Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2019/00504

 

 







2019 11 28 103/ШШ2019/00504



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* банкны Багануур салбарт холбогдох хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, өөрийн харилцах данснаас суутган авсан 2.313.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******-******* хариуцагч байгууллагын төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Г.*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч. нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* банкны Багануур салбараас 18.000.000 төгрөгийн цалингийн зээлийг авсан бөгөөд намайг 2 сарын хугацаатай зээлийн гэрээний батлан даагчаар гарын үсэг зураад өгөөч, эгчийг гадаадаас ирэхээр батлан даагчаа сольчихно гэж гуйсан. Ч. нь 2019 оны 4 дүгээр сард ажлаасаа халагдсан гэсэн үндэслэлээр ******* банк 2019 оны 5 дугаар сард надад мэдэгдэлгүйгээр миний цалингаас 250.000 төгрөгийг дансаар авсан. Дараа нь эдийн засагч над руу утасдаж зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн төлбөрийг чамаар төлүүлнэ гэж хэлсэн. 6 сард нь миний дансны зарлагын гүйлгээг зогсоож, 453.000 төгрөгийг миний данснаас татсан байсан. Ингээд нийтдээ 2.313.000 төгрөгийн зээлийг надаар төлүүлсэн, дансны зарлагын гүйлгээг хаасан байдалтай зээлийг надаар төлүүлсээр байна. ******* банк

нь үндсэн зээлдэгч аас зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, өөрсдийн зүгээр хэрэгжүүлэх арга хэмжээг аваагүй байж хууль бусаар миний эрхэнд халдаж, дансны зарлагын гүйлгээг хааж, данснаас дур мэдэн бусдын зээлийг төлүүлж байна. Иймд ******* банкны Багануур салбарын энэхүү хууль бус үйлдлийг зогсоож, миний данснаас хүчээр авсан 2.313.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: намайг гуйсан учраас цалингийн зээлийн гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан. ******* банк эхлээд аас зээлийн төлбөрийг шаардахгүйгээр миний данснаас зээлийн төлбөрийг суутгаж, мөн үлдсэн мөнгөө зарцуулах гэхээр орлого зарлагын гүйлгээ хийх боломжгүй болсон. Би өөрийн гэсэн амьдралтай учраас хүний өмнөөс зээл төлөхөд хэцүү байна. ыг өрөвдөөд зээлэнд гарын үсэг зурсан. Тухайн үед бид хоёр цуг ажилладаг байсан. Одоо тай ямар ч холбоо байхгүй байгаа. Миний данснаас авсан мөнгийг буцааж, миний харилцах данснаас дахин зээлийн төлбөр суутгахгүй байхыг ******* банкны Багануур салбарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* банкны Багануур салбарын төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч буруу ойлгосон байна, банктай байгуулсан гэрээний 2.4.6 дахь заалтын дагуу үндсэн зээлдэгч зээлээ төлөхгүй бол хугацаа хэтэрсэн зээлийг хамтран зээлдэгчийн данснаас үл маргах журмаар татна гэж байгаа. 4 дүгээр сард ажлаасаа гарсан учраас *******-******* данснаас зээлийн төлбөрийг татаж байгаа тухай зээлийн ажилтан *******-*******тай утсаар холбогдож мэдэгдсэн. Зээлийн гэрээний 3.2-т зааснаар нэг удаа мэдэгдсэн бол дахин бичгээр болон амаар мэдэгдэх шаардлагагүй, гэрээний заалтыг үндэслэж зээлийн төлбөрийг суутгасан байгаа. Миний ойлгож байгаагаар , *******-******* хоёр хоорондоо л төлбөрийн талаар зохицох хэрэгтэй. Хэрвээ зээлээ төлөхгүй тохиолдолд *******-******* төлөх талаар урьдчилан банкны ажилтан танилцуулсан. Хавтас хэрэгт *******-*******тай 2019 оны 7, 9 дүгээр саруудад уулзсан тухай тэмдэглэлүүд байгаа. Тухайн үед *******-******* ойлгож байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХнь
Нэхэмжлэгч Г.*******-******* нь хариуцагч ******* банкны Багануур салбарт холбогдуулан хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, өөрийн харилцах данснаас суутган авсан 2.313.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч байгууллага нь хамтран үүрэг гүйцэтгэгч Г.*******-******* харилцах данснаас зээлийн төлбөрийг гаргуулан авч зээлэнд төлүүлсэн үйлдэл нь хууль болон гэрээний заалтуудыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хууль бус үйлдлийг таслан зогсоох шаардлагаа өөрчилж өөрийн ******* банкин дахь харилцах данснаас дахин зээлийн төлбөр суутгахгүй байхыг ******* банкны Багануур салбарт даалгуулахаар өөрчилсөн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна.Үүнд:

******* банкны Багануур салбар нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.тай зээлийн гэрээ байгуулж, 18.161.058 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг жилийн 16.8 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар зээлүүлжээ.

Уг гэрээнд зээлдэгч Ч.ын хамтран зээлдэгчээр Н.*******-******* тусгагдсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

******* банкны Багануур салбар болон Ч. нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Г.*******-*******г хамтран зээлдэгч гэж зааж, зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг өөрийн цалин, түүнтэй адилтгах бусад орлогоос, банк дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авах-аар тусгасан атлаа зөвхөн Ч.ын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр зааж, гэрээний хавсралтад барьцаа хөрөнгөөр ирээдүйд орж ирэх цалингийн орлого гэж тусгажээ. Хамтран зээлдэгч Г.*******-******* хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг эсэх, түүний цалин хөлс бусад орлогыг барьцаалсан нь тодорхойгүй энэ талаар зээлийн гэрээ болон хавсралтад тусгагдаагүй байна.

Дээрх гэрээгээр Ч.т цалингийн зээл олгогдсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, Ч.ын ******* банкны 501208 тоот дансны хуулгад цалингийн зээл гэж тэмдэглэсэн зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг, ажилтны хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс байдаг. Хөдөлмөрлөх, түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Тийм учраас энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь тухайн зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Ч.т холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалинг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй этгээд болох Г.*******-*******д хамааруулах боломжгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу Г.*******-******* нь ******* банкны Багануур салбараас өөрийн данснаас суутган авсан мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.*******-******* Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч ******* банкны Багануур салбар нь нэхэмжлэгч Г.*******-******* 5750596840 тоот данснаас 7 удаагийн үйлдлээр нийт 2.313.500 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган авсан болох нь тогтоогдож байх тул ******* банкны Багануур салбараас нэхэмжлэгчийн шаардсан 2.313.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, дахин зээлийн төлбөр суутгахгүй байхыг ******* банкны Багануур салбарт даалгахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 1*******.158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1*******.158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар ******* банкны Багануур салбараас зээлийн төлбөрт суутган авсан 2.313.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* *******-*******д олгож, Г.*******-******* ******* банкин дахь харилцах данснаас дахин зээлийн төлбөр суутгахгүй байхыг ******* банкны Багануур салбарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******.158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* банкны Багануур салбараас 1*******.158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******-*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 



ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ