Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 6

 

Б.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905027491006 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн ..............ын ............, 19...... оны ........ дугаар сарын ............-ны өдөр .............. аймгийн .............. суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жимсчин мэргэжилтэй, хувиараа ................ худалдааны төвд дайвар бүтээгдэхүүн борлуулдаг гэх, ам бүл 5, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн ................ дугаар хороо, ...........ийн ........... дүгээр гудамжны ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

 

Б.Э нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 13 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 25-361 тоот иргэн ............ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн орж хар өнгийн “Эл Жи” загварын зурагтыг хулгайлан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............ овгийн ...............ын ................ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Э-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Э-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Д.Дамба нь надаас архины мөнгө нэхэж миний гар утсыг 100.000 төгрөгөөр удаа дараа ломбарданд тавиулж архи уудаг байсан. Д.Дамба 2019 оны 6 дугаар сарын 26-ны архины мөнгө олдохгүй надаар зурагтаа ломбарданд тавиад ир гэж явуулчихаад хажуу хөрш айл болох Пунцагбалбарынд Дамба орж ирээд “Эрдээд зурагтаа ломбарданд тавиад ир гээд явуулчихлаа” гэж хэлсэн байна. Дамбын найз Пунцагбалбар “Дамба ах танай ээж хоёр унтаж хэвтээд явдаг байж ямар хаашаа шийдвэр гаргаж байгаа бол” гэсэн. Манай том охин болох Хуланд ирж хэлсэн байна. Дамба бид хоёр дотно эр эмийн харилцаатай байсан. Тухайн үед мөрдөн байцаалтанд Дамбын гэр бүлийг бодоод яриагүй. Би Дамбын хүүхдийг авхуулж, дараа нь савны хагалгаанд орж 2 хоног ухаангүй болж байсан удаатай. Надад хайртай чамд тусална гэж байнга ярьдаг байсан. Би архичин хүмүүстэй нийлж буруу замаар явсандаа гэм буруугаа ойлгож байна. Манай нөхөр цагдаад ажиллаж байгаад 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Дөрвөн өнчин хүүхэдтэй, хоёр зээтэй амьдардаг. Том охин нэг хүүхэдтэй, нөхөр нь тагнуулийн албанд байж байгаад бие нь өвдөж хүнд өвчний улмаас нас барсан. Дунд охин Халиун нэг хүүхэд төрүүлсэн чинь нөхөр нь ажил хийж яваад модонд даруулж нас барсан. Тэгээд би дөрвөн өнчин хүүхэд, 2 зээтэй амьдрахын тулд “Хүчит Шонхор” зах дээр дайвар бүтээгдэхүүн зарж өдөр шөнөгүй 18 жил ажиллаж ирсэн. Сүүлийн 2 жил хааяа архи ууж, энэ бүтэлгүй хүн болох хохирогч Дамба байнга архины мөнгө нэхдэг, цуг уучихдаг байсан. Үр хүүхдүүд хувцас, хоол хүнс муу үлдсэн. Ийм муухай хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Маш ихийг ухаарч гэмшиж байна. Иймд миний 1-ээс 12 насны хүүхдүүдийг минь бодож ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Эийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Давж заалдах гомдолтой холбогдуулан нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э нь бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Э нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 13 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 25-361 тоот иргэн Д.Дамбын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн орж хар өнгийн “Эл Жи” загварын зурагтыг хулгайлан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Дамбын “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн үед гэрээсээ гараад ойрхон айл руу яваад 2 цагийн дараа гэртээ иртэл зурагт алга болсон байсан. Тэгээд би хайж байсан чинь манай хөрш айлын эмэгтэй надад танай зурагтыг Эрдэнэчимэг авч явж байсан гэж хэлэхээр нь би шууд цагдаа дуудсан. ...” /хх 14/,

 

иргэний нэхэмжлэгч Г.Батзоригын “...50 орчим насны эмэгтэй “Эл Жи” маркийн Эл Си Ди телевиз зам дээр бариад зогсож гар өргөж “таксинд явах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “үгүй” гэхэд хариуд нь “миний дүү энэ хямдхан зурагтыг авах уу” гэж асуусан. Эгчид нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна 100.000 төгрөгөнд л авчих гээд байсан. Тэгэхээр нь гэр рүүгээ тэр эмэгтэйг дагуулж яваад эхнэртээ “энэ Эл Си Ди зурагтыг 100.000 төгрөгөнд зарна гэнээ шалгаж үзэх үү” гэж асуухад манай эхнэр “тэгье” гээд асаагаад шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байхаар нь надад 21.000 төгрөг байсан учир нөгөө эмэгтэйтээ хамт ломбарданд ороод асааж шалгаж үзсэн. Тэгтэл зурагтын голоос цагаан ассан. Тэгтэл ломбардны хүүхэн наад зурагт чинь дэлгэцээрээ явж байгаа юм байна. 100.000 төгрөгөнд авахгүй гэхээр нь би авахгүй гэхэд нөгөө эгч 80.000 төгрөгөөр ав гээд байхаар нь би ломбарданд 60.000 төгрөгөөр тавиад өөрт байсан 20.000 төгрөгөө өгсөн. ...” /хх 25/,

 

гэрч Х.Золзаяагийн “...манай нөхөр Батзориг нь 11 цагийн орчимд танай цагдаагийн байгууллагын сангаас зургийг нь үзүүлсэн эмэгтэйтээ гэрт орж ирсэн. Тэгээд “энэ эгч зурагтаа зарна гэж байна, хоёулаа шалгаж үзье” гэж хэлсэн. ...дэлгүүрийн хажууд байрлах ломбард руу очиж хүнээс асуутал “энэ зурагт цагаан толботой, хүрээгээрээ харалсан байна. Тиймээс 60.000 төгрөгөөр ломбарданд авна” гэж хэлсэн. ...та хоёр 80.000 төгрөгөөр ав гэхээр нь тухайн ломбарданд 60.000 төгрөгөнд тавиад манай нөхөр дээрээс нь нэмж 20.000 төгрөг бэлнээр өгөөд нөгөө эгчийг гэрийнх нь ойролцоо гэх газарт буулгасан. ...” /хх 26/,

 

гэрч П.Оюунгэрэлийн “...гэрийнхээ гялгар уутыг янзлаад байж байх үед манай доод талын айлын залуутай хамтран амьдарч байгаа зүс таних Эрдээ гэх эмэгтэй гудамжинд хар өнгийн хавтгай зурагт тэвэрчихсэн доошоо явж байгаа нь харагдсан. ...” /хх 28/ гэх мэдүүлгүүд,

 

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/, эд зүйлийн үнэлгээ /хх 30-32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Э иргэн Д.Дамбын гэрээс “Эл Жи” загварын зурагтыг хулгайлан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон, мөн шүүх тухайн хуульд зааснаас доогуур ял оногдуулсан байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн шүүгдэгч Б.Эийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

              ШҮҮГЧ                                                       Д.МЯГМАРЖАВ