Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 184/2020/00570/И |
Дугаар | 001/ХТ2022/00249 |
Огноо | 2022-03-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2022/00249
Р.Батцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/01655 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1738 дугаар магадлалтай,
Р.Батцэцэгийн нэхэмжлэлтэй,
Ж.Гантулгад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Батцэцэг, түүний өмгөөлөгч К.Отгонцэцэг, хариуцагч Ж.Гантулга, түүний өмгөөлөгч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Р.Батцэцэг нь Ж.Гантулгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/01655 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Р.Батцэцэгийн Ж.Гантулгад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1738 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/01655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар Ж.Гантулгаас 18,000,000 төгрөгийг гаргуулан Р.Батцэцэгт олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Батцэцэгт буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тул гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс харахад, 2016.06.24-ний өдөр Р.Батцэцэгийн эзэмшлийн 5046442076 тоот данснаас Ж.Гантулгын 5030080359 тоот данс руу 22,000,000 төгрөгийг “Р.Батцэцэгээс зээлэв” гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа хэдий ч хууль зүйн онолын үүднээс хэрхэн дүгнэх нь чухал юм. Учир нь Ж.Гантулгын хувьд Р.Батцэцэгтэй зөвхөн 22,000,000 төгрөг зээлэх талаар ямар ч зээлийн харилцаа үүсээгүй байдаг. Нэхэмжлэгчийн нөхөр Н.Наранбаатар “эхнэр мөнгө шилжүүлэх ёстой, чи дансаа хэрэглүүлээч” гэж гуйсны дагуу дансаа хэрэглүүлж, орж ирсэн мөнгийг Н.Наранбаатар захиран зарцуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал гэрчээр Н.Наранбаатарыг оролцуулах хүсэлт гаргаж, шүүхээс уг хүсэлтийг хангаж, оролцуулсан бөгөөд “Ж.Гантулга над руу шилжсэн 22,000,000 төгрөгийн гүйлгээний утгыг зээл гэсэн байсныг мөнгө орж ирсэний дараа мэдсэн” гэж мэдүүлдэг. Энэ нь зээлийн харилцаа тухайн үед яригдаж байгаагүйг нотолж байна. Ж.Гантулга нь 2016.06.24-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр Н.Наранбаатар нь уул уурхайн ажилтай холбоотойгоор намайг дагуулж явсан Н.Наранбаатар нь “эхнэр над руу мөнгө шилжүүлнэ гэсэн, миний утас унтарчихсан байна, дансныхаа дугаарыг өгчих” гэж хэлээд миний дансны дугаарыг авч мөнгө авсан. Би тухайн үед 22,000,000 төгрөг орж ирнэ гэж мэдээгүй. Р.Батцэцэгтэй Ж.Гантулга нь мөнгө зээлэх талаар харилцан ярилцаж тохиролцсон зүйл огт байхгүй. Уг мөнгийг Ж.Гантулга хүлээн аваагүй, Н.Наранбаатар нь Эрдэнэт хот дахь Хаан банк ХХК-ийн салбараас 5,100,000 төгрөгийг 4 хүн рүү шилжүүлж, бэлэн 16,000,000 төгрөгийг өөрийн автомашины голын хайрцагт хийж бусдад ажилтай холбоотой төлбөр тооцоонд зарцуулсан. Үлдэгдэл 900,000 төгрөгийг Н.Наранбаатар, Ж.Гантулга нар замын зардалд зарцуулсан байгаагаас үзэхэд энэхүү Р.Батцэцэгийн нэхэмжлээд байгаа 22,000,000 төгрөг Ж.Гантулгад огт хамаагүй болох нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгч Р.Батцэцэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...22,000,000 төгрөгийг ашгийн хамт найдвартай өгнө гэж Хаан банк ХХК-ийн 5030080359 дугаартай дансанд шилжүүлэн зээлж авсан боловч мөнгөө нэхэх гэхээр манай нөхөр намайг чи мөнгөө битгий нэх, удахгүй өгнө, ажил нь бүтэхгүй яваад байгаа юм, удахгүй өгнө гэсээр, ...утсаа авахгүй өнөөдрийг хүртэл өгөөгүй, ... зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлсон байна.
Хариуцагч Ж.Гантулга “...зээл аваагүй...” гэж мэтгэлцжээ.
8. Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
9. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
10. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулгад 2016.06.24-ний өдөр Р.Батцэцэгийн 5046442076 тоот данснаас Ж.Гантулгын 5030080359 тоот данс руу 22,000,000 төгрөгийг “Батцэцэгээс зээлэв” гэсэн утгатайгаар шилжүүлсэн, гэрч Н.Наранбаатарын “...Ж.Гантулга манайд ирээд эхнэрээс мөнгө зээлээч гэж гуйгаад хоноод явсан, сонгуулийн сурталчилгаанд мөнгө тараах хэрэгтэй байна гэсэн, 7,000,000, 9,000,000 төгрөг үлдсэнийг аваад буцсан, би тэр мөнгөнөөс 4,000,000 төгрөгийг л бусдад шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг, хариуцагч 901,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээг амаар байгуулагдсан гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.
11. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.
Гэрээг талууд амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй, мөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд гэрээг хүчин төгөлдөр байна.
12. Нэхэмжлэгч Р.Батцэцэг 4,000,000 төгрөг буюу 2016.06.24-ний өдөр Ж.Гантулгын данснаас Б.Сарантуяагийн Хаан банкны 5006492998 дугаартай данс руу 2,000,000 төгрөг, Р.Раднаадоржийн 5135493869 дугаартай данс руу 2,000,000 төгрөгийг тус тус шилжигдсэн, уг мөнгийг түүний нөхөр Н.Наранбаатар авсныг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс хасаж тооцсон тул үлдэх 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.
13. Хариуцагч Ж.Гантулга 22,000,000 төгрөгийг дансаар авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, 16,000,000 төгрөгийг Н.Наранбаатар нь бэлнээр авч өөрийн 105 маркийн автомашины голын хайрцаганд хийж бусдад өгөх төлбөр тооцоо, ажилтай холбоотойгоор энэхүү мөнгийг зарцуулсан гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ нь хариуцагч Ж.Гантулга нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.
14. Зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
15. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч Ж.Гантулгаас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Батцэцэгт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ.
Иймд хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1738 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбатын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД