Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 337

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

 Нэхэмжлэгч: Боржигон овогт  С.Ө

Хариуцагч:   Алгуй овогт Б.У

Гэм хорын хохиролд 2 981 127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ө миний бие нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Мухар шивэрт”-д ажлын байран дээрээ байж байхад Б овогтой У ирж унага уялцаад өгөөч гэж гуйсаар авч явсан. Хангал догшин адуунуудыг барилцаж байгаад адуунд өшиглүүлээд зүүн хөлийн шилбэ 2 хугарсан. Тэр өдөртөө аймгийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. 07 дугаар сарын 09-нд хагалгаанд ороод 07 дугаар сарын 15-нд эмнэлгээс гарсан. Тэрнээс хойш гэрээр боолт хийлгэж байгаад 08 дугаар сарын 04-нд аймгийн эмнэлэгт хадаас авхуулсан. Нэг өдрийн дараа эмнэлгээс гарсан. Тэрнээс хойш 08 дугаар сарын 14-нд болохоо байгаад хот руу явсан. Хотод гэмтлийн эмнэлэгт ор байхгүй гээд 4 хоног буудалд хоноглосон. 08 дугаар сарын 18-ны өдөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж, 21-ний өдөр хагалгаанд орсон. Эмч нар хүнд хагалгаатай гэж эцсийн аргаа авна гээд хагалгаанд оруулаад аппарат суулгасан. Таарах аппарат байхгүй гээд гаднаас    558 000 төгрөгөөр худалдаж авсан. 08 дугаар сарын 26-ны өглөө гэмтлийн эмнэлгээс гараад шууд аймгийн унаанд сууж ирсэн. Миний хань Б.Батханд нь У болон Б-т энэ их зардал гарснаа хэлсэн боловч та нар битгий ялархаад бай гэх зэргээр загнаж хайнга хандсан. Иймд 2 981 127 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр намайг ажлынхаа байранд байхад Б.У ирж унагаа уях гэсэн юм, бүл хүч байдаггүй, чи очоод туслаатах гэсэн би одоохондоо машин тэрэг гаргаад зав муутай байна гэсэн чинь чи л очихгүй бол болохгүй нь оосор бүч муутай байна ажлынхаа хаалганы оосрыг бугуйл болгож өгөөч ээ гэхээр нь чи түрүүлээд явж бай гээд ажлын байрны хаалганы оосрыг бугуйл болгоод явуулсан. Би араас нь ажлын зав зайгаар нь хүрээд очсон чинь унага биш дандаа хангал догшин адуу барьж байсан. Энэ ч хангал, тэр ч хангал, энийг ч хүлье, тэрийг ч богчъё гээд байж байсан. Б.У-н аав Батхишиг гэдэг хүн хороон дотроо орж туслаагүй, хорооны гадуур тойроод тэрийг ч барь, энийг ч барь гээд зааж байсан. Би Б.У-тай тав зургаан адуу бариад хамгийн сүүлийн адуугаа бариад хүлж байсан чинь гэнэт тийчлээд хөл хугалсан. Би хөл хугарчихлаа гээд хөлөө бариад хойшоо суусан чинь тэр хэд үгүй байлгүй дээ яав ийв гэсэн. Тэгээд Б, У 2 би явах уу чи явах уу гээд нэлээд удсан. Би хурдлаач ээ хөл өвдөөд байна, дотор муухайраад байна 1 тамхи асаагаад өг гэсэн чинь У тамхи асааж өгсөн. Тэгээд байж байгаад У-н аав Батхишиг машинаар намайг эмнэлэгт хүргэсэн. Б.У унага уясан гээд байгаа юм. Тэнд нэг ч унага бариагүй. Найм есөн жилийн өмнө би Мөнгөн гээд хүргэнтэйгээ мотоциклоор явж байгаад эрэг рүү ойчиж хөлөө хугалсан юм. Гэтэл түүнийг намайг ганцаараа Мөнгөн гэдэг хүний мотоциклийг согтуу унаж явж байгаад ойчиж хөлөө хугалсан. Тэр хүнээс их хэмжээний мөнгө нэхсэн, хэл амаар доромжилсон, 20-30 мал тоолж авсан гэж Б.У ор үндэсгүй гүтгэсэн. Би тэр хүнээс юу ч аваагүй. Эхлээд энд аймгийн төвийн эмнэлэгт хагалгаа хийлгээд хадсан юм. Тэгсэн сар гаруйтай өвдөөд ерөөсөө болохгүй болохоор нь очоод үзүүлсэн чинь хадаас нь болохоо байлаа гээд хадаасыг авсан юм. Авчхаад шохойдчихсон байсан хөл бүр санжганаад байсан юм. Тэгээд хот руу очоод үзүүлсэн чинь хоорондоо огт нийлээгүй байна, шөрмөс нь суначихсан байна гэсэн. Тэгээд эмч нар эцсийн арга гээд баахан хадаас шаагаад аппарат зүүлгэсэн. Тэр аппаратыг 2-6 сар байх ёстой гэсэн чинь миний бие дийлэхгүй, харшлаад бүр гишгэж чадахаа болиод саяхан авхуулсан. Одоо нийлээгүй санжганаж байгаа. Эмчилгээний зардал болон эндээс хот руу явахдаа жижиг машин хөлсөлж явсан, очоод эмнэлгийн байр сав боломжгүй гээд гадуур буудалд хэд хоносон. Мөн таарах аппарат олдохгүй өөрсдөө гадуур хайж 558 000 төгрөгөөр аппарат авсан. Эхлээд 3 унагаа уячхаад 1 гүү барьсан гэж байна. Ганц ч унага бариагүй. Би адууг нь мэдэх учраас гуравхан унага юм чинь юу байхав дээ гээд очсон чинь энэ адууг барина, тэр адууг барина гэсэн. Сайн дураараа очсон гэж байна. Б.У өөрөө очсон шүү дээ. Ажлын байрны оосрыг бугуйл болгоно, оосор бүч хүрэлцэхгүй байна, хүн ирдэггүй гээд аваад явсан. Цуг явъя гэхэд нь чи түрүүлж очоод ганц ч гэсэн унагаа барьж бай, жуулчин их байна, энэ жуулчдыг багасгачхаад очъё гэсэн. Би очно гэсэн юм чинь гээд зав зай гарахаар нь би очсон. Адууны цавь руу нь гар хөлөө хийсэн гэж байна. Би адууны цавь руу нь гараа хийгээгүй. Надад тийм зав ч байгаагүй. Би Б.У-г толгой дээр нь дарж бай би хүлье гээд хүлэх гэж байсан чинь тийчилсэн. Адуунаас ойчихдоо хөлөө дарж унасан гэж байсан. Би адуун дээр байхдаа хөлөө хугарснаа мэдээд хойшоо суусан. Унага барьсан, өөрийнхөө хүсэлтээр ирсэн гэж байна. Би айлд тус болдог. Гэхдээ ийм үндэслэлгүй худлаа хэлж болохгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Б.У-н гуйлтаар очиж ажлыг нь хийж буюу адууг нь ногтолж байх явцдаа адуунд өшиглүүлж гэмтсэн буюу зүүн хөлийн шилбэ нь хугарсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд эмчилгээний зардал, буудлын зардал, эм тарианы мөнгө, Улаанбаатар хот руу явж хагалгаанд орсны шатахууны зардал, эмнэлэгт хэвтсэний ор хоногийн мөнгө, хөлөө хөдөлгөөнгүй байлгах үүднээс аппарат авсан. Тухайн аппаратыг 558 000 төгрөгөөр худалдаж авсан. Хэрэгт баримт нь байхгүй ч гэсэн 558 000 төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр зардлуудыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм. Эдгээр зардлууд нь 2 981 127 төгрөг болж байгаа. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр С.Ө нь Б.У-н гуйлтаар очиж морь малынх нь ажилд тусалсан. Өөрийнхөө авхаалж самбаагүйгээс болоод хөлөө хугалсан гэдэг нь үндэслэлгүй. Хагалгааны зардалд 400 000 төгрөг өгсөн. Эхлээд ээж нь 200 000 төгрөг өгсөн. Дараа нь У ээжээс нууж өгч байна гээд 200 000 төгрөг өгсөн байдаг. Мөн та нар эмчилгээгээ хийлгээд ир гээд малыг нь авч үлдсэн байдаг. Моринд өшиглүүлээд хөлөө хугалаагүй байсан бол юунд энэ хүмүүс мөнгө төгрөг өгөөд, малыг нь авч үлдэж маллаад байдаг юм. Тэгэхээр тухайн үед Б.У, Б нар моринд өшиглүүлээд хөлөө хугалсныг тодорхой мэдэж байсан. Хариу тайлбарууд дээрээ дандаа энэ хүнийг дээрэлхсэн, гүтгэсэн маягаар худлаа, буруу ташаа тайлбар гаргасан байдаг. Тэгээд энэ хүн айлд очиж ажилд нь тусалж байгаад хөлөө хугалснаас болоод 600 гаруй малтай байсны ихэнхийг нь алдсан. Тэр айл малыг нь маллана гэж авч үлдсэн хэр нь ихэнхийг нь алдсан. Уулаар тараад, өөр айлын малтай нийлээд алга болсон. Одоо хүртэл эрүүл мэндээрээ хохироод ажлаа ч хийж чадахгүй, наашаа цаашаа явж эмчилгээ хийлгээд, гурван удаа хагалгаанд ороод, биеийнх нь эсэргүүцлээс болоод хөл гар нь идээлээд эрүүл мэндээрээ хохирчхоод явж байна. Малынх нь өмчлөгч, эзэмшигч нь хариуцна гэж байна. Энэ хүн Б.У-н гуйлтаар очиж ажлыг нь хийсэн. Тийм учраас Б.У-т холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хэрэв Б.У энэ хүнийг ажиллуулж байгаа бол түүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангаж ажлаа хийлгэх байсан байх гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Болсон үйл явдлыг дурдвал: Б.У миний бие амралтаараа аавыгаа Мухар шивэрийн аманд нүүлгэж, адууг нь уяж өгөхөөр очсон. 07 дугаар сарын 03-ны шөнө С.Ө аавтайгаа мотоцикл эвдэрсэн гээд манайд явган алхаж ирсэн. Би машинаараа гэрт нь хүргэж өгөхдөө маргааш унага уях гэж байгаагаа ярьсан. С.Ө нь “адуутай ноцолдох сайхан шүү, би маргааш очно” гэсэн. Би С.Ө-г гуйгаагүй. Очиж авах ч зав байгаагүй. Ажлынх нь байр хорооны дэргэд байдаг учраас ирсэн. 07 дугаар сарын 04-ний өдөр манайх Мухар шивэрийн амны бууцанд унагаа уях гээд адуугаа хурааж унагаа барьж байтал С.Ө сайн дураараа ирж тусалсан. Гурван унагаа барьж ногтолчхоод нэг гүүгээ барьж унагаад амыг нь цоровдох гээд толгойтой нь зууралдаж байх хооронд С.Ө хондлой дээр нь суугаад туслалцах гэж байтал адуу хөдөлж С.Ө өөрөө арагшаа гулсан унахдаа хөлөө дарж суугаад хугалсан. Адуунд өшиглүүлээгүй. Хангал адуутай ноцолдож байгаагаа мэдсээр байж өөрийн овсгоо самбаагүйгээсээ болж хөлөө хугалсан. Би санаатай хугалаагүй. Хоромхон зуур санамсаргүй болсон явдал. Өөрөө хөл хугарчихлаа гэхлээр нь бид сандарч чиг тавьж боогоод, өвчин намдаах эм уулгаад 1 цагийн дотор гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд шаардлагатай эм тариаг нь авч өгсөн. Авгай Батханд нь тэр оройгоо 600 гаруй малаа эзэнгүй хаячхаад явсан. Бид санаа маш их тавьж тусалсан. Үүнд:

1. 07 дугаар сарын 09-ний өдөр хагалгаанд ороод гартал нь эгч Б.Уранцэцэг 2 хүний хоол цай зөөж эргэж байсан. 2. Хагалгааны мөнгөнд 400 000 төгрөг С.Ө-д бэлнээр нь шууд өгсөн. 3. 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 600 гаруй малыг нь аавтайгаа маллаж өгсөн. 3-4 км зайд орших малыг нь өдөрт 3 удаа өөрийн бензинээр очиж малласан. Өглөө малыг нь хашаанаас гаргадаг, усалдаг. Өдөр нь эргүүлдэг, хариулдаг. Орой нь малыг нь хурааж хашдаг. Айлын малтай нийлчихвэл ялгадаг. Бид бүгдээрээ чадлынхаа хэрээр тусалж байхад баярлаж талархах байтал мөнгө нэхэж гүтгэн доромжилж загнадаг байсан. 07 дугаар сарын 05, 10, 12-ны өдөр эхнэр Батханд нь С.Ө-н төрсөн дүүтэй ирж их хэмжээний (2 сая гаруй) мөнгө өгөхийг шаардсан. Ах С.Бямба-очир нь удаа дараа очиж аавыг загнаж хөлийг нь санаатай хугалсан мэтээр гүтгэж элдвээр хараан доромжилсон. Олон удаа малаа ав гэж шаардуулж байж 07 дугаар сарын 24-ний өдөр малаа авахдаа С.Бямба-Очир нь 20 гаруй мал дутсан, төл хэмээн аавыг загнаж дарамталсан байдаг. Энэ үйл явдал нь 2 дахь удаагаа болж байгаа юм билээ. С.Ө нь Ханхонгор сумын Мандах багийн малчин. Э.Мөнгөний мотоциклийг өөрөө унаж яваад унаад хөлөө хугалчхаад их хэмжээний мөнгө, 20 гаруй мал айлган сүрдүүлж дарамталж байгаад авсан гэж Э.Мөнгөн ах аавд хэлсэн байдаг. Үүнийг шалгаж Э.Мөнгөн ахын гомдол хохирлыг хянаж үзэх нь зүйтэй болов уу. Үүнээс үзэхэд С.Ө нь өөрийн биеэрээ дэнчин тавьж хөлөө хугалчхаад мөнгө, мал салгаж авдаг залилангийн шинжтэй юм шиг сэтгэгдэл төрсөн учраас цаашид туслах боломжгүй гэдгээ хэлсэн. 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэг ч холбоо бариагүй байхад “Та  нар битгий ялархаад бай” гэж хэлсэн хэмээн гүтгэлээ. Бидэнд ирж тусалсан сэтгэлийг нь бодож эргэж тойрч, мөнгө өгч, малыг нь сэтгэлээсээ маллаж байсан. 2 981 127 төгрөгийг шаарджээ. Ямар ч үндэслэл байхгүй учир бид төлөх боломжгүй. Харин 5 580 000 төгрөгтэй дүйцэх ажил хийж, 20 гаруй өдөр малыг нь маллаж, 400 000 төгрөг өгсөн. Үнэн зөвийг шүүн тунгааж, асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. С.Ө-н нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь чадлаараа тусалж байхад баярлалаа гэж нэг ч хэлэхгүй, их хэмжээний мөнгө нэхэж байгаад нь их гайхаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У хавтаст хэргийн хүрээнд хариу тайлбараа гаргасан. Хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байгаа. Өнөөдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэл дээр Б.У нь намайг гуйсаар байгаад тухайн ажилдаа туслуулсан гэсэн боловч Б.У нь очиж бол гуйгаагүй. С.Ө-н ажлын байр нь Мухар шивэртийн аманд машин тэрэг орж гарахад хүмүүсээс мөнгө хураадаг ажил хийдэг буюу байгаль орчны байцаагчийн ажлыг эрхэлдэг хүн. Тухайн үед энэ хүний ажлын байрны хажууд Батхишиг гэдэг малчин айл байдаг. Б.У-х биш Батхишиг гэж малчин айл байдаг. Энэ малчин айл энэ хүний ажлын байрнаас зүүн урд тал 200 метр хүрэхгүй зайд байдаг. Өмнө өдөр нь С.Ө нь мотоцикл эвдэрсэн, туслаач ээ гээд тухайн айлд очсон байдаг. Энэ хүнд тусламж үзүүлээд буцаагаад ажил дээр нь Б.У нь хүргэж өгсөн. Хүргэж өгөхдөө манайх маргааш унагаа уяна гэж хэлэхэд би унага уяна, адуу малтай ноцолдоход сайхан байдаг гэж хэлж байсан. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр унага уях үйл ажиллагаа эхэлж байхад С.Ө өөрийн сонирхлын үндсэн дээр очсон. С.Ө, Б.У нар нийлээд эхний 3 унагаа уяад дараагийн гүү барьж байхад С.Ө нь гүүний хондлой хэсэг дээр суугаад сүүл хэсгээс нь татаж байхад гүү босож харайсны үндсэн дээр энэ хүн хөлөө хугалсан. Энэ нөхцөл байдлаас харахад Б.У-н хувьд гэм буруутай эсэх нь шүүхийн шатанд тогтоогдоогүй. Монгол улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй. Нэхэмжлэгч нь Б.У-г гэм буруутай байна гэдэг үндэслэлээс улбаалж Иргэний хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага буюу гэм хорын шаардлагыг нэхэмжилж байгаа байх. Б.У-н гэм буруутай байдал өнөөдөр нэгэнт тогтоогдоогүй байгаа учраас 2 981 127 төгрөгийг хариуцах үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд тухайн амьтны өмчлөгч буюу эзэмшигч нь энэ гэм хорын хохирлыг хариуцах хуулийн заалт байдаг. Тэгэхээр Б.У нь энэ амьтны өмчлөгч буюу эзэмшигч нь биш. Б.У нь малчин биш. Б.У нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж амьдарч байгаа хүн. Тийм учраас Иргэний хуулийн заалтаараа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хариуцах эрх зүйн үндэслэл байхгүй учраас үүнийг хариуцахгүй гэсэн хариу тайлбарыг гаргаж байна. Хөл хугарсан гэдэгтэй бол маргахгүй. Таны эрүүл мэндэд хохирол буюу гэм хор учирсныг ойлгож байна. Шүүхээр шийднэ гэдэг нь бол энэ хариуцагч мөн үү гэдгийг тогтоох ёстой. Өнөөдөр хүн гуйж уу, гуйгаагүй байна уу гэдэг нь ач холбогдол байхгүй. Хуулийнхаа хүрээнд ярихад амьтны өмчлөгч эзэмшигч нь хэн юм бэ, энэ айлын мал хэний эзэмшилд байгаа юм бэ гэдэг дээр маргаж мэтгэлцэх ёстой. Тэгэхээр Б.У-н мал биш юм. Тэр мал эзэнтэй байгаа. Б.У очоод намайг авч явсан гэж хэлээд байгаа. Б.У авч яваагүй, өөрөө сайн дураараа очсон гэдгийг дахин хэлмээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс Б.У л гуйсан учраас Б.У-с нэхэмжилж байна гэж хууль зүйн үндэслэлгүй тайлбар хэлж байна. Өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хууль зүйн хүрээнд холбож ярих юм болов уу гэж ойлгож байна. Тэгэхээр өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт заасан эрх зүйн үндэслэлийг холбож тайлбарлахгүй юм байна гэж ойлгож байна. Энэ хүн бол Батхишиг гэж айлын малын ажилд тусалж яваад эрүүл мэндээрээ хохирсон. Тухайн айлын зүгээс эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлсэн. 400 000 төгрөгийг Б.У-н ар гэрийнхэн өгсөн гэдэгтэй маргахгүй байна. Иргэний хуулийн зохих зүйл заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2 981 127 төгрөгийн баримт гаргаж өгсөн гэж мэтгэлцэж байна. Миний зүгээс хавтаст хэргийн хүрээнд гаргаж өгсөн нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлээд нэхэмжлэгчийн зүгээс яг үндсэн эмчилгээ төлбөртэй холбоотой 1 818 691 төгрөгийн баримт байдаг юм байна. Үүнээс шатахууны зардал 255 813 төгрөгийн баримт байдаг. Тухайн автомашинаар явсан, шатахууны зардал гэж байгаа бол хэний, ямар автомашинаар, хэдэн удаа зорчсоны үндсэн дээр 255 813 төгрөгийн хохирол нэхэмжлэгчээс гарсан юм бэ гэдгийг нотлох шаардлагатай. Тухайн шатахууны зардлыг төлнө гэсэн хуулийн заалт байхгүй. Энэ шатахууны баримтуудыг гэрч асуулгах, жолоочийн үнэмлэх, өмчлөгчийн гэрчилгээ, тухайн машинд тохирсон шатахуун юм уу гэдгийг нотолсон баримт байхгүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн хүрээнд карт уншуулсан баримт хэд хэд байдаг. Энэ баримтууд нь яг юу авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас энэ хэрэгт хамааралгүй баримт гаргаж өгчээ гэж маргаж байна. “Тэргэл” зочид буудалд буусан гэдэг баримт байдаг. Энэ “Тэргэл” гэдэг нь компани юм уу, хувь хүн юм уу гэдэг нь тодорхойгүй. Санхүүгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Хуулийн хүрээнд “Тэргэл” гэдэг нь монгол улсад бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж татвар төлдөг юм гэсэн холбогдолтой баримтыг хэргийн хүрээнд гаргаж өгөөгүй байгаа учраас энэ буудлын 120 000 төгрөгийн баримтыг энэ хэргийн хүрээнд хамааралгүй баримт байна гэж няцаалт хийж байна. Хэргийн хүрээнд 55 800 төгрөг болон 507 960 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Энэ баримтуудыг харахаар эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авсан байдаг. Хөнгөлөлтөө авсан гэж байгаа нь энэ хүн 25 422 төгрөгийн хөнгөлөлт авсан, 431 766 төгрөгийн баримтыг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр эдлээд явсан байдаг. Тэгэхээр тухайн гаргаж өгсөн баримтаас эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөгдөж байгаа учраас үүнийг мөн энэ хэрэгт хамаатуулж гэм буруугийн хохирол учирсан юм гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй гэв. 

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Мухар шивэр” гэх газар Б.У-н аав Батхишигийн гэдэг айлд унага уях үйл ажиллагаа болж нэхэмжлэгч С.Ө нь очиж оролцон улмаар гүүнд өшиглүүлж зүүн хөлийнх нь шилбэний яс хугарсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч тал гүүний эзэмшигчийг Б.У гэж, улмаар эрүүл мэндийн хохиролд 2 981 127 төгрөгийг Б.У-с гаргуулахыг шаардаж, хариуцагч тал амьтны үйлдлийн улмаас С.Ө-н биед хохирол учирсанд Б.У гэм буруугүй, С.Ө, Б.У нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, Б.У тухайн гүүний өмчлөгч биш, Батхишиг гэж хүн байгаа гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Нийгмийн аливаа харилцаа хуулиар хамгаалагдсан байдаг. Энэ харилцааг санаатай, санамсаргүй байдлаар зөрчиж бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг хариуцан арилгахыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэдэг.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт “Гэм хор учруулах”-сан тохиолдолд иргэний эрх зүйн харилцаа үүсэхээр заасан байх ба мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Үүрэг энэ хуулийн 8-р зүйлд зааснаар үүснэ” гэж үүрэг үүсэх үндэслэлд дээрх үндэслэлийг хамааруулжээ. Иймд С.Ө, Б.У нарын хооронд зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа үүссэнээр иргэний эрх зүйн харилцаа үүсчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаарх тайлбараа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан  тайлбараа тус тус нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь “...уг гүүний эзэмшигч Б.У. Аав Батхишиг нь тэр адуунуудыг хүүхдийн адуу гэж хэлж байсан...” гэсэн тайлбараа 

хариуцагч нь “...Б.У нь энэ амьтны өмчлөгч буюу эзэмшигч нь биш. ...Б.У-н мал биш юм. Тэр мал эзэнтэй байгаа У-н адуу биш, Батхишигийн адуу гэсэн” татгалзсан тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Амьтныг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж захиран зарцуулах эрхтэй этгээдийг өмчлөгч, харин өөрийн болон бусдын ашиг сонирхлын үүднээс гэр орон, хашаа, ажлын байр зэрэгт байлган тэжээж өсгөн үржүүлж, асран хамгаалж улмаар зорилго үйл ажиллагаандаа ашиглаж байгаа этгээдийг эзэмшигч гэдэг.

Гүүг Б.У нь өөрийн болон бусдын ашиг сонирхлын үүднээс асран хамгаалж улмаар унагыг нь уяж өөрийн зорилгодоо ашигласан болох нь Б.У-н “...Манайх маргааш унага уях гэж байгаа гэхэд С.Ө нь “адуутай ноцолдох сайхан шүү, би маргааш очно” гэсэн. 7 дугаар сарын 04-ний өдөр манайх Мухар шивэрийн амны бууцанд унагаа уях гээд адуугаа хурааж унагаа барьж байтал С.Ө сайн дураараа ирж тусалсан...” гэсэн тайлбар болон нэхэмжлэгчийн “....2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр намайг ажлынхаа байранд байхад Б.У ирж унагаа уях гэсэн юм, бүл хүч байдаггүй, чи очоод туслаатах гэж хэлсэн. ...Аав Батхишиг нь тэр адуунуудыг хүүхдийн адуу гэж хэлж байсан...” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хуульд зааснаар түүнийг гүүний эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 501.1 дэх хэсэгт “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.” гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэж заасны дагуу С.Ө-н эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Б.У арилгах үүрэгтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчид эмнэлгийн үйлчилгээ авсан, эм тарианд болон буудалд байрлахад нийт 1 438 248 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн баримтууд /нийт 131 994 төгрөг, хх-27/, “Мөнгөн гөлтгөнө” байгууллагаас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон шилбэний хадаасны үнийн баримт / 550 000 төгрөг, хх-29/, “Тэргэл” зочид буудалд хоноглосон тооцооны хуудас /120 000 төгрөг, хх-35/, “Бэриш фарм” ХХК-ийн эм тарианы үнийн зарлагын баримт / 549 500 төгрөг, хх-42/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн орлогын баримтууд /нийт 86 754 төгрөг, хх-43/, эмчлүүлэгчийн карт, рентгэн гэрэл зургийн үзүүлэлт, зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд дээрх үйлчилгээ болон худалдан авалтыг С.Ө хийсэн гэж баримтуудад тодорхой бичигдсэн, улмаар дээрх баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан байх тул шүүх үнэлж, шийдвэрийн үндэслэл болгов.

1 542 879 төгрөгийн эм тариа болон шатахууны баримтуудад хэн худалдан авалтыг хийсэн эсэх нь тодорхойгүй, С.Ө нь эрүүл мэнддээ болон унаандаа зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй түүнчлэн нэхэмжлэгч нь 550 000 төгрөгөөр хөлдөө аппарат худалдан авч хийлгэсэн гэх тайлбарыг гаргаж энэ зардлыг нэхэмжилж байх боловч үүнийгээ нотолсон баримтыг ирүүлээгүй байх тул энэхүү хохирлуудыг хангах үндэслэлгүй байна.  

Хариуцагч Б.У нь эмчилгээний зардал гэж 400 000 төгрөгийг С.Ө-д өгсөн гэж, нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авч эмчилгээндээ зарцуулсан гэснийг талууд харилцан зөвшөөрч маргахгүй байх ба нэхэмжлэгч энэ мөнгөн дүнг эмчилгээний зардалд нэхэмжилсэн үнийн дүнд оруулж тооцоогүй гэсэн тайлбар гаргасныг хариуцагч няцаахгүй байх тул шүүх уг төлбөрийг хариуцагчийн төлбөрөөс хасаж тооцоогүй болно.    

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.У-с 1 438 248 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ө-д олгосугай.

2. Нэхэмжлэгчийн 1 542 879 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ө-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-с 37 962 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ө-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг биечлэн гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                             Р.УРАНЧИМЭГ 

   ШҮҮГЧИД                            Л.УГТАХБАЯР

                                                   Б.ОТГОНСҮРЭН