Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “АА” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ВЭ” ХХК-д холбогдох

 

Материалын үнэ болон гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 166,252,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва /хурлын дундаас гарсан/, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“АА” ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “ВЭ” ХХК-тай “Ачаа шуудан тээврийн үйлчилгээний барилга, Нисэх буудлын засвар үйлчилгээний барилгуудын дулааны узелийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх” БУА18/03 тоот, “Ачаа шуудан тээврийн үйлчилгээний барилга, Нисэх буудлын засвар үйлчилгээний барилгын дотор халаалт цэвэр бохир усан хангамж энгийн галын систем агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх” БУА18/04 тоот гэрээг тус тус байгуулсан.

БУА18/04 тоот гэрээгээр гүйцэтгэгч нь Төв аймгийн Хөшигтийн хөндийд байрлах Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын 2 давхар карго, Аеродром барилгуудын дотор халаалт, цэвэр бохир усан хангамж, энгийн галын систем, агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх, угсралтын ажлыг гүйцэтгэж, захиалагч нь ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэг хүлээхээр тус тус тохиролцсон. БУА18/03 тоот гэрээний НӨАТ орсон нийт үнэ 97,604,300 төгрөг, БУА18/04 тоот гэрээний НӨАТ орсон нийт үнэ 433,055,600 төгрөг буюу бүгд 530,659,900 төгрөг болно. 2 гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хөлс нийт 100,000,000 төгрөг байгаа, харин үлдсэн нь нийлүүлэх материалын зардал юм.

Энэ ажил дээр Барилгын хөгжлийн төв тусгай хяналт тавьсан, үүнээс гадна зураг төсөл гүйцэтгэгч болон захиалагч компанийн хяналтын дор бид ажлаа хийсэн. Актаар 95%-ийн гүйцэтгэлтэй болох нь тогтоогдоно. Дандаа сантехникийн ажил учир шахаж шалгасан болон сорил тавьсан актаар ажлын үр дүн бүрийг тухай тухайд нь хүлээн авч байсан. БУА18/03 тоот гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 20-оос 2018 оны 2 дугаар сарын 20-ныг хүртэл, БУА18/04 тоот гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 08-аас 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл байсан боловч санхүүжилт хугацаандаа хийгдээгүйгээс болж хугацаа хойшилсон.   

Ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгч тал гэрээт ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, доголдолгүй хийж ирсэн. Гэтэл 2019 оны 3 сарын дундаас хариуцагч байгууллага барилгын талбай руу оруулахгүй, биднээр ажил гүйцэтгүүлэхгүй гэсэн. Бид хийсэн ажлын хөлсөө аваад 2 тийш болъё гэсэн хүсэлтээ өгсөн ба 2 тал 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн. Энэ актад хариуцагч компанийн ня-бо гарын үсэг зурж тамга дарсан. Өглөг, авлагын тооцоогоор гарсан үлдэгдэл 168,906,218 төгрөг гарсан тул нийт гэрээт ажлын гүйцэтгээгүй 5 хувьд ногдох 2,653,299 төгрөгийг хасаж, үлдэх 166,252,919 төгрөгийг бид авах ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Иймд “ВЭ” ХХК-тай байгуулсан БУА18/03, БУА18/04 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, материалын үнийн үлдэгдэл 166,252,919 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

Манай компани нь “АА” ХХК-тай 2017 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч компани юм.

Тус компанитай 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн БУА18/03 тоот УБХНОШБ-ын “Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга”, “Нисэх буудлын засвар, үйлчилгээний барилга”-уудын дулааны узелийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ”, болон 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн БУА18/04 тоот УБХНОШБ-ын “Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга”, “Нисэх буудлын засвар, үйлчилгээний барилга”-уудын дотор халаалт, цэвэр, бохир усан хангамж, энгийн галын систем, агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулан ажилласан боловч ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “АА” ХХК гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэхгүй, хийсэн ч чанарын хувьд доголдуулж байсан.

Гэвч манай компанийн зүгээс олон ажилд хамтарч ажиллаж байснаа бодоод гэрээнд заасан ажлаа хугацаанд нь гүйцэтгүүлэх удаа дараа шаардсан боловч ажлыг маань тэр чигээр нь орхиж, явсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрсэн гэдэг нь үнэхээр бодит байдалд нийцэхгүй худал тайлбарыг гаргасан байна.

Мөн хийж гүйцэтгэсэн ажлууд нь чанарын хувьд шаардлага хангахгүйгээс болж өөр ажил гүйцэтгэгчээр солиулах, засварлуулах зэргээр манай компани харин ч хохирч байгаа болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 166,252,919 төгрөгийг нэхэмжлэх болсон тооцооллоо хийсэн байх боловч хэн ч харсан үндэслэлгүй, тооцооллын алдаатай байна.

Манай компанийн хувьд гэрээнд заасан үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийг хохироосон гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “АА” ХХК нь хариуцагч “ВЭ” ХХК-аас материалын үнэ болон гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 166,252,919 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр БУА18/03 тоот, БУА18/04 тоот гэрээнүүд байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь БУА18/03 тоот гэрээгээр 97,604,300 төгрөгийн дулааны узелийн материал нийлүүлэх, узель угсралтын ажлыг гүйцэтгэх, БУА18/04 тоот гэрээгээр “Карго”, “Аеродром” барилгуудын дотор халаалт, цэвэр, бохир усан хангамж, энгийн галын систем, агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь БУА18/03 тоот гэрээний дагуу материалын үнэ, ажлын хөлсөнд нийт 97,604,300 төгрөг, БУА18/04 тоот гэрээний дагуу материалын үнэ 333,055,600 төгрөг, ажлын хөлс 100,000,000 төгрөг буюу бүгд 530,659,900 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /9-28 хуу/

 

Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн зохицуулалтад нийцжээ.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талууд БУА18/03 тоот гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг 2018 оны 1 дүгээр сарын 20-оос 2018 оны 2 дугаар сарын 20-ны хооронд, БУА18/04 тоот гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг 2018 оны 1 дүгээр сарын 08-аас 2018 оны 4 дүгээр сарын 08-ны хооронд гүйцэтгэхээр, санхүүжилтийг графикийг баримтлан гүйцэтгэхээр тохирсон байх боловч санхүүжилт хийх хуваарь гэрээний хавсралтаар батлагдаагүй, гэрээт ажлууд хугацаандаа гүйцэтгэгдээгүй, санхүүжилт гэрээний хугацаанд бүрэн хийгдээгүй үйл баримтууд тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч гэрээт ажлуудыг 90-100 хувийн гүйцэтгэлтэй хийж, актуудаар шалгаж хүлээлгэн өгсөн, хариуцагч 2018 оны 1 дүгээр сарын 05-аас 2019 оны 1 дүгээр сарын 17-ны хооронд нийт 364,230,000 төгрөгийг төлсөн үйл баримт тооцоо нийлсэн акт, сорилтоор шалгасан актууд, дулааны зангилаа, ус халаагчийг угсарсан актууд, 2 барилгын сантехникийн ажлын гүйцэтгэлийн танилцуулга зэрэг баримтаар тогтоогдсон байна. /29-45 хуу/

 

Гүйцэтгэгдсэн ажлын энэ хэмжээнд талууд гэрээг цуцалжээ. Гэрээ цуцлах үндэслэлд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, ажлын үр дүн 90-100 хувьтай бий болсон нь тогтоогдсон, гүйцэтгэл ач холбогдлоо алдаагүй, захиалагч ажлын үр дүнг тэр хэмжээгээр хүлээн авсан байх тул шүүх нэхэмжлэгчийг гэрээ цуцлах хүртэл гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээнд тохирсон хөлс шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 2 байгууллагын авлага, өглөгийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон үлдэгдэл 186,906,218 төгрөгөөс дутуу гүйцэтгэсэн ажлын 5%-д ногдох төлбөр 2,653,299 төгрөгийг хасаж, үлдэх хэсгийг шаардсан бол хариуцагч ажлын гүйцэтгэл 95%-д хүрээгүй гэж маргасан бөгөөд татгалзсан тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй болно. /29 хуу/

 

Талууд ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээлцсэн, хувь хэмжээг тодорхой тогтоосон, үлдэгдэл төлбөрийн хэмжээг тооцоо нийлсэн актаар харилцан баталгаажуулсан, нэхэмжлэгчээс гаргасан тэдгээр баримтын агуулгаар тогтоогдсон үйл баримтыг хариуцагч баримтаар няцаагаагүй байх тул шүүх тогтоогдсон үйл баримтуудад үндэслэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Зохигч байгууллагуудын төлөөлөл болон зохиогчийн хяналт гүйцэтгэгч, ББЗХХ-ын хяналтын инженерүүдийн 2018 оны 10 дугаар сарын 24-өөс 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үйлдэж, баталгаажуулсан “Дулааны зангилаа, ус халаагчийг угсарсан 1 тоот актууд”, “Дотор халаалтын системийг угсарсан сорилтоор шалгасан 2, 5 тоот актууд”, “Дотор халуун, хүйтэн усан хангамж сорилтоор шалгасан 3 тоот актууд”, “Гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан 4 тоот актууд, “Дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан 6 тоот актууд”-аар тус тус нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг “сайн” гэж хүлээн авжээ. /30-43 хуу/

 

Үүнээс гадна 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Аеродромын барилга болон каргоны барилгуудад хийсэн сантехникийн ажлын гүйцэтгэлийн танилцуулга” гэх хариуцагч байгууллагын нягтлан бодогч Г.Одончимэг, менежер Н.Цогтгэрэл, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал М.Билгүүнжаргал нарын харилцан баталгаажуулсан тусдаа 2 барилгад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээг халаалт 95%, агаар халаагч, дулааны хөшиг 95%, цэвэр ус 90%, бохир ус 100%, галын систем 90%, халаалтын узель 95%, агаар халаагчийн узель 95%, цэвэр усны узель 90% тус тус гүйцэтгэгдсэнийг тогтоож, эдгээр ажилд шаардлагатай материалууд татагдсан талаар тусгасан байна. /44-45 хуу/

 

БУА18/03, БУА18/04 тоот гэрээний дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг ийнхүү хувиар тооцож тогтоосноос хойш нэхэмжлэгч нэмж ажил гүйцэтгээгүй тул шүүх гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээг талуудын гэрээгээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээнд дүйцүүлэн тооцох замаар ажлын хөлсийг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

 

“Аеродромын барилга болон каргоны барилгуудад хийсэн сантехникийн ажлын гүйцэтгэлийн танилцуулга” гэх баримтуудад нэхэмжлэгчийн БУА18/03 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн халаалтын болон агаар халаагчийн узель угсрах ажлыг 95%-ийн гүйцэтгэлтэй гэж, үлдэх 6 ажил буюу БУА18/04 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын дундаж  хувь 93,33% /халаалт 95%+агаар халаагч, дулааны хөшиг 95%+цэвэр ус 90%+бохир ус 100%+галын систем 90%+цэвэр усны узель 90%=560:6=93,33%/ гарч байх тул хариуцагч нь БУА18/03 тоот гэрээний дагуу 92,724,085 /97,604,300х95%/ төгрөгийн, БУА18/04 тоот гэрээний дагуу 404,170,792 /433,055,600х93,33%/ төгрөгийн хөлс төлөх үүрэгтэй.

 

Хариуцагчаас 2 гэрээний дагуу нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд төлөх үүрэг бүхий нийт дүн 496,894,877 төгрөг байгаагаас төлсөн 364,230,000 төгрөгийг хасаж, үлдэх 132,664,877 төгрөгийг одоо хариуцагч нэмж төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэлээс үлдэх 33,588,042 төгрөгийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд үүний 20,476,318 төгрөг нь дээрх 2 гэрээнд хамаарахгүй талуудын хооронд үүссэн өөр гэрээний үүрэгт хамаарах тооцоо болох нь авлага, өглөгийн тооцоо баримтад “АА 2017 хаав” гэх утгаар орсон байгаагаар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эцэст нь, шүүх хуралдааны эхэнд шүүх хуралдаан даргалагчаас хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг талуудаас тодруулахад гаргах хүсэлт байхгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч хариулсан атлаа хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш гаргасан хүсэлт хангаагүй, сөрөг нэхэмжлэл хүлээн аваагүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл тогтоогдвол энэ тухай хэргийн оролцогчоос мэдэгдэх үүрэгтэй гэх заалтыг хүсэлт гаргах эрхийг өөрт олгосон гэж буруу тайлбарлаж, хуулиар тогтоосон журам, шүүх хуралдааны дэгийг зөрчиж шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

 

Шүүх уг хүсэлтийг хүлээн авах, цаашлаад Ерөнхий шүүгчээр хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэг, дараалал, хүсэлт шийдвэрлэх журамд нийцээгүй тул хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан ба үүнээс үүдэн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг орхин гарсан тул шүүх түүний оролцоогүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг дурдах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан “ВЭ” ХХК-аас 132,664,877 төгрөгийг гаргуулан “АА” ХХК-д олгож, “АА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,588,042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 989,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 821,274 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА