Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 9

 

А.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч А.С-ын өмгөөлөгч Л.Ганганбарс, А.Ган-Эрдэнэ, Ц.Батзаяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.С-ын өмгөөлөгч Л.Ганганбарс, Ц.Мөнхтуяа, А.Ган-Эрдэнэ, Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Сад холбогдох эрүүгийн 1904000360023 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овгийн ..................гийн ................. 19.......... оны ............ дугаар сарын ...............-ны өдөр ............... аймгийн ................. суманд төрсөн, .................. настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................. дүүргийн ................ дугаар хороо, .......... ......... дүгээр гудамжны .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус гудамжны 1 тоотод түр оршин суудаг, /РД:........................./,

Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

А.С нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага гүний 15 дугаар гудамжны 6 тоот хашаанд өөрийн үеэл ах Д.Эрдэнэчулуунтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний хэвлийн хөндийн дээд хэсэг /аймхай/, нүүрний зүүн нүдний доод хэсэг, духны хэсэгт, мөн хашааны гадна талд толгойн баруун талын чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .............. овгийн ....................ийн ................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Сад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Сын цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхмаа нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон эрээн алаг өмд, хүрэн эрээн алаг өмд, бор эрээн цамц, саарал ногоон өмд, түмэн наст болон дугуй хээтэй бор шаргал алаг нударгатай монгол дээл, эсгий түрийтэй арьсан толгойтой гутал 1 хос, улбар шар өнгийн дээлний бүс, энгэр хажуу талдаа цахилгаантай халаастай хар өнгийн богино куртик, А.Сын гэх цэнхэр эрээн судалтай нимгэн цамц, 55-25 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд суудлын 3 хэсэг бүрээс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, А.Сын эзэмшлийн “Транс Капитал” ХХК-н нэр дээр бүртгэлтэй “Тоёота Приус 20” маркийн 55-25 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.Сад буцаан олгож, А.Сад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Ц.Мөнхтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нь шүүгдэгч А.Сыг дээрхи хүн алах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэх үндэслэлдээ гэрч Оюунчимэгийн мэдүүлэг “Орж ирэх үед ямар зовиур байна гэхэд чихнээс цус гараад байна гэж Д.Эрдэнэчулуун хэлсэн, яагаад чихнээс цус гарсан бэ гэхэд хариулахгүй чимээгүй зогсоод байсан, дүү нь гэх залуу босгонд бүдэрч унасан гэж байсан” гэх мэдүүлгийг шүүх үндэслэсэн. Гэтэл гэрч Г.Анхзаяагийн мэдүүлэг /1хх 162-163/ “Анх орж ирэхэд нь би хүлээж авсан. Орж ирэхэд яасан ямар зовиуртай вэ гэхэд чихнээс нь цус гарсан ахын хамт явсан залуу унаад чихнээс нь цус гарсан гэхээр нь хаана гэхэд айлд гэж хэлсэн. Тэгэхээр нь би чихнээс нь цус гарч байгаа ахаас та хүнд зодуулсан уу, хүнд зодуулсан бол манайх цагдаа дуудах ёстой гэж хэлэхэд тэр ах үгүй ээ ах нь унасан гэж хэлсэн, тэгж хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг санагдсан, үүний дараа би жижүүр эмч Оюунчимэг эмч рүү яриад эмчээ чихнээс нь цус гарсан хүн ирсэн гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс харахад хохирогч Д.Эрдэнэчулуун нь их эмч О.Оюунчимэгийг хүлээн авах тасагт орж ирэхээс өмнө сувилагч Г.Анхзаяад биеийн байдал болон юунаас болж чихнээс цус гарсан талаараа ярихдаа “Хүнд зодуулаагүй, унасан” гэдгээ тодорхой ярьсан байдаг. Гэрч А.Мөнхбатын мэдүүлгийг шүүх үндэслэхдээ А.Стай уулзалт хийхэд “Тэр үед талийгаач дахиад зугтаах гээд байсан болохоор бид хоёр ноцолдсон, тэгээд дэрсэнд тээглэж газарт унасан. Тэгэхээр нь чирээд хашаанаас авч гарсан. Харин хашааны гадна гараад машинд суухгүй зугтаах гэхээр нь би толгой чих хэсэг рүү нь гараар цохисон. Тэгээд миний машинд суугаад манайх руу явж байхад чихнээс нь цус гарсан” гэж мэдүүлсэнийг үндэслэн А.Сыг гэм буруутайд тооцоод байгаа. Гэтэл гэрч Г.Дэлгэрийн мэдүүлэгт /1хх 128-129/ “Унтаж байгаад бие засах гээд гарахад хашааны хаалганы урд талд А.С, Д.Эрдэнэчулуун нар байсан. А.С Эрдэнэчулууныг хойноос нь сугадаж өргөсөн байсан. Намайг гарч ирсэн чинь Сармандах Эрдэнэчулууныг машинд суулгаад өгөөч гэхээр нь Эрдэнэчулууныг өргөж цагаан өнгийн приус-20 маркын тээврийн хэрэгсэлийн урд талын суудал дээр суулгасан. Би тэр хоёрыг муудалцаж зодолдож байхыг хараагүй” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Сармандахын удаа дараагийн мэдүүлгүүд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Намайг Эрдэнэчулуун ах дээр очиход Эрдэнэчулуун ах Отгонбаярыг явъя гэхэд Отгонбаяр хашааны шонгоос зуураад явахгүй гээд байсан. Отгонбаярын куртикны баруун ханцуй бараг тасарсан, би очиж салгасан. Эрдэнэчулуун ахад таны хойноос зөндөө явлаа, өөрөө амрахгүй, хүн ч амраахгүй эхнэрээ айлгаад, явъя гэхэд би өөрийгөө мэдэж байна, явна явахгүй гээд маргалдаж намайг хөлөөрөө жийхээр нь би аймхайдсан, зүүн нүдэнд нь баруун гараараа нэг удаа цохьсон, алгадах гэтэл хамрыг нь шүргэсэн, ингээд хашааны хаалгаар гарахаар ноцолдож хаалга руу ойртож явсан чинь Эрдэнэчулуун ах миний араас нурууны хэсэгт гараараа ёворсон. Тэгэхээр нь яагаад байгаа юм бэ гэж хэлээд гараа атгаж байгаад духны хэсэгт нэг удаа цохьсон. Ингээд хашаанаас гарч машин руугаа Эрдэнэчулуун ахыг авч явах гээд 2 гараараа баруун гарыг нь барьсан явж байсан чинь хашааны гадна байсан хогны машины хажуугаар өнгөрөөд явж байхдаа Эрдэнэчулуун ах гараа тавиулах гээд гараа угзарч татсан. Хойшоо хонхор хэсэгт савж унасан. Ингээд унахаар нь очоод яагаад ямбалаад байгаа юм явъя гэхэд дуугарахгүй ёолж яриглаад байсан. Би өргөх гэсэн чинь хүнд санагдаад Дэлгэрээ гэдэг хүн явж байхаар нь нааш ирээд өргөөд өг гээд машинд аваачиж суулгасан. Ингээд бид 2 тэндээсээ хөдлөөд явж байхад Эрдэнэчулуун ахын баруун чих, хамраас нилээн цус гарсан байхаар нь гэрэлд хараад, гэртээ ороод дахиад харахад чихнээс нь цус гарч байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхэд Эрдэнэчулуун ах асуумжаа өөрөө өгсөн. Айлаас гарахдаа босгонд унасан гэж надад хэлсэн тэрнийг нь би хэлсэн. Эмч нар эмнэлэгт хэвтүүлнэ, шинжилгээ авна, аяга таваг, цагаан хэрэглэл авчир гэхээр нь явах гэтэл Эрдэнэчулуун ах намайг дуудаад Отгонбаярыг дагуулаад ир гэж хэлсэн. Отгонбаярыг дагуулж ирсэн. Мод чулуугаар зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээс харахад шүүгдэгч А.С нь хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэл анхнаасаа үнэн зөв, тогтвортой мэдүүлж байсан бөгөөд гэрч А.Мөнхбат нь мэдүүлэгтээ “Хашааны гадна гараад машинд суухгүй зугтах гэхээр нь би толгой, чих рүү нь гараар цохьсон” гэж мэдүүлсэн гэдэг боловч шүүгдэгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт цагдаа нар чи цохиж алаа биз дээ, чи толгой руу нь цохиж зодсон биз дээ, үнэнээ хэл олон жилийн ял авна чи гэх зэргээр дарамтласан талаар мэдүүлдэг. Анхан шатны шүүх дээрхи гэрчүүд болон шүүх эмнэлэгийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн шүүгдэгч А.Сыг хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих оногдуулсан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх нь шүүгдэгч А.С нь амь хохирогчтой маргалдан түүний толгойн тус газар цохисон үйл баримт тогтоогдож байх бөгөөд амь хохирогч нас барсантай шалтгаант холбоотой байна гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч А.С нь хохирогчийн толгой тус газар гараар цохисноос үүдэн хохирогч Д.Эрдэнэчулуун нь тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Шүүх эмнэлгийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 010 дугаартай, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 835 дугаартай, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1018 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр “Талийгаач Д.Эрдэнэчулууны цогцост баруун чамархайн яснаас доош босоо үргэлжилж, баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэтэрсэн,шугам хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эд дарагдан, няцрал, дагз чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар баруун бугалганд зулгаралт,зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлсийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эдийн шинжилгээгээр нас барахаас өмнө 10-12 цагийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи баруун чамархайн яснаас доош босоо үргэлжилсэн баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэтэрсэн.шугам хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эд дарагдан, няцрал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь цохих, цохигдох, мөргөлдөх, унах аль ч үед үүсэх боломжтой” гэж дүгнэсэн. Түүнчлэн шүүгдэгч А.С нь хохирогч Д.Эрдэнэчулууныг 1 удаа аймхай руу нь цохисон, баруун гараараа зүүн нүдэнд нь 1 удаа цохьсон, дух руу нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон буюу нийт хохирогчтой маргалдах явцад 3 удаа биед халдаж гараараа цохисон байдаг. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн хувьд хохирогчид үүссэн хөнгөн гэмтлийн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үхлийн шалтгаан болох тархины хүнд гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Шаарийбуугийн /хх 179-180/ “Талийгаачийн биед учирсан баруун талын чамархайн яснаас доош босоо үргэлжилсэн баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэтэрсэн шугам хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эд дарагдан, няцрал, дагз чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт гэсэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ гэмтэл нь хатуу биет зүйлийг буюу ирмэг үзүүртэйгээс бусад зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох юм мөргөх, газар хүчтэй савж унах буюу хүний биений хүчнээс давсан хүчин зүйлээс үүсгэгдэх боломжтой, мөн дээрхи гэмтэл нь гараар цохиход үүсэх боломж багатай” гэж мэдүүлсэн байдаг. Шинжээч эмч Т.Амартүвшин нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “Талийгаачийн биед учирсан гэмтэл цохих, цохигдох, унах аль ч үед үүсэн боломжтой. Тухайн талийгаачийн гэмтэл нь баруун талын чулуулаг ясны дээд талын хугарал үүссэн бөгөөд гэмтсэн даруйдаа шууд цус гарна. Таталцах, түлхэлцэх үед хойшоо савж унах үед хуйхны хавдар дээр тархины овгор хэсгээрээ хавтгай гадаргуутай зүйл дээр унахад унасан хүчнээсээ хамаараад үүсэх боломжтой. Гараар цохиход ясны хугарал үүсэх боломжгүй, өшиглөх үед үүснэ. Гартаа хатуу биет бариад цохих үед үүснэ. Чулуу, тоосго, мод барьж цохиход үүсэх боломжтой” гэж гэрчээр мэдүүлэг өгөхдөө хохирогч Д.Эрдэнэчулууны унасан гэх хашааны гаднах хэргийн газрын зургийг хараад дээрхи дүгнэлтийг гаргасан. Мөн шүүгдэгч А.С нь гараараа 2-3 удаа хохирогчийг цохисоноо хүлээн зөвшөөрдөг. Харин тухайн тархины хүнд гэмтлийг хохирогчийг авч явч явах гээд айлын хашааны гадна шүүгдэгч А.С нь 2 гараараа хохирогчийн баруун гарыг барьсан явж байхад гараа хүчтэй татсаны улмаас хохирогч өөрөө арагшаа хүчтэй савж унасаны улмаас дээрхи хүнд гэмтлийг авсан байж болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Шаарийбуу болон Т.Амартүвшин нарын гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Сад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуултийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Л.Ганганбарс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс холбогдогчийн гэм бурууг тогтоосон үндэслэлүүд болох гэрчүүдийн мэдүүлгүүд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, ашиг сонирхолтой байхад гэм буруугийн нотлогоо болгон үнэлсэн, нотлох баримтуудыг зөвхөн яллах талыг баримтлан үнэлсэн явдал нь хуульд заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байна” гэсэн заалтыг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. А.С нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны шөнө өөрийн нагац ах Д.Эрдэнэчулууны хамтран амьдрагч Б.Отгонбаяр удаа дараа “намайг зодоод байна ирж аваач” гэж дуудсанаар очиж ах Д.Эрдэнэчулууныг гэртээ аваачих гэж хөөцөлдсөөр байгаад гэртээ аваачих үед түүний чихнээс цус гарч байсан тул эмнэлэгт хүргэн очиж улмаар нагац ах Д.Эрдэнэчулуун нас барсан. Айлын хашаан дотор явна, явахгүй гэж маргалдаж байх үед амь хохирогчийн нүүрэн тус газар 2 удаа, аймхай орчимд нэг удаа зөөлөвтөр цохисон гэдгээ анхны мэдүүлгээс эхлэн үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл энэхүү цохисон гэдгийг үндэслэн амь насыг бүрэлгэсэн гэж үзэн яллагдагчаар татан цагдан хорьж, түүнийг энэ хэргийг үйлдсэн гэж холбогдуулан шалгаж эхэлсэн. Цагдаа прокурор нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь шалган тогтоох үүрэгтэй бөгөөд шүүхээр гэм буруутайг тогтоох хүртэл хэнийг ч гэм буруутай гэж үзэх ёсгүй байтал зөвхөн түүнийг буруутай гэдгийг нотлохоор баримт цуглуулан ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн хэрэгт шууд нотлох баримт байхгүй, хүнийг алсан гэж буруутгах хангалттай нотолгоо цугларахгүй болоод ирэхээр хэргийг шалгаж байсан мөрдөгч нарыг гэрчээр оролцуулан холбогдогчийн хэлсэн ярьсан зүйлийг мушгин гуйвуулсан мэдүүлгүүд авч түүнийгээ нотлогоо болгон ашиглаж хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн. Дээр дурьдаж буй нөхцөл байдлууд нь тус хэрэгт мөрдөгчөөр ажилласан А.Мөнхбат, Ж.Пунцагноров нараас холбогдогчийг худлаа ярьсан болгож мэдүүлэг авсан. Тухайн хэрэгт хэргийг оролцогч нараас аль ч талаас хүсэлт гомдол гаргаагүй байхад прокурор өөрийн санаачлагаар дахин шинжээч томилон амь хохирогчийн үхлийн шалтгааныг холбогдогчийн үйлдэлд хамаатуулах оролдлого хийн шинжээчээс өөрсдийнх нь дүгнэлтийн агуулгын эсрэг мэдүүлэг авахуулсан /тус хэрэгт нийт 9 шинжээч оролцсон байхад ганцхан шинжээч л өөр агуулгатай тайлбар гаргасан байдаг/ зэргээс тодорхой харагдана. Тус хэрэгт мөрдөгчөөр ажилласан, мөн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн А.Мөнхбат нь тус хэргийн гэрч Л.Анхбаатар гэгчээс мэдүүлэг авахдаа огт бичиг үсэг мэдэхгүй хүнийг мөн бичиг үсэг мэдэхгүй хүн байлцуулж байцаалт аваад яриагүй зүйлийг ярьсан болгож, холбогдогчийг буруутган зохиосон байцаалт авсан байдаг. /хх 122, 124/ Ингэж хэрэгт гэрчийн мэдүүлгийг зохион бичиж холбогдогчийг буруутгах хувийн сонирхолтой байгаа хүн өөрөө гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгнө гэхэд эргэлзээтэй биш үү. Түүний мэдүүлсэн үйл явдал гэрч Г.Дэлгэрийн мэдүүлгээр няцаагддаг. /хх 128/ Хууль зөрчсөн мөрдөгчид арга хэмжээ тооцож байх ёстой прокурор харин ч эсрэгээрээ түүнийг гэрч болгон оролцуулаад явж байгаа нь мөн л энэ хэрэгт ямар хандлага гаргаж байсан нь тодорхой харагдана. Мөн тус хэрэгт Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж мөрдөгчид нь цуг зэрэгцэн ажилладаг нөгөө мөрдөгчид болох Ж.Пунцагноров, А.Мөнхбат нараа гэрчээр байцаагаад түүнийгээ нотолгоо гэж үнэлээд /прокурор мөн адил/ байгаа нь хуульд заасан шаардлага нөхцөл, ашиг сонирхол, хуйвалдаагүй, хүний эрхийг зөрчөөгүй гэх баталгаа байна гэхэд үнэхээр эргэлзээтэй. Энд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1 дэх заалт агуулгын хувьд үйлчлэх ёстой. Мөн хэргийн гэрч Б.Отгонбаярын хувьд сэтгэцийн өвчтэй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрийн үзсэн харсан үйл явдлыг өөрийн сэтгэхүйн хэмжээнд тусган авч өөрийн үзсэн харсны хэмжээнд мэдүүлэг өгөх чадвартай гэсэн сэтгэцийн эмчийн дүгнэлттэй. Мөн удаан хугацаагаар эмчийн хяналтад байгаа хүний хэлсэн ярьсан зүйлийг ойлгохдоо муу гэж эмчлэгч эмч болон төрсөн эгч нь /1хх 158, 1хх 144/ мэдүүлж, түүнийг оюуны чадавхийн талаар хангалтгүй гэдгийг нотлох баримт хангалттай байсаар атал тэр хүн өөрийн нүдээр үзэж хараагүй үйл баримт буюу амь хохирогчийн чих рүү нь Сармандах цохисон гэж ярьсан гэсэн мэдүүлэг аван түүнийгээ яллах нотлогоо болгон үнэлсэн. Нагац ахынх нь бие муудаад эмнэлэгт орхичихсон, яарч сандарч яваа, ярихдаа ээрч гацдаг холбогдогч А.С тухайн үед юу гэж ярьсныг тэр хүн /гэрч/ юу гэж ойлгосон, түүнийгээ юу гэж мэдүүлсэн нь маш эргэлзээтэй байхад энэ хүний мэдүүлгийг шууд нотлогоо болгон үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Шинжээч болон эмчлэгч эмч нь энэ хүний сэтгэцийг “харсан үзсэн зүйлийнхээ талаар өөрийн сэтгэхүйн хэмжээнд мэдүүлэх чадвартай” гэсэн байхад түүний өөрийнх нь хараагүй зүйлийг асуугаад угаасаа хүний ярьсныг ойлгох чадвар муутай, тоо мэдэхгүй, мөнгө тоолж мэдэхгүй, бичиг үсэг, он, сар, өдрөө ч мэдэхгүй /2хх 20 №14 сэтгэцийн дүгнэлт/ хүний /гэрчийн/ мэдүүлгийг үнэлэн эргэлзээгүй нотлогоо гэж үзэж болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч прокурор нь нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.4 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байна. Энэ заалтад хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож мэдэх чадвар яригдах ёстой болохоос өөрийн харсан зүйлээ мэдүүлэх чадварын талаар яригдахгүй, сэтгэцийн өвчтэй өөрийн хараагүй зүйлийнхээ талаар ярих чадваргүй хүний талаар зохицуулсан зохицуулалт биш гэдгийг анхаарах ёстой гэж үзэж байна. Мөн гэрч Б.Отгонбаяр нь мэдүүлэг өгөхдөө амь хохирогчийг утсаар ярихдаа Сармандах аав ээжтэйгээ гурвуулаа элбэж зодоод байна гэх мэтээр огт болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсан зэргээс /1хх 119 хуудас, энэ нь гэрч Ц.Энхтөрийн мэдүүлгээр няцаагддаг/ түүний мэдүүлэг зөвхөн холбогдогч А.Сын биш бусад хүний мэдүүлэгтэй ч зөрөлдөж, худал мэдүүлдэг гэдэг нь харагдана. Мөн хэрэгт гэрч Г.Анхзаяа, О.Оюунчимэг нарын мэдүүлгийг үндэслэл болгон холбогдогчийг амь хохирогчийн өмнөөс хариулт өгч байсан, айлын үүдэнд унасан гэж хэлсэн зэргээр буруутгадаг. Гэтэл гэрч Г.Анхзаяа нь амь хохирогч эмнэлэгт орж ирээд асуултанд хариулахдаа өөрөө унасан гэдгээ өөрөө хэлсэн гэж мэдүүлсэн. Энэ бол шууд цагаатгах нотолгоо. Хажуунаас нь А.С гэрээс гарахдаа тээглэж унасан гэж амь хохирогч өөрт нь эмнэлэг хүрэх замдаа явж байхдаа хэлсэн үгийг нь эмч сувилагчид дамжуулж хэлсэн нь яагаад яллах нотлох баримт болж байгаа нь туйлын ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн тогтоолд дурдагдсан гэм буруугийн бусад нотолгоо буюу гэрч Б.Мөнхзул, Г.Атарцэцэг, Д.Одмаа гэх мэт хүмүүсийн мэдүүлэг бол болсон үйл баримтыг огт мэдэхгүй, хэргийг хэн үйлдсэн гэдэг талаас нь биш зөвхөн үйлдэл болохоос өмнөх буюу дараачийн үйл баримтыг мэдүүлсэн мэдүүлгүүд байхад яагаад мөн л А.С хүнийг алсан гэх хэргийн нотолгоо болов. Гагцхүү насанд хүрээгүй гэрч М.Батбаяр нь холбогдогч нь амь хохирогчийг хашаан дотор нэг удаа л мөрөн тус газар нь цохисон гэх. Холбогдогч өөрөө бүр хашаан дотор 3 удаа гар хүрснээ хэлээд байгаа. Гэтэл хашаан дотор түүнийг цохисон асуудал амь хохирогчийн үхэлд хүргэх шалтгаан нөхцөл болоогүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой байдаг. Яллах дүгнэлт болон шүүхээс хийсэн дүгнэлтэд хашаан дотор биш хашааны гадна гаргаад цохиж унагаасан гэж дүгнээд байгаа. Гэтэл үүнийг энэ хэрэгт мэдүүлэг өгсөн нэг ч хүн хараагүй, мэдүүлээгүй. Холбогдогч мэдүүлэхдээ амь хохирогчийг хашааны гадна гараад ханцуйн дээрээс нь татаад явж байтал гараа угз татаад арагшаа савж унасан, өөрөө ч явж байсан зүг рүүгээ хүчиндээ унах шахсан гэдэг. Амь хохирогч ингэж унахдаа тархиндаа гэмтэл авсан байх бүрэн боломжтой. Боломжтой гэдгийг анхны шинжээчийн дүгнэлт тайлбар, дараа дараагийн шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагддаг. /1хх 172 шинжээчийн дүгнэлт №10, 1хх 179 шинжээчийг байцаасан тэмдэглэл, 2хх 36 шинжээчийн дүгнэлт №875, 3хх 70 шинжээчийн дүгнэлт №1018, шинжээч Т.Амартүвшин шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг/ Бүр эхний болон хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтээр гараар цохиход үүсэх боломжгүй гэж хэлээд байхад шүүх үүнийг юугаар үгүйсгээд, ямар үндэслэлээр зөвхөн цохиж унагасан гэж дүгнээд байгаа юм бэ. Дээрхи эргэлзээ бүхий нотолгоонуудыг анхан шатны шүүх гэм буруугийн үндэслэл болгосон бөгөөд өмгөөлөгчдийн дүгнэлтийг няцаасан, хүлээн авах боломжгүй гэж үзсэн үндэслэлүүд нь туйлын ойлгомжгүй, шүүгдэгчийн гэм буруугүйг нотлож байгаа баримтыг гэм буруутайн нотолгоо болгон дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалт, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5, 1.6 дахь заалтыг тус тус баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын дагуу А.Сад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч А.С нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд хохирогч Д.Эрдэнэчулууныг архи уулгахгүй гэртээ харья гэхэд хохирогч эсэргүүцэж гараа угз татан дэрсэнд тээгэлж удаа дараа унасан, хашааны хаалганы шон мөргөсөн байдаг. Энэхүү үйл явдлын дараа хохирогчийг машиндаа оруулан авч явж гэртээ цуг харьсан. Энэ үеэс хохирогчийн баруун чихнээс цус гоожсон ба гэрт орох үед болон эмнэлэгт хүргэж очин эмчилгээ хйилгэсэн боловч маргааш өдөр нь нас барсан. Шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний 010 дугаар дүгнэлтэд амь хохирогчийн үхэлд хүрсэн шалтгаан нь тархины эдийн битүү гэмтлийн улмаас нас барсан гэх бөгөөд энэхүү гэмтэл нь цохих, цохигдох, унах аль ч үед үүсэх боломжтой гэсэн /1хх 172-174/, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн энэ гэмтэл нь хатуу биеэ зүйлийн буюу ирмэг үзүүртэйгээс бусад зүйлийн үйлчлэлээр цохих, цохихдох, юм мөргөх, газарт хүчтэй савж унах буюу хүний биений хүчнээс давсан хүчин зүйлээс үүсгэгдэх боломжтой. Мөн дээрх гэмтэл нь гараар цохиход үүсэх боломж багатай тухайн үеийн ннхцөл байдал, хүчний үйлчлэлээс үүсэхийг үгүйсгэхгүй, огт боломжгүй гэсэн үг биш гэсэн мэдүүлэг /1хх 179-180/,

шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 010 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /2хх 36-39 хуудас/, шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн “Талийгаачийн баруун чамархайнаас суурь яс руу чиглэсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, чамархайн хуйх болон чамархай булчингийн цус хуралт нь баруун чамархайн хэсэгт 1 удаа цохиход үүсэх боломжтой бусад гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт хатуу мохоо биет гар, хөл хамаарна. Өөрөөр хэлбэл цохигдох, өшиглөх, үйлдэл хамаарна. Тухайн гэмтэл дээр цохих, өшиглөх үед үүснэ. Баруун чамархайн хэсэгт үхэлд хүргэсэн гэмтэл үүснэ. Уг гэмтэл нь гараа татаж хойшоо унах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /2хх 43-45/, шинжээч эмч Т.Амартүвшингийн өгсөн “Талийгаачийн биед учирсан гэмтэл цохих, цохихдох, унах аль ч үед үүсэх боломжтой. Хохирогчийн биед зүүн хөмсөг хамар, баруун бугалганд зулгаралт үүсэх боломжтой. Мөн шүргэгдэх, үрэгдэх үед үүсэх боломжтой. Тухайн талийгаачийн гэмтэл нь баруун талын чулуулаг ясны дээд талын хугарал үүссэн бөгөөд гэмтсэн даруйдаа шууд цус гарна. Таталцах түлхэлцэх үед хойшоо савж унах үед хуйхны хавдар дээр тархины овгор хэсгээрээ хавтгай гадаргуутай зүйл дээр унахад унасан хүчнээсээ хамаараад үүсэх боломжтой. Гараар цохиход ясны хугарал үүсэх боломжгүй, өшиглөх үед үүснэ. Гартаа хатуу биет бариад цохих үед үүснэ. Чулуу, тоосго, мод барьж цохиход үүсэх боломжтой. Хавсарч цохисон үйлчлэлээс үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг эдгээр дүгнэлтүүд нь ялтан А.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед удаа дараа мэдүүлсэн “талийгаач нь өөрөөс нь согтуугаар зугтаж олон удаа хашаа давж гүйж явахдаа унаж юм мөргөсөн байж болох талтай, гадагш гарах үед хаалганы шон мөргөсөн, дэрсэнд тээглэж тас хийтэл савж унасан. Босгох гэтэл босохгүй ёооё гээд бие нь хүнд юм шиг санагдсан. Тэгээд гэрийн гадаа ирээд хартал хацар болон куртикний баруун мөр цус болсон байсан...” гэж мэдүүлсэн нь савж унах үед учирсан байх боломжтойг шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газрын зураг /өвс дэрс буттай/ /1хх 79/, насанд хүрээгүй гэрчийн зааж байгаа зураг /1хх 85/ гэрчүүдийн мэдүүлгүүдээр уг гэмтлийг авсан байж болно гэдгийг нотолсон байна. Мөн уг А.С нь амь хохирогчийг шууд санаатайгаар цохисон буюу түүний толгойн тус газраар нь юманд цохиулах үйлдлийг хийсэн гэх шууд нотлох баримт авагдаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тухайн хэргийг шийдвэрлэх, хууль тайлбарлах болон хууль хэрэглээний явцад эргэлзээ гарвал яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэхээр зохицуулж өгсөн байдаг. Энэ хэрэгт дээр дурьдсанаар яллагдагч нь амь хохирогчийг яг шууд цохиод тархинд нь битүү гэмтэл учруулсан гэх нотолгоо байхгүй шинжээчийн зөрүүтэй дүгнэлтүүд байгаа нь энэхүү хуулийн заалтыг хэрэглэх, түүнд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой байдлыг бий болгож байна. Иймээс А.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Шүүгдэгч А.С нь солгой биш. Хохирогчтой зууралдаж байх үедээ дандаа урд нь гарч явсан гэж мэдүүлдэг. Мөн хохирогч баруун талынхаа чамархайд гэмтэл авч нас барсан. Үүнээс үзэхэд баруун гараараа урдаас баруун чамархайд цохиход гэмтэл учрах боломжгүй тул эдгээрийг харгалзан үзэж хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Ц.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй” гэсэн үндэслэл байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй, нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад дүгнэлтийнхээ үндэслэл болгож аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой зааж дүгнээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гол үндэслэл болно. Шүүх хохирогч Д.Эрдэнэчулууны биед учирсан “гавлын баруун чамархай ясны ар дээд хэсгээс доош суурь ясны баруун чихний чулуулаг яс болон суурийн хонхор луу салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар, баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд шарх гэмтэл”-үүдийг бүгдийг нь А.С учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтүүдэд талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь цохих, цохигдох, мөргөгдөх, унах аль ч үед үүсэх боломжтой талаар дүгнэсэн. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч А.Сын хохирогч Д.Эрдэнэчулууныг цохисон гэсэн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг буруутгахад ашигласан атлаа “шон мөргөсөн, дэрсэн дунд унасан, савж унасан” зэрэг мэдүүлгүүдэд дүгнэлт өгсөнгүй. Энэ талаар насанд хүрээгүй гэрч ч мөн мэдүүлдэг. А.Сын мэдүүлэгт дурьдагдаад байгаа “шон мөргөсөн, дэрсэн дунд унасан, савж унасан”-аас хохирогч Д.Эрдэнэчулууны биед ямар ч гэмтэл учраагүй гэж нөгөө талдаа шүүх үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийн биед учирсан амь насыг нь аврах боломжгүй тархины гэмтлийг А.С учруулсан нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байгаа болно. “Хувийн таарамжгуй харьцааны улмаас” гэж дүгнэсэн атлаа яг ямар хувийн таарамжгүй харилцааны талаар гэдэгт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл яг ямар хувийн таарамжгүй харилцаа үүссэн, хэзээ үүссэн, ямар хугацаанд үргэлжилж байгаа, энэ нь санаатайгаар зодож “амь насанд халдах” хэмжээний таарамжгүй харилцаа мөн эсэхэд шүүх огтхон ч дүгнэлт өгсөнгүй. Үеэл ахыгаа авахаар 2 удаа дуудагдан ирж, согтуу байгаа ахыгаа авч явах гэж байгаа дүүгийн үйлдэлд шүүх огтхон ч дүгнэлт хийсэнгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн эрүүгийн хариуцлагын талаар хэсэгт “А.С нь ...хохирогчийг ажип төрөлтэй байлгаж амьдрах боломжийг нь хангаж байсан зэрэг хувийн байдал тогтоогдлоо. ...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа дээр дурьдсанаар хувийн таарамжгүй харьцаатай байсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй, зөрчилдөөнтэй дүгнэлт гэж үзэхээр байгаа болно. А.С, хохирогч Д.Эрдэнэчулуун нарын хооронд огтхон ч хувийн таарамжгүй харьцаа байгаагүй. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн хуралдааны шатанд гаргасан ... гэсэн өмгөөллийн үг болон Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь гэрч О.Оюунчимэг, Г.Анхзаяа, А.Мөнхбат, Г.Дэлгэр, шинжээч эмч Ө.Шаарийбуу, Б.Ариунзул, Т.Амартүвшин нарын мэдүүлгүүд болон шинжээчийн 010, 835, 1018 дугаартай дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт зэргээс дүгнэж үзэхэд амь хохирогчийг шүүгдэгч А.С нь цохиж унагаан хүнд гэмтэл учруулсан үедээ Дэлгэртэй цуг өргөж автомашинд суулгасан, чихнээс нь их хэмжээний цус гарсан зэргээр няцаагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан цагаатгах санал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ." гэж дүгнэснийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Өмгөөлөгчийн дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэхдээ мөн адил гэрч, шинжээч нарын мэдүүлэг нотлох баримтуудын заримыг нь үндэслэсэн. Өөрөөр хэлбэл бусад мэдүүлэг, нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэрт мөн адил тусгасангүй. Гэрч Г.Анхзаяа л гэхэд мөрдөн байцаалтын шатанд “...үгүй ээ хүнд зодуулаагүй, ах нь унасан гэж хэлсэн.” гэж хохирогчийн эмнэлэгт ирээд ярьсан зүйлсийг гэрчилж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч А.С нь амь хохирогчтой маргалдан түүний толгойн тус газар цохисон үйл баримт тогтоогдож байх бөгөөд амь хохирогч нас барсантай шалтгаант холбоотой байна. Шүүгдэгчийн дээрхи үйлдлүүдийн улмаас хохирогчийн амь насыг нь аврах боломжгүй тархины гэмтэл учирсан болох нь шинжээчийн 010, 835, 1018 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ." гэж дүгнэснийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Шүүгдэгчийн ямар ямар үйлдлүүдийн улмаас хохирогчийн амь насыг нь аврах боломжгүй тархины гэмтэл учирсан болохыг нотолж тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч хохирогчийн биеийн аль аль хэсэг рүү, хэдэн удаа, юугаар цохьсоны улмаас цохигдсон газрууд буюу биеийн тэр тэр хэсэгт ийм гэмтэл учирсан талаар эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй. Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь хүний ухамсартай үйл ажиллагааны илрэл болохын хувьд өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилготой, сэдэлттэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг буруу тодорхойлон, А.Сын үйлдлийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хүнийг санаатай алах гэмт хэрэг бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг хүсэж үйлддэг бөгөөд А.Сын үйлдэлд энэхүү нөхцөл байдал тогтоогддоггүй. Түүнчлэн үхэлд хүргэсэн гэмтлийг А.С учруулсан болох нь бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг үндэслэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.“ гэв.

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээч Амартүвшингийн мэдүүлгээр тухайн амь хохирогчийн биед учирсан ямар гэмтлүүд үхэлд хүргэснийг тодорхой нотолсон гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх эсхүл хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс гэрчээр мэдүүлэг авсныг хууль зөрчиж байна гэж үзээд байна. Гэтэл тухайн хэргийг мөрдөж байсан мөрдөгчөөс гэрчийн мэдүүлэг авахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс мөрдөгч Мөнхбатаас гэрчээр мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй. Мөн гэрч Отгонбаяр нь сэтгэцийн хувьд өөрийнхөө үзсэн харсан зүйлийн хэмжээнд мэдүүлэг өгөх чадвартай гэж тогтоогдсон. Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачийн аль хэсэгт гэмтэл учруулсныг А.Саас сонссон талаараа мэдүүлдэг. Гэрч Отгонбаяр нь өөр этгээдээс талийгаачийн биед учирсан гэмтлийг мэдэх боломжгүй байсан. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй боловч үзсэн харсан зүйлийнхээ талаар мэдүүлэх чадвартай. Энэ мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдалтай тохирч байсан тул тухайн мэдүүлгийг шүүх үнэлсэн нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгчөөс аль гэмтэл үхэлд хүргэсэн талаар тогтоогоогүй гэж ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр “хашааны гадна талд талийгаачийг гараараа цохиод биед нь гэмтэл учруулсан” болох нь нотлогдож байна. Гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, санаа зорилго нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

А.С нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага гүний 15 дугаар гудамжны 6 тоот хашаанд өөрийн үеэл ах Д.Эрдэнэчулууныг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодон түүний хэвлийн хөндийн дээд хэсэг /аймхай/, нүүрний зүүн нүдний доод хэсэг, духны хэсэгт, мөн хашааны гадна талд толгойн баруун талын чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан алсан гэмт хэргийг үйлдсэн нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхмаагийн “...2019 оны 2 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед манай бэр Наранжаргал утсаар талийгаач Эрдэнэчулууны бие муу байна эмнэлэг дээр ирээч гэж хэлсэн. Ингээд эмнэлэг дээр очиход Сармандах сахиад сууж байсан. Эмч Оюунчимэгээс юу болсон талаар асуухад дүү нь гэх энэ залуу “урагшаа унасан, тэгсэн чихнээс нь цус гараад байна гэж хэлээд эмнэлэгт авчирсан” гэж хэлсэн. Биеийг нь харахад духны хэсэгт хөхрөлттэй, зүүн нүдний доод хэсэг хөхөрсөн, толгойг нь үзэхэд цохигдсон зүйл мэдэгдээгүй, биед нь ил харагдах шарх мэдэгдээгүй. Ингээд эмчилгээ хийлгэж, эмчлэгдэж байгаад талийгаач маань 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 40 минутын үед нас барсан. ...” /1хх 88-90/,

гэрч Б.Отгонбаярын “...Эрдэнэчулуун над руу утсаар яриад “би хувцас гаргаж тохож  байгаад хашаа даваад зугтаачихлаа Сармандах аав, ээжтэйгээ нийлээд зодоод байна, би наад руу чинь очлоо шүү” гэж ярьсан. Тэгээд Эрдэнэчулуун эргээд Хашаагийнд хүрч ирээд байж байхдаа Сармандахыг ирж байгаа сургаар гадаа гарч нуугдаад байсан. Сармандах ирээд Эрдэнэчулууныг хайж тэр хавиар эргэлдэж байгаад Эрдэнэчулууныг аваад явсан. Тэгээд нээх удалгүй Сармандах над руу утсаар яриад “гараад ир, Эрдэнэчулуун ах уулзая гээд байна” гэхээр нь гараад очтол Сармандахын машинд Эрдэнэчулуун байгаагүй. Тэгсэн чинь Сармандах “баларсан Эрдэнэчулуун ах эмнэлэг дээр байна, ухаан алдсан, юм мөргөөд ойчсон” гэж хэлсэн. Эмнэлэг рүү хамт явж байхдаа би Сармандахаас Эрдэнэчулууныг яагаад ухаан алдсан талаар асуухад Сармандах үгэнд орохгүй байхаар нь би чих рүү нь цохисон гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр очиход Эрдэнэчулуун ухаангүй байсан. ...” /1хх 145-146/,

шүүгдэгч А.Сын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “...Эрдэнэчулуун ахыг явъя гээд хувцаснаас нь татсан чинь өөдөөс түлхээд зодолдох гээд эхнэрээ авч явна гээд уурлаж миний баруун хацарт зүүн гараараа цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд яагаад байгаа юм гээд аймхай руу нь нэг удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн чинь талийгаач доошоо суусан байхдаа явахгүй гээд хөлөөрөө над руу жийсэн. Тэгэхээр нь яагаад байгаа пизда вэ гэж хэлээд нүүрний хэсэг зүүн нүдний доод хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Алгадах гэтэл хамрыг нь шүргэсэн. Ингээд хашааны хаалгаар гарахаар ноцолдож хаалга руу ойртож явсан. Тэгсэн чинь Эрдэнэчулуун ах миний араас нурууны хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь эргэж хараад яагаад байгаа юм бэ гэж хэлээд гараа атгаж байгаад духны хэсэгт 1 удаа цохисон. ...” /1хх 93-96/,

шүүгдэгч А.Сын 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “...би талийгаач Эрдэнэчулуун ахын аймханд 1 удаа, зүүн нүдний хэсэгт 1 удаа, эргэж хараад духны хэсэгт 1 удаа баруун гараараа цочоох байдлаар хөнгөн зөөлөн цохисон. Алгадсан чинь хамрыг нь шүргээд өнгөрсөн. ...” /2хх 49-52/,

шүүгдэгч А.Сын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “...би талийгаачийн зүүн нүдэнд нь зөөлөн тонших маягаар цохисон. Аймхай руу нь цочойх маягаар ганц нэг зөөлөн цохисон. ...” /3хх 79-80/,

гэрч А.Мөнхбатын “...А.Стай уулзалт хийхэд “...бид 2 ноцолдсон тэгээд дэрсэнд тээглэж газарт унасан. Тэгэхээр нь чирээд хашаанаас авч гарсан. Харин хашааны гадна гараад машинд суулгах гэсэн чинь ахиад зугтаахыг оролдсон тул би толгой хэсэг болон чих рүү нь гараараа цохисон. Тэр үед харин яая гэж хэлээд шууд миний үгэнд ороод миний машинд суусан. Тэгээд миний машинд суугаад манай гэр рүү цуг явж байтал талийгаачийн чихнээс нь цус гарсан...” гэж ярьж байсан. ...А.С нь дээрхи зүйлийг надад ярихдаа одоо яах бол, би хүн алчихсан уу, би тийм чанга цохиогүй юм даа гэх зэрэг яриа өгүүлэл гаргаж, сандарсан, айсан байдалтай байсан. Надтай анх ярихдаа хэлэх зүйлс тодорхой, эрс шийдэмгий талийгаачийн талаар мэдэхгүй гэж байсан ба хэсэг хугацааны дараа айж сандарч байсан нь илт мэдэгдэж эхэлсэн...” /1хх 166-167/,

гэрч Ж.Пунцагноровын “...би Сармандахыг энэ хүнийг зодож гэмтэл учруулсан гэдгийг талийгаач Д.Эрдэнэчулууны эхнэр гэх Отгонбаяр, бага насны хүүхэд хоёртой уулзаад мэдсэн. Би Эрдэнэчулууны эхнэр гэх эмэгтэй Отгонбаяртай уулзахад Сармандахын өмнө ярьсан зүйлээс зөрж байсан учраас Сармандах худлаа яриад байна гэж дотоод итгэл үнэмшилээр дүгнэлт хийж, дэд даргатай уулзуулахаар болсон. ...” /1хх 168-169/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10 дугаартай “...баруун талын чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эд эсийн шинжилгээгээр нас барахаас өмнө 10-12 цагийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл нь цохих, цохигдох, мөргөгдөх, унах аль ч үед үүсэх боломжтой...” /1хх 172-174/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 835 дугаартай “...баруун талын чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн хатгагдсан шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна... 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт үндэслэлтэй...” /2хх 36-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1018 дугаартай “...талийгаачийн үхэлд хүргэсэн толгойн гэмтэл нь баруун чамархайн ар дээд хэсэгт цохих, цохигдох, унах үеийн аль ч үед үүсэх боломжтой ба баруун чамархайн ар дээд хэсэгт хүч үйлчилсэнээс хуйхны цус хуралт, чамархай ясны суурь яс руу үргэлжилсэн салаалсан шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи дарагдал гэмтэл үүссэн байх боломжтой байна... 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай,  2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 835 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан...” /3хх 70-74/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-21/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 71-73/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Л.Ганганбарс, Ц.Мөнхтуяа, А.Ган-Эрдэнэ нар нь “...хохирогчид үүссэн хөнгөн гэмтлийн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үхлийн шалтгаан болох тархины хүнд гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...А.С нь 2 гараараа хохирогчийн баруун гарыг барьсан явж байхад гараа хүчтэй татсаны улмаас хохирогч өөрөө арагшаа хүчтэй савж унасаны улмаас дээрхи хүнд гэмтлийг авсан байж болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Шаарийбуу болон Т.Амартүвшин нарын гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа “...үхэлд хүргэсэн гэмтлийг А.С учруулсан болох нь бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэсэн тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч А.Сын “...зөрүүлээд яагаад байгаа юм гээд аймхай руу нь нэг удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн чинь талийгаач доошоо суусан байхдаа явахгүй гээд хөлөөрөө над руу жийсэн. Тэгэхээр нь зүүн нүдний доод хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Алгадах гэтэл хамрыг нь шүргэсэн. ...эргэж хараад гараа атгаж байгаад духны хэсэгт 1 удаа цохисон. ...” /1хх 93-96/ гэх мэдүүлэг нь гэрч Б.Отгонбаярын “...Эрдэнэчулууныг яагаад ухаан алдсан талаар асуухад Сармандах үгэнд орохгүй байхаар нь би чих рүү нь цохисон гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр очиход Эрдэнэчулуун ухаангүй байсан. ...” /1хх 145-146/, гэрч А.Мөнхбатын “...А.Стай уулзалт хийхэд “...зугтаахыг оролдсон тул би толгой болон чих рүү нь гараараа цохисон. ...миний машинд суугаад манай гэр рүү цуг явж байтал талийгаачийн чихнээс нь цус гарсан...” гэж ярьж байсан. ...” /1хх 166-167/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10 дугаартай “...баруун талын чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл нь цохих, цохигдох, мөргөгдөх, унах аль ч үед үүсэх боломжтой...” /1хх 172-174/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон бөгөөд уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан ял нь, хорих ялыг эдлүүлэхээр заасан дэглэм нь тус тус хуульд нийцсэн гэж үзэв.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Л.Ганганбарс, Ц.Мөнхтуяа, А.Ган-Эрдэнэ, Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Л.Ганганбарс, Ц.Мөнхтуяа, А.Ган-Эрдэнэ, Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ