Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 124/ШШ2022/0010

 

 

                

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын ... багт оршин суух, иргэн Б овгийн Ж-ийн Б,

Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт оршин суух, иргэн Ш овгийн Ж-ын Н

Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Н, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга З.Т, гуравдагч этгээд Ж.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б нь тус шүүхэд Увс аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 сарын 12-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар Монгол Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Ж овогтой Бг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь албан тушаал бууруулж, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр Ж овогтой Нг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс томилжээ.

3. Нэхэмжлэгч Ж.Б нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 30 хоногийн дотор  МУ-ын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/353 албан бичгээр “гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” хариуг авч 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 4. Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие 2013 оноос хойш Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Гэтэл ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байтал гэнэт 2021 оны 01 сарын 12-нд ажлаас тушаал бууруулах захирамж ирсэн. Захирамжийн шийдвэр нь 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 152 дугаартай шүүгч П.Болорын захирамжийг үндэслэсэн байсан. Энэхүү захирамжтай танилцахад Ж.Н нь сумын Засаг дарга болох 3.Т-тай Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах талаар шүүхдэлцсэн байсан. Нэхэмжлэгч Ж.Н хариуцагч 3.Т нар нь эгч дүү нарын хүүхдүүд юм. Үүнд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж байна.

Ж.Б миний бие 2013 оны 11 сард төрийн албаны шалгалт өгч энэхүү албан тушаалд томилогдсон 2016 оны 10 сараас 2018 оны 10 сар хүртэл 2 жил Эх барих эмэгтэйчүүдийн эмч чиглэлээр гэрээ байгуулан суралцсан. Миний суралцах хугацаанд Ж.Н нь миний ажлын байранд түр томилогдон ажилласан. Би төгсөж ирээд 2018 оны 10 сарын 22-нд Б/02 тоот захирамжаар буцаад ажилдаа томилогдсон. Намайг төгсөж ирэхээс сарын өмнө Ж.Н нь суралцахаар явсан байсан. Ингээд Ж.Н нь 2020 оны 10 сард төгсөж ирээд миний ажлын байран дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ж.Н-ийн нэхэмжлэл болох гэрээ нь сургалтад хамрагдах эмч бүр гэрээ байгуулж суралцдаг юм. Мөн Ж.Н-ийн нэхэмжлэл болох 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Б/01 тоот захирамж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны Б/04 тоот захирамжуудыг 2018 оны 10 сарын 22-ны Б/02 тоот захирамжаар хүчингүй болгосон байдаг. Гэтэл шүүгч үүнийг судлахгүйгээр, миний ажлын байртай холбоотой хэрэг учир надаас ямар нэгэн мэдүүлэг, тайлбар авахгүйгээр, мэдэгдэхгүйгээр шүүх хуралдаан болсонд би гомдолтой байна.

Эрүүл мэндийн бүтэц орон тоо 3 их эмчтэй гэж батлагдсан байдаг. Гэтэл миний албан тушаал бууруулж ажилд авч байгаа боловч 1 их эмч илүүдэлтэй болж байгаа юм.

Ж.Н нь төгсөж ирээд ажилд орох талаар надтай огт уулзаагүй ба өөрийн гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 10 сарын 10-нд надтай гэрээ хийсэн гэжээ. Гэтэл би 2018 оны 10 сарын 22-нд төгсөж ирээд ажилд томилогдсон байдаг. Энэ зэрэг худал ташаа мэдэгдлүүдээр шүүхэд хандаж Эрүүл мэндийн даргын ажилд томилогдсоныг би хүлээн зөвшөөрөхгүй Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөл нь шүүхэд хандах ёстой гэсний дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргалаа Миний энэхүү асуудлыг хууль дүрмийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 2005 онд хүний их эмч мэргэжлээр төгсөж ирээд Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд дотрын их эмчээр ажиллаж байгаад 2013 онд төрийн албаны шалгалт өгч тэнцээд Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн даргаар томилогдсон. Би 2016 оны 10 дугаар сард эх барих эмэгтэйчүүдийн резидент эмчийн 2 жилийн сургалтад суралцахаар Улаанбаатар хот руу явсан ба миний ажил албан тушаалыг Ж.Н эмч орлон ажиллаж үлдсэн. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би резидент эмчээр суралцаж дуусаад буцаад ажил албан тушаалдаа томилогдсон. Тухайн үед Ж.Н эмч резидент эмчээр суралцахаар Улаанбаатар хот руу яваад 2020 онд төгсөж ирээд буцаад Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажилд орно гэж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Анхан шатны шүүхээс Ж.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, буцааж ажил албан тушаалд нь томилох шийдвэр гаргасан байсан. Уг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Ж.Н-г тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилж, намайг албан тушаал бууруулж, их эмчээр ажиллуулсан. Би тус сумын Засаг даргын маргаан бүхий захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй учир Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн чиглэл өгсний дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ж.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэдэг утгаараа Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлээс татгалзаж шийдвэрлэсэн. Би Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Миний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж Ж.Б-ийн нэхэмжлэлийг хангахаар давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Тариалан сумын удирдлага болон тус сумын эрүүл мэндийн төвийн эмч нарын харилцаа хандлага, боловсрол, бие авч явж байгаа байдлууд маш хүндхэн байна. Энэ талаараа өмнөх шүүх хуралдааны явцад бас хэлж байсан. Ж.Б-г ямар зөрчил гаргасны улмаас албан тушаал бууруулж байгаа талаар тодруулаагүй байсан. Хэргийн анхан шатны шүүхэд буцаасан тогтоолд гомдол гаргах эрхгүй байсан ба уг тогтоолд дэлгэрэнгүй дурдагдсан байсан. Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан гэдэг нь өнөөдрийн шүүх хуралдаанд тодорхой боллоо. Хариуцагчийн зүгээс иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий захирамж гаргасан гэдэг боловч иргэний шүүхийн процесс ажиллагаанд миний үйлчлүүлэгч Ж.Б-г гуравдагч этгээдээр татаагүй байсан. Ж.Б-г зөрчил гаргасан гэх баримт мөн сумын удирдлага болон дээд шатны Эрүүл мэндийн газраас албан ёсоор Ж.Б-д хариуцлага хүлээлгэ гэсэн албан бичиг хэрэгт авагдаагүй байгаа. Хэрэгт авагдаагүй нотлох баримтад хийсвэр дүгнэлт хийх боломжгүй мөн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших асуудалд дүгнэлт хийх боломжгүй. Хариуцагч Ж.Б-г албан тушаал бууруулсан үндэслэлээ шүүхэд гаргасан тайлбарлахдаа “сумын төсвийн зардлаар гаргасан Ж.Б, Ж.Н нар нарийн мэргэжлийн эмчээр суралцаж ирсэн учир хоёр эмчээ авч үлдэх зорилгоор өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд Ж.Б-г тушаал бууруулж, Ж.Н-г тус сумын өрхийн эрүүл мэндийн төвд авч ажиллуулсан гэдэг тайлбар гаргасан. Сум орон нутгийн удирдах Засаг даргын хувьд нэхэмжлэл гаргахаас хойно болсон Ж.Б-ийн алдаа дутагдалтай хольж хутгаж, үндэслэлгүй тайлбар гаргаж байгаад харамсаж байна. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ж.Б-ийн нэхэмжлэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ж.Б давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир давж заалдах шатны шүүхээс хэргийн дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх тогтоол гарсан. Ингээд хэргийн оролцогчид гомдол гаргасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 304 дугаар захирамж гарсан. Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Яагаад гэвэл хариуцагч Ж.Б-г албан тушаалыг бууруулахдаа Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ж.Б-г Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон захирамжийг хүчингүй болгоогүй учир одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байна. Энэ талаар өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Увс аймгийн Тариалан сумын Засаг даргаас асуулт асууж тодруулж байсан. Увс аймгийн Тариалан сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд хоёр Засаг даргын захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байна. Өмнөх Засаг даргын ажилд томилсон захирамжийг хүчингүй болгоогүй байж дараагийн Засаг дарга Ж.Н-г ажилд томилсон байх тул Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч Ж.Б-ийн эрх ашиг хөндөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна” гэв.

7. Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга З.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”2021.02.15-ны Ж.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

1. Ж.Н-ийн нэхэмжлэл нь Увс аймаг дахь Иргэний хэргийн шүүхээр шийдэгдэж шийдвэр гарсан тул энэхүү Ж.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн харьяалал биш гэж үзэж байна.

2. Ж.Б эмчийг албан тушаал бууруулж 2021.01.13-ны өдрийн Б/02 тушаалаар эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр хөдөлмөрийн гэрээ хийж ажиллаж байгаа.Хөдөлмөрийн хуулийн дагуу шүүхэд гаргах нэхэмжлэлийн хугацаа хэтэрсэн гэж үзэж байна.

3. Ж.Н захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны үндсэн дээр 2021.12.18-ны өдөр шүүхийн шийдвэр Ж.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдаг. 2021.01.12-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлж ажилдаа орсон болно.

4. Ж.Б нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021.02.18-нд гомдол гаргасан. Шүүх хурал 2021.02.23-нд болж энэ асуудлаар дахин давж заалдахгүй болж Ж.Н-ийн талд гарсан. Иймд Ж.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагч Тариалан сумын Засаг дарга З.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ж.Н эмчийг резидент эмчээр суралцаад төгсөж ирсний дараа би Ж.Б эмчтэй уулзаад Ж.Н-г тус сумын өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмчээр авч ажиллуулахыг санал болгосон боловч Ж.Б эмч үгүй гэж хариулсан. Энэ асуудлаас хойш шүүхээр маргалдаад явж байгаа. Би Засаг даргынхаа бүрэн эрхийнхээ хүрээнд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Ж.Б-ийн албан тушаал бууруулсан захирамж гаргасан. Ж.Б-ийн хувьд алдаа дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэдэг тайлбарыг удаа дараагийн шүүх хуралдаанд гаргаад байгаа. Ж.Б нь тус сумын эрүүл мэндийн төвийн дарга байтугай тус сумын эрүүл мэндийн төвийн их эмчээр ч ажиллах боломжгүй алдаа дутагдлууд гаргасан. Ж.Б, Ж.Н нар Увс аймгийн Тариалан сумын төсвийн мөнгөөр Улаанбаатар хотод резидент эмчээр суралцан ирсэн учир би Увс аймгийн Тариалан суманд Дотрын болон эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлээр суралцаж ирсэн эмч нараа авч үлдэх зорилгоор шийдвэр гаргасан. Хэрэв Ж.Н, Ж.Б нарын аль нэг нь төрийн мөнгөөр мэргэжил дээшлүүлж ирээгүй байсан боловч би аль нэг талд нь үйлчлэх ёсгүй байсан гэж бодож байна. Увс аймгийн Тариалан сумын өмнөх Засаг дарга Ж.Б, Ж.Н нарыг ажилд авахдаа хоёуланг нь уг ажил албан тушаалд жинхэлж тушаал гаргасан байсан. Намайг Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга болохоос өмнө Ж.Н өмнөх Увс аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Хэрэв намайг тус сумын Засаг даргаар томилогдсоны дараа Ж.Н надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бол Ж.Б хандах бүрэн эрхтэй байсан. Би Ж.Б-ийн шийдвэрийг дагаад Ж.Н-г ажилд аваагүй байсан бол 4000 ард иргэд амьдарч байгаа Увс аймгийн Тариалан сум нарийн мэргэжлээр суралцаж ирсэн дотрын их эмчгүй байх байсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг бүгд биелүүлэх ёстой ба сонсгол хийхгүйгээр Засаг дарга захирамж гаргах бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Би иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Ж.Б эгчийг дуудаж сонсгол хийгээгүй. Харин Ж.Н-г Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Ж.Б эмчийг дуудаж, Ж.Нг тус сумын өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр авч ажиллуулах санал гаргасан боловч авахгүй гэж хэлж байсан. Ж.Б эмч хүний үгийг үл хайхарч нэг шийдвэрийнхээ дагуу тууштай явдаг дутагдалтай зан чанартай хүн юм. Адилхан нарийн мэргэжлээр суралцаж ирсэн их эмчийг өрхийн эрүүл мэндийн төвдөө дотрын их эмчээр ажиллуулахгүй гэдэг байр сууринаас хандсан нь учир дутагдалтай байна. Ж.Б эмч 2016, 2019 онуудад ажиллаж байхдаа буруу шийдвэр гаргасны улмаас төрд хохирол учирсан гэдгийг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 онд шалгалт хийж дүгнэлт гаргаж, акт тавьсан байгаа. Гэтэл Ж.Б эмч ажил мэргэжлээрээ ажиллах явцад буруу үйлдэл гаргаагүй гэдэг тайлбарыг шүүх хуралдаанд гаргадаг. Ж.Б эмч одоог хүртэл төрд учирсан хохирлыг барагдуулаагүй явж байгаа. Маргаан бүхий захирамжид Ж.Б-г тус сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эх барих их эмчээр авч ажиллуул гэж дурдсан учир Ж.Б-г сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эх барих их эмчээр авч ажиллуулж байгаа. Гэтэл Ж.Б эмч ажиллах явцдаа өөрийн үндсэн ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас 2021 оны 8, 11 дүгээр саруудад эрхийн эндэгдэл гаргах хэмжээний асуудал үүсгэсэн. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.А даргын зүгээс Ж.Б-г ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг шалтгаанаар ажлаас хал гэж хэлсэн. Хэрэв Ж.Б эмчийг ажил мэргэжлийн уялдаа холбоотой дээд шатны удирдлагын өгсөн үүрэг даалгавраар ажлаас халсан бол намайг ажлаас халах гэж ийм шийдвэр гаргаж байна гэдэг үндэслэлээр маргаж эхлэх байсан учир ажил албан тушаалаас нь чөлөөлөөгүй. Өнөөдрийн хүртэл Ж.Б эмч ажлаас халагдах арга хэмжээний алдаа дутагдал олон гаргасан боловч ажлаас халахгүй хамгаалж ирсэн. Шүүх хуралдаан болохоос хэд хоногийн өмнө Ж.Б эмч ажилдаа хариуцлагагүй хандсан учир сахилгын арга хэмжээ авсан байгаа. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Ж.Б эмчийн төрд учруулсан хохирлыг Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч төлүүл гэсэн чиглэл ирсэн боловч төрд ажиллаж байхдаа буруу шийдвэр гаргасан гэдэг шалтгааныг нь үндэслэн сахилгын арга хэмжээ авсан байгаа. Ж.Б нь өөрийн үндсэн ажлаа хийж чадахгүй байж тус сумын өрхийн эрүүл мэндийн төвийг дарга болно гэж байгааг ойлгохгүй байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулахаар явж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ж.Б-ийн нөхөр цагдаагийн албан тушаалыг хашиж байсан ба одоо суманд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Ж.Б-ийн нөхөр над дээр согтуу ирж “би Увс аймгийн шүүх, цагдаа хүчний байгууллагуудыг би мэддэг” гэх байдлаар намайг хэл амаар доромжилж, дарамт учруулж байсан. Ж.Б бүх шатны шүүхэд хариуцагчтай эвлэрэхгүй гэдэг байр суурьтай байсан боловч одоо хариуцагчтай эвлэрнэ гэдэг тайлбарыг гаргаж байна. Ж.Б тушаал буурч их эмчээр ажиллаж байгаа боловч тус сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа авч байсан цалингаа адилхан авч байгаа ба цалингийн шатлал бууруулаагүй. Ж.Б эмч хүний албан амиар тоглох шахсаныг Эрүүл мэндийн газраас ирж шалгаж тогтоогоод арга хэмжээ ав гэж байхад би таныг ажил албан тушаалаас нь чөлөөлөөгүй. Тухайн үед Ж.Б эмч “би дахин шүүхээр явахгүй, өөрийнхөө ажлыг хийгээд явна” гэж хэлээд уйлаад зогсож байсан боловч одоо зан ааш нь хувирч тус сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллана гэж байгаадаа ичих хэрэгтэй. Би мөнхийн даргаар ажиллахгүй ч гэсэн зөв хүнийг зөв чиглэлээр ажиллуулна” гэжээ.

9. Гуравдагч этгээд Ж.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”Ж овогтой Н миний бие Тариалан сумын ЭМТөвд ажиллаж байсан үндсэн ажилтан. 2016 онд Ж.Б төгсөлтийн дараах сургалтад хамрагдаад явсны дараа миний биеийн төрийн албаны шалгалтад орж тэнцээд тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад 2018 оны 09 сарын 17-нд төгсөлтийн дараах сургалтад хамрагдаад 2020 оны 10 сарын 08-нд шалгалтаа өгч сургалтаа амжилттай төгсөөд ирж ажилдаа орох гэтэл намайг огт ажилд авахгүй байсан учир Тариалан сумын Засаг даргыг шүүхэд өгсөн болно.

Хариуцагч З.Т бид хоёрыг эгч дүүгийн хүүхдүүд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзжээ. Би мөн үүнтэй санал нийлэхгүй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3 дахь заалт, 3.1 5 дахь заалтын дагуу бид хоёрт ашиг сонирхлын зөрчил байхгүй болно.

2. Ж.Б эмчийн 2018 оны 10 сарын 22-ны Б\02 тоот захирамжийг 2021 оны 02 сарын 18-ны шүүх хурал дээр анх удаа харж байна Тухайн үед энэ захирамжийн талаар хэн ч надад танилцуулаагүй болно.

3. Манай сумын эрүүл мэндийн төв нь 4 их эмчийн орон тоотой. Энэ хүн 3 их эмчтэй гэж яриад байгааг би ойлгохгүй байна.

4. 2018 оны 10 сарын 10-ны өдрийн №10 тоот гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Үүнийгээ үгүйсгэн худал нэхэмжлэл гаргасан байна.

Ж.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байгаа учир Тариалан сумын Засаг даргын захирамжийг хэвээр хадгалж, тус нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

10. Гуравдагч этгээд Ж.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Б эмч 2016 оны 10 дугаар сард резидент эмчээр суралцахаар явсны дараа Увс аймгийн Тариалан сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц дарга намайг тус сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар түр тушаалаар томилсон. Дараа нь Т гэх хүн Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга томилогдсоны дараа намайг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэхгүй бол ажил албан тушаалтай чинь ярина гэж хэлсэн учир би 2017 оны 11 дүгээр сард төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн учир Увс аймгийн Тариалан сумын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дугаар захирамжаар тус сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 9 дүгээр сард резидент эмчээр суралцахаар тус сумын Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж 2 жилийн хугацаагаар суралцахаар явсан. Намайг резидент эмчээр суралцаж байх хугацаанд миний цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй байсан тул холбогдох ажилтан албан хаагчдад гомдол гаргасан боловч миний асуудлыг авч хэлэлцэхгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс миний цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан. Гэтэл Ж.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар байгаад 2020 оны 10 дугаар сард миний нийгмийн даатгалын шимтгэлийн 10, 11, 12 дугаар сарыг дутуу төлсөн. Ж.Б эмч намайг маш хохироосон байж Ж.Б эмч би илүү их хохирсон тул зөөвөл өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллана гэж байгааг ойлгохгүй байна. Ж.Б эмчийн резидент эмчээр суралцахаар явах үед байгуулсан тушаал шийдвэр буруу байснаас болж 6, 7 дугаар сарынхан нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй үлдсэн байсан. Тухайн үед би Эрүүл мэндийн газрын ерөнхий нягтлан хийж байсан хүнээс нь асууж тодруулж байгаад буруу гаргасан шийдвэрийг нь засаж залруулаад Ж.Б эмчийн резидент эмчээр суралцаж байх үед тасарсан 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлж өгч байсан.

Би 2020 оны 6 дугаар сард Ж.Б эмчтэй уулзаад 2020 оны 10 дугаар сард шалгалт өгнө, тэр хүртэл ажлаа хийж байгаад шалгалтаа өгөхийг хүссэн өргөдлийг амаар болон бичгээр гаргаж байсан боловч албан ёсоор хариу өгөөгүй мөн бүтэц орон тоотой холбоотойгоор чиний орон тоо байхгүй. Энэ асуудлаар сумын Засаг даргатай уулзаж, аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтнээс асууж тодруулаарай гэсэн хариуг амаар өгсөн. Би тухайд үед сумын Засаг даргатай уулзах гэсэн боловч надтай уулзахгүй зугтаад яваад байсан. Би резидент эмчээр төгсөж ирснийхээ дараа ажилд эгүүлэн тогтоолгохоор иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ж.Н нь Ж.Б-тай адил нарийн мэргэжлийн эмчээр суралцаж ирээд гурвалсан гэрээнийхээ дагуу ажил албан тушаалдаа томилогдох гэсэн боловч Ж.Б-ийн зүгээс “чамайг өрхийн эрүүл мэндийн төвдөө эмчээр авч ажиллуулах боломжгүй” гэж өөрийнхөө үзэл бодлыг тулгасан. Аргагүйн эрхэнд Ж.Н тус сумын Засаг даргатай уулзсан боловч сумын Засаг дарга өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж чөлөөлөх эрхтэй болохоос биш тус өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийг томилж, чөлөөлөх эрх мэдэлгүй учир тус сумын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Б-д хандаж “адилхан нарийн мэргэжлийн эмчээр суралцаж төгссөн Ж.Н-г өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр авч ажиллуулахыг санал болгосон боловч Ж.Б хамтран ажиллах боломжгүй гэдэг байр суурьтай байсан. Ж.Н нарийн мэргэжлийн эмчээр суралцан төгсөж ирээд тус сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах хүсэлт гаргаагүй тус өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн сул орон тоонд ажиллахыг хүссэн боловч Ж.Б хүлээн зөвшөөрөөгүй. Ж.Н нарийн мэргэжлийн эмчээр суралцаж ирээд тус сумын өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллах хүсэлтэй байгаа талаараа Увс аймгийн Эрүүл мэндийн газарт хүсэлт гаргаж байсан нотлох баримтууд хэрэгт байгаа. Ж.Б хувийн ёс зүйгүй, хувийн өс хонзон санаж ажлаа явуулдгаас болж Увс аймгийн Тариалан сумын ард иргэд хохирч, тэр бүү хэл хүний алтан амь нас үрэгдэж байна. Ж.Б-ийн гаргасан нэхэмжлэл нь харьяаллын бус маргаан гэж үзэж байна.

Ж.Н-г ажилд аваагүйгээс болж шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар Ж.Б мэдэж байсан өөрөөр хэлбэл өөрийнх нь ажлын байрны асуудал яригдаж байгаа тул шүүхэд гуравдагч этгээдээр татагдах хүсэлтээ гаргах ёстой байсан. Тухайн үед сумын Засаг дарга болон Ж.Б, Ж.Н нарын дунд гурвалсан ярилцлага хийгдэж байхад Ж.Н-г эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандах гэж байгааг Ж.Б маш сайн мэдэж байсан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад хуульд зааснаар Ж.Н болон тус сумын Засаг дарга нар хоорондоо эвлэрч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн шүүгчийн захирамж гарсан. Зохигчид хоорондоо эвлэрэхээс өмнө Ж.Н-г тус сумын өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр авч ажиллуулах саналыг тус сумын Засаг даргын зүгээс гаргасан боловч Ж.Б хүлээн зөвшөөрөөгүй. Энэ бүх үйл явдлыг эхлэлийг Ж.Б өөрөө тавьсан учир одоо энэ бүх асуудлынхаа үйлийг үрийг эдэлж, өөрөө ч ажиллаж чадахгүй хүн ч ажиллуулахгүй ажлын хариуцлагагүй байдлаасаа болж алдаа дутагдал гаргаж, Увс аймаг дахь Төрийн аудитын газарт шалгагдаж, акт тогтоолгосон байгаа. Мөн Ж.Б-ийн алдаа дутагдал болон ажлыг хариуцлагагүй байдлаас болж Эрүүл мэндийн төвөөс байнга шалгалт ирж, хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Ж.Б олон удаа алдаа дутагдал гаргасан учир Эрүүл мэндийн төвөөс болон холбогдох газраас Ж.Б-ийн их эмч байх эрхийг хасах асуудал яригдаж байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүх Ж.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсны дараа Ж.Б хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа аргаа өөрчилж, шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж олон хүнийг хөлөө чирсэн асуудал үүссэн. Ж.Б, Ж.Н нарын маргаан нь хөдөлмөрийн маргаан байх тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах ёстой байсан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 780 дугаар хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байгаа. Гэтэл Ж.Б шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар тал талаас нь гомдол гаргаж явж байгаа. Ж.Н-ийн талд шийдэгдсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Ж.Б гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учир анхан шатны шүүх процессын алдаа гаргасан байна гэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж байхад Ж.Б-ийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг миний талд шийдвэрлүүлэхээр буцаасан гэдэг буруу ойлголт төрүүлж ярьж болохгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ Ж.Б-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэ гэсэн үг үсэг байхгүй.

Ж.Б-ийн зүгээс Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл нь засаг захиргааны хувьд ч гэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяаллын бус маргаан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг учир Ж.Б-ийн гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан байгаа. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 780 дугаар шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхүй болгох үндэслэл тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

12. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон холбогдох бичмэл нотлох баримт зэргийг тал бүрээс нь үнэлэн  маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгч иргэн Ж.Б нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно.

14. Нэхэмжлэгч талаас алдаа дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэж маргажээ.

15. Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байр сууриа илэрхийлжээ. Үүнд:

15.1 Ж.Б дээд шатны албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.

15.2  “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 785 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг гаргасан.

15.3 Ж.Б ажил албан тушаалдаа хайнга хандаж, алдаа дутагдал гаргаж байсан болох нь  нотлогдон тогтоогдож байгаа.

16. Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн зүгээс Ж.Б-ийн  нэхэмжлэл нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяаллын бус маргаан  гэж үзэн тайлбараа гаргажээ.

17.  Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 сарын 12-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1/17 тоот албан тоотыг тус тус баримтлан Ж.Б-ийн үүрэгт ажлаас нь  албан тушаал бууруулж, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр Ж овогтой Н-г томилжээ.

18. Энэхүү маргаан бүхий актаар нэхэмжлэгч Ж.Б- албан тушаалаас нь бууруулж, гуравдагч этгээд Ж.Н-г түүний ажиллаж байсан эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд томилсон ба өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны албан тушаал бууруулах, ажилд томилох  асуудлыг шийдвэрлэсэн байна. 

19. Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 72 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад тэнцсэн Ж-ийн Б-г төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн гэж үзэн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2013 оны 11 сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилжээ.

19.1 Ж.Б нь резидент эмчийн сургалтад хамрагдах болсон тул Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/01 дугаар  захирамжаар түүнийг  үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ж.Н-г Сумын эрүүл мэндийн төвийн  эрхлэгчийн ажилд түр хугацаагаар томилжээ. Дараа нь 2017 оны 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолыг үндэслэн Ж.Н-г тухайн албан тушаалд жинхэлсэн байна.

19.2 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ж.Б Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Б, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.О нартай гурвалсан гэрээ байгуулсан ба уг гэрээний  дагуу эх барих эмэгтэйчүүд судлал мэргэжлээр 2 жил суралцаж, 2018 оны 10 сард сургалтаа дүүргэжээ. Үүний өмнөхөн Ж.Н Ж.Б-ийн нэгэн адил нарийн мэргэжлийн сургалтад хамрагдахаар болж сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байжээ.  Иймээс Тариалан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлын байрны сул орон тоон дээр Ж.Бг дахин томилсон байна.  

19.3 Ж.Н нь “Дотор судлал мэргэжлээр суралцаж байх хугацаандаа 2020 оны 06 сард Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ж.Б-тай биечлэн уулзаж ажлаа хийж байгаад шалгалтаа өгөхийг хүсэхэд чиний орон тоо байхгүй, энэ асуудлаар сумын Засаг даргатай уулзаж, аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтнээс асууж тодруулаарай” гэсэн хариу өгсөн талаар тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Ж.Б энэ тайлбарыг үгүйсгээгүй байна. Тэрээр сургалтаа дүүргэсний дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргад хандан өргөдөл гаргаж “Тариалан сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дугаар захирамж”-ийн дагуу ажилд орох хүсэлтэйгээ илэрхийлжээ.

19.4 Уг өргөдлийг аймгийн Эрүүл мэндийн газар хүлээн авч “Гурвалсан гэрээний дагуу Тариалан сумын Засаг даргад албан ёсоор хандаад гэрээний үүргээ биелүүлэхгүй бол шүүхэд хандаж шийдвэрлүүл” гэдэг хариу өгсөн тухай тус байгууллагын бүртгэл хяналтын картад тэмдэглэсэн байна.  

19.4.1 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэг талаас Эрүүл мэндийн хөгжлийн төв, нөгөө талаас Увс аймгийн Эрүүл мэндийн газар, суралцагч Ж.Н нарын хооронд гурвалсан гэрээ байгуулагджээ. Тус гэрээний 3.4.6-д зааснаар захиалагч Увс аймгийн Эрүүл мэндийн газар “Суралцагчийн ажлын байрыг хадгалах эсвэл эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулах” үүргийг хүлээжээ.

19.4.2 Ж.Н нь үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан албан тушаалтан биш учраас ажилдаа эгүүлэн тогтоолгох боломжгүй бөгөөд ажилд орох асуудлаа гурвалсан гэрээний дагуу  шийдвэрлүүлэх ёстой байна. Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалын болзол шаардлагыг хангаад  ажиллаж байсан Ж.Б-г эрх бүхий албан тушаалтан дахин томилон ажиллуулсан байх тул гурвалсан гэрээнд зааснаар Увс аймгийн Эрүүл мэндийн газар нь суралцагч Ж.Н-г эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангах ёстой болжээ. Гэтэл үүрэг хариуцлагыг өөрөөсөө зайлуулан гэрээг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй хариу өгсөн байна.  

20. Хариуцагчийн “Ж.Б дээд шатны албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлийн талаар:

20.1 Хариуцагч Тариалан сумын Засаг дарга шүүх хуралдаан дээр “Ж.Н эмчийг резидент эмчээр суралцаад төгсөж ирсний дараа би Ж.Б эмчтэй уулзаад Ж.Нг тус сумын өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмчээр авч ажиллуулахыг санал болгосон боловч Ж.Б эмч үгүй гэж хариулсан. Энэ асуудлаас хойш шүүхээр маргалдаад явж байгаа ” гэжээ.

20.2 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын А/02 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар 2020 оны Тариалан сумын эрүүл мэндийн төвийн орон тоо, бүтцэд 3 эмчийн орон тоо баталж, батлагдсан төсөв, орон тоондоо багтаан үйл ажиллагаа явуулахыг Сумын эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг болгожээ. Тариалан сумын эрүүл мэндийн төв нь 2020 онд эх барих эмэгтэйчүүдийн, хүүхдийн, дотрын гэсэн 3 их эмчийн орон тоотой үйл ажиллагаа явуулсан байна. Иймээс Ж.Б-г “Ж.Н-г эмчээр ажилд аваагүй” гэж буруутгах боломжгүй юм.

20.3 Харин 2021 оны 01 сарын 14-ний өдрийн Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын А/02 тушаалын 2 дугаар хавсралтаар 2021 оны Тариалан сумын эрүүл мэндийн төвийн орон тоо, бүтцэд 4 их эмчийн орон тоо баталж, шинээр нэг их эмчийн ажлын байр нэмэгдсэн байна.

 21. Хариуцагчийн “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 785 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг гаргасан” гэх үндэслэлийн талаар.

21.1 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Ж.Н-ийн “ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй Тариалан сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзээд “хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” тухай шүүгчийн захирамжийг гаргажээ.

21.2 Нэхэмжлэгч Ж.Б нь албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан гэж маргасан бөгөөд дээрх шүүгчийн захирамжаар энэ нэхэмжлэлд заасан үйл баримттай  хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн байна.    

21.3 Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заажээ.

Төрийн албаны тухай хуулийн энэхүү заалтаас үзэхэд Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажил албан тушаал нь үйлчилгээний албан тушаалд хамаардаг боловч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэдгээрээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогддог учир эрх зүйн байдал нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдалтай адилхан зохицуулагдахаар ойлгогдож байна. 

Өөрөөр хэлбэл Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх, албан тушаал бууруулах харилцаа Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна.

 

21.4 Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:

45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;

45.1.2-д үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон;

45.1.3-д хуульд заасан бусад үндэслэл гэж тус тус заажээ.

 

21.5 Хариуцагч энэ хуулийн зохицуулалтад тусгасан үндэслэлүүдэд дүгнэлт хийхгүйгээр  шүүхийн шийдвэрийг үндэслэн Ж.Б-ийн  албан тушаалыг бууруулсан нь буруу болжээ. Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ж.Б-ийн албан тушаал бууруулах шийдвэрийг хариуцагч гаргахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэж, баримтлаагүйгээс  нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна.

 

22. Хариуцагчийн “Ж.Б ажил албан тушаалдаа хайнга хандаж, алдаа дутагдал гаргаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байгаа” гэх үндэслэлийн талаар:

22.1 Хариуцагч Тариалан сумын Засаг дарга Ж.Б-г албан тушаалаас нь буруулсан шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байх тул түүний  шүүх хуралдаан дээр гаргасан “Ж.Б эмч 2016, 2019 онуудад ажиллаж байхдаа буруу шийдвэр гаргасны улмаас төрд хохирол учруулсан гэдгийг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 онд шалгалт хийж дүгнэлт гаргаж, акт тавьсан байгаа. ...Ж.Б эмч ажиллах явцдаа өөрийн үндсэн ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас 2021 оны 8, 11 дүгээр саруудад эхийн эндэгдэл гаргах хэмжээний асуудал үүсгэсэн” гэх тайлбар нь хэрэгт ач холбогдолгүй, маргааны үйл баримтад хамааралгүй юм.

Хариуцагч бодит байдал дээр  зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэн албан тушаал бууруулах шийдвэрийг гаргасан байх бөгөөд 1 ба 3 дахь үндэслэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

 

23. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн 637 дугаар тогтоолоор захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй буруу гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.  

 

24. Иймд  маргаан бүхий захиргааны акт болох Тариалан сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаал бууруулж, ажилд томилох” тухай Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

25. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 45 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаал бууруулж, ажилд томилох” тухай Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Т.ОЮУНГЭРЭЛ