Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/02778

 

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/02778

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж-86, Э.Б.Ж.М ХХК /РД: 0000000/,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Сартуул овогт Долгорын Мөнхбат /РД: 00000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... байрны ... тоотод оршин суух, И.М овогт Э-н Н /РД: 00000000/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 4,668,927,766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Э.Б.Ж.М ХХК, Д.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Э.Н-тай иргэн Д.М нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үйлчилгээний зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ... тоот хаягт байрлах обьектыг 4,500,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл тухайн барилга нь Барилгын тухай хууль, Барилгын норм би дүрмийн заалтыг зөрчиж, бохир усны хамгаалалтын зурваст баригдсан. Бохир усны шугам гэмтэж осол аваар гарсан тохиолдолд засвар үйлчилгээ хийх нөхцлийг барилгын өмчлөгч бүрдүүлэх, онцгой шаардлагатай үед тус барилгыг нураах буулгах, буулгасан тохиолдолд төрөөс нөхөх олговор олгогдохгүй, эрсдэл хохирлыг барилгын өмчлөгч өөрөө хариуцах нөхцөлтэй барилга байсан байна. Энэхүү байдал нь Ус сувгийн удирдах газар, иргэн Э.Н нарын хооронд 2015 оны 5 дугаар сард байгуулагдсан Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /түр/-ний нэмэлт заалтаар нотлогдож байна. Энэ байдлыг нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гарснаас хойш өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Нхудалдах-худалдан авах гэрээний үүргийг Э.Б.Ж.М ХХК, Д.Мнараас шаардсан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсний дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Э.Б.Ж.М ХХК-ийн Аж ахуйн албаны даргад Ус, сувгийн удирдах газраас өгсөн актаар л мэдлээ. Барилгын энэхүү байдлыг Э.Н анхнаасаа мэдэж байсан хирнээ бидэнд энэ талаар огт хэлээгүй нуун дарагдуулж, биднийг хууран мэхэлж хэлцэл хийн, барилгаа бидэнд худалдсан байна. Бидний худалдан авсан барилгын энэ байдлыг тухайн үед мэдэж байсан бол энэ барилгыг худалдаж авахгүй байсан билээ. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. гэж, мөн хуулийн 59.4-т Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй. гэж заасныг үндэслэн иргэн Э.Н, Д.М-нарын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу уг барилгыг худалдан авахад зориулж Худалдаа, хөгжлийн банкнаас авсан зээлийн хүүнд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт 4,668,927,766 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Э.Н Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглалтад оруулсан ба Э.Б.Ж.М ХХК нь тухайн барилгыг эхлээд түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан. Явцын дунд барилгыг худалдаж авах санал тавьсны дагуу тухайн барилгыг нэхэмжлэгчид 4,500,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үйлчилгээний зориулалттай барилга худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 3,7 тэрбум төгрөгийг Э.Б.Ж.М ХХК нь төлсөн боловч үлдсэн 700 гаран сая төгрөгийг нэхэмжлэгч одоог хүртэл төлөхгүй, асуудал 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэн, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ажиллагаа хийгдэж байгаа. Хариуцагч Э.Н нь нэхэмжлэгчийн дурдаад байгаа нөхцөл байдлыг нуун дарагдуулаагүй, хуурч хэлцэл хийгээгүй ба нэхэмжлэгч төлбөр төлөх хугацаагаа хойшлуулах зорилгоор ийм арга хэрэглэж байна гэж үзэж байгаа болно. Уг барилгыг Э.Ж.Б.М ХХКнь 2014 оноос эхэлж, 2017 он хүртэл түрээслэж үйл ажиллагаагаа явуулж байсан. 2017 онд худалдаж аваад өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Анх түрээслэж эхлээд уг барилгын бичиг баримтыг авсан. Энэ хугацаанд холбогдох газрууд болон нэхэмжлэгч талаас ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй. Худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм.

Иргэн Э.Н 2018 онд шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дэх хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн заалт байгаа. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр ба Э.Н нь үүргээ биелүүлсэн. Барилгыг ашиглалтад ороход нь тусгай зөвшөөрөлөө аваад уг барилгыг ашиглалтанд оруулж, өнөөдрийг хүртэл Э.Б.Ж.М ХХК нь үйл ажиллагаагаа явуулж байгаа гэв. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулчихаад 5,6 жилйин хугацаанд танай барилга ийм байна, тийм байна хэлээгүй, эрхийн биет байдлын догдолгүй гэж хүлээж авсан мөртлөө өнөөдөр нуун дарагдуулсан байна гэж ярьж байгаа нь хууль болон бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дэх хэсэгт Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Хэлцэл хийхэд саад учирч болох ямар нөхцөл байдал байгаа талаар нэхэмжлэгч тал тодорхой ярихгүй байна. 2018 оны 12 дугаар сард барилга нэхэмжлэгчид шилжсэн байсан. Бохир усны хамгаалалтын зурваст баригдсан тухай бичиг байна. Уг бичиг нь аваар осол гарах үед өдөр тутамын завсар үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй бөгөөд онцгой үед тухайн барилга байгууламжийг чөлөөлөхөд саад учруулахгүй байна уу гэжээ. Үүнийг Э.Н гэрээ байгуулах үед яаж мэдэх вэ?, Э.Н барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нь авсан, хуулийн дагуу улсын комисст барилгыг хүлээлгэж өгсөн, энэ үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд нь оролцсон. Үүнийг нуух ямар ч боломжгүй юм. Бохир усны зохион байгууллалтын эсхэм зураг байгаа. Э.Н их сургуулийн багш хүн. Гэрээг байгуулахдаа барилгатай холбоотой бүх бичиг баримтыг нэхэмжлэгчид өгсөн. Албан шаардлагын бичиг гэж байна. Э.Н-г нуун дарагдуулсан гэж харагдуулахын тулд Э.Н-гийн нэр дээр бичгийг үйлдсэн байгаа юм. 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулчихаад одоо төлбөр төлөхгүй байх арга хэрэглэж байна. Барилгыг нураана гэж хэн нотлож байгаа юм, ямар баримт байгаа вэ?, Байшинг нураана гэж хэлээд нэг байцаагч очоод нураадаг асуудал биш, хэрвээ нураах барилга барьсан бол барилгыг барьсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой. Хамгаалалтын бүсийн асуудал байгаа, зурган дээрээс тодорхой харагдаж байна. Өнөөдөр Улаанбаатарт бүх барилгууд тэгж иймэрхүү байдалтай баригдаж байгаа. Уг албан шаардлага нь нэгэнт дулааны бохирын шугам эвдрэх үед бид нар засвар үйлчилгээ хийнэ, битгий саад болоорой гэсэн урьдчилсан сануулга, хэзээ яаж, ямар байдлаар энэ шаардлага гарах уу? энэ талаар намсрай яаж мэдэх вэ, нуух ямар ч боломж байхгүй гэв.

 

Шүүх зохигчийн хүсэлтийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б.Ж.М ХХК нь хариуцагч Э.Н-д холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үйлчилгээний зориулалтай байр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 4,668,927,766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э.Н ... нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн, тухайн барилыг нэхэмжлэгч тал урьд нь түрээслэн үйл ажиллагаа явуулж байхдаа бичиг баримтыг үзэж шалгах ёстой. Бохир усны шугамын хамгаалалтын зурваст баригдсан гэдгийг Э.Н нуугаагүй. Э.Б.Ж.М ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байх арга хайж шүүхэд хандсан гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Э.Н нар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үйлчилгээний зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, ... тоот хаягт байрлах 2829 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөгийг худалдан авагч Д.М-ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Д.М нь барилгын үнэ 4,500,000,000 төгрөгийг худалдан авагчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Зохигчид худалдах-худалдан авах гэрээг үндэслэн мөн өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах тус үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 827 м/к талбай бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Э.Б.Ж.М ХХК бүртгэгдсэн, энэ талаар зохигчид маргаагүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаар дүгнэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2018/03630 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч Э.Н нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байрлах 2829 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиалан бариулж /2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 261/200 дугаар зөвшөөрөл, Гадна бохир усны шугамын байгуулалт М:500, Гадна бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан 2012 оны 10 дугаар сарын 1-ний акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2013/397 тоот акт/, өмчлөгчөөр 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Ус сувгийн удирдах газарт Э.Н 2015 онд хүсэлт гаргаж, 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйл болон бусад холбогдох хуулийг баримтлан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байрлах 2829 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 220678 кодтой гэрээ /түр/-г байгуулжээ. Уг гэрээг Э.Н, Э.Б.Ж.М ХХК-иас 2018 оны 1 дүгээр сарын 18-нд ирүүлсэн хүсэлт, худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 28-ны №18 тоот протоколоор нэр сольж, гэрээ шилжүүлсэн болох нь Ус сувгийн удирдах газрын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 12/2141 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Цэвэр, бохир усны хамгаалалтын зурваст баригдсан 220678 кодтой Э.Н гэрээнд тусгасан нэмэлт заалтад 1.Танай Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах барилга нь төвийн ф300 мм бохир усны хамгаалалтын зурваст баригдсан аж ахуйн зориулалттай барилга. 2.Энэ барилга нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйл, БНбаД 40-02-05-ын 15.112 дугаар заалтуудыг зөрчсөн байна. 3.Дээрх заалтуудыг зөрчсөн тул шугам сүлжээ дээр гэнэтийн аваар осол гарах, өдөр тутамын засвар үйлчилгээ хийх нөхцлийг бүрдүүлж саадгүй нэвтрүүлэх, онцгой шаардлагатай үед тухайн барилга байгууламжийг нураах буулгахад саад учруулахгүй байх. 4.Шугам сүлжээний эвдрэл гэмтлээс шалтгаалан танай барилга байгууламжид ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд УСУГ хариуцахгүй болно. 5.Энэхүү нэмэлт гэрээ нь 220678 тоот гэрээний салшгүй хэсэг болно. гэжээ;

Мөн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0014603 тоот албан шаардлагад: БГД-н 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MBG мед-н барилга нь төийн ф300-н бохир усны хамгаалалтын бүсэд баригдсан байна. Дээрх шугам дээр гэнэтийн осол аваар гарах, засвар үйлчилгээ хийх нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй бөгөөд шума сүлжээний эвдэрлээс шалгаалан танай барилгад ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд УСУГ хариуцахгүй болохыг мэдэгдье гэжээ;

Гэрч Ж.Д-ийн Ус сувгийн удирдах газраас 2015 онд иргэн Э.Н-тайбайгуулсан хэрэглэгчийг цэвэр усаар хангах гэрээнд нэмэлт заалт оруулсан байна лээ, би 2015 онд тус байгууллагын ерөнхий инженерийн албан тушаалыг эрхэлж байгаагүй. Ер нь бол бохир усны шугамын хамгаалалтын зурвасыг зөрчсөн барилгуудад нэмэлт гэрээ хийгдэж байгаа. Аливаа барилга байгууламж газар доогуур явж буй бохир усны шугамаас аль аль тал руугаа 6 метрийн зайд баригдах ёстой. Хэрэв үүнийг зөрчсөн бол онцгой шаардлагатай үед барилгыг нурааж, шугам хоолойн завсар хийнэ. Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг, Э.Б.Ж.М ХХК-ийн барилга нь бохир усны хамгаалалтын зурвас дотор баригдчихсан байгаа. Анх энэ барилга ийм зөрчилтэй байхад яагаад техникийн нөхцөл, зөвшөөрөл олгосныг би мэдэхгүй. Э.Б.Ж.М ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа барилгын өнцөг зурагнаас харахад хамгаалалтын зурваст 1 метр орчим орсон харагдаж байсан гэх,

Гэрч Ц.Б-ын Ус сувгийн удирдах газар нь иргэн Э.Н-тайБаянгол дүүргийн ... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах түр гэрээ байгуулсан. Түр гэрээ байгуулсан учир нь тухайн барилга бохир усны хамгаалалтын зурваст баригдсан тул түр гэрээ байгуулсан байдаг. Нэмэлт гэрээг тухайн шугам сүлжээнд гэнэтийн аваар осол гарсан тохиолдолд засвар үйлчилгээг хийлгэх нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү л гэсэн нэмэлт гэрээ байгаа гэх,

Гэрч Ө.Д-ын Ус сувгийн удирдах газраас 2015 онд иргэн Э.Н-тай байгуулсан хэрэглэгчийг цэвэр усаар хангах гэрээ байгуулагдсан байдаг, тухайн барилга бохир усны хамгаалалтын зурвас руу орсон учраас нэмэлт гэрээг байгуулсан гэх мэдүүлэг зэрэг дээр дурдсан нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь төвийн ф300 мм бохир усны хамгаалалтын зурваст баригдсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү байдлыг хариуцагч Э.Н нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Д.М-тай үйлчилгээний зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээ байгуулах үедээ мэдэж байсан ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-д Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагч Э.Н барьж, ашиглалтад оруулсан Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутагт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хэдийгээр улсын комисс хүлээн авсан боловч тухайн барилга нь төвийн ф300 мм бохир усны хамгаалалтын зурваст баригдсан нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно. гэж заасныг зөрчсөн үзэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ. гэж зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэж үзлээ.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар хариуцагч Э.Н нь дээрх доголдолтой нөхцөл байдлыг буюу тухайн барилга төвийн ф300 мм бохир усны хамгаалалтын зурваст баригдсаныг худалдан авагч Д.Мөнхбатад мэдэгдээгүйгээс худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э.Б.Ж.М ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэд нийт 3,743,531,000 төгрөгийг хариуцагч Э.Н-д төлсөн, энэ талаар хариуцагч маргаагүй. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах зорилгоор Худалдаа, хөгжлийн банкнаас урт хугацаат зээлийг авсан ба зээлийн хүүнд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 925,396,766.21 төгрөг төлсөн болох нь Худалдаа, хөгжлийн банкны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 7-435/204 тоот тодорхойлолт, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон, үүнийг гэрээнээс учирсан хохирол гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Д.М, хариуцагч Э.Н нарын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 925,396,766 төгрөг, нийт 4,668,927,766 төгрөгийг хариуцагч Э.Н-гаас гаргуулж, нэхэмжлэгч Э.Б.Ж.М ХХК, Д.М нарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Э.Н нь Д.Мөнхбат, Э.Б.Ж.М ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,000,000,000 төгрөг гаргуулах, Э.Б.Ж.М ХХК нь Э.Н-д холбогдуулан хохиролд 46,000,000 төгрөг гаргуулах, узелийн тусгай картыг гаргуулж, сөрөг шаардлагын үнийн дүнгээр барилгын үнийг бууруулж, барилгын үнийг 4,454,000,000 төгрөг болгож тухай сөрөг шаардлагыг шүүхэд тус тус гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2019/03630 дугаар шийдвэрээр Э.Б.Ж.М ХХК-иас 756,469,000 төгрөг гаргуулж Э.Н-д олгож, сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ. Шүүхийн энэхүү шийдвэрээр энэ иргэний хэргийн нэхэмжлэгч Д.М, Э.Б.Ж.М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н-д холбогдох, үйлчилгээний зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 4,668,927,766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага өөр байна.

Нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөр, гэрээнээс учирсан хохирол шаардсан атлаа нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 252 дугаар зүйлийн 252.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.М, хариуцагч Э.Н нарын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 925,396,766 төгрөг, нийт 4,668,927,766 төгрөгийг хариуцагч Э.Нгаас гаргуулж, нэхэмжлэгч Э.Б.Ж.М ХХК, Д.М нарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,573,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,573,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР