Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2019/03232

 

     

    

        

       2019 оны 12 сарын 12 өдөр

 

 

    

      Дугаар 184/ШШ2019/03232

               

 

 

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “О” СӨХ /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Толгойт хотхоны дүгээр байр, тоот

 

Хариуцагч: Э овогт Л.Э /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Толгойт хотхон, дугаар байр, тоот

           

Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр /дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал/-т 532 752 /таван зуун гучин хоёр мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                                                                                                                                       

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Толгойт хотхон, дугаар байр,  тоотыг өмчлөгч, оршин суугч Л.Э нь тус сууц өмчлөгчдийн холбоонд төлөх засвар үйлчилгээний зардлыг 2017 оны 2 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг дуустал хугацаа буюу 33 сар төлөөгүй, нийт 532 752 төгрөгийн өртэй байх тул гаргуулж өгнө үү.

Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Энхмөрөн нь Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Толгойт хотхон,  дугаар байр, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй бусдад түрээслэсэн, одоо Баянгол дүүрэгт түр оршин сууж байгаа болно.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Л.Э-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 532 752 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“О” СӨХ-г 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх бөгөөд тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хурлын 19/004 тоот тогтоолоор Б.М-г гүйцэтгэх захирлаар томилжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Л.Э нь тус орон сууцыг бусдад түрээслэсэн, өөрөө оршин суухгүй байгаа тул төлбөр төлөхгүй гэж тайлбарласан. 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.6 дахь хэсгүүдэд сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэхээр заажээ.  

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч Л.Энхмөрөн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. 

Нэхэмжлэгч “О” сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 2 дугаар сараас хойш хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тус холбоонд төлөх сарын төлбөрийн хэмжээ 16 144 төгрөг, нийт 532 752 төгрөг болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны тооцооны баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 532 752 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “О” СӨХ-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон, уг хурлаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар  сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутад  хийхээр товлосон ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                            ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Л.Э-ээс 532 752 /таван зуун гучин хоёр  мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 632  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 16 632 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАТСҮХ