төгрөгөөр тохиролцож, үүнээс 120 000 000 төгрөг нь барилгын заслын ажлын хөлс 26 000 000 төгрөг нь цахилгааны монтажны ажлын хөлс байхаар тусгаж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлж Б.Т нь 61 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаарх  жагсаалтыг гарган өгч, гүйцэтгээгүй ажлын хөлс болох 39 000 000 төгрөгийг буцаан төлөхөөр тохирсон боловч үүргээ биелүүлэхгүй байх тул 39 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байна.

 

          Хариуцагч Б.Т “... 2014.09.04-ний өдөр байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уг ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэж байсан ажлыг шууд зогсоогоод миний хийж байсан ажлыг нэхэмжлэгч хүргэндээ хүлээлгэж өгсөн, гэрээг дүгнээгүй, 2019.07.06-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр мөнгийг бэлнээр өгөхөөр тохиролцоогүй, гэрээний дагуу барилгын засварын ажил огт санал болгоогүй, гэрээгээр тохиролцсон 39 000 000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх барилгын засварын ажлыг хийхэд татгалзах зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.        

 

        Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн  343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

         Нэхэмжлэгч П.Э Хан-Уул дүүрэгт орших 5 давхар 1 орцтой 24 айлын орон сууцанд барилгын заслын ажлыг хариуцагч Б.Тгээр хийж гүйцэтгүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, ажлын хөлсөнд бэлнээр 16 000 000 төгрөг, 84 000 000 төгрөгт тооцуулан  Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 11 дүгээр байр 3 тоот 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, нийт 100 000 000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

        Зохигчид дээрх ажил гүйцэтгэх гэрээнд 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлт” гэж гэрээнд нэмэлт оруулж, гэрээний 2 дахь заалтад “Гэрээний 2-р заалтад заагдсан 39 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулах боломжгүй байгаа тул талууд харилцан тохиролцож тодорхой ажлуудыг гүйцэтгэн гэрээнд тусгагдсан үнэд дүйцүүлэн хийж гүйцэтгэж барагдуулахаар тохиролцов” гэх нэмэлт өөрчлөлтийг оруулж,талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.Тгээр барилгын засварын ажил гүйцэтгүүлэхгүй, гэрээний дагуу бэлэн мөнгө 39 000 000 төгрөгөө гаргуулахаар шаардсан, хариуцагч Б.Т нэхэмжлэгч П.Э ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын заслын ажлын санал огт тавиагүй, харин баригдаж байгаа барилгад Ерөнхий инженерийн ажил гүйцэтгүүлэх санал тавьсан, би барилгын инженерийн мэргэжилгүй, мэргэжлийн бус хүн олон хүний амь настай холбоотой барилгын хяналтыг мэргэжлийн бус хүн хийж болохгүй гэж хэлсэн, харин уг барилга дээр барилгын засварын ажил хийх боломжтой мөн гэрээний дагуу бэлэн мөнгө өгөхөөр бид тохиролцоогүй, 39 000 000 төгрөгт дүйцэх барилгын засварын ажил хийхээр тохиролцсон, ажлыг хийхэд маргахгүй гэж тайлбарладаг.

 

         Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан ба талууд ажил гүйцэтгэх гэрээнд 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт оруулж, уг нэмэлт гэрээний дагуу хариуцагч Б.Т 39 000 000 төгрөгт дүйцүүлэн барилгын заслын ажил хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгч П.Эын өмнө үүрэг хүлээсэн байна.

 

        Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээсээ татгалзаж, гэрээнээс учирсан хохиролд 39 000 000 төгрөг шаардаж байх боловч хариуцагч Б.Тд гэрээний дагуу барилгын заслын ажил хийлгүүлэхээр түүнд барилгын заслын ажил хийх санал гаргаагүй, үүргээ биелүүлэх боломж олгоогүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбараар тус тус нотлогдож байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргийг биелүүлэх барилгын заслын ажил санал болгоогүй учраас хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохирол шаардсан нь үндэслэлгүй байна.

 

          Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “... гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч П.Э ажил гүйцэтгэх гэрээнд 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт оруулж, уг нэмэлт гэрээний дагуу хариуцагч Б.Т 39 000 000 төгрөгт дүйцүүлэн барилгын заслын ажил хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн байх тул хариуцагчаас 39 000 000 төгрөгт дүйцэх барилгын заслын ажил гүйцэтгэх үүргийг хариуцагчаас шаардах, хариуцагч уг үүргээ биелүүлэхгүй тохиолдолд учирсан хохирлоо шаардах эрхтэй  бөгөөд хариуцагч үүргээ зөрчсөн болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 117, 118   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Тгээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч П.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352 950 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ