Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/02393

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/02393

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух К овогт О-ийн Е /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах П.Н.Ш.Н.У.Г.Т.Э /РД: 0000000/-т холбогдох,

 

Эмнэлгийн даргын 2019 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0 тоот тушаал үндэслэлгүй болохыг тогтоох, О.Е-г урьд эрхэлж байсан ажил албанд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг ажил олгогчоос гаргуулах, уг хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гэрч П.Б, М.М, Б.Б, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О овогт Е миний бие П.Н.Ш.Н.У.Г.Т.Э-т Инженер техник, аж ахуйн албаны слесариар ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн даргын Б/266 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан болно. О.Е-ыг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ээлжийн ажилтай байхдаа, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл уусан хэмээн тайлбарлаж 2019 оны 5 дугаар сарын 31-ний хурлын тэмдэглэлийг хариуцагчаас шуүхэд гаргаж өгсөн. Дээрх хурлын тэмдэглэлд түүнийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажилтай байхдаа архи уусан мэтээр дурьдаж халах саналыг захиргаанд оруулахаар шийдвэрлэсэн байдал харагдаж байна. Гэтэл О.Е нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 7 цаг 44 минутанд ажилдаа ирж, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 9 цаг 40 минутанд ажлаас бууж, буусныхаа дараа 12 цаг 30 минутанд байгууллагын гадна үүдний харуулын байранд жижүүр С.Б нарын 5-аас 6 хүний хамт харуулын албаны менежерээр ажиллаж байсан Б-ийн гаргаж өгсөн 0,33 граммтай 1 шил архийг хувааж тойруулан уусан ба энэ үе албаны дарга М.Мягмардорж орж ирсэн байдаг. Дээрхээс үзэхэд О.Е нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ээлжийн ажилтай байхдаа, тэрчлэн ажлын байран дээрээ архи согтууруулах зүйл хэргэлсэн гэх зөрчлийг гаргаагүй байна. Энэ талаарх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй. Мөн Б/266 тоот тушаал 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарсан байхад О.Е-ыг ажлаас халах саналыг захиргаанд оруулахаар шийдвэрлэсэн Инженер техник, аж ахуйн албаны хамт олны хурлын тэмдэглэл 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарсан байгаа нь уг тушаал хуулийн үндэслэлгүй, бодит баримт зөрчил дээр тулгуурлаж гараагүй нь харагдаж байна.

 

Хариуцагч О.Е-ыг Хөдөлмөрийн сахилгын зөрчлөөр халаагүй, харин хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил болох харуулын байранд архи уусан үйлдлээр нь ажлаас халсан гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг Монгол улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах сөрөг үр дагавар буй болгосон, уг ажилтны гэрээгээр хүлээсэн хөдөлмөрлөх үүрэгт нь харшилсан үйлдэл эс үйлдэхүй байна гэж ойлговол зохино гэжээ. Үүнээс үзэхэд гаргасан зөрчил нь Монгол улсын Дээд шүүхийн тогтоолд нэрлэн заасан ноцтой шинжийг агуулсан байх, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд заавал нэрлэн заасан байх, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан байх шаардлагууд заавал байхаар ойлгогдож байна. Гэтэл О.Е нь ажлаас буусныхаа дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 30 минутанд архи уусан нь түүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хөдөлмөрлөх үүрэгтэй нь холбоогүй, хуулийн тайлбарт дурьдсан хор уршиг сөрөг үр дагаварыг бий болгоогүй тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзнэ.

 

О.Е-ыг хөдөлмөрийн гэрээний 11.3 дэх хэсэгт заасныг үндэслэж буюу ажлын байранд архи уусан гэх үндэслэлээр чөлөөлсөн ба ажлын байр гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дэх хэсэгт байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ гэж хуульчлан зааснаас үзэхэд ажлын байр гэдэг нь ажлын өдөр болон ээлжийн давтамжаар гүйцэтгэж байгаа үүргийг хэлдэг болох нь тодорхой байна. Түүнээс биш байгууллагын аль нэг булан тохой хэсгийг ажлын байр гэж үздэггүй байна. О.Е-ыг дээрх зүйл заалтуудаар ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

 

Мөн О.Е-ыг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлын байранд архи уусан гэж буруутгасан ба энэ үед ажлын байранд архи уугаагүй, тэр өдөр О.Е ажилгүй байсан. Байгууллагын шинэ жилийн арга хэмжээ зохиогдсон ба байгууллагын 30 хүн нэг өрөөнд уусан. Бүгд ууж байхад М.М дарга орж ирээд намайг барьж авсан. Тэгэхээр нь би уугаагүй гэдгээ хэлсэн. Гэтэл заавал баримт гаргаж өг гээд надаа өргөдөл бичүүлж авсан. Би баримт гаргаж өгөөгүй гэж ярьдаг. Хариуцагчаас гаргаж өгсөн О.Е-ын гарын үсэг бүхий баримт дээрх гарын үсэг нь түүний гарын үсэг биш, нотариатаар ороогүй байгаа тул нотлох баримтын шаардллага хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

 

Иймд П.Н.Ш.Н.У.Г.Т.Э-ийн даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоох, О.Е намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Эмнэлгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар Инженер техник, аж ахуйн албаны слесарь О.Е-ыг ажлын байрандаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн тул 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.2, хөдөлмөрийн гэрээний 11.3, 11.3.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. О.Е нь 2013 онд манай эмнэлэгт Инженер техник, аж ахуйн албанд слесариар ажилд орсон бөгөөд сүүлийн жилүүдэд удаа дараа архи ууж, албаны дарга нь анхааруулга өгөх, өөрөөс нь амлалт авах, хамт олны даалтанд авах зэргээр итгэл үзүүлэн ажиллуулж байсан боловч энэ үйлдэлдээ дүгнэлт хийхгүй 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ээлжийн жижүүрийн слесариар ажиллаж байхдаа ажлын байрандаа архи уусан болно.

 

Мөн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлын байранд архи уусан. О.Е өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрч дахин ийм зөрчил гаргахгүй гэж амлалт бичиж гарын үсгээ зурсан. Үүнийг нотлохын тулд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Удаа дараа гэж бичсэн учраас уг баримтыг гаргаж өгөхөөс өөр арга байсангүй. О.Е нь 2019 оны 2 дугаар сарын 16, 18 болон 20, 21 ажилтай байхдаа архи уусан, ажил хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар нотлогдож байгаа. Мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр архи уусан. Харин хурлын тэмдэглэл дээр 5 дугаар сарын 27-ны өдөр гэж андуурч бичсэн байна гэдгээ гэрч М.Мягмардорж хэллээ. О.Е нь ажлын байранд архи уусан явдал нь 3 удаа болж байгаа учраас давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад урьдчилсан 2 нөхцөл байгаа, 1-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, 2-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Эмнэлэг бол онцгой объект юм. Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаад хуудас бүрт нь гарын үсэг зуруулсан. Ийм зөрчил гаргавал ажлаас халагдана гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тиймээс нь О.Е-ын үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт хамааралтай юм. Ноцтой зөрчил гаргасан учраас хуулийнх нь хугацаанд арга хэмжээ авсан байгаа. Өмнө нь удаа дараа архи ууж байсан нь нотлогдсон, баримттай учраас 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдөр тушаалын дугаар авсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч харуулын байрыг ажлын байр биш гэж байна. Харуулын байр ажлын байранд хамаарна, зөвхөн тэр хүний хариуцсан газар бус эмнэлэг тэр чигээрэээ ажлын байранд хамаарна. О.Е нь ажлын байранд удаа дараа архи уусан гэдэг үндэслэл нь хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээтэй нийцэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч О.Е нь хариуцагч П.Н.Ш.Н.У.Г.Т.Э-т холбогдуулан эмнэлгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 тоот тушаал үндэслэлгүй болохыг тогтоох, О.Е-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч П.Н.Ш.Н.У.Г.Т.Э-т холбогдуулан эмнэлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ... О.Е нь ажлын цагаар удаа дараа архи уусан гэж маргажээ.  

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Нэхэмжлэгч О.Е нь П.Н.Ш.Н.У.Г.Т.Э-ийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/537 дугаар тушаалаар тус эмнэлгийн Инженер техникийн албаны слесариар 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан боловч ажил олгогчийн санаачилгаар буюу эмнэлгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 дугаар Инженер техник аж ахуйн албаны слесарь О овогтой Е нь ажлын байрандаа архи, согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн тул 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсүгэй гэх тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон болон ажлаас халсан тушаал зэргээр тогтоогдож байна. 

Ажил олгогчийн буюу П.Н.Ш.Н.У.Г.Т.Э-ийн даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эмнэлгийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.7, 3.8, 12 дугаар зүйлийн 12.4.2, хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг тус тус үндэслэжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэжээ. Мөн нэхэмжлэгч О.Е нь хариуцагч П.Н.Ш.Н.У.Г.Т.Э-тэй 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэгт дор дурдсан зөрчлийг тооцно. Ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. Үүнд: 11.3.3-т Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэхээр зохион байгуулах, ажилдаа согтуу ирсэн бол, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.2-т Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэхээр зохион байгуулах, ажилдаа согтуу ирсэн бол гэжээ.

Нэхэмжлэгч О.Е нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ архи уусан болох нь гэрч, тус эмнэлгийн жолооч П.Б-ийн ... 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр С.Б, О.Е, гадны нэг залуугийн хамт хамт 0.5-тай архи уусан гэх мэдүүлэг, мөн гэрч, эмнэлгийн Инженер техник, аж ахуйн албаны дарга М.М ... О.Е 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай байгууллагад слесариар ажилд орсон, О.Е нь ээлжтэй өдрийнхөө 16 цагаас өглөөний 08 цаг хүртэл химийн хүчил төрөгчийг хариуцаж ажилладаг. О.Е ажилдаа сайн, ажил тасалж байгаагүй, ажлын идэвх сайтай, худлаа ярьдаггүй, шударга сайн ажилчин байсан. 2017 онд тэргүүний манлайлагч ажилтан болж байсан. Тэгээд 2017 оны сүүлээр архи ууж эхэлсэн. Архи ууж байгаад надтай 3 удаа таарч байсан. Түүнд сануулж хэлсээр байхад 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлын байрандаа архи уусан, тэгээд дахиж уухгүй гэж бичиж өгч байсан. 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр мөн архи уусан, шөнө хүн дуудаж давхар хоносон. О.Е уугаагүй гэж хэлээд ажлаа өгөөгүй хамт хоносон байсан. 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр жижүүрт гараад 28-ны өглөө буугаад О.Е, С.Б нар харуулын байранд уусан. Намайг ороход 1 шил архи уугаад дуусгасан байсан. Би та нар яагаад ажлын байранд архи ууж байгаа юм бэ одоо яв гэж хэлээд гарсан. Гэтэл О.Е араас ирээд би уугаагүй гэж хэлсэн. Архи уусан байсан гэх мэдүүлэг, гэрч, тус эмгэлгийн жижүүр С.Б ...2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ээлжээсээ буугаад, үүдний модыг хоёр үйлчлэгчтэй усалчихаад хувцсаа солиод 10 өнгөрч байхад гарч ирэхэд үүдэнд н.Б, О.Е 2 зогсож байсан. Тэгээд намайг ах бууж байгаа юмуу, ганц юм уух уу гэж асуухад нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд авсан байгаа гэсэн, эмнэлгийн харуулын байрны тэнд энд ууя гээд, харуулын албаны н.Бямбаа гэдэг хүнээс асуугаад О.Е түлхүүрийг нь аваад бид гурав 0.5-тай архи хувааж уугаад дуусч байтал хаалга дугараад П.Б, барилгын н.Ж ах хоёр орж ирсэн. Тэгээд дахиад хаалга тогшихоор нь онгойлгож өгсөн чинь М.М дарга орж ирсэн. М.М дарга та нар архи ууцгааж байгаа юмуу гэхэд нь бид нар чимээгүй байсан. Тэгээд М.М даргатай хамт О.Е цуг гараад явсан, намайг цонхоор харахад О.Е М.М даргын мөрөн дээр нь гараа тавьчихсан юм ярьж байсан. Тэгээд намайг гараад автобусны зогсоол дээр зогсож байхад М.М дарга дуудсан. Архи уусан уу гэж асуусан, би уусан гэдгээ хэлсэн. О.Е-ыг уусан уу гэсэн, уусан гэсэн, П.Б уусан уу гэхэд нь дууссан байхад нь орж ирсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч, тус эмнэлгийн слесарь Б.Б...2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед О.Е согтуу байна, оронд нь гараад өгөөч гэж дуудсан. Намайг очиход О.Е нэлээн халамцуу байсан. Тэгээд дарга руу яриулсан. Ажлаа надад өг гэхэд өгөөгүй тэр өдөр хамт хоносон гэх мэдүүлгүүд, Инженер техник, аж ахуйн албаны 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл, мөн ажлын байранд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр архи уусан, дахиж ийм зөрчил гаргавал ажлаас халагдах болно гэх өргөдөл, П.Н.Ш.Н.У.Г.Т.Э-ийн ажилчдын хурууны хээний бүртгэл, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.Е нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр бичсэн ... 2018 оны 1 дүээр сарын 31-ний өдөр ажлын байранд архи ууж, дотоод журам зөрчсөн болно. Дахин ажлын байран дээр ийм зөрчил гаргавал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болно гэх өргөдлийг бичээгүй, О.Е-ын гарын үсэг биш гэх үгүйсгэсэн тайлбарыг гаргаж байх боловч дээрх өргөдлийг О.Е бичсэн болох нь гэрч М.М-ийн ... О.Е 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлын байрандаа архи уусан, тэгээд дахиж уухгүй гэж бичиж өгч байсан. гэх мэдүүлгээр тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч О.Е нь ажлын байран дээр удаа дараа архи уусан, согтуу байсан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан, нэхэмжлэгч О.Е нь хариуцагч П.Н.Ш.Н.У.Г.Т.Э-тэй 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэгт дор дурдсан зөрчлийг тооцно. Ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. Үүнд: 11.3.3-т Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэхээр зохион байгуулах, ажилдаа согтуу ирсэн бол, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.2-т Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэхээр зохион байгуулах, ажилдаа согтуу ирсэн бол гэж заасан зөрчил мөн бөгөөд эмнэлгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 тоот тушаал нь үндэслэлтэй ба хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Б/266 тоот тушаал үндэслэлгүй болохыг тогтоох, О.Е-ыг урьд эрхэлж байсан ажил албанд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр архи уугаагүй, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ээлжийн ажилтай байхдаа архи уугаагүй, мөн харуулын байр ажлын байранд хамаарахгүй гэх боловч 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр архи уусан болох нь дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, түүний бичсэн өргөдөл зэргээр тогтоогдсон. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ээлжийн ажилгүй байсан боловч ажлын бус цагаар харуулын байранд архи уусан нь Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэгт дор дурдсан зөрчлийг тооцно. Ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. Үүнд: 11.3.3-т Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэхээр зохион байгуулах, ажилдаа согтуу ирсэн бол, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.2-т Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэхээр зохион байгуулах, ажилдаа согтуу ирсэн бол гэж заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Хэдийгээр О.Е нь тус эмнэлэгт харуулаар ажилладаггүй, слесариар ажилладаг боловч эмнэлгийн харуулын байр нь ажлын байранд хамаарна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч О.Е-ын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 тоот тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоох, О.Е-ыг урьд эрхэлж байсан ажил албанд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МӨНХТӨР