Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 528

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн... байрлах “Б” хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ... оршин суух Б овогт С.Г -д холбогдох,

Гэм хорын хохирол 17.085.460 / арван долоон сая наян таван мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00366/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Б ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э ,

Хариуцагч С.Г ,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” хоршоо нь шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б хоршоо” нь 2014 оноос хойш мал аж ахуй, хуурай замын зорчигч тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. С.Г  нь манай хоршоонд 2016 оны 4 дүгээр  сараас жолоочоор ажиллаж эхэлсэн. Хариуцагч  Хөвсгөл- Орхоны чиглэлд манай байгууллагын эзэмшлийн Соната -6 маркийн **-** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээ эрхлэдэг байсан. Гэтэл С.Г  нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгаас Хөвсгөл аймаг руу зорчигч тээвэрлэж явах үедээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, фургон машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Энэхүү ослын улмаас мөргөлдсөн  машины жолооч Т.А ын амь нас хохирч, Д.Б , М.Б , Б.О  нарын биед хүндэвтэр гэмтэл учирсан.

С.Г  нь зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгтээ хариуцлага хүлээж,  Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулсан. Миний бие Б.Э  нь уг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдаж, нас барсан жолооч Т.А ын оршуулгын зардалд хохирогчийн эгч Т.Н д 9.529.310 /есөн сая таван зуун хорин есөн мянга  гурван зуун арав/ төгрөг, хохирогч Д.Б д 377.650 /гурван зуун далан долоон мянга зургаан зуун тавь/ төгрөг, М.Б д 1.664.200 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга хоёр зуу/, Б.О т 363.796 /гурван зуун жаран гурван мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Х д 530500 /таван зуун гучин мянга таван зуу/ төгрөгийг тус тус төлсөн болно. Манай хоршооны эзэмшлийн “Соната 6” маркийн **-** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь авто ослын улмаас эвдэрч Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа юм. Тээврийн хэрэгслийн албан ёсны үнэлгээ нь 4.620.000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Иймд хохирлын мөнгө 12.465.456 төгрөг болон тээврийн хэрэгслийн үнэ болох 4.620.000 төгрөг буюу нийт 17.085.460 төгрөгийг С  овогтой Г гаас гаргуулж “Б” хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч С.Г  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... . 2016 оны 4 дүгээр сард “Б” хоршоонд жолоочоор ажилд орохдоо Ж.Б  гэдэг хүнээс 6.250.000 төгрөгөөр худалдан авсан **-** ХӨА улсын дугаартай хар өнгийн “Соната 6” маркийн авто машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж орсон. “Б” хоршооны захирал Б.Э  нь ямар нэгэн осол, эндэл гарахад би хариуцна гэж хэлж байсан. Ингээд 300.000 төгрөг хураан авч мөн миний машиныг “Б хоршоо”-ны нэр дээр шилжүүлж авсан. Тухайн осол болсны дараа хохирогч Т.А т 500.000 төгрөг, хохирогч Д.Б д 150.000 төгрөг өгч байсан.

Миний бие 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс Булган аймаг дахь  Цагдаагийн газарт шалгагдаж 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд хоригдсон. ... 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 439 дүгээр ангид шүүхээс оноосны дагуу ял эдэлж байсан. Энэ 3 жил гаруй хугацаанд бие болон сэтгэл санаагаар маш их хохирсон.

Хохирогчийн хохирлын үнийг бүрэн төлнө, би төлөх нь үнэн. Төлөхдөө би  өөрийн машиныг үнэлүүлсэн 4.700.000 төгрөгийг хасч “Б ” хоршооны  17.085.460 төгрөгийг нэхэмжилж буй үнээс хасч тооцуулах саналтай байна. Хохирогчийн хохирлын үнэ 12.650.000 төгрөг байсан. Би төлж барагдуулна. 

“Б ” хоршоо миний машиныг 4 жилийн өмнө өөрийн нэр дээр авсан. Одоо төлөхөөр бол 12.650.000 төгрөгөөс машины үнэ болох 4.620.000 төгрөгийг хасаад төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” хоршоо нь, хариуцагч С.Г д холбогдуулан гэм хорын хохирол 17.085.460 /арван долоон сая наян таван мянга дөрвөн зуун жар/ төгрөг   гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч С.Г  иргэдэд учруулсан хохирлыг төлнө. Хохиролын үнэлгээнээс машины үнийг хасуулна гэж маргажээ.

2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч С.Г  нь  Булган аймгийн Хутаг–Өндөр сум Уньт багийн нутагт Орхон аймгаас Хөвсгөл аймаг руу зорчигч тээвэрлэж явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, энэ хэргийн улмаас Т.А ын амь нас хохирч, Д.Б , М.Б , Б.О  нарын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэргийн 18-27-р хуудсанд авагдсан Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хариуцагч С.Г д 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Г гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилээр хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Дээрх шийтгэх тогтоолоор “Б хоршоо”-оос 12.465.456 /арван хоёр сая дөрвөн зуун жаран тав дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Н д  9.529.310 /есөн сая таван зуун хорин есөн мянга гурван зуун арав/ төгрөг, хохирогч Д.Б д 377.650 /гурван зуун далан долоон мянга зургаан зуун тавь/ төгрөг, М.Б д 1.664.200 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга хоёр зуу/, Б.О т 363.796 /гурван зуун жаран гурван мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Х д 530500 /таван зуун гучин мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Б” хоршоо нь хохирогч Т.Н д 9.529.310 төгрөг, М.Б д 1.664.200 төгрөг, Б.О т 363.796 төгрөг, Д.Х д 530.500 төгрөг, Д.Б д 377650 төгрөг нийт 12.465.456 /арван хоёр сая дөрвөн зуун жаран тав дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэргийн 49, 108-111 дүгээр хуудсанд авагдсан төлбөр төлсөн тухай баримт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбараар нотлогдож байна.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 Хариуцагч С.Г гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид нийт 12.465.456 /арван хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин зургаа /

төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчийн тайлбар, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул хариуцагчаас 12.465.456 /арван хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин зургаа / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн машины эвдрэлийн үнэ 4620000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Учир нь:

Хариуцагч С.Г  “Б” хоршоонд ажилд орохдоо өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох “Соната-6” маркийн **-** ХӨА улсын дугаартай машиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар /хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сард “Б” хоршоонд жолоочоор ажилд орохдоо Ж.Б  гэдэг хүнээс 6.250.000 төгрөгөөр худалдан авсан **-** ХӨА улсын дугаартай хар өнгийн “Соната 6” маркийн авто машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж орсон гэх, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто тээврийн хуулиар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхийн тулд гэрээтэй байгууллагын нэр дээр тухайн тээврийн хэрэгсэл шилжсэнээр жолооч нар тээвэрлэлтэд явдаг гэх тайлбар/, гэрч Ж.Б ын мэдүүлэг /Жолооч бид нар хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрхгүй учир өөрсдийн өмчлөлийн машиныг “Б хоршооны нэр дээр шилжүүлж, тээвэрлэлтэд явдаг гэх/-аар тогтоогдож байна.

Иймд хариуцагч С.Г гаас   12.465.456 /арван хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч “Б хоршоо”-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4620000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж  214.397  /хоёр зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.Г гаас 12.465.456 /арван хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4620000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч “Б” хоршоо нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Г гаас 214.397 /хоёр зуун арван дөрвөн мянга гурван зуун  ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ХИШИГДЭЛГЭР

                                                    ШҮҮГЧИД                                 Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                                      О.ОДОНЧИМЭГ