Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2019/01462/И |
Дугаар | 102/ШШ2019/02808 |
Огноо | 2019-10-23 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2019/02808
2019 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2019/02808 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Энэбишийн гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Х овогт Ц-ийн С /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, өөрийн байранд байрлах Н.Ш.Ш.Г-т холбогдох,
Орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байр, ... тоот орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хүчингүй болгож, тус орон сууцанд буцаан оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн өлөөлөгч Ш.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Б.Э-с 149,021,766 төгрөг гаргуулж П.Ф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Н.Ш.Ш.Г-т хийгдэж байна. Ц.С-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот 3 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд энэ талаар өмчлөгчид огт мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх үед нь Ц.С Монгол улсад байгаагүй. Хотын А зэрэглэлийн байрлалтай 3 өрөө орон сууцыг 88,000,000 төгрөгөөр М.О.Т ХХК 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үнэлснийг мэдлээ. Энэ үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур болжээ. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Ц.С-ийг өөрөө үнийн саналаа бичиж өгсөн гэх боловч Ц.С нь 2016 оны 3 дугаар сарын 1-ны өдөр Монгол улсын хилээр гараард 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Монгол улсад орж ирсэн бүртгэл байдаг. Тэгэхээр үнэлгээ өгөх үед Ц.С Монгол улсад байгаагүй.
Шүүхийн шидйвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж гарсан байхад яагаад Ц.С-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийж байгааг ойлгохгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр албадан дуудлага худалдаагаар ялагч тодорсон тул байраа чөлөөлж өгөхийг мэдэгдсэн байна. 2018 оны 4 дүгээр сард дуудлага худалдаагаар авсан этгээд нь дэнчингээ буцааж авсан тул дуудлага худалдаа хүчингүй болсон. Ингээд Баянгол дүүргийн ...дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх, дуудлага худалдаагаар бусдад шилжүүлэх шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлснийг мэдээд гаргасан байхад тухайн орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр албадан чөлөөлөх ажиллагааг хууль зөрчиж хийжээ. Иймд Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот орон сууцыг төлбөр авагчид шилжүүлсэн, уг орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хүчингүй болгож, уг орон сууцанд буцаан оруулахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Б.Э-с 149,021,766 төгрөг гаргуулж П.Ф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Э-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.С, Д.М нарын өмчлөлийн Баянгол дүүргийн ... дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 171/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 171/02 тоот тогтоолоор хураасан. Гэвч тухайн ажиллагааг байрьцаа хөрөнгө байгаа газарт очиж тогтоол үйлдээгүй гээд ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Х нь улсын байцаагчийн акт тогтоож 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 171/02 тоот хураах тогтоолыг хүчингүй болгосон, шийдвэр гүйцэтгэгч хураах ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дахин зөвтгөж явуулж, үнийн саналыг тухайн өдрөө Ц.С-с авсан. Тэрээр 300,000,000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн. Тухайн санал өгсөн баримт нь он, сар, өдөргүй боловч 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр үнийн санал өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаа тэмдэглэлээрээ баталгаажиж байдаг. Дэнчин буцааж олгосон асуудлын тухайд гэвэл дуудлага худалдаа зарлаад дэнчин төлсөн байхад шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дэнчин төлөгч хүсэлт гаргаад ажиллагааг сэргээх хүртэл хугацаанд дэнчингийн мөнгөө түр буцааж авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2016 оны 115 дугаар тогтоолоор шинжээчээр М.О.Т ХХК-г томилсон. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 88,000,000 төгрөгөөр тогтоосныг талуудад мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээний 70 хувиар буюу 88,000,000 төгрөгийн 70 хувиар тооцож 61,600,000 төгрөгөөр 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулахыг 2016 оны 8 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд Б.Э, Ц.С, Д.М нарт мэдэгдсэн. Тухайн орон сууцны өмчлөх эрхийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Э.Энхсайханд шилжүүлсэн, мөн сарын 29-ний өдөр түүний эзэмшилд орон сууцыг чөлөөлж өгсөн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Н.Ш.Ш.Г-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгох, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот орон сууцыг төлбөр авагчид шилжүүлсэн, уг орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хүчингүй болгож, уг орон сууцанд буцаан оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
А/ Үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын талаар:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Энхзулаас 148,123,200 төгрөг гаргуулж П.ф ББСБ ХХК-д олгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Б.Э, Д.М, Ц.С нарын П.ф ББСБ ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 014/013 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн .. дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 157 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1592 дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16250644 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 171/01 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 171/2 тоот тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хураажээ. Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, улсын байцаагч П.Х-ын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар улсын байцаагчийн актаар шийдвэр гүйцэтгэгч Ж.А нь барьцаа хөрөгийг оршин байгаа газарт нь очиж хураах тогтоол үйлдээгүй гэх үндэслэлээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51-84 тоот орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хураасан 171/02 тоот тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулахыг даалгасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 171/03 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоот орон сууцыг хурааж, ажиллагааг зөвтгөжээ. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Ц.С тухайн эд хөрөнгийг 300,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 115 дугаар тогтоолоор М.О.Т ХХК-г шинжээчээр томилсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэжээ. Шинжээч Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоот орон сууцны үнэлгээг 88,000,000 төгрөгөөр үнэлсэн тайланг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлснийг Ц.С-д 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр танилцуулж, гарын үсэг зуруулжээ. /Хавтаст хэргийн 46 дугаар тал/ Нэхэмжлэгч Ц.Снь дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б/ Орон сууцыг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, орон сууцанд буцаан оруулахыг даалгах шаардлагын талаар:
Барьцаа хөрөнгийг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахад 67,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон ба дуудлага худалдааны ялагч Э.Энхсайханд Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 6/6 тоот тогтоолыг үндэслэн Э.Эрдэнэсайханыг тухайн үл хөдлөх эд хөрөнгий өмчлөгчөөр бүртгэж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 000715440 дүгээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоот орон сууцыг албадан чөлөөлж, 16250644/29 тоот тогтоолоор орон сууцыг өмчлөгч Э.Энхсайханы эзэмшилд хүлээлгэн өгсөн байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж хуульчилсан бөгөөд өмчлөгч Э.Э нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дүгээр шийдвэрт тусгагдаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Баянгол дүүргийн .. дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоот орон сууцныг албадан чөлөөлж хууль зөрчсөн тул орон сууцнаас албадан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, орон сууцанд Ц.С-г буцаан оруулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Ц.С-г өөрөө үнийн саналаа бичиж өгсөн гэх боловч Ц.С нь 2016 оны 3 дугаар сарын 1-ны өдөр Монгол улсын хилээр гараард 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Монгол улсад орж ирсэн бүртгэл байдаг. Тэгэхээр үнэлгээ өгөх үед Ц.С Монгол улсад байгаагүй. гэх тайлбарыг гаргасан нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2-5а/11150 дугаар албан бичгээр тогтоогдож байх боловч Ц.С орон сууцны үнийн саналаа 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 300,000,000 төгрөгөөр өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-ийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоот орон сууцнаас албадан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тухайн орон сууцанд Ц.С-г буцаан оруулахыг Н.Ш.Ш.Г даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР