Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 124/ШШ2021/0063

 

                                                    

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Увс аймгийн Ховд сумын ... багт оршин суух, Г овогт Б-ын Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улаангом сумын ... тоотод оршин суух, С овогт Б-ын Ц,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-т холбогдуулан гаргасан,

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн ..... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцгагч татварын улсын байцаагч Н.Н /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гомдол гаргагч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Б.Т нь ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд суманд амьдардаг. Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа аж ахуй эрхэлдэг. Б.Т нь нь Увс аймгийн Ховд суманд 2020 оны 10 сард болсон Орон нутгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин оролцсон юм. Увс аймгийн Ардчилсан нам нь Ховд сумын Ардчилсан намыг дотоод дүрэм журмын хүрээнд шууд удирдлагаар хангах, тухайн намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшиж байгаа тул нэгдсэн журмаар нэр бүхий 21 нэр дэвшигчийн дансны жагсаалтыг нэгтгэж, сумын Ардчилсан намын тогтоолыг үйлдүүлж Увс аймгийн Төрийн Аудитын байгууллагад бүртгүүлэхийг хүсэж, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ховд сумын Ардчилсан намаас аймгийн Ардчилсан намд албан ёсоор хүргүүлсэн байгаа.

Б.Т нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.3 дахь заалтаар Ховд сумын Ардчилсан намаас нэр дэвшин оролцсон. Тухайн хуулийн заалтад сонгуульд нэр дэвшигч заавал өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан заалт байхгүй. Нэр дэвшигч нь хуулийн заалт зөрчсөн гэж үзвэл түүний хууль бус үйл ажиллагаанаас болж Төрийн байгууллага, аж ахуйн нэгж , иргэн, хуулийн этгээд нам эвсэлд нэг ч төгрөгийн бодит хохирол учруулаагүй болно.

Б.Т нь сонгуульд нэр дэвшигчийн хувьд сумын Арчилсан намд хуулийн хугацаанд дансны мэдээллээ өгсөн бөгөөд сумын Ардчилсан нам нэгтгэж, аймгийн Ардчилсан намд санал хураах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 2020-09-25-ны өглөө фейсбүкийн чатаар хүргүүлсэн ба аймгийн Ардчилсан нам ямар шалтгаанаар хоцроосныг мэдэхгүй байна. Иймд нэр дэвшигч нь хуулийн дагуу хугацаандаа Төрийн Аудитын газарт дансны мэдээллээ өгсөөр байтал Б.Т-ыг Татварын хэлтсийн улсын байцаагч П.Н гэгч Зөрчлийн тухай хуулиар 10 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 -07-06- ны өдрийн № ......... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гомдол гаргагч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн ....... дугаартай “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Б.Т нь Увс аймгийн Ховд сумын Ардчилсан намаас 2020 оны 10 дугаар сард Ховд сумын орон нутгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн. Увс аймгийн Ардчилсан нам нь сумын Ардчилсан намыг дотоод дүрэм журмаараа шууд удирдлагаар хангаж ажилладаг. Ховд сумын Ардчилсан намын хорооны тэргүүлэгчдийн хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 31 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дэвшигчид сонгуулийн зардлын дансыг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлж бүртгүүлэхийг үүрэг болгосон. Ардчилсан намаас Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн дансны жагсаалтыг хавсралтаар баталсан. Б.Т тухайн үед хуульд заасны дагуу сонгуулийн данс нээлгэсэн боловч сонгуулийн зардлын дансаа Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хугацаанд нь бүртгүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Т нь хувийн аудитын газраар дүгнэлт гаргуулж хуулийн хугацаандаа зардлын дансны тайланг Ардчилсан нам руу явуулсан байдаг.

Зөрчлийн хэрэгт гэрчээр Ардчилсан намын дарга ажилтай Т-ын өгсөн мэдүүлэгт: “2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 31 дүгээр тогтоол гаргасан ба тогтоолын дагуу жагсаалтыг баталж Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б-д 2020 оны 9 дүгээр сарын 24-ний орой хувь чатаар өгсөн. Тухайн үед Увс аймагт ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан хөл хорио тогтоосон учир хувь хүмүүс ирэх боломжгүй байсан тул чатаар явуулсан” гэж мэдүүлсэн.

2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг Увс аймгийн Ардчилсан нам хүлээж аваад Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй байсан. Увс аймгийн Ардчилсан намын зүгээс сонгуулийн зардлын дансыг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлэхээр хүргүүлэхдээ хугацаа хэтрүүлсэн асуудал үүссэн байсан. Энэ нь нэр дэвшигч нартай хамааралгүй гэж үзэж байна. Иймд Б.Т-ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.2 дахь хэсэгт “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт “нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ” гэж заасан байдаг.

Хуульд зааснаар Ховд сумын Ардчилсан намын хорооны тэргүүлэгчдийн хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 31 дугаар тогтоол гаргаж хавсралтаар жагсаалтын гаргаж, аймгийн Ардчилсан намд хүргүүлсэн учир Б.Т-ийг зөрчил үйлдсэн гэж үзэх боломжгүй. Хуулийн хугацаандаа сонгуулийн зардлын дансны мэдээллийг Ардчилсан намд хүргүүлсэн гэж үзэж байна.

Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нар өөрсдөө сонгуулийн зардлын дансны бүртгэлийг хүн тус бүрээр Төрийн аудитын газарт хүргэж өгөх үүрэггүй байсан. Тухайн үед Увс аймагт ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан хөл хорио тогтоосон байсан учир нэр дэвшигч нарын зүгээс сонгуулийн зардлын дансны бүртгэлийг сум хооронд хүргэх боломжгүй байсан тул цахимаар явуулах зөвшилцөлд хүрснээр цахимаар материалаа явуулсан байдаг.

Аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар албан бичгээр зөвхөн Ховд сумын нэр дэвшигч төдийгүй бүх сумдын нэр дэвшигч нарын материалыг Аудитын газарт хүргүүлсэн албан тоот хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б-ийн зүгээс Увс аймгийн Татварын хэлтэст тайлбар хүргүүлсэн байдаг ба уг тайлбарт “нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны бүртгэлийг хугацаа хожимдуулсан гэж үзэж байгаа бол нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын тайлан гарсан байгаа тул зардлын тайланг үндэслэн хугацаа хожимдуулсан гэж үзэх боломжгүй гэсэн агуулгатай тайлбарыг хүргүүлсэн.

Иймд Б.Тийн зардлын дансны бүртгэлийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хугацаа хожимдуулж бүртгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн ........ дугаартай “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү”гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч Н.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н би Увс аймаг дахь Төрийн аудитын газарт иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Увс аймгийн Ховд сумын 2 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б овогтой Т нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй гэх зөрчлийн талаар Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн зөвлөмж гомдол, мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдсэн.

Холбогдогч Б.Т мэдүүлэгтээ “Би хуулийн дагуу Хаан банканд 58....... дугаартай данс нээлгэж, санал авах өдрөөс 20 хоногийн өмнө буюу хуулийн хугацаанд данс нээлгэж, сумын намын дарга Э.Т-д өгсөн. Сумын намаас албан бичгээр Увс аймгийн Ардчилсан намд хүргүүлсэн. Сумаас нэгдсэн журмаар явуулсан болохоор Аудитын байгууллагад бүртгүүлсэн боловч хэзээ бүртгүүлснээ санахгүй байна” гэж мэдүүлсэн.

Гэрч Э.Т “бүртгүүлэх хугацааг сайн мэдэхгүй, аймгийн намаас дансаа нээлгэж, яаралтай явуул гэж 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 21 нэр дэвшигчийн жагсаалтын хамт албан тоот гаргаж, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Г.Б-д фэйсбүүк чатаар явуулсан. Намаас нэр дэвшсэн учраас өөрөө бүртгүүлэх шаардлагагүй. Аймгийн Ардчилсан намаас төрийн аудитын газарт дансаа нэгдсэн журмаар бүртгүүлэхтэй холбоотой шаардагдах материал явуул гэсний дагуу албан тоотоор явуулсан. Г.Б даргын Увс аймгийн Татварын хэлтэст өгсөн тайлбарт “тухайн үед Увс аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Сумын намаас нэр дэвшигчдийн зардлын данс нээлгэх үйл ажиллагаа хуулийн хүрээнд зохион байгуулж, нэгтгэсэн ба сүүлийн сумууд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн тул хугацаа хэтрүүлсэн ч албан тоотын хамт Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлсэн боловч хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр буцаасан зэрэг тайлбар хүргүүлсэн.

Холбогдогч Б.Т сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн нотлох баримтууд болон холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Б.Т холбогдох 21......... дугаартай хэрэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дахь хэсэгт заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн  болох нь тогтоогдож байна.

Б.Т нь Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь заалтаар Увс аймгийн Ховд сумын Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшин оролцсон. Тухайн хуулийн заалтад сонгуульд нэр дэвшигч заавал өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан заалт байхгүй гэж дурдсан.

Гэтэл нэр дэвшигч Б.Т нь Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “нам эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан. Түүнээс биш аймгийн Ардчилсан намд хүргүүлсэн нь Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад бүртгүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. байна

Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “нэр дэвшигч" гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг хэлнэ гэж заасан” гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч Б.Т хуулийн хугацаандаа төрийн аудитын газарт дансны мэдээллийг бүртгүүлээгүй байсан. Тухайн үед би Увс аймгийн Татварын хэлтсийн татварын хуулийн зөвлөхтэй зөвшилцөж байгаад хуулийн дагуу шийтгэлийн хуудас бичсэн. Б..Т нь төрийн аудитаар дүгнэлт гаргуулаагүй ба хувийн аудитаар дүгнэлт гаргуулсан байсан гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц  нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн ....... дугаартай шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцсон болно.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс “Сонгуулийн зардлын дансны мэдээллийг сумын Ардчилсан намын хороогоор дамжуулан аймгийн Ардчилсан намд хуулийн хугацаанд хүргүүлсэн. Тухайн хуулийн заалтад сонгуульд нэр дэвшигч заавал өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан заалт байхгүй. Ардчилсан намаас нэр дэвшсэн учраас нэр дэвшигчдийн мэдээллийг нэгтгээд хүргүүлэх үүрэгтэй” гэж  маргажээ.

Хариуцагч татварын улсын байцаагчаас “Холбогдогч Б.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг   Увс аймаг дахь төрийн аудитын газарт бүртгүүлэх үүрэгтэй тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан” гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн  2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ......... дугаартай шийтгэлийн хуудсаар “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ховд  сумын 1 дүгээр  тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч  Б.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 хэсэгт заасны дагуу   10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Б.Т-т холбогдох зөрчлийн хэргийг эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагчийн 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 590 дугаартай тогтоолоор нээсэн байх бөгөөд зөрчлийн хэрэгт зөрчлийн талаар  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны үзэг хийсэн тэмдэглэл, нэр дэвшигчийн үнэмлэх, Ховд сумын Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн дансны дугаарын жагсаалт, Ховд сумын Ардчилсан намын хорооны 2021 оны 06 сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Ховд сумын Ардчилсан намын хорооны 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 31 дүгээр тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар Нам, эвсэл,нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд хийсэн нийцлийн аудитын тайланг баталжээ.

Аудитын тайлангаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд оролцсон 2 нам, 389 нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газар бүртгүүлээгүйг хавсралтаар гаргаж Татварын хэлтсийн даргад Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авах тухай зөвлөмжийг хүргүүлжээ.

Аудитын тайланд Ховд сумын сумын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Т нь Сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй талаар дурдагдсан тул Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлээгүй нь аудитын тайлан, Ардчилсан намын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 30 дугаартай дансны мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, гэрч М.Б-ийн “Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 30 дугаартай албан бичиг манай байгууллагад ирээгүй” гэх мэдүүлэг, холбогдогчийн “ дансны мэдээллээ сумын Ардчилсан намын хороонд өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Т.Н-ын “Увс аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн иргэдийн болон Улаангом сумын Ардчилсан намын хорооноос нэр дэвшсэн иргэдийн дансны мэдээллийг 2020 оны 9 сарын 25-ны өдөр ирүүлснийг бүртгэж авсан. Харин бусад сумдын материалыг 9 сарын 25-ны өдрийн дотор ирүүлээгүй.2020 оны 9 сарын 29-ний өдрийн 30 дугаартай албан бичгийг надад өгсөн зүйл байхгүй ”гэх мэдүүлэг, гэрч П.Энхсаруулын “ орон нутгийн сонгуулийн үеэр Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Г.Б сумуудаас сонгуульд нэр дэвшсэн иргэдийн дансны мэдээллийг өөрөө цуглуулан Төрийн аудитын газарт бичгээр хүргүүлэхээр надад өгсөн. 2020 оны 09 сарын 29-ний өдөр албан бичгийг Аудитын газрын Намжил гэх хүнтэй уулзахад хугацаа хэтэрсэн байна, хүлээж авах боломжгүй гэж хэлсэн тул албан бичгээ буцааж Г.Б даргад хүргэж өгсөн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл данс бүртгүүлэх үүргийг нэр дэвшигчид хүлээлгэжээ.

Энэхүү үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл (эс үйлдэхүй)-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцсэн байна

Гомдол гаргагч нь  “дансны мэдээллийг  сумын Ардчилсан намын хороонд өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хуулиудаар дансаа аудитын байгууллагад бүртгүүлэхийг нэр дэвшигчид өөрт нь үүрэг болгосон, уг үүрэг биелэгдээгүй болох нь тогтоогдож байх тул Б.Т-т шийтгэл  оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

Иймд гомдол гаргагч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн  “шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн ........... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ