Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2562

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 29 өдөр                   Дугаар 183/ШШ2019/02562                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д   холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг гаргуулах тухай үндсэн,

гэрээнээс татгалзаж, хохиролд 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цагаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайхтай “Б” ХХК нь 2017-07-05-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж Автогрейдер РҮ-160С загварын, 000210 арлын дугаартай, 51-51 УН бүртгэлийн дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн механизмыг 45,0 сая төгрөгөөр худалдан авсан. Гэрээний 2.4-д механизмыг талууд акт үйлдэж хүлээж авсны дараа худалдагчийн нэхэмжлэлийг үндэслэн үнийн дүнгийн 50 хувийг, дараагийн төлбөрийг анхны төлбөр төлсөн өдрөөс хойш 1 сарын дотор төлнө гэж заасан. Хариуцагчтай уг техникийг хүлээн авах, хүлээлгэн өгөх актыг 2017-07-03-ны өдөр үйлдэж албан ёсоор хүлээлцсэн. Худалдах худалдан авах гэрээнд төлбөрийг 45 хоногийн дотор бүрэн төлөх юм байна гэсэн итгэл төрүүлсэн учраас хүү, алданги гэрээнд тусгаагүй. Манайх гэрээний үүргээ бүрэн биелүүлж, автогрейдерийн үнийг төлөх талаар удаа дараа шаардахад гүйцэтгэх захирал нь хүлээн зөвшөөрч төлбөрийг хийнэ гэдэг байснаа сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Сүүлд 2017-11-05-ны өдрийн 22 тоот албан бичгээр шаардсан ч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандсан. Манай өмгөөлөгч гэрээний 8.1-д зааснаар албан мэдэгдэл хүргүүлсэн ч компанийн хуульч нь хүлээн авахаас татгалзсан. Энэ механизмыг авч явсан цагаас хойш доголдол болсон талаар манайд мэдэгдээгүй. Хүлээлгэн өгсөн акт гэрээний эх хувь нь манайхаас биш хариуцагчийн авчирсан баримт дээр нь би гарын үсэг зурсан. Механизмыг уурхай дээр хүлээн авна гэсэн заалт нь механизмыг хүлээж авсны дараа сүүлд хийгдсэн. Гүйцэтгэх захирал Соронзонболд биш гэх тайлбар үндэслэлгүй, өмнөх хурал дээр “Б” ХХК-ийн төлөөлөгч Баттулга хэлэхдээ “Чингүн төлөөлөх эрхгүй учир дэд захирал орлосон. Дэд захирал тамга тэмдэг бүх зүйлийг бие даан хэрэгжүүлж байсан” гэсэн. Бизнесийн аливаа хэлцэл итгэлцэл дээр хийгддэг, гэтэл хариуцагчийн гэрчилгээнд бичигдсэн асуудлаас болж маргаан 1 жил болж байна. Тухайн үед компанийн захирал гээд гэрээнд гарын үсэг зураад худалдан авсан хөрөнгөө аваад явахад бид тухайн иргэнийг компанийн захирал мөн бишийг шалгах боломжгүй, өөрийгөө захирал гэж танилцуулаад гэрээнд гарын үсэг зурсан. Иймд гэрээний 45,0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний 2.1-д механизмыг уул уурхай дээр хүлээн авч техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтмол ажиллагааг хир хангаж байгааг тодруулсны дараа зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзвэл гэрээнд гарын үсэг зурж төлбөрийн нөхцлийг баталгаажуулна гэж заасан. Гэрээнд заасан уурхай дээр хүлээж аваад тогтмол ажиллагааг хэр хангаж байгааг тодруулаагүй. Иргэний хуулийн 243.1-д гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Гэрээнээс татгалзаж байсан баримтаа гаргаж өгсөн. Гэрээ байгуулагдсан огноо нь 2017 оны 7 сарын 05, хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан “Б” ХХК-ийн гэрчилгээний ард 2017 оны 3 сарын 02-ны өдрөөс хойш компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд гүйцэтгэх захирал М.Чингүн гэж байгаа. Энэ гэрээг байгуулсан этгээд нь төлөөлөх эрхгүй этгээд байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай удирдлагууд болон хувьцаа эзэмшигчдийн дунд маргаантай асуудлууд үүсч, хуулийн байгууллагуудаар эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд ямар 1 үйл ажиллагаа явуулаагүй билээ. Уг маргаантай холбоотойгоор манай тамга тэмдэг, санхүүгийн болон бусад бичиг баримтууд үрэгдэж хариуцан ажиллаж байсан ажилтнууд өөр ажилд орсон зэрэг хүндрэлтэй асуудлууд үүссэн. Хэдий тийм ч манай удирдлагуудын маргаан хууль эцэслэн шийдэгдэж бид үйл ажиллагаагаа явуулахаар зорин ажиллаж байна. Дээр дурдсан шалтгааны улмаас “Д” ХХК-тай байгуулсан гэрээ, тухайн үйл явдалтай холбоотой баримт бичгүүд алга болсон тул шүүхэд уг хэрэг маргаантай холбоотой хариу тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах, хэргийн талаар бодит үнэнийг тогтооход хүндрэлтэй асуудлууд үүсээд байсан. Бидэнд “Д” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдахаар оролдсоныг нотлох зарим нотлох баримтууд гарч ирсэн. Манай компани “Д” ХХК-тай 2017 оны 7 сарын 05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, автогрейдерийг 45,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 3,500,000 төгрөгийн зардал гарган, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах “Саусгоби сендс” ХХК-ийн уурхай руу тээвэрлэсэн. 2017 оны 7 сард очсоноос хойш уурхай дээр оператор болон үзлэг оношилгоо хийх механикгүй байсан учир огт асууж шалгаж, хөдөлгөж ашиглаагүй. Ингээд автогрейдерийг ажилд гаргах зорилгоор засварын механик Б.Баясаагаар 2017 оны 8 сарын 18-нд үзлэг, оношилгоо хийлгэхэд дараах эвдрэл доголдлууд илэрсэн. Үүнд удирдлагын хянах самбар цахилгааны масстай, хөдөлгүүрийн тосны шланг тос гоожилттой, хөргөлтийн радиатор гоожилттой, ажлын хусах төхөөрөмжийн гидроцлиндрүүд тос гоожилттой, явах анги муу /дугуй элэгдэл ихтэй/, аккумлятор муу, хутганы ир элэгдэл ихтэй, хүрдний гулгаа элэгдэлтэй гэх эвдрэл гэмтэлтэй байсан. Дээрх эвдрэл гэмтлүүдийг 2017 оны 8 сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 сарын 22-ны өдрүүдэд засварлаж янзалж асааж шалгаж үзээд ажилд гаргах гэсэн ч зүүн хойд дугуйн хэсэгт зуурсан, хавирсан чимээ гарсан тул хойд дугуйн хэсгийн люкийг тайлж үзэхэд хойд дугуйн хөтлөгч гинжний 3 ширхэг ролик хагарсан байсан. 2017 оны 8 сарын 22-ноос хойш өнөөг хүртэл хойд дугуйн хөтлөгч гинжээр сэлбэг байхгүйн улмаас ажиллах боломжгүй зогсож байна. Гэрээнд зааснаар худалдагч эрхийн болон биет байдлын доголдолгүй автогрейдерийг актаар манайд нийлүүлэх үүргийг хүлээсэн ч автогрейдер нь 1 ч өдөр ажиллаагүй буюу хойд дугуйн хөтлөгч гинжний ролик хагарсан байсныг нуусан, удирдлагын хянах самбар цахилгааны масстай, хөдөлгүүрийн тосны шланг, хөргөлтийн радиатор, ажлын хусах төхөөрөмжийн гидроцилиндрүүд тос гоожилттой зэрэг доголдолтой хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Гэрээний 6.1-д “Энэхүү гэрээний дагуу нийлүүлж байгаа механизмд нийлүүлэгч нь чанарын доголдлын хүрээнд 6 сарын баталгаа өгч, хугацаа нь механизмыг актаар хүлээлгэн өгсөн өдрөөс тоологдоно” гэж заасан. Манайх захирал Д.Ганбүргэдэд худалдсан хөрөнгийнхөө доголдлыг арилгах, доголдолгүй хөрөнгөөр сольж өгөх талаар удаа дараа хандаж байсан ч ямар 1 арга хэмжээ аваагүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй манайхтай холбоо барихгүй зугтаж гэрээний үүргээ зөрчсөн. Бид Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан ч “Д” ХХК хаягтаа оршин байрлаж, үйл ажиллагаа явуулдаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг авахаас татгалзсан. Иймд Иргэний хуулийн 254.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, хохиролд 3,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК-ийн захирал Соронзон өөрийн биеэр 2017 оны 6 сарын сүүлээр “Д” ХХК-ийн захирал Б.Ганбүргэдтэй уулзаж автогрейдрийг 45,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ёсоор 2017 оны 7 сарын 01-ний өдөр “Б” ХХК-ийн менежер Б.Ган-Уянга, нягтлан бодогч Ч.Номуунбайгаль нар ирж автогрейдрийг хүлээн авч акт үйлдэн, гарын үсгээ зурж баталгаажуулсан. Захирал Соронзон, Б.Ганбүргэд нар тохиролцсон ёсоор автогрейдрийг 45,0 сая төгрөг “Худалдах, худалдан авах гэрээ”-г 2017 оны 7 сарын 05-ний өдөр байгуулан, “Б” ХХК-нийхан Батхишиг жолоочийн машинд ачуулж Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хүргүүлжээ. Тус компанийн жолоочтой ямар үнэ хөлсөөр тохиролцож хүргэснийг бид мэдэхгүй, нэгэнт “Худалдах, худалдан авах гэрээ” хийсэн 2 тал акт үйлдэж хүлээн авсан учир тээвэрлэлтийн зардлыг “Д” ХХК хариуцах үндэслэлгүй учир тээвэрлэлтийн зардалд 3,500,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. “Б” ХХК нь автогрейдрийг ачиж явснаасаа хойш “Д” ХХК-тай эргэж холбогдоогүй, төлбөрөө төлөлгүй удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байна. Тус компанийн захирал Б.Ганбүргэд төлбөрөө төлүүлэхээр Соронзон захиралтай холбогдох гэтэл гар утсаа авахгүй байх, Хан-Уул дүүрэгт байрлах “Гэгээнтэн” шигтгээнд байрлах ажлын оффист нь очиход тэр газраасаа нүүгээд хаана байрлаж байгаа нь тодорхойгүй болсон. Өмнөговь аймгийн Гурван тэс сум руу өөрийн ажилтнаа томилолтоор явуулж автогрейдрээ хаана байгааг тогтоолгохоор шалгуулахад уг техник одоо хаана, хэний эзмшилд байгаа нь тодорхойгүй болжээ. “Б” ХХК автогрейдрийг аваачаад 2017 оны 8 сарын 18-ны өдөр үзлэг, оношлогоо хийгээд нэр бүхий 8 гэмтэл, дутагдал гарсан тухай бичсэн нь “Д” ХХК-иас авч явснаас хойш 45 хоногийн дараа оношлогоо хийсэн мэт харагдаж байна. Энэ хугацаанд техникийг ашигласан байх үндэслэлтэй. “Уурхай дээр опериатор болон үзлэг оношлогоо хийх мехиникгүй байсан учир асааж шалгаж, хөдөлгөж байгаагүй” гэсэн тайлбар нь үндэслэл муутай, тэднийх ашиглаж байсан гэдгийг батлах нотолгоо гэж үзэж байна. Хэрвээ эвдрэл гэмтэл үнэхээр байсан юм бол бараг 3 жилийн хугацаа өнгөрч байхад “Д” ХХК-ийн удирдлагад албан бичиг явуулах, бие төлөөлөгчөө уулзуулах, утсаар холбогдох зэргээр асуудлаа шийдвэрлүүлэхгүй яасан юм. Шүүхэд ирүүлсэн 15 хуудас баримт нь гарын үсэг, тамга тэмдэггүй, бланкны толгой нь буруу зөрүү харсан, мэдээ бэлтгэсэн Болд, П.Буянжаргал нарын гарын үсэггүй байгаа зэрэг нь уг баримтыг нөхөн үйлдсэн байх тул хуулийн шаардлага хангаагүй байна. Дээрхи компани “захирал Б.Ганбүргэдэд хандаж “Худалдсан хөрөнгийнхөө доголдлыг арилгах, доголдолгүй хөрөнгөөр сольж өгөх талаар удаа дараа хандсан ч арга хэмжээ аваагүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, манайхтай холбоо барихгүй зугтаж гэрээний үүргээ зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Тээвэрчдийн гудамжинд, захиралын гэрийн хаяг хэвээрээ, 99041431 дугаартай утас дээр одоо хүртэл байна. “Д” ХХК хариуцагчтай гэрээ хийсэн, техникийг актаар хүлээлгэн өгсөн, хариуцагч өөрийн зардлаар техникээ Өмнөговь аймгийн Гурван тэс суманд хүргэсэн, техник одоо хариуцагчийн эзэмшилд байгаа зэрэг нь Иргэний хуулийн 248.1, 248.2-т зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.     

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Д” ХХК нь “Б” ХХК-д  холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээ байгуулж, актаар хүлээн авч, автогрейдерыг өөрсдийн зардлаарааа авч явсан, төлбөрөө төлүүлэхээр захиралтай холбогдох гэтэл гар утсаа авахгүй байх, Хан-Уул дүүрэгт байрлах “Гэгээнтэн” шигтгээнд байрлах ажлын оффисоос нүүгээд хаана байрлаж байгаа нь тодорхойгүй болсон гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь гэрээнд механизмыг уурхай дээр хүлээн авч техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтмол ажиллагааг хир хангаж байгааг тодруулсны төлбөрийн нөхцлийг баталгаажуулах байсан, биет байдлын доголдолгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж марган сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

 

Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ зүүн хойд дугуйн хэсэгт зуурсан, хавирсан чимээ гарсан тайлж үзэхэд хойд дугуйн хөтлөгч гинжний 3 ширхэг ролик хагарсан байсан, сэлбэг байхгүйн улмаас ажиллах боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, тээвэрлүүлсэн зардал 3,500,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулна гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч нь  актаар хүлээн авч, гарын үсгээр баталгаажсан, жолоочтой ямар үнэ хөлсөөр тохиролцож хүргэснийг бид мэдэхгүй учир тээвэрлэлтийн зардлыг хариуцах үндэслэлгүй, автогрейдрийг ачиж явснаас хойш 45 хоногийн дараа оношлогоо хийсэн нь техникийг ашигласан байх үндэслэлтэй, “Д” ХХК-ийн удирдлагад албан бичиг явуулах, бие төлөөлөгчөө уулзуулах, утсаар холбогдох зэргээр асуудлаа шийдвэрлүүлээгүй, баримт нь хуулийн шаардлага хангаагүй, нэхэмжлэгч компанийн болон захирлын хаяг, утас хэвээрээ байгаа гэж мэтгэлцлээ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Д” ХХК нь өөрийн өмчлөлийн 2004 онд үйлдвэрлэгдсэн, РҮ-160С загварын, 000210 арлын дугаартай, 51-51 УН улсын бүртгэлийн дугаартай автогрейдрийг “Б” ХХК-д 45,000,000 төгрөгөөр худалдахаар тэдгээрийн захирлууд амаар тохиролцсон байх тул хэлцэл хүчин төгөлдөр болсон, энэхүү үйл баримтын хувьд талууд маргахгүй байна.

 

Талууд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр акт үйлдэн худалдагчийг төлөөлж “Д” ХХК-ийн захирал Б.Ганбүргэд, худалдан авагчийг төлөөлж “Б” ХХК-ийн менежер Б.Ган-Уянга, нягтлан бодогч Ч.Номуунбайгаль нар гарын үсэг зурж баталгаажуулан шилжүүлэн өгсөн байна.

 

Дээрх актад уг механизмын даралт, хэвийн бус чимээ, илэрсэн эвдрэл гэмтлийг уурхайд гэж тэмдэглэсэн, моторын үзлэг, явах эд анги, гидрийн ажиллагааг асааж үзэж байж хүлээлцэхээр тэмдэглэжээ.

 

Ийнхүү тохиролцсоноор талууд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр автогрейдрийг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, худалдагчийг төлөөлж “Д” ХХК-ийн захирал Б.Ганбүргэд, худалдан авагчийг төлөөлж Б” ХХК-ийн захирал Ж.Соронзонболд нар гарын үсэг зурсан байна.

 

Хариуцагч компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь М.Чингүн байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Т-17/38 тоот тушаалаар Ж.Соронзонболдыг дэд захирлаар томилсон, дэд захирал нь дээрх гэрээнд гарын үсэг зурж, тамга хэрэглэсэн, хариуцагчаас Ж.Соронзонболдод холбогдуулан гомдол гаргаж байгаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаагүй зэргээс үзэхэд төлөөлөх эрхтэй байсан гэж дүгнэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Гэрээний нөхцөл агуулгаас дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийн зохицуулалт үйлчлэх юм.

 

Д” ХХК нь талуудын байгуулсан гэрээний 3.1.1 дэх заалтын дагуу техникийн үзүүлэлт, чанар, стандарт, тоо хэмжээ бүхий механизмыг “Б” ХХК-д нийлүүлэх үүргийг, худалдан авагч нь гэрээний 5.1.1-д зааснаар гэрээнд заасан нөхцлөөр, нэхэмжлэлийг үндэслэн механизмын үнийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1-д хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй үүрэг гүйцэтгэх газрыг тодорхойлохоор заасан  бөгөөд зохигч эд хөрөнгийг хүлээн авсан эсэх талаар маргаж байгаа тохиолдолд гэрээний зохицуулалт үйлчилнэ.

 

Гэрээний 2.1 дэх заалтаар талууд механизмыг уул уурхай дээр хүлээн авч, техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтмол ажиллагааг хир хангаж байгааг тодруулсны дараа зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзвэл гэрээнд гарын үсэг зурж төлбөрийн нөхцлийг баталгаажуулахаар, 2.4 дэх заалтаар механизмыг талууд акт үйлдэж хүлээж авсны дараа худалдагчийн нэхэмжлэлийг үндэслэн үнийн дүнгийн 50 хувийг, дараагийн төлбөрийг анхны төлбөр төлснөөс хойш 1 сарын дотор төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл автогрейдрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтмол ажиллагааг хангаж байгаа эсэхийг уурхай дээр шалгаж авснаар худалдагч “Д” ХХК-иас худалдан авагч “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр, ийнхүү техникийн болон аюулгүйн ажиллагаа нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа тохиолдолд төлбөрийн нөхцлөө баталгаажуулахаар тохиролцсон гэж үзнэ.

 

Гэвч автогрейдрийг хэлцлээр тохиролцсоны дагуу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээлцсэн актыг үндэслэн нэхэмжлэгч нь шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн үндэслэлээр төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж, 251.2-т хэрэв гэрээнд чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр тодорхойлжээ.

 

Хариуцагч талын автогрейдерийг ажиллуулахаар 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хийсэн үзлэг, оношилгоо нийж, илэрсэн эвдрэл доголдлуудыг засварлахад зүүн хойд дугуйн хэсэгт зуурсан, хавирсан чимээ гарсан гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлтэй байна үзэв.

  

Учир нь нэхэмжлэгч автогрейдерийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтмол ажиллагааг шалган хүлээлгэх үүргээ буюу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр актад моторын үзлэг, явах эд анги, гидрийн ажиллагааг асааж үзэж байж хүлээлцэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Автогрейдерийн хойд дугуйн хөтлөгч гинжний 3 ширхэг ролик хагарсан байгаа буюу явах эд анги нь ажиллахгүй байгааг зориулалтаар нь ашиглах боломжтой эд хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд худалдагчийг биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч нь эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор мөн хуулийн 254.1-д заасан тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэжээ.

 

Талууд гэрээний 6.1 дэх заалтаар “Энэхүү гэрээний дагуу нийлүүлж байгаа механизмд нийлүүлэгч нь чанарын доголдлын хүрээнд 6 сарын баталгаа өгч, хугацаа нь механизмыг актаар хүлээлгэн өгсөн өдрөөс тоологдоно” гэж баталгаат хугацааг тогтоосон байна.

 

“Б” ХХК-ийн “Д” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, хохиролд тээвэрлэлтийн зардлаа гаргуулах тухай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Тээвэрчдийн гудамж хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байдаггүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

 

Д” ХХК нь өөрийн оршин байгаа газрыг дээрх хаягаар тодорхойлсон байгаа боловч тухайн хороонд Тээвэрчдийн гудамж хаяг байдаг талаар баримтыг ирүүлээгүй байх тул худалдан авагч “Б” ХХК нь худалдагч тал болох “Д” ХХК-д эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасанд талуудын байгуулсан гэрээний 5.2.4-т заалт нийцжээ.

 

Тухайн тохиолдолд хариуцагч нь гэрээнээс татгалзах агуулгыг тайлбарлаж байх боловч хуульд зааснаар гэрээг цуцлахаар шаардсан гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3-т гол эд хөрөнгө доголдолтой бол гэрээг бүхэлд нь цуцлахаар заасан ба автогрейдерийн дугуйн хөтлөгч гинж нь ний явах эд анги буюу гол эд хөрөнгө гэж үзэх тул гэрээг цуцлах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Харин эд хөрөнгийг тээвэрлэсэн зардал гаргуулахаар хариуцагч нь шаардах эрхтэй байгаа боловч энэ талаар баримтгүй байх тул хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэхэд биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч эд хөрөнгийн төлбөрийг шаардах эрхгүй ба харин эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлахаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан эд хөрөнгө болон учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 382.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн РҮ 160С загварын, 000210 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 51-51 УН бүртгэлийн дугаартай автогрейдерийг худалдах, худалдан авах гэрээг цуцалж, “Д” ХХК-иас тээврийн зардалд 3,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл болон “Б” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөг гаргуулах тухай “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 382.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан эд хөрөнгө болон учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ