Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00016

 

                                    ,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй иргэний

                                                      хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/02141 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1483 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тус тус холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны Б/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэнгийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч С.Одгариг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны Б/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сан татан буугдаж, ажилтнуудыг Жижиг дунд үйлдвэрийн газарт төрийн захиргааны албан хаагчаар шилжүүлэн ажиллуулахад мэргэжил, мэргэшил нь ажлын байранд тавигдах болзол, шалгуурыг хангаагүй тул ,,,,,,,,,,,,,,,,тай өөрийнх нь зөвшөөрснөөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/02141 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай ,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1483 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/02141 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, ,,,,,,,,,,,,,,,,ыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль тусгай активын хэлтсийн Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг, ажилгүй байсан хугацааны олговорт 8,064,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газарт тус тус даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...болгосугай.” гэснийг “...болгож, хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газраас 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн.

4. Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021.11.12-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.12.03-ны өдрийн 001/ШХТ2021/00911 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргиiйн давж заалдах шатны шүүхийн 2021.09.29-ний өдрийн 1483 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Тус магадлалд “Ажил олгогчоос хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2020.12.31-ний өдрөөр тасалбар болгон нэгжийн удирдлагад ажлаа хүлээлгэн өгөхийг ,,,,,,,,,,,,,,,,д мэдэгдсэнээр ажилтан хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж, гэрээний хүчин төгөлдөр эсэхээр марган шүүхэд хандсан, энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах 1 сарын хугацаа хамаарахгүй” гэжээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.21-ний өдрийн 101/ШШ2021/02141 дүгээр шүүхийн шийдвэрээр “нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ы хувьд Төрийн албаны тухай хуульд заасан шалгуурыг хангахгүй байсан (өнөөдрийн байдлаар ,,,,,,,,,,,,,,,, нь Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдаж тэнцээгүй) учир 2020 оныг дуусталх хугацаанд хөлсөөр ажиллах гэрээг байгуулж ажил үүргийг үргэлжлүүлсэн гэх үйл баримт дээр маргаагүй, гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан гэх” тайлбарыг гаргаж байгаа боловч хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй гэж үзвэл хийгдсэн өдрөөс хуульд зааснаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан хэдий ч заасан хугацаанд гомдлыг гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ы шүүхэд өгсөн нотлох баримтаар тогтоогдоогүй хүсэлтэд дурдсан “Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргатай уулзахад чиний мэргэжил таарахгүй байна, 2020 оныг дуустал гэрээт ажилтан болгоё, энэ хугацаанд заавал эгүүлэн ажилд чинь томилж үндсэн ажилтан болгоно, цалин хөлсийг бууруулахгүй, чиний ажлын байранд заавал ажилд авах хүнийг авсан гэж хэлсэн” гэх тайлбарт үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй буюу нотлох баримтад тулгуурлан шийдвэр гараагүйг илэрхийлж байна.

5.2. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын алба татан буугдаж чиг үүрэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжин ирсэн ба тус газрын албан хаагчид нь Төрийн захиргааны албан тушаалтны статустайгаар ажилладаг, ,,,,,,,,,,,,,,,,ы хувьд төрийн албаны ерөнхий шалгалтаа өгөөгүй тул томилох хуулийн шаардлага хангаагүй, 2020 оныг дуустал хөлсөөр ажиллах гэрээ байгуулан 2020 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдаж тэнцэх боломж олгосон ч шалгалтдаа тэнцээгүй. 2021 оны агентлагийн төсөвт гэрээгээр хүн ажиллуулах төсөв батлагдаагүй шалтгаанаар хөлсөөр ажиллах гэрээг сунгаагүй гэсэн тайлбар, баримтуудыг өгсөн байтал “өр барагдуулах ажлын байр” хасагдаагүй, уг ажлын байранд өөр хүн авсныг хариуцагч үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдлаас үзвэл ажил олгогч гэрээгээр түр ажиллуулж, цаашид ажлын байранд нь жинхлэх итгэлийг ажилтан ,,,,,,,,,,,,,,,,д төрүүлж, гэрээнд гарын үсэг зуруулсан атлаа хугацаа дууссан үндэслэлээр цаашид ажиллуулахгүй шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэж дүгнэсэн нь өөрөө илт хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглодог гэж шүүх дүгнэхдээ Төрийн захиргааны орон тоонд ажиллаж байгаа Төрийн албаны тухай хуулийн шаардлага хангасан албан тушаалтантай ямар нэгэн гэрээ байгуулдаггүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр ажлын үр дүнг дүгнэдгийг ойлгоогүй төрийн захиргааны албан тушаалтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан гэж тооцон шийдвэр гаргахдаа үндэслэсэн нь шүүхийн шийдвэрийг буруу гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

5.3. Шүүх хуралдаанд хариуцагч талыг биечлэн оролцох бололцоогоор хангаагүй: Давж заалдах шатны шүүх хуралд хариуцагч нарыг оролцуулах ажиллагаа хийгээгүй. Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн нь 2021.09.27-ны өдөр Коронавируст цар тахльн халдвар авч шүүх хуралд оролцох боломжгүй болсон бөгөөд хамтран хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд оролцох нөхцөлд шүүх хуралдааныг миний эзгүйд явуулах, хэрэв Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд ирэхгүй нөхцөлд Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн миний бие өөрийн биеэр шүүх хуралд оролцох тайлбарыг шүүгчийн туслахад утсаар “гэрийн хорионд байсан тул бичгээр гаргаж өгөх боломжгүй байсан талаар мэдэгдсээр” байтал хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулан тайлбар авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

8.  Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тус тус холбогдуулан “Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны Б/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль тусгай активын хэлтсийн Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг, ажилгүй байсан хугацааны олговорт 8,064,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газарт тус тус даалгаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгасан учир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020.09.30-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг 2020.09.30-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан шалгуурыг хангахгүй байсан учир 2020 оныг дуустал хугацаанд хөлсөөр ажиллах гэрээг байгуулж ажил үүргийг үргэлжлүүлсэн гэх үйл баримтад маргаагүй, “гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан” гэх тайлбарыг гаргаж байгаа ч хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй гэж үзвэл хийгдсэн өдрөөс хуульд зааснаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан хэдий ч гомдол гаргаагүй, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажил үүргийг гүйцэтгэж байхдаа Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангасан гэсэн тайлбарыг гаргаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийжээ.

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах зөрүүтэй (анхан шатны шүүхээс) дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

- Ажил олгогчоос хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2020.12.31-ний өдрөөр тасалбар болгон нэгжийн удирдлагад ажлаа хүлээлгэн өгөхийг ,,,,,,,,,,,,,,,,д мэдэгдсэнээр ажилтан хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж, гэрээний хүчин төгөлдөр эсэхээр марган шүүхэд хандсан, энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах 1 сарын хугацаа хамаарахгүй.

- Ажил олгогч гэрээгээр түр ажиллуулж, цаашид ажлын байранд нь жинхлэх итгэлийг нэхэмжлэгчид төрүүлж, гэрээнд гарын үсэг зуруулсан атлаа хугацаа дууссан үндэслэлээр цаашид ажиллуулахгүйгээр шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

- Өр барагдуулах ажлын байрыг байнгын гэж үзнэ, иймд нэхэмжлэгчийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээтэй ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй, Засгийн газрын шийдвэрээр Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан татан буугдахад нэхэмжлэгчийн ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцэхгүйгээс гадна хөлсөөр ажиллах гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад нийцэхгүй.

- Жижиг дунд үйлдвэрийн газарт төрийн захиргааны албан хаагчаар шилжүүлэн ажиллуулахад мэргэжил, мэргэшил нь ажлын байранд тавигдах болзол, шалгуурыг хангаагүй тул ,,,,,,,,,,,,,,,,тай өөрийнх нь зөвшөөрснөөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

- Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020.09.30-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах гэсэн нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул бие даасан шаардлага гэж шийдвэрлэх шаардлагагүй гэсэн байна.

11. Дээрхээс үзвэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг өөр өөрөөр дүгнэснээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Хэдийгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч аль аль шүүх нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

12. Учир нь, хэргийн үйл баримтаас үзвэл, Засгийн газрын 2020.08.12-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоолоор хариуцагч байгууллагын эрх зүйн статус өөрчлөгдөж, төрийн захиргааны байгууллага буюу Засгийн газрын агентлаг болсон (хавтаст хэргийн 35, 40, 47-48 дахь талд), үүнээс хамаарч тухайн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын хөдөлмөрийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах болсон байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн “эгүүлэн томилуулах”-ыг шаардаж буй ажлын байр нь “дэс түшмэл ТЗ-6” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах ажлын байр болсон учир (хавтаст хэргийн 62 дахь талд) түүний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд шаардах эрх нь дуусгавар болж, харин Төрийн албаны тухай хуулиар шаардах боломж бий болсон.

13. Гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь төрийн албанд орох наад захын шалгуур болох Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-33.2., 33.7-д заасны дагуу “төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт” өгөөгүй (тэнцээгүй), нөөцөд бүртгэгдээгүй, хариуцагчаас “шалгалт өгөх боломжийг олгосон боловч тэнцээгүй, шалгуур хангаагүй тул цаашид ажиллуулах боломжгүй болсон” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

14. Тухайн тохиолдолд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ажиллаж байсан албан хаагчдаас төрийн албаны шалгуур хангасныг нь үргэлжлүүлэн ажиллуулж, шалгуур хангаагүй хүнийг, тухайлбал нэхэмжлэгчийг 2020 оныг дуустал  боломж олгон түр ажиллуулсан, гэвч төрийн албан хаагчийн болзол, шалгуурыг хангаагүй тул үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, одоо “өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд төрийн албанд ажиллаж байсан хүн ажиллаж байгаа” гэсэн нь уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-27.1.3-т заасан журамд нийцнэ.  

15. Ийнхүү нэхэмжлэгч буюу хариуцагчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа өөрчлөгдсөн тохиолдолд давж заалдах шатны шүүхийн “...ажил олгогч нэхэмжлэгчид цаашид жинхлэх итгэлийг төрүүлсэн, түүнийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээтэй ажиллуулсан нь хууль зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хууль бус, ,,,,,,,,,,,,,,,, нь эрх зүйч мэргэжлээр төгссөн, төрийн удирдлагаар мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албанд томилох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүхээс хариуцагчид Төрийн албаны тухай хуульд заасан журмыг зөрчиж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилохыг даалгах боломжгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

16. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хууль болон тухайн ажлын байранд тавигдах шалгуур, үзүүлэлтийг хангасан тохиолдолд хариуцагчаас ажилд эгүүлэн томилохыг шаардах боломжтой, гэвч дээр дурдсанаар энэ нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд, нэхэмжлэлийн “ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв юм.

17. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны Б/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах” шаардлагын тухайд, давж заалдах шатны шүүхээс “бие даасан шаардлага биш” гэсэн үндэслэлээр шийдвэрлэхгүй орхисон нь үндэслэл муутай. Уг тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгасантай холбогдуулан хавсралтад дурдсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг 2020.09.30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт байна. Хэрэв уг захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүгээр дуусгавар болсон нэр бүхий ажилчдын хөдөлмөрийн харилцаа сэргэх боломжтой. Гэвч энэ тохиолдолд Засгийн газрын тогтоолоор сан (алба) татан буугдаж, шинээр агентлаг бий болсонтой холбоотойгоор хариуцагч байгууллагын удирдлага нь ажиллагсадтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.      

18. Харин “Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” шаардлагын тухайд давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, энэ нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага биш, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах агуулгатай тул тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй юм.

 19. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.1.-.5.2-т заасан хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй, харин 5.3-т заасан үндэслэл нь Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.12.03-ны өдрийн 911 дүгээр тогтоолын үндэслэлд (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.) хамаарахгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй.

20. Нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэн хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр ерөнхий харьяаллын (иргэний) шүүхэд хандсан, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхдээ зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжлэх эсэхэд (Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу) дүгнэлт өгсөн тул хэргийн харьяалал зөрчигдөөгүй болно.  

21. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1483 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/02141 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1., 33.2., 33.7. дахь ...” гэж өөрчилж, мөн хэсгийн “....хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ...” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА

                           

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                       П.ЗОЛЗАЯА  

                                                                                                        

                                                                                                       Д.ЦОЛМОН