Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2019/01899

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: аймгийн дүгээр баг, дугаар хороолол, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Ч.Лгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүргийн дүгээр хороо, дугаар байранд байрлах, Х яаманд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Л, хариуцагчийн төлөөлөгч О.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны иргэний хэргийн шүүхээс Д аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлаас буруу халагдсаныг тогтоож ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн авахгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т заасныг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны олговорт нэг өдрийн цалинг 77,647 төгрөгөөр тооцож 156 өдрийн цалин 12,112,932 төгрөгийг олгож, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу төлөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х яам шүүхэд болон түүний төлөөлөгч О.Гщ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00554 дүгээр шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан боловч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Ч.Лгийн гаргасан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс ажилдаа орох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрт түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг 72,781 төгрөг гэж тогтоосон байгаа нөхцөлд 77,647 төгрөгөөр тооцох боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Ч.Л хариуцагч Х яаманд холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Х яам нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Л нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1408 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Лг Д аймаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг 72,781 төгрөг гэж тооцон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,450,517 төгрөг гаргуулж шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1990 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00012 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1672 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Лгийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,265,867 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Х яаманд холбогдох нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2139 дугаартай магадлалаар тус шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Ч.Лгийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,265,867 төгрөгийг хариуцагч Х яамнаас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн уг шийдвэр, магадлал, мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00554 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Лгийн ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 177 өдөр гэж тооцон 12,882,237 хариуцагч Х яамнаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Лд олгож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.    

 

Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

 

Хариуцагч нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Ч.Лг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй байхад нэхэмжлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Ч.Лг Д аймаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,265,867 төгрөгийг хариуцагч Х яамнаас гаргуулж шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

Иймд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын  01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /өдөрт 72,781 төгрөг х 156 өдөр/  нийт 11,353,836 төгрөгийг хариуцагч Х яамнаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 759,096 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийж, дээрх олговроос шимтгэлийг тооцон нэхэмжлэгч Ч.Лгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х яаманд үүрэг болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115,1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х яамнаас 11,353,836  /арван нэгэн сая гурван зуун тавин гурван мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759,096 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Х яаманд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар хариуцагч Х яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 196,611 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ