Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00214

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/02664 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1740 дүгээр магадлалтай, 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох  

2016.08.26-ны өдрийн Д-45/2016 дугаартай орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч *******ийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранхүү, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ******* ХХК нь *******т холбогдуулан 2016.08.26-ны өдрийн Д-45/2016 дугаартай орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/02664 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москва гудамж /18072/ 21 байр 119 тоот хаягт байршилтай 61.41 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 зааснаар ******* ХХК-нд холбогдох орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 705,640 төгрөг, хариуцагч *******ээс 706,200 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, улсын төсвөөс 635,440 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 119,640 төгрөг гаргуулж үүнээс нэхэмжлэгч ******* ХХК-д 70,200 төгрөг олгож, үлдэх 49,440 төгрөгийг улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 881 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/02664 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825,840 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ШХТ2022/00137 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасны дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

5. Хариуцагч *******ын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Магадлалын хянавал хэсэгт ...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд 2016.08.26-ны өдөр Д-45/2016 дугаар бүхий Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулагдах үед барилгын ажил явагдаж байсан бөгөөд ашиглалтад ороогүй байсан. Харин 2016.11.04-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гарсан байдаг. Барилга байгууламжийг улсын комисс хүлээн авснаар хүн амьдрах боломжтой гэж үзнэ. Тиймээс уг харилцаа нь худалдах-худалдан авах бус ажил гүйцэтгэх гэрээний харилцаа юм. Гэрээг худалдах-худалдан авах хэмээн нэрлээд маргаагүй бол түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Гэтэл гэрээний нэршилд орон сууц захиалах, гүйцэтгэх" тухай тусгасан. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний талуудын гүйцэтгэх үүрэг юм. Талууд нэгэнт ийнхүү тохиролцсон учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн аль нь маргаагүй. Гэрээний ерөнхий зүйлээс эхлээд талуудын эрх, үүрэг гэх мэтээр бүх зүйлд захиалагч, гүйцэтгэгч, захиалсан орон сууцны төлбөр гэх мэтээр нэрлэж, томьёолсон байдаг. Магадлалд ...баригдаж байгаа барилгаас тодорхой орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон нь тогтоогдож байх тул... хэмээн бичдэг. Баригдаж байгаа барилгаас захиалж байгаа учраас л ажил гүйцэтгэх гэрээ болно. Ийнхүү тайлбарлаж, УДШ-ийн тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн.

5.1. Магадлалын хянавал хэсэгт Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт л хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Талууд 2016.08.26-ны өдрийн орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна гэсэн нь ч үндэслэлгүй. Учир нь дээр дурдсанаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байхад худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэснээс ийнхүү буруу томьёолоход хүргэсэн. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд хөлс, төлбөрийн нөхцөлийг тохиролцсон. Улсын комисс хүлээн аваагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх улсын бүртгэлд бүртгүүлэх ёстойг мэдсээр байж, бүртгүүлээгүй байгаа нь буруу юм гэж бичих боломжгүй. Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн хувьд өмчлөх эрх дуусгавар болох тухай зохицуулалт. Мөн уг зүйлд зааснаар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа асуудал биш юм. Харин энэ тохиолдол нь шинээр өмчлөх эрх үүсч буй тохиолдол билээ. Уг барилгыг комисс албан ёсоор ашиглалтад хүлээн авсны дараа нэхэмжлэгч нь эрхийн бүртгэлийн байгууллагад хүсэлтээ өгч бүртгүүлэх ёстой. Харин нэхэмжлэгчид тийм сонирхол байхгүй учраас хүсэлтээ өгөөгүй. Ер нь аль нэг этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдан авч мөнгийг нь бүтэн төлсөн тохиолдолд л шууд бүртгэл хийгдэж, өмчлөх эрх дуусгавар болохоос биш ажил гүйцэтгэх гэрээ, зээлээр худалдах-худалдан авах гэрээ, төлбөрийг нь цувуулан төлж байгаа тохиолдолд бүртгэл шууд хийгддэггүйг анхаарах ёстой.

5.2. Магадлалд Гэрээний 2.1-д захиалагч 2016.09 сард багтаан төлбөрийн 91,6 хувь буюу 109,538,000 төгрөгийг төлөх, уг төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо. Тоосгоны 24-34в тоот хаягт байрлах 244 м.кв амины хашааны зориулалттай газрыг ******* ХХК-д шилжүүлснээр хучин төгөлдөр болно гэх тохиролцоо биелэгдээгүй, гэрээний уг заалт хүчин төгөлдөр бус байна гээд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүдийг дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлийг авах тухай ойлголтын хувьд газар эзэмшигчийн эрхэд тусгагдсан заалт юм. Шийдвэр гаргасан этгээд нь Засаг дарга. Эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан нь зөрчилгүй тохиолдолд газар эзэмшигчийн хүсэлтээр хэнд ч шилжүүлж болно. Түүнээс урьдчилаад зөвшөөрөл авах тухай ойлголт биш юм. Анхан болон давах шатны шүүх нь хариуцагчийг дээрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Харин ч нэхэмжлэгч нь хариуцагчийг эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй. Хэрэгт байгаа баримтуудаар талууд Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ-г байгуулаад л газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь нэхэмжлэгчид өгсөн байдаг. Уг гэрчилгээг авсан талаараа нэхэмжлэгч ч зөвшөөрдөг, мөн нэхэмжлэгчийн асуулгасан гэрчийн мэдүүлэгт ч тодорхой туссан. Өгснөөс хойш нэхэмжлэгч нь гэрчилгээг байнга өөрийн эзэмшилд байлгасан. Хариуцагчид боломж олгохгүй гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харагддаг. Тухайлбал нэхэмжлэгч нь уг гэрчилгээг шууд шүүхэд өгөөд дараа нь өмгөөлөгч нь хэргийн материалаас буцаан авсан байдаг. Одоог хүртэлх хугацаанд хариуцагч нь гэрчилгээг аваагүй учраас газрын зохион байгуулалтын алба, эсхүл Засаг даргад эзэмших эрх шилжүүлэхээр хүсэлт гаргах боломжгүй байсан. Мөн эзэмших эрхийг шилжүүлэхийн тулд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ хийдэггүй. Өөрөөр хэлбэл хариуцагчид хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, гэрээний үүргээ биелүүлэх боломж олгоогүй. Ийм байхад хариуцагчийг эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт юм.

5.3. Магадлалын хянавал хэсэгт Хариуцагч нь газрын гэрчилгээ нэхэмжлэгчид байсан учраас холбогдох этгээдэд нь хандаж чадаагүй, нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болсон, хориг тавьсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, маргаан бүхий газрын гэрчилгээ нэхэмжлэгчийн эзэмшилд байсан нь хариуцагчийг хуулиар хүлээсэн эрхээ хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй гэснийг зөвшөөрөхгүй. Дээр дурдсанаар газрын гэрчилгээ нь нэхэмжлэгч талд байсан байхад нэхэмжлэгчийн зүгээс асуулгасан гэрч нь хүртэл мэдүүлээд байхад хариуцагчид саад болоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй яаж гэрээ байгуулах байсан бэ, гэрээ байгуулахгүйгээр, гэрчилгээгүйгээр яаж төрийн эрх бүхий байгууллагад хандах байсан бэ гэдгийг бодож үзэлгүйгээр ийнхүү дүгнэлт хийсэнд харамсаж байна. Магадлалд давхцалтай байсан нь тогтоогдсон талаар бичжээ. Давхцалтай байсан нь газрыг шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Үүнийг шүүх бус газрын алба шийдэх эрх хэмжээтэй. Мөн уг асуудлаар маргаан гарвал Захиргааны хэргийн шүүх шийдэх харьяалалтай тул ийнхүү дүгнэх нь хэрэгт ач холбогдолгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийг үндэслэж байгааг зөвшөөрөхгүй. Магадлалд шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2-ийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэжээ. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэж заасан байдаг. Энэхүү зохицуулалтад заасан хоёр нөхцөлийн аль нь ч байгаагүй. Тухайлбал илтэд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Нэгэнт тухайн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул хоёр дах нөхцөлийг хэрэглэх боломжгүй. Мөн уг хуулийн 220 дугаар зүйлийн 220.2-т заасан нөхцөлийг хэрэглэх боломжгүй. Тухайн газраар шугам хоолой явж байгаа гэдгийг нэхэмжлэгч анхнаасаа л мэдэж байсан. Гэрээ хийх үед огт хэлээгүй бол өөр хэрэг. Гэтэл газрын баруун хэсгээр төвийн шугам хоолой явж байгаа гэдгийг гэрээ хийх үед мэдэж байсан. Тиймээс гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэх боломжгүй. Газар бол байснаараа байх нь ойлгомжтой. Уг газрын захаар дайран өнгөрч байгаа шугам сүлжээ өмнө нь ямар байсан яг тэр хэвээрээ байж л байгаа. Магадлалыг харвал иргэний гаргасан гомдлыг бүрэн хянах бус, яаж анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүлэхгүй байх вэ, агуулгын зөрүү зөрчилгүй бичих вэ гэсэн, илэрхий нэг талыг барьж бичигдсэн байна. Тухайлбал 8 хувийн зээл хамрагдах төлөх санал тавьсныг баримтаар няцаагаагүй гэж бичдэг. Нэхэмжлэгч ч ийнхүү тайлбарлахдаа баримтаар нотлоогүй ш дээ. Магадлалд бичигдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг хэрэглэж байгаа нь Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 2010.06.22-ны өдрийн 17 тоот тогтоолоос зөрүүтэй, өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

5.4. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хангагдан шийдвэрлэгдэх бүрэн үндэстэй. Энэ талаар хэргийн материалд авагдсан сөрөг нэхэмжлэл холбогдох бусад баримтууд байгаа. Тухайн үед уг бүсэд Нийслэлийн нэг дэд төв байгуулахаар яригдаж газрын үнэ өссөн үед газрыг авна гэж гэрээ хэлцэл хийгээд газар нийслэлээс бүтээн байгуулалт хийхээ больж, газрын үнэлэмж нь буурангуут хууль бус үндэслэл заан гэрээний үүргээ биелүүлэлгүй орхиж, бага насны олон хүүхэдтэй залуу гэр бүлийн амьдралаар тоглосонд нэхэмжлэгчид үнэхээр их гомдолтой байна. Энэхүү гомдлын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарч байгаа. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.  

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ. 

ХЯНАВАЛ: 

7. Хариуцагч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв. 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, москва гудамж /18072/ 21 байр 119 тоот хаягт байршилтай 61.41 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 зааснаар ******* ХХК-нд холбогдох орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

9. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2016.08.26-ны өдрийн Д-45/2016 дугаартай орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч ******* эс зөвшөөрч орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

10. Талуудын хооронд байгуулсан 2016.08.26-ны өдөр орон сууц захиалах, гүйцэтгэх Д-45/2016 дугаартай гэрээгээр ******* ХХК Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эрхэс хотхон төслийн 126 айлын 15 давхар орон сууцны 15 дугаар давхрын 66.41 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ийг 1,800,000 төгрөгөөр тооцож, нийт 119,538,000 төгрөгөөр гүйцэтгэх, ******* орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөг, 2016.09.05-ны өдөр 5,000,000 төгрөг төлөх, үлдэгдэл 109,538,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сард багтаан төлөх, уг төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Тоосгоны 24-34в тоот хаягт байрлах 244 м.кв амины хашааны зориулалттай газрыг шилжүүлэх, захиалагч тал төлбөрийг бүрэн төлж, эцсийн тооцоог хийж дууссаны дараа гүйцэтгэгч тал орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байна.  

11. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч 2016.08.26-ны өдрийн Д-45/2016 дугаартай орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл, шалтгаан, тэдгээрийн агуулгыг тодруулаагүйгээс хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

12. ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...бартерт оролцуулах газрыг шалгаж үзэхэд газрын дунд хэсгээр газар доогуур дулааны болон бохирын шугамын хоолойтой, газар дээр ямар нэгэн барилга байгууламж барих боломжгүй байсан... гэж тодорхойлсон байна. 

Хариуцагч ******* ...Гэрээ байгуулахаас өмнө талууд 2016 оны 08 дугаар сарын эхээр уг газрыг үзсэн ба ингэхдээ газрын баруун хэсгээр дулааны төв шугам байрладаг талаар хэлж байсан. Н.Энхмаа захирал инженерүүддээ үзүүлэн холдуулж обьект барьж болох талаар хэлж байсан. ...Газрын зориулалтын талаар гэрээнд заагаагүй учраас биет байдлын доголдолтой гэж үзэх боломжгүй. Хэрэв гэрээнд барилга байгууламж барих зориулалттай, зориулалтыг хангахгүй бол бартерт тооцохгүй гэж заасан бол энэ талаар маргахгүй... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн дээрх маргаанаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24-34в тоот хаягт байрлах 224 м.кв амины зориулалттай газарт барилга барих зорилгоор бартерт шилжүүлэн авахаар талууд харилцан тохиролцсон, харин уг газарт барилга барих боломжтой эсэх нь маргааны зүйл болжээ. 

13. Хоёр шатны шүүх Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн албан бичиг, газрын масштаб зургаар маргаан бүхий 244 м.кв газар нь Хера пропертийз ХХК-ийн Ханын материал орчмын авто замын трасс, дулааны 2*400 мм-ийн голчтой шугам, 10 кв-ийн цахилгаан дамжуулах кабель шугам, газар доорх холбооны шугам болон бохирын 500 мм-ийн голчтой шугамуудтай тус тус давхцалтай, зохигчийн шүүхэд гаргасан тайлбарт тулгуурлаж талууд гэрээ байгуулах үед тус газрын баруун хэсгээр дулааны шугам явдаг гэсэн төсөөлөлтэй байсан, харин уг шугам нь маргаан бүхий газартай давхцалтай талаар мэдээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Учир нь, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24-34в тоот хаягт байрлах 224 м.кв амины зориулалттай газар нь дээр дурдсан шугамуудтай давхцалтай хэдий ч тухайн газарт барилга барих боломжтой эсэхэд /шугам сүлжээг шилжүүлэх замаар/ зохигчийг шүүхээс мэтгэлцүүлээгүй, нэхэмжлэгч 2016.08.26-ны өдрийн Д-45/2016 дугаартай орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээнээс татгалзах болсон шалтгааныг бүрэн тодруулж, гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарах эсэхийг зааглаж, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.  

14. Дээрх байдлыг тодруулснаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2, 220.3-т зааснаар гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзэх талаар эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ. 

15. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэд тодруулж, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны зүйлийн талаар талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй, нэхэмлэгчийн 2016.08.26-ны өдрийн Д-45/2016 дугаартай орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/02664 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1740 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825,840 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.МӨНХТУЯА 

ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ 

                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                             Д.ЦОЛМОН 

                                                       Х.ЭРДЭНЭСУВД