Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 22

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00166 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.У, М.Б нарт  холбогдох

“Гэм хорын хохиролд 2 981 127 төгрөг”  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлоор 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Ө миний бие нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Мухар шивэрт”-д ажлын байран дээрээ байж байхад Б овогтой У ирж унага уялцаад өгөөч гэж гуйсаар авч явсан. Хангал догшин адуунуудыг барилцаж байгаад адуунд өшиглүүлээд зүүн хөлийн шилбэ 2 хугарсан. Тэр өдөртөө аймгийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. 07 дугаар сарын 09-нд хагалгаанд ороод 07 дугаар сарын 15-нд эмнэлгээс гарсан. Тэрнээс хойш гэрээр боолт хийлгэж байгаад 08 дугаар сарын 04-нд аймгийн эмнэлэгт хадаас авхуулсан. Нэг өдрийн дараа эмнэлгээс гарсан. Тэрнээс хойш 08 дугаар сарын 14-нд болохоо байгаад хот руу явсан. Хотод гэмтлийн эмнэлэгт ор байхгүй гээд 4 хоног буудалд хоноглосон. 08 дугаар сарын 18-ны өдөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж, 21-ний өдөр хагалгаанд орсон. Эмч нар хүнд хагалгаатай гэж эцсийн аргаа авна гээд хагалгаанд оруулаад аппарат суулгасан. Таарах аппарат байхгүй гээд гаднаас 558 000 төгрөгөөр худалдаж авсан. 08 дугаар сарын 26-ны өглөө гэмтлийн эмнэлгээс гараад шууд аймгийн унаанд сууж ирсэн. Миний хань Б.Б нь Б.У болон М.Б энэ их зардал гарснаа хэлсэн боловч та нар битгий ялархаад бай гэх зэргээр загнаж хайнга хандсан. Иймд 2 981 127 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.Ө анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 07 сарын 04-ний өдөр ажлын байран дээр байхад Б овогтой У ирж хоёр гурван унага уях гэсэн юм, очоод туслаад өгөөч гэсэн. Оосор дээс хүрэлцэхгүй байна гэхээр нь машин оруулж гаргадаг хаалганы оосроо өгч явуулсан. Би ажил ихтэй байна, энэ оосрыг аваад явж бай, ажил гайгүй болохоор хүрээд очъё гэж хэлээд Б.У-ыг явуулсан. Тэгээд зав чөлөө гарахаар нь очсон. Унага уяна гэсэн боловч унага уяагүй. Дандаа хангал зэрлэг адуу байсан. Ганц ч унага бариагүй. Б.У унага уяна гэж авч явснаас болоод энэ зүйл болсон гэж бодож байна. Хангал догшин адуутай ноцолдоно гэсэн бол би очихгүй байх боломжтой байсан. Миний хувьд энэ 2 хүнээс энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “С.Ө нь 2019 оны 07 сарын 04-ний өдөр Б.У гэдэг хүний гуйлтаар түүний аав М.Б-д туслахаар очсон. Тухайн үед унага уях ажилд нь тусалж байгаад адуунд өшиглүүлээд зүүн талын хөлийг гэмтээсэн. Зүүн талын шилбэ нь хугарч үүний улмаас хагалгаанд орсон. Хагалгаанд орсон боловч хугарал нь удаан эдгэсний улмаас хөлдөө аппарат тавиулсан. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд эмчлүүлээд Улаанбаатар хот руу 2 удаа очиж эмчилгээ хийлгэсэн. Үүнээс үүдэн гарсан эмчилгээний зардал, шатахууны зардал, Улаанбаатар хотод 4 хоног зочид буудалд байрласны 120 000 төгрөг, шатахууны 314 430 төгрөг, эм тарианы 2 547 697 төгрөгийг хариуцагч Б.У, М.Б нараас нэхэмжилж байгаа. Эмчилгээ хийлгэж байхад У 200 000  төгрөг, Б.У-ын ээж нь 200 000 төгрөг нийт 400 000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг тухайн үед Өмнөговь аймагт 2019 оны 07 сарын 09-ний өдөр хагалгаанд орохдоо хагалгааны төлбөр эм тариандаа зарцуулсан байдаг. Энэ мөнгө нь хариуцагч талаас нэхэмжилж байгаа үнийн дүнд ороогүй. Иймд Б.У, М.Б нараас эмчилгээний зардалтай холбоотой 2 981 127 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.У анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Болсон үйл явдлыг дурдвал: Б.У миний бие амралтаараа аавыгаа Мухар шивэртэйн аманд нүүлгэж, адууг нь уяж өгөхөөр очсон. 07 дугаар сарын 03-ны шөнө С.Ө аавтайгаа мотоцикл эвдэрсэн гээд манайд явган алхаж ирсэн. Би машинаараа гэрт нь хүргэж өгөхдөө маргааш унага уях гэж байгаагаа ярьсан. С.Ө нь “адуутай ноцолдох сайхан шүү, би маргааш очно” гэсэн. Би С.Ө-ыг гуйгаагүй. Очиж авах ч зав байгаагүй. Ажлынх нь байр хорооны дэргэд байдаг учраас ирсэн. 07 дугаар сарын 04-ний өдөр манайх Мухар шивэртэйн амны бууцанд унагаа уях гээд адуугаа хурааж унагаа барьж байтал С.Ө сайн дураараа ирж тусалсан. Гурван унагаа барьж ногтолчхоод нэг гүү барьж унагаад амыг нь цоровдох гээд толгойтой нь зууралдаж байх хооронд С.Ө хондлой дээр нь суугаад туслалцах гэж байтал адуу хөдөлж С.Ө өөрөө арагшаа гулсан унахдаа хөлөө дарж суугаад хугалсан. Адуунд өшиглүүлээгүй. Хангал адуутай ноцолдож байгаагаа мэдсээр байж өөрийн овсгоо самбаагүйгээсээ болж хөлөө хугалсан. Би санаатай хугалаагүй. Хоромхон зуур санамсаргүй болсон явдал. Өөрөө хөл хугарчихлаа гэхлээр нь бид сандарч чиг тавьж боогоод, өвчин намдаах эм уулгаад 1 цагийн дотор гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд шаардлагатай эм тариаг нь авч өгсөн. Авгай Б нь тэр оройгоо 600 гаруй малаа эзэнгүй хаячхаад явсан. Бид санаа маш их тавьж тусалсан. Үүнд:

1. 07 дугаар сарын 09-ний өдөр хагалгаанд ороод гартал нь эгч Б.У 2 хүний хоол цай зөөж эргэж байсан. 2. Хагалгааны мөнгөнд 400 000 төгрөг С.Ө-д бэлнээр нь шууд өгсөн. 3. 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 600 гаруй малыг нь аавтайгаа маллаж өгсөн. 3-4 км зайд орших малыг нь өдөрт 3 удаа өөрийн бензинээр очиж малласан. Өглөө малыг нь хашаанаас гаргадаг, усалдаг. Өдөр нь эргүүлдэг, хариулдаг. Орой нь малыг нь хурааж хашдаг. Айлын малтай нийлчихвэл ялгадаг. Бид бүгдээрээ чадлынхаа хэрээр тусалж байхад баярлаж талархах байтал мөнгө нэхэж гүтгэн доромжилж загнадаг байсан. 07 дугаар сарын 05, 10, 12-ны өдөр эхнэр Батханд нь С.Ө-ынтөрсөн дүүтэй ирж их хэмжээний (2 сая гаруй) мөнгө өгөхийг шаардсан. Ах С.Б нь удаа дараа очиж аавыг загнаж хөлийг нь санаатай хугалсан мэтээр гүтгэж элдвээр хараан доромжилсон. Олон удаа малаа ав гэж шаардуулж байж 07 дугаар сарын 24-ний өдөр малаа авахдаа С.Б нь 20 гаруй мал дутсан, төл хэмээн аавыг загнаж дарамталсан байдаг. Энэ үйл явдал нь 2 дахь удаагаа болж байгаа юм билээ. С.Ө нь Ханхонгор сумын Мандах багийн малчин. Э.М мотоциклыг өөрөө унаж яваад унаад хөлөө хугалчхаад их хэмжээний мөнгө, 20 гаруй мал айлган сүрдүүлж дарамталж байгаад авсан гэж Э.М ах аавд хэлсэн байдаг. Үүнийг шалгаж Э.М ахын гомдол хохирлыг хянаж үзэх нь зүйтэй болов уу. Үүнээс үзэхэд С.Ө нь өөрийн биеэрээ дэнчин тавьж хөлөө хугалчхаад мөнгө, мал салгаж авдаг залилангийн шинжтэй юм шиг сэтгэгдэл төрсөн учраас цаашид туслах боломжгүй гэдгээ хэлсэн. 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэг ч холбоо бариагүй байхад “Та  нар битгий ялархаад бай” гэж хэлсэн хэмээн гүтгэлээ. Бидэнд ирж тусалсан сэтгэлийг нь бодож эргэж тойрч, мөнгө өгч, малыг нь сэтгэлээсээ маллаж байсан. 2 981 127 төгрөгийг шаарджээ. Ямар ч үндэслэл байхгүй учир бид төлөх боломжгүй. Харин 5 580 000 төгрөгтэй дүйцэх ажил хийж, 20 гаруй өдөр малыг нь маллаж, 400 000 төгрөг өгсөн. Үнэн зөвийг шүүн тунгааж, асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. С.Ө-ын нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь чадлаараа тусалж байхад баярлалаа гэж нэг ч хэлэхгүй, их хэмжээний мөнгө нэхэж байгаад нь их гайхаж байна” гэжээ.

Хариуцагч М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.У-ыг очиж унага уялцаж өгөөч гэж гуйсаар авч ирсэн гэх зүйлийг бичжээ. Бидний болоод хүүгийн зүгээс нэхэмжлэгчийг гуйж авчраагүй, өөрөө мотоциклоо унаад адуугаа хурааж унагаа барьж байхад сайн дураараа ирсэн. Бидэнд хүн гэрээс очиж авах зав ч байгаагүй. Үүнийг гэрчлэх гэрч бий тул гэрчлүүлнэ. Тухайн өдөр өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж хүү Б.У-ыг гүү барьж унагаад амыг цоровдох гээд толгойтой нь зууралдаж байх хооронд С.Ө нь гүйж очоод гүүний хондлой дээр суугаад туслалцах гэж байтал гүү хөдөлж С.Ө арагшаа гулсан унаж хөлдөө гэмтэл авсан. Гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, малыг харж хандаж, эмнэлэгт байх хугацаанд бидний ар гэрийн зүгээс анхаарал халамж тавьсаар ирсэн. Халамж тавьсаар байхад биднийг хэл амаар доромжилж, гүтгэн загнадаг болсон. Иймээс бид цайлган сэтгэлээр тусалж байхад илүү их зүйлийг хүссэн тул бид малыг нь маллахаа больж, анхаарал тавихаа больсон. Тухайн үед хагалгааны төлбөрт 400 000 төгрөг өгсөн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасаж тооцуулна. Хүнээс мөнгө авснаа бичсэн байх ч хасаж тооцоогүйд гомдолтой байна. Б.Уранбаатарын мал биш, миний өөрийн мал. Манай хүүд ямар нэгэн мал огт байхгүй. Хүүгийн буруутай үйлдэл байхгүй, бид санаатайгаар хөлийг нь хугалаагүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь болгоомжгүй үйлдлээс болж хөлөө хугалсан. Малтай харьцаж байгаа хүн өөрийн хийж байгаа үйлдлийг ухамсарласан, унахаас өөрийгөө бүрэн сэргийлж туслалцах ёстой байсан. Түүний хөлөө гэмтээсэн үйлдэл цэвэр өөрийнх нь болгоомжгүй үйлдлээсээ болж хөлөө гэмтээсэн. М.Б нь нэхэмжлэгчийг гүүнээс түлхэж унагаагүй гэх мэдээлэл өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхлээд хариуцагч Б.У-ыг төлөөлж тайлбараа гаргая. Нэхэмжлэгч 2019 оны 08 сарын 28-ны өдөр Б.У-аас 2 981 127 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар М.Б гэдэг хүнийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.  Нэхэмжлэгч талаас зөвхөн У-аас 1 273 848 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлгож байна. Б.У-ын зүгээс 1 273 848 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь С.Ө-ын хувьд тухайн гүүнээс унаж хөлөө хугалсан нь Б.У-тай ямар нэгэн шалтгаант холбоо болон иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байгаа  учраас хүлээн зөвшөөрөхгүй. М.Б-ийн хувьд тухайн гүү өнөөдөр М.Б-ийн эзэмшлийн өмчлөлийн мал байгаа. Иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас М.Б-ийн эзэмшил өмчлөлийн мал байгаа. М.Б-ий нар гэрийнхэн тухайн эмчилгээтэй холбоотой 400 000 төгрөг өгсөн. 400 000 төгрөг авснаа өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан. өнөөдөр тухайн өгсөн 400 000 төгрөгийг хасаж тооцохгүй гэж байна. Хэрэв гэм буруугийн асуудал үнэхээр М.Б-ээс энэ мөнгийг гаргуулна гэвэл 400 000 төгрөгийг хасаж тооцуулна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь нэхэмжлэгч нь өөрөө хангал зэрлэг адуутай ноцолдуулсан гэсэн тайлбарыг хэлж байна. Энэ хүн тухайн мал хангал догшин мал гэдэг үүднээсээ харьцаж байсан учраас өөрөө тухайн үйлдлийг туслалцахдаа болгоомжтой хандах талаар өөрөө 100 хувь мэдэж байсан. Тэгэхээр өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас морины хондлой дээрээс унахдаа хөлөө хугалсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжилж байгаа 1 273 848 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлд дурдсанаар 2 981 127 төгрөгийг Б.У, М.Б нарт хариуцуулж тэнцүү хуваахад 1 490 563 төгрөг болж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд мал гэдэг нь уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг ойлгоно. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.14-т малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг хэлнэ гэж заасан. Малчин хүн малаа маллаж байх нөхцөл явдалд нэхэмжлэгч С.Ө өөрийн сайн дураараа очиж туслалцсан нөхцөл байгаа нь энэ хэргийн хүрээнд харагдаж байна. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангид мал гэж юуг хэлэх вэ гэдгийг мал хулгайлах гэмт хэргийн тайлбар дээр байдаг. Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээг хамааруулна гэж байгаа. Амьтны тухай хуулийн 4.1-т “амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасныг амьтан гэж үзнэ. Тухайн амьтныг ашиглах хэлбэрийг ч Амьтны тухай хуульд байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4-т “амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна гэсэн байдаг. Энэ холбогдох хуулийн заалтуудаас үзэхэд гүү буюу адуу нь Иргэний хуулийн 501-т заасан амьтан гэдэгт хамаарагддаггүй юм байна. Гүү бол мал юм байна. Малын учруулсан гэм хорыг хариуцах эрх зүйн үндэслэл Иргэний хуулийн 501 дүгээр зүйлээр тодорхойлогдохгүй байна. 505.1-т тухайн амьтны өмчлөгч мал гэдэг нэр төрөлд хамаарч амьтны өмчлөгч нь Батхишиг биш. Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан. Тэгэхээр гүү гэдэг нь мал гэдэг нэр томьёонд хамаардаг. Гүү нь амьтан биш. Амьтны өмчлөгч нь М.Б биш юм гэдэг хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж байна” гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00166 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б-гээс 1.318.248 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ө-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч М.Б-ээс 1.662.879 төгрөг гаргуулах, хариуцагч Б.У-аас 433.430 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-гээс улсын тэмдэгтийн хураамж 41.556 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ө-д олгуулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2020.04.03-ны өдрийн 00166 тоот шийдвэрийн 1 дэх заалтын хариуцагч М.Б-ээс мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн болон бусад холбогдох заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1-д М.Б-ээс 1318248 төгрөг гаргуулах, 2 дахь заалтад 1662879 төгрөг, 433430 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байхаар тус тус шийдвэрлэжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэлийн нийт мөнгөн дүн 3414557 төгрөг байх 3414557 төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгч С.Ө-ын 2 хуудас бүхий нэхэмжлэлийн мөнгөн дүнгээр 2981127 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож мэтгэлцдэг. Энэ нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч С.Ө нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгээгүй байхад шүүх 433430 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн ихэсгэж ямар ч үндэслэлгүйгээр ихэсгэсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, тохирохгүй байна. Үүнээс улбаалан шүүх 3414557 төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байгаагаас үзвэл улсын тэмдэгтийн хураамжийн талаарх шийдвэрийн заалт хуульд заасны дагуу бодитоор тогтоож шийдвэрлээгүй байна. Мөн нэхэмжлэлийн мөнгөн дүн нь ихэсгэсэн байдлаар дүгнэлт хийсэн анхааран үзнэ үү.

2. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс нэхэмжлэгчид тухайн үед эмчилгээтэй холбоотой 400000 төгрөгийг өгсөн, уг мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчид өгсөн 400000 төгрөгийг хариуцагч М.Б-ээс нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасаж тооцуулахаар тайлбар гаргасан. Гэтэл шүүхээс хариуцагч миний тайлбарт гаргасан няцаалтыг болон хасаж тооцуулах талаар, хэргийг шийдвэрлэхдээ М.Б-ээс гаргуулах мөнгөн дүнгээс 400000 төгрөгийг яагаад хасаж тооцоогүй тухай хууль зүйн дүгнэлтийг хийж өгөөгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч С.Ө-ын зүгээс эмчилгээнд нийт хэчнээн төгрөг болсон, үүнээс хариуцагч нарын зүгээс хэчнээн төгрөгийг аваад ямар ямар эмчилгээнд зарцуулсан, тухайн зарцуулсан мөнгөнөөс илүү гарсан мөнгө нь одоо ийм байна гэдгээ бүрэн нотолж өгөөгүй байхад шүүх энэ тал дээр дүгнэлт хийгээгүй учир дутагдалтай болсон. Өгсөн 400000 төгрөгийг гаргуулах мөнгөн дүнгээс хасаж тооцуулан хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Шүүх Иргэний хуулийн холбогдох заалтаар гэм хорын хохирол учруулсан гэж үзэж хэргийг шийдвэрлэхдээ тухайн болсон хэргийн нөхцөл байдал, С.Ө нь яагаад хөлөө хугалах болсон шалтгаан нөхцөл, шалтгаант холбоо, хариуцагч М.Б-ийняг ямар ямар буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учруулсан болохыг шийдвэрийн үндэслэх хэсэгт хууль зүйн дүгнэлт хийж өгч чадаагүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь илт болгоомжгүй, хайхрамжгүй хандаж хөлөө хугалсан үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Б.У-ыг гуйсаар байгаад авч явсан, намайг ажил дээрээс очиж авсан, үүнээс болоод энэ зүйл болсон, хангал догшин адуутай ноцолдоно гэсэн бол би очихгүй байх боломжтой байсан гэх тайлбар гарган маргаж мэтгэлцдэг. Энэхүү маргааны гол үндэслэлийг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын маргаж байгаа үйл баримтыг тодорхой бичсэн байдаг. Б.Н-ыг гэрчээр оролцуулж ямар үйлдэл явдал юу болсон, Б.У нь нэхэмжлэгч С.Ө-ыг ажил дээрээс нь очиж аваад авчирсан эсэхийг тодруулан гэрчлүүлсэн. Гэрчийн зүгээс нэхэмжлэгч С.Ө нь өөрийн эзэмшлийн мотоциклоо унаад өөрөө сайн дураар ирж туслалцсан болохыг, хариуцагч Б.У нь түүнийг ажил дээрээс нь очиж аваагүй болохыг тус тус гэрчилсэн.

Гэтэл шүүхээс С.Ө-ыг хүчээр, гуйж аваачин унага уях ажилд туслалцуулсан эсэх нь бодит байдалтай хэрхэн нийцэж байгаа эсэх, нэхэмжлэгчийн тайлбар хэр бодит үнэнд нийцсэн тайлбар гаргаж үүргээ биелүүлсэн эсэхэд ямар нэгэн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Маргааны гол зүйлийн талаар эрх зүйн бодитой дүгнэлт хийгээгүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Хэрэв дээрх байдалд дүгнэлт хийвэл хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Өөрөө сайн дураараа мотоциклтой очин туслалцсан нь малын өмчлөгч, эзэмшигчээс гэм хорыг хохирлыг гаргуулах эрх зүйн үндэслэл бий болох эсэхэд чухал нөлөөтэй юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн өөрийнх нь сайн дурын хүнд туслах гэж явж байгаа үйлдэл, бусдын нөлөөн дор, гуйлтаар очиж байгаа үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийлгэж хэргийг шийдвэрлүүлмээр байна.

Хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл нь: 1.Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч М.Б-ээс мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Хариуцагч М.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яагаад хариуцах эрх зүйн үндэслэлийг бий болсон, нэхэмжлэгчийн хөл хугарсан үйлдэлд ямар байдлаар нөлөөлсөн, шалтгаант холбоо яаж холбогдсонд бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, зүгээр л хуулийн заалтыг тодорхойлон бичжээ. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар М.Б нь ямар нотолгооны үндсэн дээр хуулийн энэ заалтаар хариуцах үндэслэл бий болсон гэдгийг дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч С.Ө-ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нь хэний ямар ямар хууль бус үйлдэл нөлөөлсөн, хэний ямар үйлдлээс болж хөл хугарсан, хөл хугарсан нь өөрийн буруутай үйлдэл үү, бусдын буруу үйлдлээс болов уу гэдэгт хууль эрх зүйн бодитой дүгнэлтийг хийж чадаагүй тул хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон хуулийн заалт буюу Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар....гэм хорыг амьтны өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэсэн заалтыг хэрэглэн шийдвэрлэдэг. Хуулийн энэхүү заалтаар амьтан гэдэгт хөл хугалсан гэх гүү энэ нэр томьёоллоор тодорхойлогдох уу гэдэг нь чухал. Шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх бүрэлдэхүүн гүүг амьтан мөн гэж үздэг. Шүүхийн яагаад амьтан мөн эсэхэд хамаатуулан бичсэн хуулийн заалтуудаас үзэхэд таван хошуу мал, тэр дундаа гүү нь амьтан мөн юм гэсэн тодорхойлолт нэг ч байдаггүй. Тэгэхээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс гүү нь амьтан биш учир хариуцагч М.Б нь Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан гэх хохирлыг хариуцах үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг хариуцна гэж үзвэл уг хуулийн заалтаар хариуцагчийн гэм буруугийн асуудлыг шүүхээр гэм буруутайг тогтоосон байж гэм хорын хохирол хариуцах эсэх шийдвэрлэгдэх ёстой. Давж заалдах гомдлын хүсэлт: Дээрх нөхцөл байдлуудыг эрхэм шүүгч та бүхэн анхааран үзэж Өмнөговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 00166 тоот шийдвэрийг 167 дугаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Б.У-т холбогдуулж гэм хорын хохиролд 2 981 127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар М.Б-ийг татан оролцуулсан байна. /01, 111 дүгээр тал/

Хариуцагч нар нь  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хариуцагч Б.У нь “ өөрөө сайн дураараа ирж тусалсан. ..Хангал адуутай ноцолдож байгаагаа мэдсээр байж өөрийн овсгоо самбаагүйгээсээ болж хөлөө хугалсан. Би санаатай хугалаагүй...”,  хариуцагч Х.Б нь “...Ө  болгоомжгүй үйлдлээсээ болж хүү Уранбаатарыг гүү барьж байхад гүйж очоод хондлой дээр нь суугаад туслалцах гэж байтал гүү хөдөлж арагшаа гулсан унаж хөлдөө гэмтэл авсан. ..Б.У-ын мал биш, миний өөрийн мал... Малтай харьцаж байгаа хүн өөрийн хийж байгаа үйлдлийг ухамсарлан, сэргийлж ажиллах ёстой байсан...” гэж тайлбарлаж, маргажээ./хэргийн 19-22, 134 дүгээр тал/

Шүүх М.Б-ээс 1 318 248 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 1 662 879 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.У-аас 433 556 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь хоёр хариуцагчийг татан оролцуулсан боловч хариуцагч Б.У-аас 433 430  төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу энэ шаардлагын хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Б.У, М.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Баярмаа оролцсон байна. /хэргийн 45, 137 дугаар тал/

С.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Мухар шивэрт хэмээх газар, унага уях ажиллагаанд оролцохоор М.Б-ийнд очиж адуутай  харьцах үедээ унаж, зүүн хөлийн шилбэ нь хоёр хугарч гэмтсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Энэ талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсанд хариуцагч нар гэм буруутай эсэх, нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол учирсан, хариуцагчаас зардал гарсан эсэх талаар маргажээ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт зааснаар мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно гэж, Малын генетикийн нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-т малчинд мэргэжлийн үнэмлэх олгоно гэжээ. Иймд Х.Б-ийг  малчин иргэний хувьд малын маллагаа, арчилгаа, түүнтэй харьцах дадал, мэдээлэл эзэмшсэн  мэргэжил бүхий иргэн гэж үзэх тул малчин М.Б нь өөрийн өмчлөлийн малыг  барьж тусалж буй мэргэжлийн дадалгүй С.Ө-ын аюулгүй байдлыг хангаж хохирол учруулахгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж малтай харьцах үед учирч болох аюулаас урьдчилан сэргийлсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүний эс үйлдлийн улмаас С.Ө-ын эрүүл мэндэд гэм хор учирсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч М.Б-ийн буруутай эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.  

Харин хариуцагч М.Батхишиг нь бусдын эрх зөрчсөн эс үйлдэхүйдээ буруугүй гэдгээ нотолбол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой.  

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж өгч мэтгэлцэх үүргээ биелүүлж нэхэмжлэгчээс гаргасан эмчилгээний зардлыг үгүйсгэж, холбогдох нотлох баримтыг гаргах,  цуглуулж мэтгэлцээгүй байна.

Нэхэмжлэгч шаардлагынхаа хүрээг “Аймгийн эмнэлэгт хадаас авхуулж эмнэлгээс гарснаас хойш Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардал” гэж тодорхойлж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Өмнөговь аймагт эмчлүүлэх үед нь эмчилгээний зардалд хариуцагчаас төлсөн 400000 төгрөгийг гэм хорын хохирлоос хасаж тооцуулах талаарх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй байна.

Нөгөө талаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн  зөвшөөрсөн гэж тооцох үндэслэл болж байх боловч тухайн үйл баримтад хариуцагчийг гэм буруугүй гэж зөрчилдөөнтэй тайлбарлаж байх тул түүний тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу гаргасан хэргийн талаар бодит үнэнд нийцсэн тайлбар гэх боломжгүй байна.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2981127 төгрөг гэсэн боловч Б.У-аас 433 000, М.Б-гээс 2547697 төгрөг гэж хариуцагч тус бүрийн хариуцах үүргийн хэмжээг тодруулж  заасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.  /хэргийн 148 дугаар тал/

Дээрх үндэслэлүүдээр  хариуцагчаас гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн, шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийг шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйл болон 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагч М.Б-т холбогдох шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо  дүнг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 2981127 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэрийг хүчингүй болгох агуулгаар давж заалдах гомдол гаргасан байхад анхан шатны шүүх зөвшөөрөхгүй байгаа бүх хэсэгт ногдох хэмжээний  тэмдэгтийн хураамжийг төлүүлээгүй байх тул давж заалдах гомдол гаргахад дутуу төлсөн хураамжийг нөхөн төлүүлж, улмаар гомдлыг хангаагүй тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00166 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын “1662879” гэснийг “1229449” гэж, 3 дахь заалтын “41566” гэснийг “36042” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Баярмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 21092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд  гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НАСАНЖАРГАЛ

                 ШҮҮГЧИД                                                     Х.ГЭРЭЛМАА

                                                                                        Т.БЯМБАЖАВ