Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00071

 

“ЖДҮХС” УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаар магадлалтай,

 

“ЖДҮХС” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

“Б Б” ХХК, П.Энарт холбогдох

 

Зээл, зээлийн хүү, алданги, гарсан зардалд нийт 352,103,856 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч “Б Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч “Б Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан “Б Б” ХХК, П.Энараас 348,869,669.44 төгрөгийг гаргуулж “ЖДҮХС” УТҮГ-т олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлгүй тул “ЖДҮХС” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,234,186.56 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг дараах барьцаа хөрөнгөнүүдээр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Үүнд, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Т.Бын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт Т.Бын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт Д.Мын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Т.Бын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Н-Э ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоол, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч нараас 1,902,298.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан “Б Б” ХХК, П.Энараас 348 869 669.44 төгрөгийг гаргуулж “ЖДҮХС” УТҮГ-т олгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Т.Бын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт Т.Бын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт Д.Мын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Т.Бын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Н-Э ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлгүй тул “ЖДҮХС” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 234186.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч “Б Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал хяналтын гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх ...хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн “Хариуцагч нараас нийт 348,869,669.44 төгрөг гаргуулж” шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. “Б Б” ХХК, П.Энар нь “ЖДҮХС” УТҮГ-тай 2016.12.22-ны өдөр 2016/3-103 дугаар Зээлийн гэрээг байгуулж, 350,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Дээрх зээлийн гэрээний 3.1-т “зээлийн хугацааг Сангаас зээлийн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тоолно... үндсэн зээл, хүүг төлөх хуваарь хугацааг энэхүү гэрээний хавсралт №1-т тодорхойлов...” гэж заасан боловч нэхэмжлэгч нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Эдгээр хугацааг тодорхойлох ач холбогдол бүхий баримт байхгүй тул үүргийн зөрчлийг тодорхойлох боломжгүй буюу зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т заасантай нийцэхгүй гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.2.1 буюу 8.1.1-т “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт 1-т заасан “Зээл буцаан төлөх хуваарь-ийг 3-аас дээш удаа зөрчсөн” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээл буцаан төлөх хуваарийг талууд харилцан тохиролцож баталгаажуулсан эсэх нөхцөл байдал тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзвэл талууд зээлийг эргэн төлөх хуваарьт хугацааг харилцан тохиролцсон байх буюу уг хуваарийг зээлдэгч мэдэж байсан байх шаардлагатай. Зээлийн гэрээний 2.1.12-т “Зээл буцаан төлөх хуваарь гэж зээлийн гэрээнд заасан хугацааны дотор зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа болон хэмжээг тодорхойлсон талуудын тохиролцоог”, 3.4-т “Зээлдэгч зээл, хүүг энэ гэрээний 3.1-т заасан хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийг сантай тохиролцсон бөгөөд хуваарийн дагуу төлөгдөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцно”, 4.1-т “Зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж дуусгавар болно” гэж тус тус заасан. Гэтэл талууд зээлийг буцаан төлөх хуваарийг баталсан баримт байхгүй тул үүргийн зөрчлийг тодорхойлох боломжгүй, зээлдэгч нарыг ямар хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх ёстой байсан талаар харилцан тохиролцоогүй байдал нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бий болоогүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “Хэрэгт авагдсан “Б Б” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх хуулбар баримт /хх-ийн 10/-ыг эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байдлаар гаргуулан авах боломжгүй болсон ...уг баримт дахь 2017, 2018 оны буцаан төлөх зээл, хүүгийн хэмжээ нь нэхэмжлэгчээс өөрийн мэдээллийн сангаас хэвлэсэн гэх эргэн төлөлтийн хуваарьт заасан мөн хугацааны эргэн төлөх зээл, хүүгийн хэмжээтэй ижил, ямар ч зөрүүгүйгээр тохирч байгаа тул шүүх агуулга ижил 2 баримтад заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч нарыг зээл, хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй байсан гэж үзлээ” гэж дүгнэжээ. Уг баримт нь “Б Б” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх нэртэй боловч 2016.12.22-ны өдөр байгуулагдсан 2016/3-103 дугаар Зээлийн гэрээний хавсралт биш, талуудын хооронд тооцоо нийлсэн баримт байдаг. Зээлийн гэрээ байгуулах тухайн үед зээлийг хэсэгчлэн төлөх талаар талуудын тохиролцоо байхгүй атал нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2020.02.17-ны өдрийн огноотой баримтыг үнэлэн зээлдэгч нарыг тус баримтад заасан хугацаа, хэмжээгээр төлбөр төлөх үүрэгтэй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч зээл, хүүг буцаан төлөх үүрэг зөрсөн үндэслэлээр 2019.05.10-ны өдрийн 1/511 тоот зээл буцаан дуудах мэдэгдлээр ...2019.05.15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээ цуцлагдсан гэж үзнэ” гэж дүгнэжээ. 2019.05.10-ны өдрийн 1/511 тоот “Зээл буцаан дуудах мэдэгдэл” нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон гэж үзэх боловч гэрээ цуцлах тухай мэдэгдэл биш болно. /Уг мэдэгдэлд “Зээлийн гэрээний 7.1.2 буюу Иргэний хуулийн 453.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар захиран зарцуулах тухай” дурдсан байх бөгөөд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш болно./ Иймд шийдвэр, магадлал нь үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтад үндэслэгдээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул дээрх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Нэхэмжлэгч “ЖДҮХС” УТҮГ нь хариуцагч “Б Б” ХХК, П.Энарт холбогдуулан зээлийн үүрэг, хохиролд нийт 352,103,856 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

6. Анхан шатны шүүх хариуцагч нараас 348,869,669 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016.12.22-ны өдрийн гэрээг зээлийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцжээ. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т.Бын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц, 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Л.Чулуунбаатарын өмчлөлд бүртгэлтэй 3 үл хөдлөх хөрөнгө, Д.Мын өмчлөлийн  Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууцыг барьцаалсан, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

8. Талууд барьцааны гэрээнд 2018.04.06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, Л.Чулуунбаатарын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, нэмж эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Т.Бын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай “Н-Э” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоол зэргийг барьцаалжээ. /хэргийн 23-25 дугаар тал/

 

9. Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хариуцагч нар зээл 350,000,000 төгрөгийг, мах боловсруулах үйлдвэрийн зориулалтаар, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлж авсан боловч хуваарийн дагуу 2019.07.31-ны байдлаар 149,313,126 төгрөг төлөхөөс 23,197,525 төгрөгийг төлж үүргээ зөрчсөн, зээлийн гэрээний 8.1.1-д зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн бол гэрээний үүрэг зөрчсөнд тооцно гэж, 10.2.1-д энэхүү гэрээний 8.1.1-8.1.9-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан бол гэрээг хугацаанаас өмнө цуцална гэж заасан, нэхэмжлэгч 2019.05.10-ны өдөр “Б Б” ХХК-д хандаж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 361,330,402 төгрөгийг 2019.05.15-ны өдрийн дотор төлөхийг  мэдэгдсэн нь гэрээг цуцлахыг сануулсан агуулгатай, хариуцагч нар үүргийн зөрчлийг арилгаагүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, мөнгөн төлбөрийн үүргийг буцаан шаардсан байна.

 

Шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.”, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан зохицуулалтад нийцсэн, гэрээг цуцалсан өдрөөр буюу 2019.05.10 гэхэд төлөх ёстой хүү 12,160,071 төгрөг, үндсэн зээл 350,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 13,330,402 төгрөгийг хасч, үлдэх 348,829,669 төгрөг, нотариатын зардал 40,000 төгрөг нийт 348,869,669 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

10. Барьцаа хөрөнгийн өмчлөгч нь Т.Б, Д.М, Т.Батдорж, “Н-Э” ХХК, үүнээс Т.Б нь хариуцагч “Б Б” ХХК-ийн захирал байх ба давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан, үүнд хариуцагч гомдол гаргаагүй юм.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан “...зээл буцааж төлөх хуваарийг гэрээний хавсралтаар тодорхойлов гэж тусгасан боловч энэ баримт хэрэгт байхгүй, энэ баримт нь үүрэг зөрчсөн эсэхийг тодорхойлох ач холбогдолтой байсан, уг баримт байхгүй тул хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч гэрээг цуцлахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй, “зээл буцаан дуудах мэдэгдэл” нь гэрээг цуцлахыг мэдэгдсэн баримт биш, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

12. Зохигчийн зүгээс зээлийн гэрээний хавсралт №1 гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “...зээлийн эргэн төлөлтийн хуваарь” гэх /хх-10/ баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул шүүх уг баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой тусгасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2016.12.22-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2021.12.22-ны өдөр дууссан, хариуцагч нь зээлийг ашигласан хэвээр байгаа тул гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэх гомдол ач холбогдолгүй байв.

 

Иймд магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 10-ны өдрийн 812 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.08-ны өдөр төлсөн 1,918,469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Б.МӨНХТУЯА

                      ШҮҮГЧИД                                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                                Д.ЦОЛМОН

                                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД