Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 05

 

Б.Эод холбогдох
эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.
    
Шүүх хуралдаанд:
Прокурор С.Сугар
Шүүгдэгч Б.Э
Нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Эын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1830003670241 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 онд 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 1 дүгээр багт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Э

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Б”  гэх газарт Б.Тыг зодож, эрүүл мэндэд нь “баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус аймгийн Прокурорын газраас Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхийн шатанд ялтан Б.Эод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Э дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтан Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо: Би Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Тыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр 600000 төгрөгөөр торгуулах яд шийтгэл авсан. Миний хувьд 600000 төгрөгийн торгуулийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Б.Т нь эхэлж намайг ухаан алдтал цохиж унагаж гэмтээсэн. Би өөрийгөө хамгаалах зорилгоор гарт баригдсан төмрөөр цохисон. Тэр намайг эхэлж цохиогүй бол ийм асуудал болохгүй байсан. Миний бие Төмөрболдод цохиулснаас болж өдий болтол толгой тархи өвддөг болсон. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, Төмөрболдыг зодох биш өөрийнхөө биеийг хамгаалж түүнийг төмрөөр цохисон гэж үзэж байгаа. Миний хувьд хөдөө амьжиргааны цөөхөн тооны мал маллаж амьдардаг хүн. Анхан шатны шүүхээс оногдуулж байгаа торгуулийн ял өндөр байна. Иймд 11 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Б”  гэх газарт Б.Тыг зодож, эрүүл мэндэд нь “баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Яллагдагч Б.Эын “... би өөрийгөө хамгаалах гээд лоомоор Б.Тын баруун гаранд нэг удаа цохисон” гэх /хх29/,
-хохирогч Б.Тын “...Б.Э нь газар байсан лоомыг авч, миний баруун гарыг цохиод дахин цохих гэхээр нь лоомыг булаан авсан. Б.Эод цохиулснаас миний баруун гарын дээд хэсэг чинэрч, хавагнасан, хөхөрч гэмтсэн” гэх /хх 5-6/ мэдүүлгүүд,
-Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 612 тоот “Б.Тын биед тогтоогдсон, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх18/,
-Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн эмч О.Ариунтөгсийн тодорхойлолт /хх36/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж, хэргийн бодит байдалтай нийцжээ.
Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан  шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Б.Э, Б.Т нар нь малын бэлчээр нутгаас болж хоорондоо маргалдаж, харилцан зодолдох явцдаа буюу Б.Т нь Б.Эыг гараараа цохисон байхад түүнийг “лоом”-оор цохисныг өөрийгөө хамгаалсан буюу “аргагүй хамгаалалт” гэх үзэх боломжгүй юм. Нөгөө талаас хохирогч Б.Т нь Б.Эын зүүн талын шанаа руу нэг удаа цохисны улмаас бие махбодид нь гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Эын “Б.Т эхэлж намайг ухаан алдтал цохиж унагаахад нь өөрийгөө хамгаалах зорилгоор гарт баригдсан лоомоор цохисон. Торгуулийн ялыг багасгаж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг: Шүүгдэгч Б.Эын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.




                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ

 ШҮҮГЧИД                     Д.БАЙГАЛМАА
           
                                                      С.ОЮУНТУНГАЛАГ