Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 28

 


М.Аод холбогдох эрүүгийн
хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг  даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:
    прокурор Э.Хосбаяр
    шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Д.Зулаа
нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.    

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагийн давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Аод холбогдох эрүүгийн 1930000220070 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан суманд 1980 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө мал маллаж байсан, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багт  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын  нутаг дэвсгэр болох  “З” гэх газарт  улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ”  мөн дүрмийн 3.4-т “ Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/  Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7-д жолооч дараах зүйлийг хориглоно. А/ Тухай ангиллын тээврийн  хэрэгслийг жолоодох эрхгүй гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Баатархүүгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М.Аыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Аод оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн гүйцэтгэхээр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шатанд М.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр амь хохирогчийн оршуулгын зардалд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батжаргал  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч М.А нь ам бүл 8, эхнэр, 2-18 насны 6 хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоогоор ууган хүүхэд болон бага насны  хүүхэд нь гэртээ байдаг, 3 хүүхэд нь сургуульд сурч, дотуур байранд амьдардаг. М.Аод холбогдох хэрэгт хүний алтан амь хохирсноос хор уршгийг арилгах боломжгүй хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл боломж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн А нь энэ авто ослоос болж өөрөө тархиндаа гэмтэл авсан, одоо байнга толгой нь өвддөг болсон. М.Аын хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн зэрэг харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Тус шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагийн давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Аод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан тогтоохын зэрэгцээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч М.А нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын  1 дүгээр багийн нутаг  “З” гэх газарт “Dayung” загварын улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 3.4-ийн “в”-д: “жолооч мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй жолооч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, 3.7-ийн “а”-д:  “жолооч тухайн ангиллын тээврийн  хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ жолоодохыг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн зорчигч Д.Баатархүүгийн амь насыг хохироосон болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батжаргал, гэрч Б.Батдорж нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар дүгнэлт, техникийн шинжээчийн мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар дүгнэлт, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн буюу хууль бусаар хязгаарласан явдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Аын гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч нь автотээврийн  хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийж, ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй байна.

Иймд шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, биеийн эрүүл мэнд, 2-18 насны 6 хүүхэдтэй зэрэг байдлыг нь харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийн хамт зан үйлээ засах, оршин суух газар, ажлаа өөрчлөх,  зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд зохих нэмэлт,  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагийн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:
1.1.Тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилсүгэй.

1.2. Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

1.3. Тогтоох хэсэгт: “шүүгдэгч М.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай” гэж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч М.Аод мэдэгдсүгэй” гэж тус тус нэмэлт оруулсугай.

Хоёр: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 Гурав: Шүүгдэгч М.А нь шийтгэх тогтоол гарснаас хойш  44 /дөчин дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Дөрөв: Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Аод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Тав: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.



                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 С.ОЮУНТУНГАЛАГ
                             ШҮҮГЧИД                 Д.БАЙГАЛМАА    
                                                                            О.БААТАРСҮХ