Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2017/04126/и |
Дугаар | 797 |
Огноо | 2018-03-28 |
Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 797
2018 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2018/00797 |
Л.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00489 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.У, Б.О нарт холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч Ж.Угийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Л.О-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.О- нь Б.О, Ж.У нартай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Алтай хотхонд байрлах 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, төлбөрийг сар бүр 500 000 төгрөгөөр төлж байхаар тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.
Хариуцагч нар орон сууцад 1 жил 3 сар гаруй хугацаанд амьдарч байгаа бөгөөд эхний 2 сарын төлбөрөө төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртлэх хугацааны төлбөр болох 1 000 000 төгрөгийг төлсөн, одоо 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Л.О-тэй сар сардаа 500 000 төгрөг тогмол төлөхөөр тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсанаас хойш 2016 онд 3 сарын төлбөр болох 1 500 000 төгрөгийг төлсөн, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 6 000 000 төгрөгийн төлбөртэй байгаа бөгөөд сард тогтмол 1 000 000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогийн байдлаар Л.О-т 6 000 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар бол 5 000 000 төгрөг төлөх юм байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар Б.О, Ж.У нараас 5 000 000 төгрөгийг гаргуулан Л.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 133 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Миний бие нэхэмжлэгч Л. Оюунбилэгтэй орон сууц хөлслөх гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, харин гэрээг Б.О байгуулсан бөгөөд орон сууц хөлсөлсний төлбөрт cap бүр 500 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл анхан шатны шүүх намайг орон сууц хөлслөх гэрээг байгуулсан гэж үзэж, мөн орон сууц хөлсөлсний төлбөрт cap бүр 500 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэж Б.О бид хоёроос 5 000 000 төгрөгийг хамтруулан гаргуулсанд гомдолтой байна. 5 000 000 төгрөгийг Б.О төлөх ёстой, би төлөх ёсгүй. Энэ хэргийн хариуцагч нь миний бие биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж.У намайг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч Ж.У, Б.О нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Л.О- болон Б.О нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Л.О- нь өөрийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Алтай хотхон, Энгэльсийн гудамж, 20 дугаар байрны 177 тоот хаягт байрлах 41.69 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.Од 1 жилийн хугацаатай хөлслөх, хөлслөгч сарын 500 000 төгрөгийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Хариуцагч Ж.У нь энэ гэрээнд гарын үсэг зураагүй ч хариуцагч Б.Оийн хамт хөлсөлж буй орон сууцад амьдардаг нь түүний оршин суугаа хаягаа уг хөлсөлж буй орон сууцны хаягаар тодорхойлсон байдлаар /хх 8 дахь тал/ нотлогдож байна. Б.О, Ж.У нартай орон сууц хөлслөх гэрээг байгуулсан гэх талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч Ж.У эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол уг тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох зарчмыг үндэслэн Ж.У нь орон сууц хөлслөх гэрээг байгуулсан гэж дүгнэх юм.
Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Орон сууц хөлслөх гэрээг заавал бичгээр байгуулахыг хуулиар шаардахгүй тул гэрээнд гарын үсэг зураагүй байдал нь хариуцагч Ж.У гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан боловч хөлслөгч нар нь эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашиглахад хөлслүүлэгч татгалзаагүй тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзнэ.
Хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүрэгт 7 000 000 /500.000 төгрөг Ч14 сар/ төгрөг төлөхөөс 1 000 000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлснийг хасч, нэхэмжлэлийг 5 000 000 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2018 оны 1, 2 дугаар сарын төлбөр тул хасч тооцохоор харилцан тохиролцсоноо нотлоогүй тул нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлбөрт анхан шатны шүүх хасч шийдвэрлэснийг буруутгахгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Угийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Угийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА