Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 01

 

Ж.Даваажаргалд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                                  Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

                                          Шүүгчид                                Г.Давааренчин                                  

                                                                                Д.Буянжаргал

                                

                                     Оролцогчид

                                      Прокурор                                Б.Эрхэмбаатар

                                      Цагаатгагдсан этгээдийн  өмгөөлөгч Г.Энхцэцэг        

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/168 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэчин овогт Жигмэддоржийн Даваажаргалд холбогдох эрүүгийн 1932001610186 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаатгагдсан этгээдийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний 23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 7 удаагийн ял шийтгэлтэй бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Сэчин овогт Жигмэддоржийн Даваажаргал /РД: МЭ76040106/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Даваажаргал нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг хүнсний захын орчимд иргэн С.Цэндсүрэнгийн самсунг галакси эс-5 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Bottom of Form

 

Анхан шатны шүүх Ж.Даваажаргалд холбогдох хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 168 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэчин овогт Жигмэддоржийн Даваажаргалд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Даваажаргалыг цагаатгаж,

-Ж.Даваажаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдан,

-Ж.Даваажаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүхээс ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жигмиддорж овогтой Даваажаргалд холбогдох “Дээрэмдэх” гэмт хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Даваажаргалыг цагаатгах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар өөрийнх нь хууль бус үйлдлийг хэн ч мэдээгүй, мэдэхгүй боломжгүй гэж үзэн хүч хэрэглэхгүйгээр авах үйлдэл байхаар хуульчилжээ. Цагаатгагдсан этгээд Ж.Даваажаргал нь гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу тухайн цаг хугацаанд зүс таних хохирогч С.Цэндсүрэнгээс архины мөнгө нэхэж дагаж яваад өгөхгүй гэхэд зүүн талын халаасанд байсан гар утсыг нь илээр бусдын нүдэн дээр булааж аваад зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан хохирогч С.Цэндсүрэн, гэрч Д.Сэргэлэн, гэрчээр Б.Энхцэцэг нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Цагаатгагдсан этгээд Ж.Даваажаргал хохирогч Цэндсүрэнгээс мөнгө нэхэж өгөхгүй болохоор нь бусдын нүдэн дээр илээр хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн талаарх дээрх яллах талын нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүйгээс гадна цагаатгах тогтоолд шүүгдэгчийг цагаатгах болсон нотлох баримтын агуулгыг тодорхой дурьдаагүй, улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт шинжийн талаар тодорхойлсон ба уг ойлголтонд гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар хуульчлаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлийг тодорхой заасан байхад хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн хуулийг буруу хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд Ж.Даваажаргалд холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 168 дугаартай цагаатгах  тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байгаа. Ж.Даваажаргалын үйлдлийн  хувьд Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Энэ гэмт хэргийн улмаас 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учирсан. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар бага хэмжээний хохирол учирсан тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

           Цагаатгагдсан этгээд Ж.Даваажаргалд холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүний үйлдсэн гэмт хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцлийн дагуу Ж.Даваажаргалд холбогдох эрүүгийн 1932001610186 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, энэ байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Цагаатгагдсан этгээд Ж.Даваажаргал нь гэмт хэрэг гарсан байдлын талаар мэдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надтай цуг байсан Палигаа ах намайг гар утсыг авчих гэж хэлэхэд би үгэнд нь ороод гар утсыг авсан. ...Тэр ахын утас нь баруун хойд талын карманаасаа жаахан цухуйчихсан байсан би араас нь очоод утсыг нь суга татаж аваад зугтаасан,  харин нөгөө ах араас хөөгөөд би зугтаагаад гүйсэн” гэж, шүүх хуралдааны явцад “...танихгүй ах таксины зогсоолын тэнд явж байсан өмднийх нь ард халаасанд гар утас харагдаад байсан гэтэл Палигаа ах намайг авчих гээд байхаар нь би өөрт нь мэдэгдэхгүйгээр сэмээрхэн нууцаар аваад зогсож байсан чинь Палигаа ах зугтаагаач гэхээр нь гүйж байсан чинь  таксины жолооч хөөе гар утсыг чинь авчиж байгаа юм бишүү гэсэн тэгээд мэдээд Хосбаяр цагдаа ирээд намайг авч явсан” гэж мэдүүлдэг. Хохирогч С.Цэндсүрэн хэрэг гарсан байдлын талаар гэрчээр мэдүүлэхдээ “миний зүүн талын карманд байсан самсунг маркийн гар утсыг маань карманаас татаж аваад  гэнэт зугтаачихсан, ...гар утсыг маань аваад зугтаасан санагдаж байна тухайн үед би нилээд согтуу байсан.” гэсэн агуулгатай мэдүүлэг тус тус өгдөг бөгөөд энэ байдлаас дүгнэж үзэхэд хохирогч С.Цэндсүрэнд гэрч Д.Сэргэлэн “гар утсыг чинь авчихлаа” гэж хэлэхээс өмнө Ж.Даваажаргалыг гар утсыг нь авч байхыг мэдсэн эсэхийг тодруулах, Ж.Даваажаргал нь уг гар утсыг булаасан уу эсвэл хохирогчийн карманаас сэм суйлсан уу гэдгийг дан ганц гэрч Д.Сэргэлэнгийн мэдүүлэг бус хэрэг учрал болох үед байсан бусад хүмүүсийг гэрчээр асууж тодруулах зайлшгүй шаардлагатай, мөн Палигаа буюу Д.Эрдэнэбатыг уг хэрэгт хамааралтай эсэхийг шалгах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэсэн болно.

Ж.Даваажаргалд холбогдох эрүүгийн хэргийг дээр дурьдсан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр прокурорт буцааж буй тул прокурорын эсэргүүцэл болон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгчийн тайлбарт дүгнэлт өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны  11 дүгээр сарын 14-ний өдрийн 168 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ