Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00163

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 623 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаар магадлалтай,

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

Л.От холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020.01.15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 623 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Оээс нийт 9,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цд олгож, хариуцагч Л.Оийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,150 төгрөг, хариуцагч Л.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.150 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 19,200 төгрөгийг хариуцагч Л.От буцаан олгож, хариуцагч Л.Оээс улсын тэмдэгтийн хураамж 162,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цд олгож шийдвэрлэжээ.

 

2. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг хариуцагч Л.О болон түүний өмгөөлөгч Ө.Ганзориг бид эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх шийдвэртээ Д.Цгийн үндсэн нэхэмжлэлтэй 9,200,000 төгрөгийг хариуцагч Л.Оээс гаргуулахаар шийдвэрлэж, Л.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Л.О нь 2018.08.01-нд 3,000,000 төгрөг, 2019.02.18-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 196 дугаар зүйлийн 196.1.1, 42 дугаар зүйлийн 42.1.1-т зааснаар талууд буюу зээлдүүлэгч, зээлдэгч нар нь амаар тохиролцож зээлийн гэрээг байгуулсан мөн хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү азах эрхээ алдана”, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зээлийн гэрээтэй холбоотой эрх зүйн харилцааг зохицуулсан иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт нарийвчлан маш тодорхой зохицуулж өгсөн байхад шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 199 дүгээр зүйлийн 199.3-ыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хариуцагч Л.Оийн хувьд 8,000,000 төгрөг амаар тохиролцож зээлж аваад 7,240,000 төгрөгийг буцаан төлсөн үүний зөрүү 760,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Корона гэх Улс үндэстнийг дамнасан аюулт цар тахлын үед мөнгө хүүлэгчдийг дэмжсэн шийдвэр шүүх гаргаж байгаад маш их гомдолтой байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Хариуцагч Л.О нь 8,000,000 төгрөг анх зээлээд зээлийн төлбөрт 7,240,000 төгрөг төлсөн бөгөөд үүндээр нэхэмжлэгчийн 9,200,000 төгрөг нийт 16,240,000 төгрөг төлөхөөр хохироод байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэе гэжээ.

ХЯНАВАЛ:

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Л.От холбогдуулан зээлийн үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг, 3 сарын хүү 1,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч Л.О нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 7,240,000 төгрөгийг төлсөн, үлдэх 760,000 төгрөгийг төлнө гээд 2020.01.15-ны өдрийн гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба харин Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд сонгож хэрэглэхдээ гэрээг цуцалсан нэхэмжлэлийн үндэслэлийг  анхаараагүйгээс хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг зөв тодорхойлж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсэг хангагдана.

 

7. Шүүхийн дүгнэснээр, талуудын байгуулсан 2018.08.01-ний өдрийн 3,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2019.02.18-ны өдрийн 5,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч Л.О нь зээлийн хүүг төлж байгаад 2020.01.15-ны өдөр зээлийн гэрээг нэгтгэж, төлөөгүй 8,000,000 төгрөгийн үндсэн зээлийг, сарын 5 хувийн хүүтэй, 2020.12.15 хүртэл хугацаатайгаар сунгаж тооцоо нийлсэн болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон, шүүх үндсэн зээл, 3 сарын хүү 1,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

8. Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Харин гэрээний хугацаа буюу 2020.12.15-наас өмнө нэхэмжлэгч гэрээг цуцалж,  2020.04.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад гэрээг цуцлах хүртэл хугацааны үүргийг хангуулаагүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцээгүй байна.

Хариуцагч нь 2020.01.15-ны өдөр тооцоо нийлэх хүртэл хугацаанд зээлийн хүүг төлсөн, үндсэн зээлээ төлөөгүй болохоо зөвшөөрсөн нь уг баримтаар тогтоогдсон байна.

Иймд үндсэн зээл 8,000,000 төгрөг, 2020.04.13 хүртэл 2 сар 19 хоногийн хүү 1,045,100 төгрөг төлөхөөс 2020.02.23-ны өдөр 400,000 төгрөгийг төлсөнийг хасч тооцвол 8,645,100 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

 

9. Талуудын байгуулсан 2020.01.15-ны өдрийн “зээлийн гэрээ” нэртэй баримт нь бие даасан гэрээ бус, өмнөх зээлийн гэрээний үүргийг нэгтгэж тооцсон баримт тул зээлийг аваагүй гэх хариуцагч Л.Оийн татгалзал үндэслэлгүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд ч хамаарахгүй байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

10. Хариуцагч нь зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн, төлөөгүй үндсэн зээлээ баталгаажуулж зээлийн хүү, хугацааг тохирсон нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.гэж, 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.гэж заасныг зөрчөөгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...анх зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 16,200,000 төгрөг төлөхөөр хохирч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 623 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...9,200,000...” гэснийг “...8,645,100...” гэж, “...олгож” гэсний дараа “...нэхэмжлэлээс 554,900 төгрөгийн шаардлагыг болон...” гэж нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...162,150 төгрөг гаргуулж” гэснийг “153,271 төгрөг гаргуулж...” гэж өөрчлөн магадал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.20-ны өдөр төлсөн 150,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД