Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2016/0292

 

 

 

 

                                                    

 

 

 

 

 

2016 оны 5 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2016/0292

Улаанбаатар хот

А.Нарандэлгэрийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч А.Нарандэлгэр, хариуцагч С.Төгсбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Г.Оюунтунгалаг нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Нарандэлгэрийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Нарандэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сумын Засаг дарга нь тодорхойгүй шалтгаанаар урьдчилан тохиролцоогүй, төрийн албан хаагч надад мэдэгдэлгүй 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр б/12 дугаар захирамж гаргаж,   сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас бууруулсан нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэхгүй байгаагаас гадна төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар олгогдсон эрх үүргийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон... Иймд, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Сумын их ажлуудыг зохион байгуулж амжуулахад Засаг даргын Тамгын газрын даргын оролцоо хамтын ажиллагаа, мэргэшсэн бүрэлдэхүүнээ удирдах, бусад байгууллагуудыг чиглүүлэн залах үүрэг өндөр бөгөөд энэхүү үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг үндэслэн А.Нарандэлгэрийг албан тушаал бууруулах арга хэмжээг авсан... А.Нарандэлгэрийг халамжийн байцаагчаар томилуулахаар аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, халамжийн мэргэжилтэн нартай урьдчилан ярьж зөвшилцөн миний бие ээлжийн амралтаа авсан. Засаг даргын орлогч сумыг бүрэн хариуцах байсантай холбоотой. А.Нарандэлгэр зөвшөөрсөн тохиолдолд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын тушаал гарч ажилд томилогдох байсан... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 23 дугаар зүйлийн 23.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг тус тус баримтлан А.Нарандэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Нарандэлгэрийг Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Нарандэлгэрийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.662.701 төгрөгөөс холбогдох хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговрыг Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга С.Төгсбаатар давж заалдах гомдолдоо: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч А.Нарандэлгэрийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг удирдлага болгон “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах захирамж гаргасан бөгөөд тус захирамжаа дараах үндэслэлээр гаргасан.

  • Цогт-Овоо сумын Тамгын газарт 2015 оны 02 сараас албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор ажилчдын хурууны хээгээр цаг бүртгэх машиныг суурилуулж, түүнд хяналт тавьж хариуцлага тооцох ажлыг Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон боловч А.Нарандэлгэр нь энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, Засаг даргын зүгээс энэ асуудлаар удаа дараа Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг өгч байсан ч /үүрэг өгч байсан нь Цогт-Овоо сумын Тамгын газрын ажилчдын хурлын протоколоор нотлогдоно/ тодорхой ажил хийгээгүй. Анхан шатны шүүхээс ажлын цаг бүртгэл, цаг ашиглалтыг нэгтгэн гаргадаг хүн нь бичиг хэргийн эрхлэгч бөгөөд тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод ийм чиг үүрэг хэрэгжүүлэхийг нэхэмжлэгчид үүрэг болгоогүй байна гэсэн нь өрөөсгөл дүгнэлт бөгөөд Засаг даргын зүгээс тамгын газрын даргад цаг бүртгэлийг өөрөө хөтөлж бүртгээгүй харин тухайн цаг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавьж зөрчил гаргасан этгээдэд нь хариуцлага тооцон ажиллаж цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүл гэсэн байхад идэвх санаачилгагүй ажилласан нь ажлын цагийн тооцоо цаг бүртгэх машины бүртгэл, цалингийн хүснэгт зэргээр нотлогдож байна.

Магадгүй А.Нарандэлгэр нь Засаг даргын үүрэг даалгаврыг биелүүлсэн бол цаг бүртгэгчийн бүртгэсэн цагийн тооцоо болон цаг бүртгэх машины бүртгэлийн тооцооны зөрүүг арилгахад анхаарч, цаг бүртгэгч бичиг хэргийн эрхлэгч болон зөрчил гаргасан этгээдүүдэд анхааруулж ажиллах байсан. Гэтэл энэ талаар ямар ч ажил хийлгүй өнөөдрийг хүрсэн. Хэдийгээр дээрх цаг бүртгэлтэй холбоотой асуудлыг Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан зохицуулж журамлаагүй ч Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын зорилго, зорилтод “Засаг дарга бүх эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэн, төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, эрхэлсэн асуудлын хүрээнд бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэгдэнэ” гэж заасан бөгөөд дээрх цагийн төхөөрөмжтэй холбоотой үүргийг тусгайлан зохицуулах шаардлагагүйгээр Засаг даргын зүгээс үүрэг болгосон учир Тамгын газрын дарга нь заавал биелүүлэх үүрэг үүсч байна.

Байгууллагын дотоод журамд цаг бүртгэгчийн бүртгэснээр цалингийн тооцоо хийх тухай заасан байна гэж шүүхээс үзсэн ч дотоод журмаа өөрчлөх асуудал нь Тамгын газрын даргын эрхэд хамаардаг байтал санаачилга гарган ажиллаж хэрэгжүүлсэнгүй. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 31.1-д “Ажилтнуудын ажлын цаг ашиглалт, түүнд тавигдах хяналт, сахилга дэг журмыг сайжруулах, хөдөлмөрийн дотоод журмыг чанд дагаж мөрдөх, хөдөлмөрийн хөлсийг ажилласан цаг, хөдөлмөрийн үр бүтээлд тохируулан олгоход ЗДТГ-ын дарга нар анхаарч ажиллах” гэж зааснаас харахад дээрх үүрэг нь Тамгын газрын даргын албаны чиг үүрэгт хамаарч байна. /2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаартай тогтоолын 7-д ...хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг... зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно/

  • Угийн бичиг хөтлөх ажилд хангалтгүй дүн үзүүлсэн бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга нь “Угийн бичгийн” ажлын хэсгийн ахлагч хэр нь тухайн ажлаа сайжруулах, ажлын хэсгийн хүмүүстээ үүрэг даалгавар өгөх хариуцлага тооцох зохион байгуулах нь Тамгын газрын даргын эрх хэмжээ байтал энэ тал дээр хангалтгүй ажилласан нь Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Бат-Эрдэнээс гаргасан 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3-371 тоот албан бичгээр нотлогдоно. /Угийн бичиг хөтлөх ажил нь Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны 2015 жилийн төлөвлөгөөний Арга хэмжээ 2.1 6, 2.1.7-д зааснаар Засаг даргын тамгын газрын даргын албаны чиг үүрэгт хамаарч байна/

2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн баяр наадмын бэлтгэл ажлыг хийгээгүй. Засаг дарга миний зүгээс наадмын бэлтгэл ажилтай холбоотой үүргийг А.Нарандэлгэрт амаар өгснөөс гадна Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны 2015 жилийн төлөвлөгөөний Арга хэмжээ 1.1.7-д “Түүхэн үйл явдлын ой тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэг нь Засаг даргын Тамгын газрын дарга, мэргэжилтнүүдэд байхад энэ үүргээ биелүүлээгүй нь хурлын протокол, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогддог. 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Тамгын газрын албан хаагчдын цуглаан дээр үүрэг өгөгдөж, баяр наадмын бэлтгэл ажил хангах ёстой ч 22, 23, 24-нд хийлгүй хаясан байдаг. Засаг даргын тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний 4.2-т “Төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээний биелэлтийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны дотор багтаан тайлагнах үүрэгтэй” гэж заасан байхад А.Нарандэлгэр нь үр дүнгийн гэрээгээ хугацаанд тайлагнаагүй нь албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Миний зүгээс А.Нарандэлгэрийг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж буюу Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т зааснаар албан тушаал бууруулаагүй, харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан гэдгийг шүүх анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна. Шүүхээс Засаг дарга үр дүнгийн гэрээг нэхэн шаардаж аваагүй гэж Засаг даргыг буруутгасан нь хэтэрхий нэг талыг барьсан нь харагдаж байна. Учир нь, үр дүнгийн гэрээнд төсвийн шууд захирагч нь 06 дугаар сарын 03-ны дотор тайлагнана гэж заасан байхад ...шүүхээс тодорхойгүй гэсэн. Гэтэл уг гэрээг боловсруулж батлуулсан албан тушаалтан нь Тамгын газрын дарга өөрөө байна. Иймд, нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Нэхэмжлэгчээс “Миний бие ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаан байхгүй. Би одоогоор ажилгүй, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан аль нь болохоо мэдэхгүй байна” гэж, хариуцагчаас “А.Нарандэлгэр нь цаг ашиглалтыг сайжруулах болон цаг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавиагүй, баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаагүй, угийн бичиг хөтлөлтийн талаар зохион байгуулсан ажилгүй, үр дүнгийн гэрээг хугацаанд нь тайлагнаж, дүгнүүлээгүй, Засаг даргын захирамж гараагүй байхад өөртөө болон орлогч даргад дур мэдэн 10 хувийн нэмэгдэл олгосон зөрчил гаргасан учраас албан тушаал бууруулсан” гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга С.Төгсбаатар нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн б/12 дугаар захирамжаар “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан А.Нарандэлгэрийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалттай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Маргаан бүхий б/12 дугаар актаар нэхэмжлэгч А.Нарандэлгэрийг хаана, ямар ажил, албан тушаалд ажиллахыг тодорхой шийдвэрлээгүй орхигдуулсан, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалаар хангахыг сумын Засаг даргын орлогчид үүрэг болгосон гэх боловч ийнхүү томилох эрх хэмжээ олгогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн албан тушаалд томилогдоогүй байна.

Түүнчлэн хариуцагчаас “нэхэмжлэгч А.Нарандэлгэрт албан тушаал бууруулах арга хэмжээ авахдаа халамжийн байцаагчаар томилуулахаар аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, халамжийн мэргэжилтэн нартай урьдчилан ярьж зөвшилцсөн” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна.

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч нь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан А.Нарандэлгэрийг тухайн албан тушаалаас бууруулах бус, харин бодит байдал дээр албан тушаалаас чөлөөлсөн захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллах албан тушаалтан мөн хэдий боловч тамгын газрын ажилтнуудын хариуцсан албан үүрэг, түүнтэй холбогдуулан гарсан алдаа, зөрчлийг нэхэмжлэгчид шууд хамааруулан, түүнийг ажлын байрны зорилт, чиг үүргийг биелүүлээгүй гэж дүгнэн хариуцлага ногдуулж, албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх...” гэж заасан төрийн албаны үндсэн зарчимтай нийцэхгүй байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “А.Нарандэлгэрийг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж албан тушаал бууруулаагүй, харин ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан” гэж дурджээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол албан тушаал бууруулахаар заасан бөгөөд уг шаардлагыг биелүүлсэн эсэхийг төсвийн ерөнхийлөн захирагч болох сумын Засаг даргатай хийсэн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь хэрхэн биелүүлснээр тодорхойлогдох ёстой.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харъяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасан боловч талууд 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг ямар хугацаанд дүгнэх талаар гэрээндээ тодорхой тусгаагүй, хагас жилээр үнэлж дүгнээгүй байна.

Нэхэмжлэгч А.Нарандэлгэр нь Засаг даргын захирамж гараагүй байхад 2015 оны 05 дугаар сард үндсэн цалингийн 10 хувийн урамшууллыг Засаг даргын орлогч болон өөртөө дур мэдэн авсан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч энэ нь албан тушаал бууруулах хэмжээний зөрчил гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, үр дагавартайгаа тохирсон байх ёстой атал хариуцагч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга нь нэхэмжлэгч А.Нарандэлгэрт сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал....”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “...албан тушаал бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг хориглоно”, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын хоёрын 4-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна...” гэж заасныг зөрчиж, сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг шалгаж тогтоолгүйгээр хариуцлага тооцсон нь буруу, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                     

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                            Ц.ЦОГТ         

ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР