Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00118

 

“К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00372 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 912 дугаар магадлалтай,

 

“К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х.Сд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 144,646,678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, Ц.Ган-Од, Г.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00372 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Х.Сэс 133,120,131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,450,992 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Х.С нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд К Б ХХК-ийн барьцаанд байгаа, түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамжны 51/7 дугаар байрны 2 дугаар давхар, D-1/A тоот 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч К Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 951 383 /881,183+70,200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Сэс 893 751 /823,551+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К Б ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 912 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Сэс зээлийн гэрээний үүрэгт нийт 127 576 139 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 070 539 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 3 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч К Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 951 383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сэс 795 831төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К Б ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Сэс төлсөн 103 654 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа хяналтын гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн гаргасан гомдлыг ерөнхийд нь хангаж шийдвэрлэсэнд гүнээ талархаж байна. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийг хянаж дахин тооцоолсон байх бөгөөд Х.С нь “Капитрон” банкинд 126,641,588 төгрөг төлөх ёстой болохыг тогтоожээ. Гэвч “...хариуцагч Х.С шүүхийн шийдвэрээс 5,543,992 төгрөгийг эс зөвшөөрсөн агуулгаар давж заалдсан байх тул уг үнийн дүнгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар байна...” хэмээн хянасантай санал нийлэхгүй байна. Гэрээний үүргийг 126,641,588 төгрөг хэмээн давж заалдах шатны шүүхээс эцэслэн тогтоосон мөртлөө “хариуцагчийн давж заалдсанаар...” гэх шалтгаанаар 127,576,139 төгрөгийг Х.Сэс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Зүй нь шийдвэр нь үндэслэл бүхий 126,641,588 төгрөгөөр гарч, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд төлсөн УТХ-аас /давж заалдах гомдлыг хангасан тул хариуцагчид буцаан олгогдохоор болсон 103,654 төгрөгөөс/ суутгах замаар шийдвэрлэх боломжтой байсан. Иймд магадлалаас 934,551 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3. дахь хэсэгт заасныг баримтлан магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

5. Нэхэмжлэгч “К Б” ХХК нь хариуцагч Х.Сд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 102,713,626 төгрөг, хүү 39,728,153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,204,899 төгрөг, нийт 144,646,678 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй, маргажээ. /хх 1-3, 34-35/

 

6. Анхан шатны шүүх хариуцагчаас 133,120,131 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 127,576,139 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

7. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. 2018.01.03-ны өдрийн зээлийн гэрээгээр “К Б” ХХК нь Х.Сд 109,200,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамж 51/7 дугаар байр D-1/A тоот 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцүүлэн дүгнэжээ.

 

9. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчийн зүгээс үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан нь “К Б” ХХК-ийн 2018.08.02, 2019.01.15-ны өдрийн мэдэгдлүүд /хх23-24/, 2019.04.25-ны өдрийн талуудын уулзалтын тэмдэглэл /хх25/ 2019.04.29-ний өдөр Х.Сэс “К Б” ХХК-д гаргасан хүсэлт /хх18/ зэрэг баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч гэрээг цуцалсан байна.

“К Б” ХХК 2019.05.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас нийт 127,576,139 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар 2019.09.10-ны өдөр 7141 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан /хх 43-44/, энэ үеэс гэрээ цуцлагдсан гэж үзэж нэхэмжлэлийг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцжээ. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.гэж заасан тул барьцааны зүйлээс үүргийг хангуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...934,551 төгрөгийг хасч, магадлалд өөрчлөлт оруулах” агуулгатай гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаарх үндэслэлд хамаараагүй тул хангахгүй орхив. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэх учиртай тул давж заалдах шатны шүүх хариуцагч Х.Сийн зөвшөөрсөн хэмжээнд дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 912 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 29,903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД