| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 148/2017/0060/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 94
Б.Ба-, Б.Га-, С.Дө- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эн-, түүний өмгөөлөгч Ж.Яринпил, Р.Атарцэцэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр магадлалтай 201218000278 дугаар эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б.Га-,
2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин, тогооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С.Дө- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан “Догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт,
3. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Б.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Б.Ба-од холбогдоход 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Б.Га-, С.Дө- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Га-, С.Дө- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Б.Га-, С.Дө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Ба-, С.Дө-, Б.Ба- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ба- 1343 хоног, шүүгдэгч Б.Га- 103 хоног, шүүгдэгч С.Дө- 35 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Ж.Яринпил нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ж.Яринпил гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн 201218000278 дугаартай хэргээс яллагдагч Б.Ба-од холбогдох “Т.Тү-ийг танхайн сэдэлтээр санаатай алсан” гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Амь хохирогч Т.Тү-ийг Б.Ба-, С.Дө-, Б.Га- нар согтуугаар танхайрч бүлэглэн зодож алсан нь тогтоогдсоор байтал хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Мөн Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор Б.Ба- нарт холбогдох хэргээс төмөр замын хашаан дотор ресс төмрийн хажууд иргэн Т.Тү- нас барсан байдалтай олдсон эрүүгийн хэргийг тусгаарлан шалгахаар тогтов” гэсэн нь ойлгомжгүй байна. Нийслэлийн прокурорын газрын 31 тоот тогтоолоор зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Тогтоолд хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай яллагдагч Б.Ба-, хохирогч С.Эн- нарт мэдэгдсүгэй гэж заасан боловч энэ талаар огт мэдэгдэлгүйгээр шүүхэд хэрэг шилжүүлсэн. Мөн тогтоолыг танилцуулснаас хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болно гэж заасан боловч танилцуулалгүй хэргийг шууд шүүхэд шилжүүлж хохирогчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй. Дээрх хууль бус тогтоол болон хэрэг тусгаарласан тогтоолуудыг гаргасан мөрдөн байцаагч, прокурорууд нь хамсаатан мэтээр харагдаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт эрүүгийн хэргийг тусгаарлах талаар ойлгомжтой заасан. Гэтэл нэг цаг хугацаанд шүүгдэгч нар бүлэглэж талийгаачийг зодож, газар дээр нь амь насыг нь хохироож, галт тэргэнд дайруулсан болгох гэж зөөвөрлөн төмөр зам дээр аваачиж тавьсан нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин нэгтгэж шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт буцааж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.6-д хохирогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ гэж заасан. Гэтэл хэлэлцүүлэг явуулалгүйгээр шууд шүүх хуралдаан зарлаж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Яллах дүгнэлт алдаатай байхад шүүх зөвтгүүлэхээр прокурорт буцаах эрх нь байсаар байтал хэрэгжүүлээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэж байна. С.Дө-, Б.Га- нарт холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Харин шүүгдэгч Б.Ба-ын зүйлчлэл тохироогүй байна. Учир нь Б.Ба-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар бус 181.2.5-д зааснаар зүйлчлэх ёстой байсан. Иймд шийтгэх тогтоолд зүйлчлэлтэй холбоотой өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Ба-, Б.Га-, С.Дө- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Б.Ба-од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Га-, С.Дө- нарт мөн зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ба-од холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Га-, С.Дө- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй болжээ.
Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр прокурорын тогтоолоор эрүүгийн 201218000278 дугаартай хэргээс яллагдагч Б.Ба-од холбогдох “Хүнийг танхайн сэдэлтээр санаатай алах” гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 209 дүгээр зүйлийн 209.4, 209.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг ... хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө, ...тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш ... 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргах, ...хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг дээд шатны прокурорт гаргах эрхийг хуульчилсан болно.
Гэтэл хяналтын прокурор хэргийн оролцогчид уг тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарлаж хэргийг шүүхэд шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.6-д заасан “Шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах” заалтыг зөрчиж, хохирогчийн хуульд заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлажээ.
Түүнчлэн Б.Ба-, Б.Га-, С.Дө- нар нь амь хохирогч Т.Тү-, хохирогч Л.Эр- нарыг бүлэглэн зодсон, хохирогч Т.Тү- нь төмөр замын хашаан дотор нас барсан байдалтай олдсон үйл баримт тогтоогдсон атал уг хэргийг Б.Ба- нарт холбогдох хэргээс тусгаарласан байна. Гэтэл мөрдөн байцаагчийн хэрэг тусгаарласан тогтоол үндэслэлтэй эсэх, ийнхүү тусгаарлах зайлшгүй шаардлага байсан эсэх, энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад учруулах эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзнэ.
Мөн Б.Ба-, Б.Га-, С.Дө- нар нь нэг цаг хугацаанд хамт явсан Т.Тү-, Л.Эр- нарыг зодож танхайрсан байхад прокурор Б.Ба-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар, Б.Га-, С.Дө- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай болно.
Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэхэд анхан шатны шүүх Б.Ба-, Б.Га-, С.Дө- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэх болон хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн эсэх талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээгүй атлаа шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн өөр, өөр зүйл, заалтад зааснаар зүйлчилж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН