Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/02847

 

      2019 оны 10 сарын 28 өдөр

        Дугаар 102/ШШ2019/02847

                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул, Дархан  дугаар баг, октябрь  дүгээр гудамж,  тоот хаягт оршин суух, Ө.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  дугаар байрны  тоотод оршин суух, Б.Б холбогдох

Түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 21,333,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Бтэй 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг, байрлах үйлчилгээний төвийн 1, 2 дугаар давхрын объектыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож Түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн үед Б.Б нь дээрх үйлчилгээний төвийн 2 давхрыг Ч.О гэх хүнд түрээсэлсэн байсан ба түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусна. Цаашид Ч.О түрээслэхгүй надад түрээсэлнэ гэж хэлж гэрээний урьдчилгаа төлбөрт 7,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр авсан. Ингээд би Б.Бгийн дээрх саналыг үндэслэн 2 давхрыг чөлөөлж өгөх хүртэл 1 давхрын талбайд засвар үйлчилгээ хийж, тохижуулаад буудлын зориулалттайгаар ашиглаж байхаар болсон. Ч.Отай байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараа түрээслүүлэгчид объектыг чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн. Гэвч түрээслүүлэгч Б.Б нь Ч.Отай байгуулсан гэрээгээ сунгасан тул 2 давхрын объектыг чөлөөлж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн. Ийнхүү түрээслүүлэгч нь гэрээгээр тохиролцсон 2 давхрын объектыг чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байдаг. Миний бие гэрээгээр тохиролцсоны дагуу үйлчилгээний төвийн 1, 2 давхрын объектыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээсэлнэ гэж төлөвлөөд засвар үйлчилгээний зардал гаргаж хохироод байна. Анх Б.Бтэй зарын дагуу очиж уулзахад үйлчилгээний төвийн 1 давхрын талбай нь нэг өрөөтэй хоосон талбай байсан. Мөн дээрх үйлчилгээний төв нь буудлын тусгай зөвшөөрөлтэй гэсэн боловч ямар ч тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Иймээс би нэг давхрын талбайг нийтдээ 5 өрөө болгон засварлаад буудлын тусгай зөвшөөрөл авахаар Нийслэлийн аялал, жуулчлалын мэргэжилтэнд хандахад камераа солих, тохижуулалт, засвар үйлчилгээ хийх шаардлага тавьсан. Аялал, жуулчлалын мэргэжилтний дээрх шаардлагын дагуу шинээр камер суурилуулан, засвар үйлчилгээ хийж, тохижуулан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буудлын тусгай зөвшөөрлөө авсан.

Гэтэл түрээслүүлэгч Б.Б нь гэрээгээр хүлээсэн 2 давхрын объектыг чөлөөлж өгөх үүргээ зөрчсөний улмаас миний дээрх засвар, үйлчилгээ, тохижуулалтад хийсэн зардал нь ямар ч үр дүнгүй болж байна. Хэрвээ би зөвхөн нэг давхрын объектыг түрээслэх байсан бол 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүй байсан. Түрээслүүлэгч 2 давхрын объектыг нэгэнт чөлөөлж өгөх боломжгүй тул 1 давхрын талбайг үргэлжлүүлээд түрээслээд буудлын үйл ажиллагаагаа явуулах талаар хэлсэн. Гэвч нэг давхрын талбай нийтдээ 5 өрөөтэй ба 5 өрөөг буудлын зориулалтаар ашиглахад ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь ямар ч ашиггүй байх юм. Иймд талуудын хооронд буудлын зориулалтаар объект түрээслүүлэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний дагуу түрээслүүлэгч нь байрлах үйлчилгээний төвийн 1, 2 давхрын объектыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Гэтэл түрээслүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2 давхрын объектыг чөлөөлж өгөх үүргээ зөрчсөн ба үүргээ биелүүлэхийг түрээслүүлэгчээс шаардсан боловч нэгэнт өөр хүнтэй гэрээгээ сунгасан тул үүргээ биелүүлэх боломжгүй гэсэн. Иймд хариуцагч тал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, мөн хуулийн 227.3-т заасныг үндэслэн үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд буудлын засвар үйлчилгээ хийсний зардал 17,333,400 төгрөг, “түрээсийн гэрээ”-ний барьцаанд өгсөн мөнгө 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,000,000 төгрөг, нийт 21,333,400 төгрөгийг Б.Бгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч нь хариуцагчаас 21,333,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 19,333,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь: Нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч Б.Бтэй Баянгол дүүргийн  дугаар хороо байрлах үйлчилгээний төвийн нэг, хоёр давхарын барилгыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцсон. Тухайн үед Б.Б нь дээрх үйлчилгээний төвийн хоёр давхрыг Ч.О гэдэг хүнд түрээслэсэн байсан ба уг түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сард дуусах тул 6 дугаар сарын 20 гэхэд хоёр давхрын хэсгийг чөлөөлж өгнө. Тэр хүртэл үйлчилгээний нэг давхарт засвар үйлчилгээ хийгээд буудлын үйл ажиллагаа явуулж бай гэж хэлсэн. Б.Бийн саналын дагуу С.Огийн түрээсийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2019 оны 06 дугаар сарын 20-ны хүртэл 6 сарын хугацаатайгаар нэхэмжлэгч, хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хоёр давхрыг чөлөөлж өгсний дараа түрээсийн гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон. Ингэж хариуцагчтай тохиролцсон учраас хоёр давхрыг чөлөөлж өгөх хүртэлх хугацаанд засвар үйлчилгээ хийсэн. Түүний дараа 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээгээ сунгая. Хоёр давхрыг чөлөөлж өгнө үү гэхэд, Ч.Отай хийсэн түрээсийн гэрээгээ сунгасан. Тиймээс танай талтай байгуулсан түрээсийн гэрээг сунгах боломжгүй гэсэн. Анх тохиролцсоны дагуу бол нэг болон хоёр давхрыг 5 жилийн хугацаатайгаар түрээслэнэ гэж бодож 17,333,400 төгрөгийн засвар үйлчилгээг уг газарт хийсэн. Түрээсийн гэрээ байгуулахад нэг давхар нь хоосон танхим байсан. Мөн гэрээ байгуулах үед буудлыг тусгай зөвшөөрөлтэй гэсэн хэдий боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан. Иймд нэг давхрыг буудлын зориулалтаар ашиглахын тулд нийт 5 өрөө болгож, засварлаж, дээрээс нь буудлын тусгай зөвшөөрлийг сунгуулах талаар аялал жуулчлалын мэргэжилтэнд хэлэхэд шинээр камер суурилуулах, засвар үйлчилгээ хийх шаардлагыг тавьсны дагуу камер суурилуулж, засвар үйлчилгээг хийж улмаар 12 дугаар сарын 20-ны өдөр буудлын тусгай зөвшөөрлийг сунгуулсан. Гэтэл хариуцагч харилцан тохиролцсоны дагуу хоёр давхрын объектыг  чөлөөлж өгөөгүй. Түрээсийн гэрээний хугацааг сунгаагүйгээс нэг давхарт хийсэн засвар үйлчилгээ нь ямар ч үр дүнгүй болж байна. Хэрвээ 6 сарын хугацаанд нэг давхрыг нь түрээслэх байсан бол 17 сая төгрөгийн засвар үйлчилгээний зардлыг нэхэмжлэгч гаргахгүй байсан. Иймд хариуцагч талыг буудлын засвар үйлчилгээнд зориулсан 17,333,4000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Баянгол дүүргийн 7 дугаар хороо Дилав хутагт Жамсранжавын гудамжид байрлах үйлчилгээний төвийн нэг давхарт хийсэн засвар үйлчилгээний зардал 17,333,400 төгрөг, түрээсийн гэрээний барьцаа мөнгө 2,000,000 төгрөг, нийт 19,333,400 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ө.Стай 5 жилийн хугацаанд 2 давхар объект түрээслэхээр тохирсон зүйл огт байхгүй. Харин 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн “” зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах 6 өрөөг буудлын зориулалтаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 6 (зургаан) сарын хугацаанд сарын 2,400,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон болно. Түрээслэгч цахилгааныг тоолуурын заалтаар, хог сард 45,000, дулаанд 150,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээслэгч Ө.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж түрээсийн төлбөрийг цаг тухайд нь бүтэн төлөхгүй, шаардуулж цувуулж өгдөг, гэрэл цахилгаан, хог, дулааны мөнгийг төлөхгүй чирэгдүүлж нэхүүлж байж өгдөг байсан. Мөн буудлын бүх өрөөний цонхонд өнгөгүй хуулга нааж, бүтүү нөхцөлд үйл ажиллагаа явуулж, буудлын зориулалтыг зөрчиж миний оффисын өрөөнд мөрийтэй тоглоом буюу покер тоглуулж, зодоон цохион үүсгэж байсан төдийгүй үйлчлэгч авч ажиллуулдаггүй байсны улмаас ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй бохир заваан орчин бий болгосон. Түрээслүүлэгч миний зөвшөөрөлгүй хана өрөмдөх, оффисын өрөөнд үлдээсэн буйдан, зурагтын тавиур, 2 ширхэг сандлыг эвдсэн байсан зэргээс цаашид түрээсийн гэрээг сунгах боломжгүй байсан тул түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс эд зүйлээ авч явахыг санал болгосон. Түрээсийн хугацаа дуусхааас 5-6 хоногийн өмнөөс гэрээг цаашид сунгахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Түүнээс түрээсийн гэрээнээс татгалзсан зүйл байхгүй гэрээний хугацаа дуусгавар болсон. Буудлын засвар үйлчилгээ хийсний зардалд 17,333,400 төгрөг гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Буудалд 17,333,400 төгрөгний засвар үйлчилгээ хийгээгүй. Энэ их хэмжээний мөнгөөр хийгдсэн засвар огт байхгүй. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх түрээслэгч засвар, тохижилт хийсэн нөхцөлд засварын зардлыг нэхэмжлэхгүй хөрөнгө түрээслүүлэгчийн мэдэлд бүрэн шилжинэ гэх заалтаар засвар үйлчилгээ хийсэн байсан ч нэхэмжлэхгүй хэмээн гэрээний талууд тохиролцсон байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ө.Стай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6 сарын хугацаатайгаар буюу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар сард 2,400,000 төгрөгийн түрээсийн төлбөр, мөн цахилгаан, дулааны мөнгийг түрээслэгч төлөхөөр харилцан тохиролцож, Баянгол дүүрэг, дугаар хороо, байрлах, үйлчилгээний төвийн 1 давхрын объектыг буудлын зориулалтаар түрээслүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал нь түрээсийн байранд учир битүүлэг үйл ажиллагаа  явуулж, өрөөний цонхнуудыг өнгөгүй хуулгаар битүү нааж, буудалд цэвэрлэгээ хийхгүй байсан учраас түрээсийн гэрээний хугацаа дуусахад байрыг чөлөөлөхийг мэдэгдэж, түрээсийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл түрээслэгч нь эд зүйлээ авахгүй доог тохуу хийж, 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл бүтэн сарын хугацаанд буудлыг түгжсэн тул хорооны цагдаад мэдэгдэж, хөндлөнгийн хоёр этгээдийг байлцуулан өрөөнүүдийг суллан авч, вьетнамчуудын ажлын байранд 2019 оны 7 дугаар сарын 21-нээс өдрийн 30,000 төгрөгөөр хадгалуулж, хадгалалтын төлбөр нь 1,800,000 төгрөг болсон. Тиймээс 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг, хадгалалтын зардалд 1,800,000 төгрөг, нийт 4,200,000 сая төгрөгийг түрээслэгч Ө.Соёлмандахаас нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгд, сөрөг нэхэмжлэлд дурдсан 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл түрээслэгч эд зүйлээ аваагүй тул  1 сарын түрээсийн төлбөр 2,4 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайн өрөөнд эд зүйлээ түгжиж үлдээсэн нь түрээслэж байгаа гэсэн үг биш түрээсийн гэрээ 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Иймд түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Хоёрт, вьетнамчуудын ажлын байранд эд зүйлийг өдрийн 30,000 төгрөгөөр хадгалуулаад нийт 1,8 сая төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь тухайн үед дөрвөн ширхэг орыг үлдээсэн байдаг. Тухайн үлдээсэн эд зүйлээ буцааж авахаар удаа дараа хариуцагчид холбогдож байсан боловч хариуцагч нь утсаа авахгүй. Буцааж өгөхгүй хэл амаар доромжилж байсан юм байна лээ. Мөн вьетнам засварын газарт өдрийн 30,000 төгрөгөөр 4 ширхэг орийг хадгалах боломжгүй. Энэ талаар хадгалалтын гэрээ байгуулсан байдаг боловч энэ гэрээгээ өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Тухайн эд хөрөнгийг хадгалсан хадгалалтын гэрээ мөн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай эд зүйлийг хадгалуулахаар хадгалалтын гэрээ байгуулсан зүйл байхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байх ёстой. Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсгийг хангаагүй байна. Хариуцагчийн овог нэр, холбогдох хаяг байхгүй. Мөн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй, хавсаргасан нотлох баримт байхгүй.  Тиймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн  шаардлага хууль зүйн үндэслэлгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч Б.Бт холбогдуулан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 21,333,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ө.С холбогдуулан 4,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч Б.Бт холбогдуулан гаргасан 21,333,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж, нийт 19,333,400 төгрөгийг нэхэмжилж байна.

           

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...”хариуцагч Б.Бтэй Баянгол дүүргийн байрлах үйлчилгээний төвийн нэг, хоёр давхарын барилгыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцсон ба тухайн үед үйлчилгээний төвийн хоёр давхрыг Ч.О гэдэг хүнд түрээслэсэн байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2019 оны 06 дугаар сарын 20-ны хүртэл 6 сарын хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулсан. Ингээд хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хоёр давхрыг чөлөөлж өгөөд түрээсийн гэрээний хугацаагаа сунгана гэж тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй тул уг буудлын засвар үйлчилгээнд оруулсан мөнгөөрөө хохирч, хариуцагч нь уг хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ” гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ...талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 6 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон ба уг гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулахаар харилцан тохиролцоогүйгээс гадна уг үл хөдлөх хөрөнгийн 2 давхрыг нэхэмжлэгчид түрээслэх үүргийг хариуцагч хүлээгээгүй” гэх агуулгаар тайлбарлан, 4,200,000 төгрөгний сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцэж байна.

 

            Хэрэгт талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ гэх бичгийн баримт авагдсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч Ө.С нь Баянгол дүүргийн байрлах үйлчилгээний төвийн 1 давхарын 6 өрөө бүхий 162 м.кв талбайг 6 сарын хугацаатайгаар, сарын 2,400,000 төгрөгний хөлс төлөхөөр, зочид буудлын зориулалтаар түрээслэхээр нэхэмжлэгч Б.Бадамцэцэгтэй тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байх ба  гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-6-8 тал/.

 

Харин талууд уг гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 318.3, 318.4-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь бичгээр байгуулагдсан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ гэж үзэх боломжгүй юм.

 

Харин гэрээний шинж, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

                              

Гэрээний зүйл болох Баянгол дүүргийн байрлах үйлчилгээний төвийн 1 давхарын 6 өрөө бүхий 162 м.кв талбай нь Г.Б, Б.Ч нарын өмчлөлийн зүйлийн хэсэг байх ба түүнийг нэхэмжлэгч нь бусдад хөлслүүлэх эрхтэй эсэхэд талууд маргаагүй болно./хх-143-144/.

 

 Нэхэмжлэгч нь хариуцагчийг Баянгол дүүргийн байрлах үйлчилгээний төвийн нэг, хоёр давхрын талбайг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцсон боловч 2 давхрыг талбайг хүлээлгэн өгөөгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулна, мөн 1 давхарт хийсэн засвар үйлчилгээний зардал болох 17,333,400 төгрөгөөр хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэн шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлон шаардаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан түрээсийн гэрээ нь 6 сарын хугацаатай байгуулагдаж, гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг 5 жилийн хугацаатай байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулагдсан гэж үзэх боломжгүй байх тул түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

             Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлд засвар үйлчилгээ хийсэн зардалд 17,333,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт зарлагын баримтууд болон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 428 дугаартай үнэлгээний тайланг ирүүлсэн байхаас гадна шүүх хуралдаанд Ч.О, С.Б нарыг гэрчээр асуулгажээ./хх-10-26/

 

            Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн санхүүгийн баримтууд нь талууд түрээсийн гэрээ байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнөх огноотой байхаас гадна уг зарлагын баримтад дурдсан материал нь түрээсийн зүйлийн засвар үйлчилгээнд ашиглагдсан эсэх нь тодорхойгүй байна.

 

            Мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 428 дугаартай үнэлгээний тайландаа уг засвар үйлчилгээний зардал 18,955,000 төгрөг гэж тогтоосон байх боловч уг тайланд тусгагдсан засвар үйлчилгээг нэхэмжлэгчийг хийсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Хэдийгээр нэхэмжлэгч нь ...анх түрээсийн гэрээ байгуулахад 1 том заал байсныг 5 өрөө болгож засч тохижуулсан гэж тайлбарлан энэхүү тайлбараа нотлохоор гэрчээр С.Б, Ч.О нарыг асуулгасан ба гэрч нар нь ... 1 том өрөөг 4 жижиг өрөө болгож засч тохижуулсан гэж мэдүүлж байна.

 

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд Баянгол дүүргийн байрлах үйлчилгээний төвийн 1 давхарын 6 өрөө бүхий 162 м.кв талбайг түрээслэхээр харилцан тохиролцсон байгаагаас үзэхэд гэрч нарын дээрх мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг 1 давхрын талбайд засвар үйлчилгээ хийсэн гэж үзэх боломжгүй байна. 

 

            Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 3.4-т түрээслэгч засвар тохижилт хийсэн нөхцөлд засварын зардлыг нэхэмжлэхгүй, хөрөнгө түрээслүүлэгчийн мэдэлд бүрэн шилжинэ гэжээ.

 

Өөрөөр хэлбэл талуудын бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан түрээсийн гэрээнд 1 давхарын 6 өрөөг түрээслүүлэхээр талууд тохиролцсон байхаас гадна түүнд засвар үйлчилгээ хийсэн зардлыг нэхэмжлэгч хариуцахаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас засвар үйлчилгээний зардалд 17,333,400 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байх тул хариуцагч талыг 17,333,400 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний барьцаанд өгсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д барьцааны мөнгийг түрээслүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдөр энэхүү гэрээний ямар нэгэн заалт зөрчигдөөгүй, түрээслэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд уг барьцаа мөнгө түрээслүүлэгч талын эд хөрөнгийн элэгдлийг тооцож, 80 хувиар буцаан олгоно гэжээ.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн гэрээний барьцаанд 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд маргаагүй.

 

            Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсэгт зааснаар түрээслэгч нь  гэрээний хугацаа дуусахад хөлсөлсөн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй гэжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсноор нэхэмжлэгчид түрээсийн зүйлийг хариуцагчид буцаан өгөх үүрэг үүснэ.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь түрээсийн талбайг гэрээ дуусгавар болох үед хүлээлгэж өгөөгүй байх ба улмаар хариуцагч нь түрээсийн талбайд байсан нэхэмжлэгчийн эд зүйлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан гаргаж, түрээсийн талбайг чөлөөлсөн байх ба 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн  түрээсийн талбайд байсан нэхэмжлэгчийн эд зүйлийг Lai Dac Truong  гэгчтэй хадгалалтын гэрээ байгуулан хадгалуулсныг нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан түрээсийн байр суллан авсан тухай тэмдэглэл, хадгалалтын гэрээ, түрээсийн байран дахь эд зүйл хүлээлцсэн акт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийг гэрээ дуусгавар болоход Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсэгт заасан түрээсийн зүйлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул барьцааны мөнгөний 80 хувь буюу 1,600,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөгийг, нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хадгалуулсан зардалд 1,800,000 төгрөгийг нийт 4,200,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

 Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусах үед түрээсийн зүйлийг чөлөөлж, хариуцагчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул түрээсийн зүйлийг суллах хүртэл хугацааны буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 26 хоногийн түрээсийн төлбөрийг болон нэхэмжлэгчийн эд зүйлийг хадгалсантай холбоотой гарсан зардлыг хариуцагч нь нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн эд зүйлийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд 1,800,000 төгрөгний хөлс төлж хадгалуулсан болох нь хадгалалтын гэрээ болон мөнгө төлсөн баримт, эд зүйлээ хүлээн авсан тухай тэмдэглэл  зэргээр тогтоогдож байна. 

 

Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 26 хоногийн түрээсийн төлбөр 2,080,000 төгрөг, эд зүйл хадгалалтын хөлс болох 1,800,000 төгрөг, нийт 3,880,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй байх ба үүнээс барьцааны 1,600,000 төгрөгийг хасч тооцвол 2,280,000 төгрөгийг  хариуцагчид төлөх үүрэгтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Сын хариуцагч Б.Бт холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 19,333,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.Саас 2,280,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Бт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,920,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3,116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 19,333,400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Ө.Сын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.Саас 2,280,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Бт олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,920,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,617 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,350 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч  Ө.Саас улсын тэмдэгтийн хураамжид 51,430 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Б олгосугай.    

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ЭНХЗАЯА