Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 289

 


Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
 
Нэхэмжлэгч О.Сийн нэхэмжлэлтэй,
 
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сд холбогдох
 
    Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн эрхлэгчийн 2019.04.17-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Сийн үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа, хариуцагч Мөнххаан сумын Сийн эрхлэгч Л.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Сүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
 
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
Нэхэмжлэгч О.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзахгүй, хариуцагчтай эвлэрч болох юм. Би 2007 оноос 2019.04.17-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сд үйлчлэгчээр тасралтгүй ажилласан. Би хүүгийнхээ хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Хүү маань оюутан тул төлбөрийг нь төлөхийн тулд жил бүрийн хавар айлын ямаа самнаж мөнгө олдог. Ямаа самнахаа явахдаа байгууллагынхаа даргад хэлж чөлөө аваад явдаг байсан. Манай дарга С миний амьдралыг мэдэх тул надад чөлөө өгөөд явуулдаг байсан. 2019 оны 03 сарын 16-аас 25-ыг дуустал 3 хоногийн чөлөө аваад хөдөө явсан. Би сумаас 70 гаруй км-т очиж ямаа самнасан. 3 хоногийн чөлөө авсан боловч нэгэнт хол ирсэн болохоор хэдэн ямаа самнах санаатай дарга Стой холбогдож чөлөө авах гэсэн боловч утсаа аваагүй. Тэгээд би даргын утас руу чөлөө авъя гэсэн мессэж бичээд орхисон. Хөдөө байсан тул хажуу айлын хүн Цэнд ахаар бичгээр чөлөө авъя ээлжийн амралтаасаа тооцуулъя гэсэн өргөдөл хүргүүлсэн. Ингээд би 10 хоног ямаа самнаад ирсэн. 2019.04.03-нд ажил дээрээ очсон. Тэр өдөр эрхлэгч С болон бусад албаны хүмүүс цуглаад хурал хийсэн. Хурал дээр эрхлэгч С Сээ та онц аюултай ажил хийсэн, олон хоног ажил тасалсан. Таныг ажлаас халлаа гэсэн. Тэгэхээр нь танд албан ёсоор өргөдлөө өгсөн, амаар чөлөө авсан гэж хэлсэн. Доромжилсон өргөдөл өгчихөөд юу яриад байгаа юм бэ гээд 2019.04 17-нд Б/03 тоот тушаал гаргаж ажлаас халсан. Миний хувьд энэ байгууллагад 13 жил тасралтгүй ажиллахдаа хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан. Би ээлжийн амралтын хоногоосоо тооцуулж 10 хоногийн чөлөө авъя гэж бичгээр өргөдөл өгсөн юм. Иймд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн эрхлэгчийн 2019.04.17-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Сийн үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.
 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би О.Сийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан энэ хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Л.С тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтласан байна. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан тохиолдолд давтан гаргасан гэж үздэг. Сийн хувьд бол 3 хоногийн чөлөө авсан. 10 хоногийн чөлөө авах талаар өргөдлөө бичээд хүргүүлсэн учраас чөлөө авсан гэж ойлгогдож байна. Өмнө нь аймгийн Аудитын байгууллагаас шалгалт очиж шалгахад нь С өөр дээрээ байсан бүртгэлийг шалгуулсан учир Л.С дээр төлбөр тавигдаж энэ асуудал үүссэн гэж үзэж байна. Удаа дараа зөрчил гаргасан гэж байгаа боловч өмнө нь 2018 онд ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан байгааг давтан ажил тасалсан гэж үзэхгүй. Иймд уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул О.Сийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт нь бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
 
Хариуцагч Мөнххаан сумын Сийн эрхлэгч Л.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн эрхлэгчээр Л.С миний бие 8 дахь жилдээ ажиллаж байна. Манай үйлчлэгчээр ажилладаг О.С 2019.04.17-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Бид 2019.03.16-нд хамт олноороо Сүхбаатар аймагт тоглолт үзэхээр явсан. Замдаа С хөдөө явж ямаа самнах тухай ярьсан. Тоглолтын дундуур над руу би чөлөө авмаар байна гэж мессэж бичсэн байсан. Би хариуд нь танд нэг дэх, хоёр дахь өдрийн чөлөө өгье гээд гурав дахь өдөр бэлэн байгаарай гэсэн. Гэтэл 3 дахь өдөр ажилдаа ирээгүй. Хэд хоногийн дараа миний утсанд мессэж ирсэн. Би хөдөө хол байна чөлөө авмаар байна. Өргөдлөө явуулъя гэсэн байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа хажуу айлын ахаар манай ажил руу өргөдөл явуулсан байсан. Мөн тус өргөдлийг өөрийн гараар бичээгүй байсан. Надад өөрт ч гардуулж өгөөгүй хүнээр дамжуулан ширээн дээр тавьсан байсан. 4 дүгээр сарын 3-нд С ажилдаа ирсэн. Бүх ажилчдыг байлцуулан хурал хийж ажлаас халах тухай хэлэхэд хүлээж авахгүй, намайг халах юм бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гээд хаалга саваад гарсан. Маргааш нь тушаалынхаа төсөлтэй танилцана уу гээд галчийг гэрлүү нь явуулахад Сүхбаатар аймаг руу явсан байсан. 3 хоногийн дараа БСУГ-ын мэргэжилтэн Г.Энхцэцэг над руу ярихаар нь халах хүртлэх арга хэмжээнд орчихлоо гэсэн юм. Яг одоо бол тушаал нь гарчихаагүй л байна эргэж ирээд уулзахыг нь хүлээж байна гэсэн. Үүнээс хойш 14 хоног хэл сураггүй алга болсон. Тэгээд 1 сар гаруй хугацааны дараа ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан, би үүнийг хуулийн дагуу гарсан гэж үзэж байна гэв.
 
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн эрхлэгч Л.С надтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж үүний дагуу би энэ хуралд өмгөөлөгчөөр оролцож байна. Тус төвийн үйлчлэгч О.С нь 2019.03.13-аас 3 хоногийн чөлөө авч яваад 9 хоногийн дараа ажилдаа ирсэн байсан. Энэ зөрчлийн талаар хурлаар авч хэлэлцэж байх үед гарч яваад ажилдаа ирэхгүй болохоор нь 4 сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн байгаа. Нийт 20 хоног ажил тасалсан байгаа юм. 2018 оны 8 дугаар сард сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан байгаа. Сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэж хөдөлмөрийн гэрээндээ тусгасан байсан. Нэхэмжлэгч өөрөө хүнээр өргөдөл бичиж явуулсан гэж байгаа боловч 2019.02.19-нд бичсэн өргөдөл байсан. Энэ үед өөрөө ажиллаж байсан тул өргөдлөө өөрөө өгөх боломжтой байсан. Хүүхэд нь оюутан гэж бичсэн байгаа боловч сургуулиа төгсөөд 2 жил болж байгаа. Төрийн албан хаагч хүн байж өөрийнхөө ажлыг таслаад хөлсний ажил хийж явсан байх тул үүнийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч О.С Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн эрхлэгчийн 2019.04.17-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Сийн үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн эрхлэгч Л.Сд холбогдуулан гомдол гаргажээ.
 
Энэ шаардлагыг хариуцагч Л.С зөвшөөрөхгүй, хуулийн дагуу халсан гэж маргаж байгаа болно.
 
Нэхэмжлэгч О.С 2011.01.05-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн эрхлэгч Л.Стой хугацаагүйгээр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг байсан байна.
    
    Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн эрхлэгч Л.С 2019.04.17-ны өдөр Б/03 дугаартай тушаал гаргаж О.Сийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1-д заасныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр үйлчлэгчийн ажлаас нь чөлөөлжээ.
 
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн хөдөлмөрийн дотоод журмын 5.5-д Ажилд ирэх боломжгүй болсон тухайгаа удирдлагад мэдэгдээгүй, түүнчлэн ажлын цагаар гадагш гарахдаа зөвшөөрөл аваагүй бол ажил тасалсанд тооцохоор, 5.8-д ажилтан ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд нэн даруй мэдэгдэхээр заажээ. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш хоногоор ажил тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан . . . зэргийг сахилгын ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн дотоод журамд заажээ.
 
    Мөнххаан сумын Сийн эрхлэгч Л.С нэхэмжлэгч О.Ст 2019.03.16-аас 3 хоногийн чөлөө амаар олгосон гэх ба талууд эдгээр өдрүүдэд олгосон чөлөөний талаар маргаагүй болно. Нэхэмжлэгч 3 дугаар сарын 25ыг хүртэл чөлөө авсан гэж, хариуцагч 4 дүгээр сарын 17-ыг хүртэл ажил тасласан гэж маргалдаж байгаа болно.
 
О.С 3 дугаар сарын 19-өөс 10 хоног ээлжийн амралтаа авах хүсэлт гаргажээ. Сийн 10 хоногийн чөлөө авах талаар хүнээр өргөдөл бичүүлэн явуулсан боловч энэ асуудлыг шийдвэрлэсэн талаархи хариугаа аваагүй байх ба чөлөө олгосон эсэх талаар шийдвэр гараагүй байхад өргөдлөө өгсөн, чөлөө авсан гэж бодсон гэж байгааг чөлөө авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд 2019.03.19-өөс 2019.04.03-ыг хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй болох нь цагийн бүртгэлээр нотлогдож байгаа тул ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
 
Харин 2019.04.03-аас 2019.04.17-ны өдрийг хүртэл тасалсан гэж байгааг хүлээн авах боломжгүй байна. О.С 4 дүгээр сарын 3-ны өдөр ажилдаа ирсэн болох нь мөн өдрийн хуралдаанаар ажлаас халагдах тухай тушаалын төслийг боловсруулсныг танилцуулсан талаархи тэмдэглэлээр нотлогдож байна. Нэгэнт Сийг халах тухай тушаалын төсөл танилцуулсан болохоор ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгож байсныг үгүйсгэх боломжгүй байна. Иймд 2019.04.03-аас 2019.04.17-ыг хүртэл 10 хоног ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна.
 
Мөн Мөнххаан сумын Сийн эрхлэгчийн 2018.08.01-ны өдрийн Б/02 тоот тушаалаар О.С ажлын байран дээр ёс зүйн зөрчил гаргаж хоорондоо маргалдсан гэж сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
 
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэжээ. Гэтэл сахилгын шийтгэлгүйд тооцох хугацааны дотор дахин сахилгын зөрчил гаргасан байна.
 
Иймд О.Сийн гаргасан зөрчилд тохируулан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч О.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
 
Уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан О.Сийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн эрхлэгчийн 2019.04.17-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Сийн үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
 
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ .............. Ш.ОЮУНГЭРЭЛ