Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 713

 

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00713

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 393 478 553 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Мягмарсүрэн, Б.Энхтүвшин, Х.Мөнхзул

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Жанчив

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Орхон

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Угтаабаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК болон “М” ХХК-иуд нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нийт 3 500 000 000 төгрөгийг, Шинэ Эрдэнэт хотхоны 180 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах зориулалтаар, 24 сарын хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй, зээлийг барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан хэсэгчлэн олгох, зээлийг гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу буцаан төлөх нөхцлийг харилцан тохиролцож, 23/15-20 тоот зээлийн гэрээ байгуулсан.

“Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлдэгчийн дансанд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 500 000 000 төгрөг нийт 2 500 000 000 төгрөг олгосон.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлгийн хуваарьт заасны дагуу зээлийг буцаан төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 0 төгрөг, үндсэн хүүнд 270 293 939 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг буцаан төлсөн.

“Т” ХХК-ийн зүгээс хариуцагч М ХХК-д үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрснийг сануулж, гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч тодорхой үр дүн гараагүй учраас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 23/15-20 дугаар зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа болно. Үүнд үндсэн зээлд 2 500 000 000 төгрөг, үндсэн хүүнд 865 925 238 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27 553 315 төгрөг, нийт 3 393 478 553 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.  

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 23/15-21 дугаар зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч “М” ХХК мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд дараахь барьцаа, батлан даалтын дараахь хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

“М” ХХК нь “Т” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 23/15-20 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр Т нь 3 500 000 000 төгрөгийг зээлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт баригдаж буй “Шинэ Эрдэнэт” хотхоны 180 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зорилгоор ашиглахаар тохиролцсон боловч зээлийг бүрэн гүйцэт олгоогүйгээс болж барилгын ажил санхүүжилтгүй зогсож, байгууллагад их хохирол учирсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүйгээс үүссэн асуудал гэж бодож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 462 дугаар зүйлийн 462.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухайхуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас нийт 3 359 706 060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 33 772 493 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу/14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай нийт 5676.7 м.кв талбайтай барилга, 000515487 дугаар гэрчилгээтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17 265 742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 17 026 680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

“Т” ХХК-ийн "М" ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 23/15-21 дугаар дээрх барьцааны гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн З.Дөлгөөн гаргасан нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн болох нь хэрэг авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181\Ш32017\16508 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар нотлогдож байгаа учир хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага голлон үндэслэж буй барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх нь тусдаа иргэний хэрэг дээр шүүхээр хянан шийдвэрлэгдэж байхад барьцааны гэрээнээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг тус тус зөрчсөн.

Мөн хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигчдыг гомдол гаргах эрхгүй хэмээн захирамжилсан нь зохигчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан үйлдэл болсон.

Мөн анхан шатны шүүхийн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасныг зөрчиж өөрөөс нь татгалзсан татгалзалыг өөрөө шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасныг мөн л шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт заасныг зөрчиж миний гаргасан татгалзалыг шүүгчдийн зөвөлгөөнөөр шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

Нэхэмжлэгч "Т" ХХК-аас хариуцагч "М" ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 23/15-20 дугаар зээлийн гэрээг хавсралтын хамт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хамт нотлох баримтаар гаргаж өгсөн. Эргэн төлөлтийн хуваариас нэхэмжлэгч 3.5 тэрбум төгрөгийн зээлийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэгч бүрэн олгосон байх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж байж хариуцагчийг гэрээний хавсралтад дурдсан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөхийг шаардах эрх үүсэхээр байна.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийг гэрээнд заасан хугацаанд бүрэн олголгүй барилга барих санхүүжилтийг тасалдуулсан. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй учир хариуцагчийг зээл, зээлийн хүү төлөх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл байхгүй болно.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн хүүнд 859 706 060 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байна хэмээн дүгнэж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаад хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 393 478 553 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Зориглон, С.Энхтайван, “Энгүй тал” ХХК-ийг тус тус хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох эрхтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг эрхийг зөрчин, хамтран хариуцагч оролцуулах хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцэхгүй, буруу болно. Уг зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ёстой этгээд болох эд хөрөнгийн өмчлөгч Г.Зориглонг хариуцагчаар бус, харин гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, түүнд холбогдох шаардлагыг шийдвэрлэжээ. Ийнхүү гуравдагч этгээдийн өмчлөлийн зүйлийг худалдан борлуулж үүргийг хангахаар шийдвэрлэснээр шүүх мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасан гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг шийдвэрлээгүй нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй бөгөөд хариуцагчийн хувиар бус гуравдагч этгээдэд танилцсан нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагдаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүрэг буюу эрх зүйн байдлын хувьд эдгээр хоёр субьект нь ялгаатай болно.

 

            Түүнчлэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, барьцаа хөрөнгө болох Г.Зориглонгийн хувийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого, батлан даалтын хөрөнгө болох Г.Зориглонгийн хувийн өмчийн орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн болон бусад орлого, Г.Зориглон, “Энгүй тал” ХХК-ийн ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах авлага, бараа материал гэсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагаас татгалзсаныг /хх 69-70 дэх тал/, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар шийдвэрлэж, татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм. Өөрөөр хэлбэл, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад байсан зарим барьцааны зүйлс, батлан даалтын гэрээтэй холбоотой асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэлгүй орхигдуулж, өөр эрхийн акт гаргасан байна.

 

Энэ нь маргааны үйл баримт болох зээлийн гэрээ, түүний үүрэг, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн хангагдах үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй болгожээ.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлээр тогтоосон зарчимд харшилна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

                                                                                                                                             

            Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан боловч зарим үндэслэлгүй гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дурдах нь зүйтэй.

 

            Үүнд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Т болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 23/15-21 дүгээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг иргэн З.Дөлгөөн гаргасан гэх үндэслэлээр уг хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан хангахгүй орхиж, гомдол гаргах эрхгүйг зааж захирамж гаргасан нь хуульд нийцжээ. Өөрөөр хэлбэл, хэргийг түдгэлзүүлсэн тохиолдолд уг түдгэлзүүлсэн шийдвэрт гомдол гаргах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар олгосон ба түдгэлзүүлэх ажиллагаа хийгдээгүй тохиолдолд уг захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

            Мөн шүүх хуралдааны шатанд шүүгчийг татгалзан гаргах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэж хүсэлтийг хангахгүй орхисон байх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд мөн адил агуулгаар буюу шүүгч зохигчийн хүсэлтийг хангаагүйтэй холбоотойгоор тухайн шүүгч болон тухайн шүүхийн бүх шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул шүүгч хууль зүйн үндэслэл тодорхойгүй учраас хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу биш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6, 92.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчоос гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэл заахгүй байхтай нийцсэн байх ёстой.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 456 481 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА